ХӨДӨЛГӨӨН: БОСОО ЯВДАЛ БА ДАСГАЛ

БИД ЯАГААД хойд мөч дээрээ явдаг болсныг мэдэх хүн үгүй. Мичтний 250 зүйлээс хойд хоёр мөч дээрээ босож, хоёрхон хөл дээрээ явдаг болсон нь зөвхөн хүн. Хүний гол ялгарах онцлог бол нарийн үйл ажиллагаатай тархи. Харин үүнээс дутахгүй чухал шинж бол хойд мөч дээрээ явдаг болсон нь гэж зарим мэргэжилтнүүд үздэг. 

Бидний нэн эртний өвөг дээдэс модноос бууж, босоо байрлалд орж, хүүхдээ, ер нь юмыг барьж явах гэж гараа чөлөөлж, задгай газар илүү холыг сайн харах боломжтой болж, илүү хол шидэж чаддаг болсныг тайлбарласан олон онол гарч байв. Ямар ч л байсан босоо явдалтай болсон маань бидэнд ирсэн шагнал билээ. Эртний өвөг дээдэс маань ядаж л сүрдэм амьтад байгаагүй болохоор задгай газар явдаг болсноор элдэв аюулд илүү өртөмтгий болжээ. 3.2 орчим сая жилийн өмнө одоогийн Этиопын нутгаас олдсон, хойд мөч дээрээ явдаг эртний хүний загвар болсон Люси нэртэй залуухан, давжаа хүний өвөг ердөө 1 метр орчим өндөртэй, 27 кг жинтэй байсан. Люси арслан, үчимбэрийн сүрийг үзүүлж чадах нь юу л бол. 

Люси, түүний овгийн хамаатан саданд нь задгай газар гарч эрсдэлтэй тулахаас өөр сонголт байгаагүй л болов уу. Цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн амьдрах ой мод нь хумигдах болж тэд амьдрахын эрхээр өөрийн эрхгүй илүү өргөн талбайд хэрэн явах болсон. Гэхдээ боломж л таарвал эргээд ой мод руугаа гүйдэг байсан байж тун магад. Люси ч газар дээрх амьдралд хагас дасан шилжсэн байсан бололтой. Люси модноос унаж нас барсан (буюу “босоо шугамын дагуу хурд гэнэт хассанаас” гэж тэд огт юм болоогүй мэт бичсэн байдаг) гэж 2016 онд Техасын их сургуулийн антропологичид дүгнэсэн байдаг. Үүнээс үзэхэд тэрээр модны навчис дунд цагийн ихэнхийг өнгөрөөдөг, магадгүй газарт гэхээс илүү газраас дээш байхад түүнд гэртээ байгаа мэдрэмж төрдөг байсан бололтой. Ямар ч байсан амьдралынхаа сүүлийн гурав дөрвөн секундийг дээр өнгөрүүлжээ. 

Хоёр хөл дээрээ явах нь бидний боддогоос илүү ур чадвар ордог зүйл. Ердөө хоёр тулгуур дээр тогтохдоо бид хүндийн хүчийг байнга сөрж оршино. Явах үед цээж урагшилж, хөл араас нь гүйцдэгийг хөлд орж буй балчир хүүхдээс харж болно. Хүн явж байхад нэг хөл нь нийт цагийн 90 хувьд газраас хөндий байдаг тул өөрөө ч мэдэлгүй далд ухамсраараа тэнцвэрээ тохируулж байдаг. Бас бидний хүндийн төв нэлээн дээр буюу бүсэлхийнээс дээхэн байдаг болохоор амархан бүдчих гээд байдаг. 

Модон дээр амьдардаг мичнээс орчин үеийн босоо хүн болж хувирах явцад бидний анатомид нэлээн их өөрчлөлт оржээ. Илүү урт, шулуун болсон хүзүү гавалтай нийлэхдээ бусад мичтэн шиг арагш биш, харин илүү төв байрлалд холбогдсон байдаг талаар өмнө нь бид дурдсан. Бид нугардаг, уян нуруутай, хэрээс том өвдөгтэй, уран сийлсэн гэмээр өнцөглөсөн гуяны ястай. Хөл чинь бүсэлхийнээс доош эгц чиглэсэн байдаг гэж боддог бол мичнийх л тийм байдаг. Харин хүний дунд чөмөг аарцагнаас өвдөг рүү уруудахдаа биеийн төв рүү дотогш чиглэсэн байна. Ийм болохоор л хоёр хөл маань өвдөгнөөс доош хоорондоо ойртоож байрласан байдаг байх нь. Үүний ачаар бид илүү жигд, илүү эрхэмсэг алхаатай болжээ. Мичийг яаж ч сургаад хүн шиг алхахгүй. Ясны бүтцээсээ болоод тэд хайвганаж явдаг, явдал нь ч хүч их шаарддаг аж. Шимпанзе явахдаа хүнээс дөрөв дахин их энерги зарцуулна.

Gluteus maximus гэх өгзөгний аварга том булчин, Ахиллийн шөрмөс хоёрын хүчээр бид урагш хөдөлгөөн хийдэг. Мичэнд ийм булчин байхгүй. Бид хөлийн нуман тавхайтай (харимхай алхаатай болох гэж), мурилзсан хэлбэрийн нуруутай (биеийн жинг дахин хуваарилахын тулд), бас мэдрэл, цусны судаснууд гүйхэд тохирсон сувгуудтай. Эд бүгд эволюцын явцад толгойгоо дээш өргөсөн байрлалд шилжихэд зайлшгүй биш гэхэд байгууштай чанарууд. Хүчилсэн үед хэт халууцахаас сэргийлж хүн бараг л үсгүй болж, олон хөлсний булчирхайтай болсон.

Толгой маань ч бусад мичтэнээс их өөр болж хувьсан өөрчлөгдсөн. Бид хавтгай нүүртэй, хоншоор гэхээр юм бидэнд байхгүй. Биширч бахархам тархи маань багтаж байрлах өргөн дух бидэнд заяажээ. Хоолоо болгож иддэг болсны ачаар шүд маань жижгэрч, эрүү маань илүү уран нарийн хэлбэртэй болсон. Амны хөндий маань богиносож, хэл богино, дугуйрсан хэлбэртэй болж, төвөнх хоолойны гүнд байрлах болжээ. Биеийн дээд хэсэгт гарсан анатомийн эдгээр өөрчлөлтийн дүнд бидний хоолой дуу авиа гаргаж чадах ер бусын чадварыг олсон нь аз шүү. Хойд мөч дээрээ явж сурах, ярьж сурах хоёр зэрэгцээ явагдсан байх. Жижиг амьтан том амьтан агнахдаа хоорондоо ярьж харьцдаг байвал давуу тал болох нь мэдээж шүү дээ. 

Бусад мичтэнд байхгүй нэг даруухан холбоос бидний толгойны арын хэсэгт бий. Хүний зүйл яаж цэцэглэн хөгжсөний учрыг илтгэх энэ холбоос бол нучал холбоос бөгөөд гүйх үед толгойг маань хөдөлгөөнгүй барих нэг л үүрэгтэй. Хол зайд цөхрөлтгүй, уйгагүй гүйнэ гэдэг бидний гайхмаар сайн хийж чаддаг нэг юм маань билээ.

Хүн тийм ч хурдан амьтан биш гэдгийг нохой, муур, зусагны араас хөөж үзсэн хэн ч мэднэ. Хамгийн хурдан гүйдэг хүн богино тэсрэлтээр цагт 32 км хурдтай гүйж чадна. Гэхдээ гөрөөс, жиржин зээртэй халуун өдөр биднийг уралдуулаад үзээрэй. Бид араас нь шогшсоор туйлдах үед нь гүйцэх л болно. Хүн хөлөрч сэрүүцдэг бол дөрвөн мөчтөн амьтад амьсгаагаараа буюу аахилж биеийн халуунаа гадагшлуулдаг. Тэд зогсож хүчээ сэлбэхгүй л бол, халууцаж ядран туйлдана. Том амьтдын ихэнх нь муурч унах хүртлээ 15 км-ээс илүү давхиж чаддаггүй. Дээр нь нэмээд өвөг дээдэс маань агнах амьтнаа тал талаас нь хөөж, шахан гарцгүй газар аваачиж, зохион байгуулалттай ан хийдэг байсан нь хүнийг илүү чадварлаг болгосон билээ.

Эд бүгд анатомийн асар том өөрчлөлтүүд тул Homo гэх цоо шинэ төрөл (зүйл, овог хоёрын дундах биологийн ангилал) үүссэн. Энэ хувиралт хоёр шаттай явагдсан гэж Харвардын Даниэл Либэрман үздэг. Хүн гүйхээсээ өмнө алхдаг, авирдаг болсон. Аажмаар авирахаа больж алхдаг, гүйдэг болжээ. Гүйнэ гэдэг алхахаас илүү хурдан хөдөлгөөн байгаад зогсохгүй, механизм талаасаа нэлээн өөр хөдөлгөөн. “Алхах бол тулгууртай явдал бөгөөд гүйхээс их өөр дасан зохицолт явагдана” гэж тэр хэлсэн юм. Люси бол алхагч, авирагч байсан. Бие бялдар нь гүйхэд зохицоогүй байв. Хожим нь цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Африк задгай ой мод, өвс ихтэй саванна болж хувирахад цагаан хоолтон байсан өвөг дээдэс маань хоол хүнсээ өөрчлөн, махан идэштэн (үнэндээ бол холимог идэштэн) болж дасан зохицох хэрэг гарчээ. 

Амьдралын хэв маяг, анатомид гарсан энэ бүх өөрчлөлт маш удаан явагдсан. Чулуужсан үлдцээс харахад эртний хомининууд 6 сая орчим жилийн өмнө алхдаг байсан ба дахиад 4 сая өнгөрч байж тэсвэр зааж гүйх, ан хийдэг чадвар суужээ. Дахиад 1.5 сая жил өнгөрсний хойно үзүүртэй жад хийх оюуны эрч сууна. Энэ бол дайсагнасан, өлсгөлөн ертөнцөд амь гарах бүрэн чадвар суухаа хүлээхэд их урт хугацаа. Дутуу сул талууд олон хэвээр байсан ч бидний өвөг дээдэс 1.9 сая жилийн өмнө том амьтдыг агнаж чаддаг байжээ. 

Homo-чууд юмыг шидэх нэмэлт чадвартай болсныхоо ачаар том амьтан агнаж чаддаг байв. Хүний биед гурван янзын чухал өөрчлөлт гарч байж шидэж чаддаг болох байв. Дээр байрлалтай, хөдөлгөөн сайтай бүсэлхий (сайн мушгирахад), чөлөөтэй хөдөлгөж болох мөр, ороолгож байгаа юм шиг чулуудаж чадах бугалга хэрэгтэй болно. Хүний мөрний үе сүүж шиг ухархайд суусан бөмбөг шиг биш, харин илүү чөлөөтэй, задгай бүтэцтэй. Мөр хөдөлгөөн сайтай, чөлөөтэй эргэж байдгийн учир нь энэ. Юм хүчтэй шидэхэд энэ л хэрэгтэй, гэхдээ хүний мөр амархан мултардаг сул талтай.

Юм шидэхэд хүний бүх бие оролцоно. Хөдөлгөөнгүй зогсож байгаад юм хүчтэй шидээд үзээрэй. Бараг л чадахгүй. Урагш алхаж, бүсэлхий, цээжин биеэр шалмаг эргэж, мөрний үеэр гарыг арагш сайн далайж, хүчтэй чулуудаж байж хол шиддэг. Хүн сайн шидвэл их нарийн ончтойгоор 140 км/цагийн хурдтай шидэж чаддагийг мэргэжлийн бэйсболын шидэгч нараас харж болно. Туйлдсан ангийн олзоо аюул багатай зайнаас чулуугаар шидэж шархдуулж, тарчлаана гэдэг эртний анчдад тун хэрэгтэй чадвар байсан байж таарна. 

Хойд хоёр мөч дээрээ явдаг болсон нь зарим нэг таагүй үр дагавар ч авчирсан. Бид үүнийг одоо ч амссаар байгаа. Нурууны архаг өвчин, эсвэл өвдөгний асуудалтай хүмүүс үүнийг гэрчилнэ. Шинэ, өөр явдалд зохицон аарцагны яс нарийссанаар хүүхэд төрүүлэх нь аюултай, асар их өвдөлттэй ажиллагаа болж хувирсан юм. Хүн шиг зовж төрдөг, төрөх нь аминд халтай амьтан дэлхий дээр өөр байхгүй биз ээ. 

Дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд шийдвэрлэх нөлөөтэй гэдгийг хүн ойлгож ухаартал дэндүү удаан хугацаа өнгөрсөн. Зүрхний дайрлага, зүрх судасны өвчин зөвхөн нас, архаг өвчинтэй холбоотой гэж тэр үед бараг нийтээрээ үздэг байв. Хүн хэр идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах ч үүнд бас нөлөөлнө гэж 1940-өөд оны сүүлээс Британийн Анагаахын судалгааны зөвлөлийн эмч Жэрэми Моррис үзэх болсон юм. Британи дайны уршгийг давж гараагүй байсан тэр үед судалгаанд зарцуулах төсөв мөнгө их байсангүй. Бага өртгөөр томоохон хэмжээний, үр дүнтэй судалгаа явуулах арга зам бодож олох хэрэг Моррист гарчээ. Ажлын бүх цагаа суугаа өнгөрүүлдэг жолооч, байнга хөл дээрээ явдаг тасалбар түгээгчтэй Лондонгийн давхар автобус санасан туршилтаа явуулахад нь яг тохирсон лаборатори байж болохыг тэрээр нэг өдөр ажилдаа явах зуураа ойлгожээ. Тасалбар түгээгчид нааш цааш байнга явахаас гадна нэг ээлжид дунджаар 600 гишгүүр авирна. Хооронд нь харьцуулахад үүнээс өөр төгс таарсан хоёр бүлэг хүн олно гэдэг бараг байхгүй биз. Тэрээр хоёр жилийн турш 35.000 жолооч, тасалбар түгээгчдийг тандаж судлан, бусад хувьсагчдыг тооцож үзсэний дараа эрүүл биетэй ямар ч жолооч тасалбар түгээгчээс зүрхний дайрлагад хоёр дахин илүү өртдөгийг олж тогтоосон. Энэ бол дасгал, эрүүл мэндийн хоорондын шууд бөгөөд хэмжихүйц холбоог харуулсан анхны судалгаа байлаа. Үүний дараагаас дасгалын ер бусын ашиг тусыг харуулсан судалгаанууд ар араасаа гарах болсон. Тогтмол явган явахад зүрхний дайрлага, цус харвах эрсдэл 31 хувиар буурна. Дөчин наснаас хойш өдөрт ердөө 11 минут идэвхтэй байхад хүний нас 1.8 жилээр уртасдаг болохыг 2012 онд 655.000 хүн дээр хийсэн дүн шинжилгээ харуулсан. Өдөрт нэг цаг орчим идэвхтэй байснаар нас 4.2 жилээр уртасна.

Дасгал хийснээр яс бэхжээд зогсохгүй, дархлааны систем идэвхжиж, даавар тэтгэгдэж, чихрийн шижин, хэд хэдэн хорт хавдар (түүний дотор хөхний, бүдүүн гэдэсний хавдар) тусах эрсдэл буурч, сэтгэл санаа дээшилж, тэр бүү хэл өтлөлт саардаг. Дасгал хөдөлгөөнөөс ашиг тус хүртдэггүй эрхтэн гэж үгүй. Багахан дасгалын өгөх хэмжээний нөлөөтэй эм гаргаж авбал тэр дороо л түүхэн дэх хамгийн их борлуулалттай эм болох нь гарцаагүй. 

Тэгвэл хүн дасгал хэр их хийх ёстой вэ? Хэлэхэд амаргүй. Өдөрт арван мянган алхаа буюу 8.5 км алхах ёстой гэсэн яриа байдаг. Мэдээж муу зүйл биш ч шинжлэх ухаанаар нотлогдсон тоо биш. Хөдөлж явж л байвал хэрэгтэй гэдэг нь тодорхой ч хүнийг эрүүл энх байлгаж, урт наслуулах нийтлэг ид шидийн тоо бий гэдэг домог биз ээ. Арван мянган алхам гэдэг 1960-аад онд Японд хийгдсэн ганц судалгаанаас гарсан тоо. Домог ч байж мэднэ. Яг тийм хэмжээний дасгал хийвэл эрүүл байна гэсэн тоо нэгэнт байхгүй тул долоо хоногт 150 минут аядуу дасгал хийх ёстой гэж Өвчний хяналтын төвүүдээс гаргасан тоо бол хүмүүс өмнөө бодит зорилго болгож тавих байх гэж зөвлөгч нарынх нь бодсон тоо. 

Ихэнх хүн хангалттай дасгал хийгээд байдаггүй. Ердөө 20 хувь нь ямар нэг хэмжээгээр тогтмол хөдөлгөөн хийдэг. Олонх нь огт хийдэггүй. Өнөөдөр дундаж америк хүн ажил гэртээ ойр зуур алхахыг нь оруулж тооцоход өдөрт хагас км л алхдаг. Ямар ч лазан нийгэмд энэнээс бага хөдөлнө гэдэг бололцоогүй биз. Америкийн зарим компани Fitbit зэрэг хөдөлгөөн хэмжигчээр жилд сая алхам хийсэн ажилчдадаа шагнал амалдаг болсон гэж The Economist сэтгүүлд бичсэн байсан. Энэ нь их том тоо мэт санагдах ч үнэндээ өдөрт 2.740 алхам буюу нэг км хагас алхана гэсэн үг. Гэлээ ч олон хүний хувьд энэ ч бас хүчиршгүй хэмжээ. “Зарим ажилчид оноогоо нэмэх гэж Fitbit-г нохойныхоо хүзүүнд уясан тохиолдол гарч байв” гэж The Economist-д бичсэн байдаг. Өнөө үеийн анчид-цуглуулагчид харин ч эсрэгээр, өдрийнхөө хоолыг залгуулах гэж дунджаар 30 км алхаж, шогших бөгөөд бидний эртний өвөг дээдэс ч бас ингэдэг байсан биз ээ.

Товчоор хэлэхэд тэд идэх хоолоо залгуулах гэж махран зүтгэсээр, эцэст нь хоёр эсрэг тэсрэг юм хийх дизайнтай биетэй болжээ. Ихэнх хугацаанд идэвхтэй хөдөлгөөнтэй байх, гэхдээ нөгөө талаас зайлшгүй шаардлагатай хэмжээнээс илүү идэвх хөдөлгөөн хэзээ ч бүү хий. “Бид анчид-цуглуулагчид байхаар хувьсан өөрчлөгдөж ирсэн гэдгийг ойлгож чадвал та хүний биеийг ойлгох болно. Өөрөөр хэлбэл хоол хүнсээ олж авахын тулд асар их эрч хүч зарахад бэлэн байх ёстой. Гэхдээ шаардлагагүй үед эрч хүчээ дэмий гарздах хэрэггүй” гэж Даниэл Либэрман үүнийг тайлбарласан юм. Тэгэхээр дасгал чухал, амралт ч бас амин чухал аж. “Үүний нэг шалтгаан нь дасгал хийх үед булчинд илүү их шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах гэж цусны урсгал хоол боловсруулах системээс холдож чигээ өөрчилдөг. Тэгэхээр бодисын солилцоогоо бодож, мөн дасгалын үед гаргасан хүчээ нөхөх үүднээс та амрах ёстой” гэж Либэрман хэлсэн. 

Бидний эртний өвөг дээдэс тарчиг ч цагийг, сайхан ч цагийг даван туулах явцдаа өөх тосыг эрч хүчний нөөц болгож хадгалахаар хувьсан өөрчлөгдөж ирсэн. Амь гарах энэ рефлекс өнөө үед бидний амийг авч одох тохиолдол их гарах боллоо. Хэдэн сая хүн палеолитын үеийн биеийн дизайн, орчин үеийн хоолны хэт дуршил хоёрын тэнцвэрийг хадгалах гэж зүтгэсээр амьдрал нь өнгөрч байна. Энэ тэмцэлд олон хүн хүчин мөхөстөн ялагдсаар буй.

Хөгжингүй орнуудад, нэн ялангуяа АНУ-д энэ тод ажиглагддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр америк эрэгтэйчүүдийн 80 хувь, эмэгтэйчүүдийнх нь 77 хувь жингийн хэтрэлттэй. Тэдний 35 хувь нь хэт таргалалттай. Энэ тоо саяхан буюу 1988 онд 23 хувь байсан. Энэ хугацаанд америк хүүхдүүдийн дотор хэт таргалалт хоёр гаруй дахин, өсвөр насныхны дунд дөрөв дахин нэмэгджээ. Дэлхийн бусад хүн америкчуудын биеийн жинд хүрлээ гэж бодоход дэлхийн хүн ам нэг тэрбумаар нэмэгдэхтэй дүйцнэ.