Нэг өдөр автобусанд суугаад явж байтал, нэгэн оюутан байрын охин хажууханд минь ирээд суулаа.

Хөөрхөн охин санагдсан тул утсаа оролдож байгаа дүр эсгэн нүднийхээ булангаар хулгайн нүд шидлэн шидлэн явтал, гэнэт нөгөө охин чинь ухасхийн суудлаасаа босоод ирлээ шүү.

За баларсан, намайг мэдчихэж гэж бодон учиргүй гэмшсэн боловч, үнэндээ өөр учраас боссон шалтгаан нь дороо тайлагдав. "Та суу" гээд дэргэд байсан настай эмээд суудал тавьж өгсөн юм.

Ичсэн гэж жигтэйхэн.

Бусдад анхаарамжтай байх, анхаарамжгүй байх гэж юуг хэлдэг юм бол?

Тэр охин бол анхаарамжтай хүн, харин би бол анхаарамжгүй хүн. Энэ бол эргэлзээгүй.

Гэвч, үүн дээр асуух зүйл байна (Хэрхэвч өөрийгөө зөвтгөх гэсэн биш шүү).

- Бусдад анхаарамжгүй хүн тухайн үедээ "Би ямар сэтгэлгүй хүн бэ?" гэж өөртөө гэмших сэтгэл төрдөг болов уу?

Лавтайяа тэгж мэдэрдэггүй л болов уу. Яагаад гэвэл угаасаа тэнд өндөр настай хүн ядарч явааг анзаараа ч үгүй болохоор тэр. Анзаарсан хэрнээ, "Энэ эмээ ядарчбайгаа даа" гэж бодсон хэрнээ, албаар суудал тавьж өгөөгүй бол түүнийг анхаарамжгүй гэж хэлэхгүй. Тэр бол зүгээр л зөрүүдэлж буй төдий.

Өөрөөр хэлбэл, хүн өөрийгөө ямар анхаарамжгүй болохоо мэддэггүй, мэдэх боломжгүй гэсэн үг. Тэгсэн хэрнээ бусдын анхаарамжгүй байдлыг бол дор нь илрүүлж, шүүмжилж, муулж чадна.

- Энэ хүмүүс чинь ямар муухай сэтгэлгүй хүйтэн юм бэ?

гээд л урсгаж өгнө.

Үнэндээ бодит амьдрал дээрх энэ би бол, миний дотроо төсөөлөн дүрсэлдэг тэр БИ-ээс хамаагүй анхаарамжгүй этгээд гэдэг нь бараг гарцаагүй биз.


Тэгээд энэ яриа зөвхөн анхаарамжаар ч хязгаарлагдахгүй. Өдөр тутмын амьдрал дунд үүнтэй төстэй дүр зурагтай цөөнгүй таардаг. Эцсийн эцэст хүмүүс өөрийгөө үргэлж бодит түвшнээсээ дээгүүр үнэлж явдаг учиртай.

Жишээ нь, өдөр тутам машин жолооддог хүмүүс дунд хийсэн судалгаа байна.

- Та өөрийгөө машин барихдаа дундажаас дээгүүр гэж боддог уу?

Энэ асуултын гол нюанс нь "дундажаас дээгүүр"эсэх. Учиргүй мундаг байх албагүй. Ердөө л дундажтай харьцуулахад "арай дээр үү үгүй юү" л гэсэн баримжаа.

Тэгтэл гайхмаар нь, судалгаанд оролцогсдын 70% нь "Би дундажаас дээгүүр" гэж хариулдаг гэнэ. 70% нь дундажаас дээр байх ямар ч боломжгүй. Тэгэхээр эндээс олон хүн өөрийгөө дундажаас дээгүүр гэж "эндүүрч" явдаг болох нь харагдана.

Гэхдээ энэ судалгаа "Бүх хүн өөрийгөө буруу үнэлдэг" гэж хэлээгүй болохыг анхаарна уу.

Тэгвэл ямар хүн өөрийгөө зөв үнэлж, ямар нь буруу үнэлэх хандлагатай байдаг юм бол?

Энэ талаар Корнелийн Их Сургуулийн профессор Даннинг ба Кругер нар судалгаа хийсэн байна.

Жишээ нь, тэд хошигнол ойлгох чадварын талаар судалжээ.

Хошигнол гээч юмыг өндөр мэдлэг, хурц ухаангүйгээр ойлгох боломжгүй. Их сургуулийн 65 оюутанд 30 онигоо уншуулж, хэр сонирхолтой байсныг нь үнэлүүлж авч. Үүгээр хошигнол ойлгох чадварыг нь тогтоож болно. Үүнтэй зэрэгцээд "Таны хошигнол ойлгох чадвар үе тэнгийнхэн дотроо аль хавьцаа нь гэж боддог вэ?" гэж асууж гэнэ.

Энэ судалгааны үр дүнд хошигнол ойлгох чадвар доогуур байхын хэрээр хүмүүсийн хувийн үнэлэмж дээгүүр байх хандлагатай байдаг нь тогтоогдсон байна.

Доороосоо 25%-д орсон хүмүүс дундажаар "Дээрээсээ 40%-д багтана" гэж өөрийгөө хэтрүүлэн үнэлжээ. Тэгтэл дээрээсээ 25%-д орсон хүмүүс өөрсдийгөө дундажаар "Эхний 30%-д багтана" гэж дарж үнэлсэн байна.

Тэгээд энэ үзэгдэл зөвхөн хошигнол дээр ч бус, логик сэтгэлгээ, ерөнхий эрдмийн хичээлийн шалгалтууд гээд бүхий л талбарт нийтлэг ажиглагдсан гэнэ.

Профессорууд үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Чадвар муутай хүмүүс өөрийгөө зөв үнэлж чаддаггүй.

2. Чадвар муутай хүмүүс бусдыг ч зөв үнэлж чаддаггүй.

3. Тиймээс чадвар муутай хүмүүс өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг.

Мэдээж хэрэг зөвхөн энэ үр дүнгээс "Чадвар муу болохоороо өөрийгөө бодитоор харж чаддаггүй" юм уу, эсвэл "Өөрийгөө бодитоор харж чаддаггүй болохоор чадвар муу" юм уу гэдэг тодорхойгүй. Ямартай ч энэ судалгаа сэтгэлзүйн салбарт өргөн танигдаж Даннинг-Кругерийн нөлөө гэж нэрлэгдэх болжээ.

Энэ нөлөөний бас нэг сонирхолтой тал юу гэвэл, Даннинг-Кругерийн нөлөөний талаар анх удаагаа сонссон хүмүүсийн олонх нь "Нээрээ өөрийгөө тас эндүүрсэн хүмүүс байдаг байдаг. Заримынх нь нэр шууд толгойд бууж байна" гээд нүд нь сэргээд ирдэг гэнэ. Нэг ёсондоо олон хүн "Би арай тийм биш байгаа даа?" гэсэн өчүүхэн ч анхаарамжгүйгээр шууд л бусдын жишээг хайж гардаг гэсэн үг.

Чухам энэ л эхэнд өгүүлсэн "Анхаарамжгүй хүн өөрийн анхаарамжгүйгээ анзаардаггүй" болохыг нотолж байгаа юм. Энэ ч бас Даннинг-Кругерийн нөлөөний алтернатив хувилбар бөгөөд "Bias blind spot (гажуудлын хар булан)" гэдэг.

Юутай ч, үүн дээр буруу ойлгож болохгүй нэг зүйл байгаа нь, тархи далд ухамсартаа өөрөө ч мэдэлгүй алдчихдаг явдал юм. Хэрхэвч санаатайгаар, албаар бус ерөөсөө л автоматаар рефлективээр ажиллаад "тэгээд бодчихдог" учиртай. Өөрөөр хэлбэл тархинд тийм "сэтгэлгээний зуршил" байдаг гэсэн үг.

Тиймэрхүү тархины зуршлуудыг Танин мэдэхүйн гажуудал гэдэг. Танин мэдэхүйн гажуудлуудын зарим нь хачирхалтай, зарим нь адал балмад, зарим нь бүр ойгохын эцэсгүй учир битүүлэг байх нь ч бий. Иймэрхүү сэтгэлзүйн зуршлуудыг анзаарч авахгүй бол нэг л мэдэхэд алдаатай шийдвэр гарган хохирол хүлээхийг ч байг гэхгүй. Тиймээс үүнийг сайтар ойлгоод авах нь таны өдөр тутмын амьдралын сэтгэл ханамжид тань нэмэр болно.

Хүний сэтгэл дэндүү олон өнцөгтэй. Тиймдээ ч танин мэдэхүйн гажуудлууд маш олон янз бий. Түүнээс зарим нэгийг нь танилцуулъя.

1. Хэрхэн орлогоо нэмэгдүүлэх вэ?

"Урхины нөлөө" гэж мэдэх үү? Жишээ нь, та цайны газар ажиллуулдаг байжээ. Цэс дээрээ

Цуйван ердийн - 8,000₮

Цуйван томоор - 12,000₮

гэсэн хоёр сонголттой. Энэ үед ихэнх үйлчлүүлэгч ердийн цуйванг илүүтэй захиалах болов уу.

Үүн дээр танин мэдэхүйн гажуудлыг ашиглаад том цуйвангийн захиалгыг ихэсгэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юу? Танд санаа оноо байна уу?

Хамгийн энгийн арга бол ахиад нэг сонголт нэмчих юм.

Цуйван ердийн - 8,000₮

Цуйван томоор - 12,000₮

Цуйван цараар- 15,000₮

Дээрх сонголтоос "цуйван томоор"-ыг сонгох сэтгэлзүй өндөрсдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Өндөр үнэтэй бүр том цуйванг сонголт болгоод (урхи болгоод) нэмэх төдийд харьцангуйгаар том цуйван нь хямдхан гэж харагддаг учиртай. Үүнийг "урхины нөлөө" (decoy effect) гэдэг.

Урхины нөлөөний талаар Массачусетсийн Их Сургуульд хийгдсэн сонирхолтой туршилт байдаг. Менежментийн ангийн оюутнуудад Английн "Экономист" сэтгүүлийг захиалгаар худалдан авхуулсан байна.

Зөвхөн интернэтээр унших - 59$

Хэвлэл болон интернетээр унших - 125$

гэсэн сонголтоос "Хэвлэл болон интернетээр унших"-ыг 32% нь сонгожээ. Тэгэхээр нь ахиад 1 сонголт нэмж,

Зөвхөн интернэтээр унших - 59$

Зөвхөн хэвлэлээр унших - 125$

Хэвлэл болон интернетээр унших - 125$

болготол 84% нь "Хэвлэл болон интернетээр унших"-ыг сонгосон байна. Хэвлэлийн үнийг хэвлэл ба интернеттэй адилхнаар тохируулснаар хожоотой юм шиг мэдрэмж төрүүлэхийг зорьсон учиртай. Тэр нь байндаа тусч, ганц урхи нэмэх төдийд л 40%-иар орлого нэмэгджээ.

2. Сонголт хэт ихэдвэл эсрэг нөлөөтэй

Гэвч, учир зүггүй сонголт нэмээд байхад л болчих уу гэвэл тийм биш. Учир нь "Хэт олон сонголтын нөлөө" гээч танин мэдэхүйн гажуудал гэж бас байна. Колумбын Их Сургуулийн профессор Шийна Айэнгер нарын судалгаанаас сонирхуулъя.

Тэд варень зардаг лангуун дээр 6 төрлийн варень болон 24 төрлийн варень зарж харьцуулсан байна.

Тэгтэл 24 төрлийн варень зарж буй лангуун дээр саатан сонирхох хүн олон байсан хэдий ч, бодитоор худалдан авалт хийх нь 6 төрлийн варень дээр олон байжээ. Эцсийн дүндээ 6 төрлийн варень нь 7 дахин их борлуулалт хийсэн гэнэ.

Профессор Айэнгер үүнийг "Нэгэн зэрэг боловсруулалт хийх мэдээллийн хэмжээнд хязгаар байдаг тул, тэр хязгаарыг давчихаар худалдан авах сонирхол буурчихдаг" гэж тайлбарлажээ.

Өөр бас нэг төстэй үзэгдэл бол "Сөрөг олзны нөлөө" (contrafreeloading effect) байна. Энэ ч бас "Хэт олон сонголтын нөлөө"-тэй адилаар эрүүл ухаантай зөрчилдөхүйц танин мэдэхүйн гажуудлын нэг жишээ.

Тухайлбал, ийм туршилт байна. Нэг дугуйлан байх ба, түүнд орохыг хүссэн хүн болгоныг чөлөөтэй элсүүлдэг байг. Өөр нэг дугуйлан болохоор ямар нэг шалгуураар дамжиж байж өөртөө элсүүлдэг. Тэгтэл тэр шалгуур нь ямар ч утгагүй хоосон бэлгэдлийн шинжтэй ч бай хамаагүй, ямар нэгэн шалгуур байх төдийд л тухайн дугуйлангийн элсэгчид илүүтэй дугуйландаа элэгтэй болдог гэнэ.

Тархи ямар ч зовлонгүй зүгээр олдсон олзноос илүүтэй, ямар нэгэн өртөг төлж байж олсон зүйлийг илүүд үздэг. Үүнийг сөрөг олзны нөлөө гээд байгаа хэрэг. Энэ нөлөө зөвхөн хүнээр тогтохгүй, бусад амьтад дээр ч ажиглагддаг.

Жишээ нь, ердийн үед тавган дээр тавьсан хоолыг чөлөөтэй иддэг хулгана байж гэе. Мэдээж хулгана хангалттай ухаантай учир, хавхлага түлхэхээр хоол унаж ирдэг болгож өөрчилсөн ч тэрийг дор нь сураад хоолоо иддэг болно. Үүн дээр ийм туршилт хийж үзье. Дээрх 2 аргаар нэгэн зэрэг хоол өгвөл юу болох вэ? Тавган дээр байгаа хоол, хавхлага түлхэхээр унаж ирдэг хоолын алийг нь хулгана идэх бол? Туршаад үзвэл шууд ойлгоно. Хавхлага түлхэх тохиолдол нь өндөр байдаг. Ямар ч зовлонгүй олдох тавган дээрх хоолноос илүүтэй, зовж олсон хоол нь үнэ цэнтэй байдаг учиртай.

Энэхүү сөрөг олзны нөлөө олон төрлийн амьтад дээр, жишээ нь нохой, сармагчин бол ойлгомжтой, цаашлаад шувуу, загас хүртэл гээд бараг бүхий л амьтны төрлийг хамардаг үзэгдэл гэнэ.

Дашрамд хэлэхэд, дээрхтэй адилхан туршилтыг сургуулийн өмнөх насны хүүхэд дээр туршиж үзвэл бараг 100% магадлалтайгаар хавхлага түлхэнэ. Тэгээд өсөж том болохын хэрээр тэр нь буурсаар оюутан насанд ирэхээрээ 50:50 хавьцаа болж ирдэг гэнэ. Өөрөөр хэлбэл хичнээн том болж ухаан суулаа суулаа гээд, тэгээд ч зөвхөн ашиг хардаг болдоггүй ээ гэсэн үг.

Энэ мэт тархины фундаменталь шинжтэй зуршлыг мэдэх тусам ажил хөдөлмөрийн үнэ цэн гээчийн тухай бодоход хүргэнэ. Юу ч хийхгүй тансаглан хөлбөрөх амьдралыг хэн бүхэн л хүсдэг. Гэтэл жинхнээсээ тэр хүсэл нь биелж орхивол бид үнэхээр жаргах болов уу?

Тэтгэвэрт гараад гэнэт ажлаа алдан гар хоосон оргих байдлаас болж стресс хуримтлагдах "тэтгэврийн хам шинж" гэж нэрлэж болохуйц шинж тэмдэг олонтаа сонсогддог. Ажил хийж олсон цалин, юу ч хийлгүй авах тэтгэвэр хоёр адилхан 1 төгрөг байлаа ч үнэ цэн нь өөр байдаг бололтой.

Сонирхуулж хэлэхэд, өдийг хүртэл судалж үзсэн дотроос сөрөг олзны нөлөө ажиглагддаггүй ганц амьтан байдаг нь муур гэнэ. Муур бол хэнтэй ч эгнэшгүй тууштай реалист бөгөөд, барагтай бол хавхлага түлхдэггүй юм гэнэ лээ.


Ямар вэ дээ? Танин мэдэхүйн гажуудал гээч нь тийм болохыг мэддэг байлаа ч тийм ч амар засах боломжгүй зуршлууд юм. Тиймдээ ч "танин мэдэхүйн гажуудал" биз.

Хүн өөрийн зуршлаа мэддэггүй гэх фактаа мэддэггүй. Бусдын явдлыг дор нь анзаарах хэрнээ, өөрийнхөө зуршлыг л мэдэхгүй чигээрээ итгэл дүүрэн амьдарч явдаг амьтан. Хамгийн том үл мэдэгч нь өөрөө л байдаг.

Өөрөө өөрийгөө мэдэхгүй чигээрээ амьдралаа эцэслэнэ гэдэг гунигтай. Хүн болж төрснийх, өөрийнхөө гажуудлыг олж мэдээд авах нь хэрхэвч илүүц болохгүйбайлтай.

Гэхдээ анхаарууштай нь гэвэл, тархинд тийм гаж хэвгий ташуурал байдаг болох нь өөрөө хэрхэвч нүгэл биш юм. Ташуурал бол тархины нэг хэсэг. Тэгээд тэр ташуурлынхаа ачаар заримдаа амьдрахад амар байх нь ч бий. Гэлээ гээд ташуурал бүр магтан сайшаагдах ч албатай биш. Хэрэвзээ бүх хүн өөрийн "ташаа үнэн"-дээ харанхуй итгэсэн чигтээ байвал хүн хоорондын харилцаанд таагүй үрэлт ч үүсэхийг үгүйсгэмгүй.

Тархиа танин мэдэж авах нь шаардлагагүй мөргөлдөөнөөс зайлсхийх урьдчилан сэргийлэлт болно. Түүгээр ч зогсохгүй, тархийг таних тусам өөртөө, бас өрөөлд ч энэрэнгүй болж ирнэ.


"Хүн гэдэг хөөрхөн амьтан шүү" гэж өөрийн эрхгүй санагдах вий.