Баатар Сүхийн байгуулсан нам, хурандаа Сүхийн хугалсан нам
Подвоолк хийдэг ЖДҮ байвал “ЖДҮ зайл” гэдэг зурагтай подвоолк хийвэл зарагдахаар байна. Учир нь улам өрдөгдөж, цаашаа дүрэлзэх сэдэв. Гэтэл Ерөнхий сайд ЖДҮ-гээс бусад бүх юмыг хийж байна
Энэ цаг үед Ерөнхий сайд нь намынхаа гишүүн гурван даргыг огцруулах санал оруулж, мөн хорь гаран тооны гишүүд нь Ерөнхий сайдаа огцруулах гарын үсэг цуглуулж байгаа үйл явдал болж байна. Гэр тойрч гүйгээд “та намайг хөөгөөд байна уу. Би таныг хөөгөөд байна уу” гэдэг кино шиг. Үүнийг нийгэм, улстөрд ерөнхийдөө болоод буй үйл явдалтай яаж холбож харах ёстой юм бэ. Бүх юм ЖДҮ болчоод, Хүрэлсүх сайдыг “одоо ч ЖДҮдэж өгөх байх даа” гэлцэн хүлээж байтал намынхаа шал өөр гишүүн гурван даргыг огцруулах санал гаргасан нь “10 санчмийтр ус цэнхэр өнгөтэй бол Цэцгээ хэдэн алимтай вэ?” гэдэг бодлого шиг юм болчихлоо. Хүн болгон л үүнийг дотроо ЖДҮ-тэй холбочих гээ л үзээд байна. Хийх юмгүй хүмүүст ажил нэмээд зүгээрч юм уу.
ЖДҮ надад хамаагүй
Нохой хэмээх Батзоригийг нохойны хөшөө нь түшив үү гэлтэй, хурлын гишүүний эрхтэйгээ үлдэв. Хорин тэрбумаар хийсэн дөрвөн нохойн тоо нь цөөдөөд харин ч баригдчихлаа. Тушаал биелүүлсэн хэдэн залуус нохойд барьдаг мод болж шоронд явав. Сайхан залуус нохойн замаар орсон байж. За бусдад нь ч энэ анзааны шийтгэл оногдуулаад явах нь дээ гэтэл ерөнхий сайд маань найз Я.Содбаатарынхаа үсэнд ч хүрсэнгүй орхив. Хэн хэллээ дээ, “новш нь новш, гэхдээ манай талын новш” гэж. Хүүхдүүд л манай байрных гэж улайм цайм нэгнээ өмөөрдөг сөн. Солтан гуай гэдэг хүн бүр гамин харсан ноён шиг “Ийм явдал болсон нь харамсалтай. Учир нь олдох байлгүй дээ” гэж тарган шар муурны нүд гарган хэлсэн. Зэвүүтэй гэж. Өдийд “учраа олж” байгаа болов уу гэж хүмүүс бодож байна.
ЖДҮчид маргааш хэнээр эгнээгээ зузаатгах, иргэд нөгөөдөр хэний эхнэртэй танилцахаа эс мэднэ. Харин Ерөнхий сайдад энэ бүхэн хамаагүй мэт царайлна.
Зөнгөөрөө шанаадсан нь
Энэ удаагийн ЖДҮ-гийн мөнгийг бараг 33-ын бүлэг л цохисон байгаа нь засаг огцруулж, дараагийн засгийг байгуулахад кноп дарсан тул өгсөн авилга хэмээн зурайж байна. Гишүүд нь ч авах ёстой юмаа авсан хүний ёсоор хэдэрлэж, ерөнхий сайд нь яаж ч чадахгүй байгаагаас бүр тод харагдана. Жаран тэрбумаас нэр цэвэрлэх шалтгаан байсан ч яг энэ л мөчид тэрэгний тэнхлэгтэй чацуулаад хусаж байгаа нь ичсэн хүн хүн ална гэдгийг үзүүлэв. Ийнхүү кнопны ч, фракцын ч өр аль алинаас нь зохицууллаа. Өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх жагсаалчидтай ч уулзав. Өвлийн ордныг авах гэж байгаа ноябрь сарын тариачид шиг л яриатай улсууд байна. Хүчээ зузаатгаад байгаамуу даа.
Уг нь жаран тэрбумын яриа биш, жаран тэрбумын хулгай шүү дээ. Цаасан дээр бичигдсэн биш гарт баригдаж, нүдэнд харагдах хулгай. Хямралыг боломж гэж харлаа гэдэг шиг, уг нь самраад өгөх хүнд шанага халбага өөрөө олдож байгаа явдал ш дээ. Гэтэл хонь чоно байтлаа ч салан дээр гарахаараа эвлэрдэг байтал Миеэтэйгээ шууд алалдаад эхэлчихлээ.
Хамаг юм хутгалдаж, тэвчээрээс даваад эхлэхээр хүн нэг бол навс архи ууж, нэг бол нэмж зад өшиглөөд шинээр эхэлье гэх нь бий. Ташраараа луйвар хийцэн сайд гишүүдийн явдал, өөрөө яаж ч эс чадах байдал, ерөнхийлөгчийн тасралтгүй хатгаас, энэ бүхнээс үүдэн унах нь тодорхой болсон засаг, уначихсан байгаа рэйтинг зэрэг бол баргийн эрийг барьц алдуулна. Харанхуй нүхэнд гэнэт унасан хүн сүүмэлзэх гэрэл чиглэн мөлхдөг шиг ухаан нь самуурах зуур Миеэг л шанаадана гэсэн зөндөө там тум хөтлөгдчив үү гэлтэй.
Юун гурван хүн билээ?
Хурлын дарга
Жаран тэрбум эхлээд нөгөө намын сонгуулийн шилбүүр байв. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүр муна болж хувирав. Харин сонгуулийн дараа муныг Хүкийн фракц Ерөнхийлөгч Баттулгаас албан ёсоор хүлээж авлаа. Хотын фракцыг хогийн фракц болгож хаяхаар нэгнээ балбаж гарсан. Цаадах нь аядуу зөөлөн гэдэг нь ч үнэн юм аа. Гэхдээ үүнээс цааш хэр аядуу бөгөөд зөөлөн байхыг нь харах бас нэг сонирхолтой сериал эхэлчихлээ.
Бүлгийн дарга
Хаянхярваа гэж хан ян гэсэн яриатай, санаачилгатай хүн. Орон гаран ч бололтой. Эхэндээ “Би ЖДҮ олгох өргөдөл цохож байсан” гэснээ гэнэт “ер нь ЖДҮ-чид уучлал гуйх ёстой” болоод явчихсан. Тэгснээ Хүрэлийг огцруулна гэж баахан тэлчилснээ өчигдөр орой өөрөө яваад өгөв. Гэхдээ хангинуур сүх шиг хан янгийн цуурай мөд намдахгүй бололтой. Санасандаа хүрэхээс нааш буцахгүй энерги дотор нь буцалж байгаа харагдсан.
Хотын дарга
Хүмүүс Су-г гол хоол, нөгөө хоёрыг нь панчаан гэж харсан. Хүмүүс “гүэ хотын даргыг яагаад?” гэлцэж байна. Учир нь Су намынхаа хамгийн нэр хүндтэй хүн болоод байв. Элдэв яриа, бичлэгийн шуугиан ч эцэстээ мань эрд ашигтайгаар эргэсэн. Баахан довжоо туушиндсан нь иргэдийн загатнасан газар нь шалба маажаад өгөв. Тэрээр рейтингээрээ намаа чухам тасархай өнгөлж байна. Су одоо явбал өөрт нь ашигтай ч нам нь хаос болсныг нэгмөсөн илтгэнэ. Нямбаатар нь гараад ирвэл тэртэй тэргүй сүйдэж буй үед хаос бол дээд эрэмбийн эмх цэгц юм гэдгийг нотолно ккк.
МАНдсан түүх, мартагдсан дууль
МАН 65-уулаа ялсан. Ахмадынхаа үгэнд ордог, ахмад нь ч бядны бяд дуусжээ хэмээн бядаа үзүүлж залуусдаа халаагаа өгчдөг цул сайхан нам. 1996 онд чухам ийм юм болж ирээдүйн хаан Н.Энхбаяр нар намын жолоодлогыг ах нараасаа хүлээн авч байв. Гэтэл 20 жилийн дараа малгайдаа багтахгүй болж бойжлоо. Зуун жилийн ой нь болж байгаа Баатар Сүхийн байгуулсан намыг Хүрэл Сүх хутгалж алах нь уу дээ.
Одоо сонгууль хүртэл шүдээ зууж тэврэлдэх нэг зам байна. Сонгууль өнгөрсөн хорвоо гээд халуун дээр нь хутгалалцах нөгөө зам байна. Нэгэнт өнгөрсөн хорвоо болсон юм чинь гялс ахиж гурван засгийн газар солин ЖДҮ-дэж бүгдээрээ гэдэс цадаж аваад тэр чигтээ арилах гурав дахь зам байна. Гэхдээ ер нь хоёр хуваагдаж 100 жилийг ойгоо уралдаж тэмдэглэх гарцаагүй зам руугаа далийчихав бололтой.
Еөк ялна
Үнэн хэрэгтээ манай Еөк л МАН-ыг бага багаар халбагадаж сууна. Эхлээд хотын намыг нь авсан. Одоо хотын захиргааг авна. Сумьяа аваргыг МАН-ын аварга болгож даргаар нь тавина. Магад Хүрэл маань ч ерөнхийлөгчийн засаглал гэж тэмцэх гээд жагсаалчидтайгаа танилцсан байж ч мэдэх.
Цагтаа Миеэ АН-ыг ийнхүү эрхшээж элдэв хэрэг төвөгт орсон Женког элдэвлэж байгаад ялахад амар хэмээн өөрөө сонгосон юм гэнэ лээ. Өөднь хаясан сонголт өөрийн толгой дээр гэж...
Зочин
зочин
ПАРТИЗАН
Ккк
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
DAVAAJAVIIN BAATARHUU
ABCD-korea-gaas
Jinhene hurandaa
Зочин
Зочин
zochin
МАНАН-г мандуулах нь уу?
Зочин
Гэмтсэн гавал
Зочин
Зочин
Зочин
Зочин