Монгол Улсад Covid 19 вирусийн халдварын анхны бөгөөд ганц тохиолдол нь агаарын замаар улсын хил нэвтрэн орж ирсэн франц эр болоод байна. Хоёр сар шахам хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд хамаг л нөөц бололцоогоо дайчлан тусгай горимд ажиллаж буй үүрэг бүхий албан хаагчдын хичээл зүтгэл, хорио хамгаалалтыг талаар болгох дөхсөн анхны тохиолдолд монголчууд бид хаа, хаанаа жинхнээсээ үймэн донсоллоо.

Франц эр биологийн нэгэн төрөл зүйл амьтны хувьд халдвараар өвчилсөн нь жам ёсны гэмээр зүйл боловч үүнийг тун цочир хүлээн авч, хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн монголчуудад ч бас онош тавьж болохоор байна. Нэг үгээр бол Францын иргэн монголчуудын сэтгэл зүйд тест, өндөржүүлсэн бэлэн байдлыг удирдан зохион байгуулж буй Улсын онцгой комиссын ажилд дүн тавилаа.

Тест:

Монгол Улсад хэдийгээр корона вирусын халдвар гараагүй ч бид аль хэдийнээ корона синдромоор өвчлөөд байсныг мань франц эрийн тохиолдол нотлон харууллаа. Сүүлийн хоёр сарын хугацаанд өдөр бүр COVID 19 илэрсэн эсэх Засгийн газрын түвшний мэдээллийг шууд дамжуулалтаар хүлээн авч, үдэш бүр “маргааш яах бол” гэдэг далд түгшүүрээр амьсгалсан маань бидний дадал зуршлыг алив өвчний халдвараас сэргийлэхэд бэлтгэсэн шигээ сэтгэлзүйг маань анти-корона синдромд автуулсныг ойлгууллаа. “Ямар нэг муу зүйл болвол яах вэ” гэдэг айдас бүхий синдром маань шашны итгэл үнэмшлээс дутуугүй гүн бат төдийгүй улс үндэстний хэмжээнд халдварлагдсан байжээ. Улмаар халуун агаараар дүүргэсэн хийн бөмбөлөг шиг томрон томорсоор байсан нь франц иргэний хариуцлагагүй үйлдэл дээр зад буудав. Эрэлхмээр, ичмээр, эвийлж хөөрхийлмөөр, загнаж буруутгамаар ер юу болсныг бүгд л мэдэж байгаа... 

Дэлхийн даяар өдгөө 580 сая хүүхэд корона вирусын улмаас хөл хорионы дэглэмд хамрагдан гэртээ сууж байгаагийн тоонд бидний монгол хүүхдүүд ч багтаж байна. Түүхийн аль ч цаг үедээ нийтийг хамарсан өлсгөлөн гачлан, үхэл зовлонг золоор үзээгүй монголчуудад хоёр сар үргэлжилж буй хөл хорионы дэглэм мөн л хэвийн бус үзэгдэл мөн. Сургууль, цэцэрлэгийг хаасан даруйд харах хүнгүйн улмаас гэртээ цоожтой үлдсэн нэг айлын гурван хүүхэд гэнэтийн ослоор амиа алдсан харамсам явдлаар хөл хорио эхэлсэн нь нийгмийн сэтгэл зүйг бүр ч эмзэг болгосныг үгүйсгэхгүй. 

Засгийн газраас тогтоогоод буй өндөржүүлсэн бэлэн байдалд Улсын онцгой комиссын шийдвэрээр хэрэгжүүлж ирсэн шат дараатай арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл эрчээ огт сааруулаагүй төдийгүй иргэд ч сонор сэрэмжээ улам чангатгаж байв. Чухамдаа энэ бүхний хүчинд халдвар биднийг тойрч байна хэмээн итгэж, далдхандаа бол монгол хүний ген онцгой гэдэгт найдаж эхлээд байх үед Франц улсын иргэн халдвар тээн авчирсан нь хүсээгүй төдийгүй төсөөлөөгүй үр дүн байсан нь гарцаагүй. Монголчуудын уур хилэн бадарч, уушги зүрх сагсайж, түүний хариуцлагагүй, хайхрамжгүйд бухимдахын зэрэгцээ Францын хөрөнгө оруулалттай “Арева” компанийн нийгмийн хариуцлага, хандлага, соёл, төрийн нүүр царайг давхар буруутган шүүмжиллээ. Та бидний халдварласан анти-корона синдромын шинж тэмдгүүд айхаас аргагүйд хүргэсэн байх. Иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовнисон тус улсын Элчин сайд ч ил гарч ирэв.

Шалгалт:

Франц эрийн тохиолдол бол бүхэлдээ бидэнд дүн тавьж, бодит байдлыг маань ил гаргаж ирэв. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш мэргэжлийн хяналтынхан, нийслэлийнхэн, онцгой байдлынхан, цэрэг, цагдаагийнхан, мал эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан, авто тээврийн байгууллагынхан, эдгээрээс гадна сайн дурынхан гээд 6000 гаруй хүн хяналт, хамгаалал, эргүүлд тасралтгүй ажиллаж байгаа ч мань франц хаагуур нь зөрчихөв?

Халдвар бүртгэгдсэн улс орноос дамжин ирж байгаа хэнийг ч бол 14 хоног тусгаарлан ажиглаж, шинжилж байгаа гэдэгт иргэд итгэж байсан бол үүнээс цааш эргэлзэх хэрэгтэй болов. Тусгаарлагдахаас татгалзсан, тэрчлэн тусгаарлах байрны нөхцөлд гомдол гаргасан иргэдэд захиргааны арга хэмжээ авдаг төрийн албаныхны төмөр нүүр энэ удаад хаачив.

“Та өөрийгөө 14 хоног тусгаарлаарай” гэж зөвлөөд зөнд нь орхисон тэр албан тушаалтан франц хүний өндөр ёс суртахуунд найдсан гэж бодъё. Эсвэл батлагдаагүй эх сурвалжуудын мэдээлж байгаачлан төрийн өндөр албан тушаалтны нөлөөгөөр тусгаарлах арга хэмжээг таслан зогсоосон гэж бодъё. Зүй нь хууль дүрэм, журам заавар гээч нь хэнийг ч ялгалгүй тэгш үйлчилж баймааж л нийтэд хүлээн зөвшөөрөгдөх үнэ цэнээ хадгалдаг. Аль ч утгаар бодсон халдвар бүхий бүсээс ирж буй хүнийг тусгаарлан хөл хорих журам Францын иргэнийг тойрсон нь хууль, хяналтыг хэрэгжүүлэгч манай төрийн дунд шатныхны ажлаа хэрхэн хийдгийг харуулж буй хэрэг. Зарим нь хуулийн дээр, зарим нь хуулийн дор амьдрах оноолт чухамдаа хууль хяналтыг хэрэгжүүлэгчдийн үзэмжээс, тэдэнд дээрээс ирдэг тушаал чиглэлээс хамаардгийн нэг жишээ гэлтэй. Ер нь өндөржүүлсэн бэлэн байдлын сүр хүч арай нүд хуурсан шинжтэй байгаа юм биш биз дээ? Бидэнд гэнэтийн шалгалт болж “тэнгэрээс буусан” франц эрд баяр хүргээд эрүүл энхийг хүсмээр байна. Учир нь эртхэн шиг бодит байдлаа мэдэрч, алдаагаа засах боломжийг өгсөн учраас. 

Сургамж:

Үнэндээ бол Хятадад анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш, тэрчлэн 100 гаруй оронд тархсан өнөөдрийг хүртэлх хугацаанд гадаад улс оронд зорчоод ирсэн хүний тоо яг хэд болохыг хэн ч зарлаагүй байна. БНСУ-д халдвар гарснаас хойш зөвхөн тус улсаас онгоцоор зорчин ирж буцсан хүний тоо 2000 давсан гэх мэдээллийг сонсч байсан. Мөн нөгөө талд тусгаарлах байрны орны тоо 500 гэдэг мэдээлэл бий. Тэгээд бодохоор Францын иргэнтэй яг адилаар өөрөө өөрийгөө тусгаарлаарай гэдэг зөвлөмж авсан хүн ганцхан тэр биш байж таарна. Ер нь манай улсын бодит потенциаль ямар түвшинд байгааг л харуулсан хэрэг юм биш үү? Ямартай ч яг халдвар орж ирээд эхний хүн өвдөх мөчид бид ямар байдалтай байгаагаа бодитоор буюу эрүүл ухаанаар харж, цаашид ямар эрсдэл байж болох, яавал тустайг үнэн зөвөөр тооцоолох хэрэгтэй болов уу. 

Хоёр сарын турш 24 цагийн ээлжинд хонож ажиллаж байгаа тусгай үүргийн албаныхны /мэргэжлийн хяналт, хил, гаалийнхан гэх мэт/ хараа хяналт тун хэврэг болохыг дахин нуршихаа болиод хүний ёсоор тэднийг хайрлан бодъё. Юун түрүүнд энэ олон хоног нойр, хоол дутуу яваа тэдний дархлааны систем юу болж байгаа бол? Дархлаа нь унаж, ядаргаанд орсон бүсгүйчүүд голдуу тэд халдвар жинхэнэ утгаар тархаж эхлэх үед хиараад унавал юу болох бол? Нойр дутуу, хөл явган, гар нүцгэн цэрэг цагдаа, онцгой, тусгай албаныхан, эрүүл мэндийн салбарынхан маань яг одоогоор хамгийн эрсдэлтэй бүлэг болж харагдаж байна. Гэтэл үнэндээ нэгдүгээр эгнээнд гардан тулаанд орж буй тэдний ард айдсын синдромоор аль хэдийнэ өвчилсөн нийт ард иргэд маань нуугдах гэж найдаж байгаа шүү дээ. Тэд халдварт өртвөл хэн нь хэндээ туслах билээ? Тулаан эхлээгүй байхад тугалган жадаа бараад дуусах вий. 

Хөл хориог цуцлах үед ямар эрсдэл үүсэх вэ?

Хөл хорио эхэлсэн шигээ нэг л өдөр дуусах байх. Харин яаж дуусгах вэ гэдэг ч бас асуудал болж таарах нь. Хөдөлгөөн, агаар хүүхдүүдэд дутагдаж, улмаар дархлаа нь суларч байна. Зуны нар, агаарт борогшиж, амин дэмээ байгалиас авсан хүүхдүүд намар сургууль, цэцэрлэг цуглах үед дархлаа өндөр байдгийг эмч нар хэлдэг. Харин өвөлжин битүү байр сууцанд хашигдсан хүүхдүүд хаврын улиралд дархлаа хамгийн сул, Д витамин хамгийн бага үедээ байдгийг ч хэлдэг. Тэгвэл хөл хорионы дараа дархлаа нь суларсан хүүхдүүд нэг дор цуглах үед нь ямарваа халдвар бүр ч хурдан тархах эрсдэл харагдаж байна. Тэр тусмаа дөрөвдүгээр сард томуугийн дэгдэлт өндөрсдөг.

Хэрэв Францын иргэнтэй харьцагч болсон тохиолдлуудыг магадалж эцэслэсний дараа халдвар үгүйсгэгдсэн нөхцөлд хөл хориотой холбоотой зарим журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй болов уу. Тухайлбал, хотын ойролцоох амралт сувиллын газруудыг ажиллуулах, Богд уул руу алхах, Туул голын эргээр салхилах боломжоор хангаж, эрүүл хамгаалалтыг цуцлах гэх мэт. Учир нь хүүхдүүдийн теле хичээл, гэрийн даалгаврын гүйцэтгэлээс илүүтэй санаа зовоох зүйл нь тэдний эрүүл мэнд, дархлааны асуудал болж хувирч байна. 

Мөн хөл хорионы дараа эдийн засагт ямар үр дагавар, эрсдлүүд үүсэхийг тооцоолж, дэглэмийг зарим талаар зөөлрүүлэх нь хаа, хаанаа цохилт бага тусахад тустай ч байж болох юм. Монголын эдийн засагт худалдаа, үйлчилгээний салбар зонхилох нөлөөтэй. Тэгвэл үйлчилгээний газруудын цагийн хуваарийг өөрчилснөөс болоод маш олон аж ахуйн нэгж татвар, түрээсээ төлж чадахгүйд хүрэхээс гадна ажиллагсдын цалин тасалдахад хүрч байна. Монголд том, жижиггүй бараг бүх л аж ахуйн нэгжүүд банкны зээл болон бусад хүчин зүйлийн улмаас хуримтлал үүсгэж чаддаггүй, өдрийн орлогоосоо цалингийн зардлаа босгодог. ДЭМБ covid19 вирусын халдвар тархалт, үр дагаврыг пандеми буюу цар тахлын хэмжээнд үнэлж байгааг зарлалаа. Энэ нь Засгийн газрууд эдийн засгийн арга хэмжээ болон эрх зүйн хувьд стандарт бус шийдвэр гаргаж болох нөхцөл гэж үзэж буй хэрэг аж. 

Цаашид Монголд халдвар тархах магадлал хэр вэ?

ДЭМБ цар тахлын хэмжээнд авч үзэж байхад нөгөө талд анх тус вирус бүртгэгдэж, хамгийн их хохирлыг амссан БНХАУ халдвар, өвчлөлийн оргил үе дуусч, тархалтыг хяналтдаа оруулснаа албан ёсоор зарлав. Тус улсын эрүүл мэнд, анагаах ухааны салбарынхан клиник туршлагадаа үндэслэн гаргаж буй тайлан мэдээндээ халдварын тохиолдлын 70-80 хувь нь ахуйн нөхцөлд нус, шүлс зэрэг биологийн шингэнээр дамжин халдварласан гэж дурдаж байгаа аж. Агаар дуслын замаар халдварласан гэж үзэх тохиолдол харьцангуй бага жин дарж байна гэсэн үг. 

Хятад улсад нөхцөл байдал сайнаар эргэж буй мэдээтэй ч дэлхий дахинд Covid 19 вирусын аюул заналхийлэл өндөр хэвээр, эрүүл мэндийн салбарынхан хийгээд эдийн засагчдыг ид түгшээж байна. Дэлхийн 125 оронд 130 мянга гаруй өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс 4755 нь нас бараад байгаа ба хоногт энэ тоо 130 орчмоор нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. https://www.worldometers.info/coronavirus/#countries

Энэ дунд нэг зүйл ажиглагдаж байгаа нь вирусын халдвар шинэ тутамд тархаж буй улс орнуудыг аваад үзэхэд -10 градусаас илүүгүй хүйтэрдэг, чийглэг уур амьсгалтай улс орнууд давамгайлж байх аж. Халдварын тархалтад уур амьсгал үлэмж нөлөөлж буйн нэг илрэл нь тархалтын чиглэл өргөргийн дагуу байгаа явдал. Өөрөөр хэлбэл, цаг агаарын нөхцөл байдал ойролцоо буюу нэг өргөрөг дээр оршиж буй улс орнуудад халдвар тархаж байна гэсэн үг. Энэ нь цэвэр хувийн ажиглалт, үзэл бодол болохыг анхаарна уу. https://covid19.mohs.mn

Уртраг солигдоход уур амьсгалын бүс өөрчлөгддөг бол нэг өргөрөг дээр байрлалтай улс орнуудад цаг агаарын ойролцоо болон ижил нөхцөл зонхилдог. Тэрчлэн өнөөдрийг хүртэл хөрш залгаа, тэр тусмаа иргэд харилцан хамгийн ихээр зорчдог Хятад улсаас Монголд халдвар дамжаагүй нь эх газрын эрс тэс уур амьсгалтай холбоотой төдийгүй энэ нь дээрх таамаглалыг баталгаажуулж болох бас үндэслэл. 

Короно вирусын гурван төрөл бүртгэгдсэний нэг болох SARS нь үхэлд хүргэх чанараар covid19 төрлөөс илүү бол халдварлах чадвараар сүүлийнх нь илүүг тогтоогоод буй. Тэгвэл Монголд SARS халдвар дэгдэж байсан ч нас барсан тохиолдол үгүйг ч бас санахад илүүдэхгүй. 

Тэгэхээр эцэст нь юуг дүгнэн хэлэх гээд байна вэ гэвэл бид хаа хаанаа корона синдромын хөөрлөө дарж аваад одоо тайвширцгаая. Францын нэг иргэнээр бид хангалттай оношлууллаа, өндөржүүлсэн бэлэн байдлынхаа бэлэн эсэхийг ч шалгууллаа. Харин шалгалтын дүнг иргэд гэхээс илүүтэй Ерөнхий сайд тавих ёстой байх. Учир нь дараа дараагийн алхмыг Засгийн газар л менежмэнтээр удирдах болно. Нэгэнт халдвар нэвтэрсэн л бол нэгээр тогтоно гэх баталгаа бас хэнд ч байхгүй юм даа.