«Ардчиллын арал» Монгол & Гуравдагч хөрш–АНУ-ын агшин
ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Красновын Хятадад хийсэн айлчлал дуулиан дэгдээгээд сүйд. “Өрнөдийн орнуудын нөлөө” Монголд тусаад сүйд гэнэ:–...отметили необходимость активизации российско-китайского диалога на фоне усиления влияния стран Запада на нашего внутреннего соседа Монголию и потребность в увеличении контактов в трехстороннем формате с участием монгольской стороны гэх абзацанд хамаг утга нь шингэчихэж. Нөгөө талаас эх орныхоо эдийн засгийн гачаал, ажилгүйдэл, ядуурал зэрэг өөрсдөө шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орноо зольчих (гуравдагч хөршүүдээс нь салгах, бүр таслах!) санаа сэдэл бүхий хүмүүс Монголд мэр сэр байдаг нь бас нууц биш.
Тэр утгаар өмнө бичиж байснуудаа эргэж сөхөөд, тэгээд ч Ерөнхий сайдын маань айлчлал хаяанд ирчихсэн энэ цаг үед Монгол-Америкийн харилцааны талаар судлаачийн өнцгөөс өгүүлэхэд гэмгүй гэж үзлээ. Таалан соёрхоно уу.
Бэрхшээлээс хөдөлмөрлөж бүтээж, бүтээн байгуулж байж л гарахаас бус Монгол төрийн Гадаад бодлогын үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж, гуйвуулж, орвонгоор нь эргүүлж, аль нэг хөршид нь барьцаалан өгч, түүнийгээ “Найрамдал”, “Мөнхийн хөрш”, “Нутгаа аваад нүүхгүй” гэх хэдхэн аргументаар ам таглаж боломгүй хэмээн үздэгээ тэмдэглэе!
Өмнөх Ерөнхийлөгч нэг удаа хэлж байсан. АНУ-ын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад, АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хууль нь манай улсын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой болохыг дурдаад, хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн байсан. Энэ маань АНУ руу хандах манай нэг өнцөг, бизнесийн. Улс төрийн өнцгийг дор өгүүлэх болно.
“Их гүрнүүдийн өрсөлдөөн ба Монголын геополитик”-ийн асуудлаар Америкийн дипломатч Жефф Гүүдсон, мөн 2009-2012 онд АНУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Жонатан Эдлтон нарын бичсэн нийтлэл нэг үе сенсаац дэгдээсэн дээ, манайхан санаж байгаа бол. Америкийн өөр хоёр эх сурвалжид бас тэр тухай дурдсан байсан даа.Эхнийх нь “Heritage” сангийн олон улс судлаач, эдийн засагч профессор Энтони Ким “АНУ, Монгол хоёр улсын харилцаа, яагаад АНУ Монгол Улстай харилцаагаа сайжруулах шаардлагатай” тухай нэгэн нийтлэл бичсэнийг dailysignal.com сайтад тавьж байжжэ. Ингэж бичжээ:–ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд орших гуравхан сая хүн амтай Монгол Улс АНУ-ын геополитикийн чухал түнш болох боломжтой. Монгол Улстай харилцахдаа АНУ-ын барьдаг бодлого нь хоёр улсын хооронд олон төрлийн ашигтай боломжийг буй болгож байна. Хоёр улс 1987 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Тэр үеэс хойш АНУ нь Монголын гуравдагч хөрш болсон. Энэ нь ч стратегийн чухал ач холбогдолтой. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол нь АНУ-ын найдвартай дипломат холбоотон болж чадсан бөгөөд энэ хугацаанд хуучин Зөвлөлтийн улсуудаас ялгаатай нь эрүүл ардчилсан тогтолцоотой орон болсонд байгаа юм гэжээ.
Хоёрдахь эх сурвалж. АНУ-ын Төрийн Департаментаас санхүүгийн саяхны нэгэн жилд төсөвлөсөн тайланд Монгол Улсын тухай “АНУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт, тусламжийн үндсэн зорилго нь ОХУ, БНХАУ гэх хоёр хөрш орнууд нь хэтэрхий давуу эрхтэй болохоос сэргийлэн, Монгол Улсын бие даасан, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой” гэжээ.
Цааш нь юу гэж бичсэн бэ? –Хамгийн чухал нь Монгол бол АНУ-ын “шинээр хөгжиж буй түнш”-д тооцогддог. Гэсэн ч бодит байдал дээр стратегийн асуудлаар Монгол нь аль хэдийнээ АНУ-тай тууштай хамтран ажилласаар иржээ. Монгол бол НАТО-гийн 9 түнш орны нэг бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн, Африкт 1000 орчим цэргээ илгээж байв. Мөн 2003-2008 онд Ирак, Афганистанд 200 гаруй цэргээ илгээн, АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байв. Одоо хоёр улсын харилцааг бүх талын хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх шаардлагатай. АНУ-ын зүгээс Монголд эдийн засгийн түшиц болохоор томхон хөрөнгө оруулалтад тулгуурласан тусламж, техник-технологийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Түнш орнууддаа АНУ-ын үзүүлэх туслалцааг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа ч худалдааны бодит хамтын ажиллагаагүйгээр энэ нь дэмийн яриа болж мэдэх юм. АНУ-ын хувьд Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх хамгийн хялбар гарц нь бодит хэрэгцээ болоод буй худалдааг нэмэгдүүлэх явдал юм. Энэ асуудлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 9 гишүүн хоёр улсын хоорондын худалдааны хуулийн төслийг танилцуулаад байгаа билээ. Тэдний санал болгосон хуулийн төсөл нь Монгол Улсын одоогийн эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэнэ. Эдийн засгийн шинэчлэлийг урамшуулна. Практик туслалцаа болно. Өнгөрсөн 30 жилийн турш Монгол Улс нь АНУ-ын найдвартай түнш болж, бидний эрхэмлэдэг ардчилал, хүний эрхийг дээдлэх чиглэлд бүс нутагтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирснийг хуулийнтөсөл өргөн барьсан гишүүд гол болгожээ. Цаашдаа хоёр улсын хоорондын найдвартай түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд гадаад худалдаа нь хамгийн ашигтай боломж байх болно гэж АНУ-ын Төрийн Департаментаас үзжээ.
Худалдаагаар практикжуулахын өмнөх дэвсгэр нь ардчилал, хүний эрх гэхээсээ илүүтэй Монгол-Америкийн батлан хамгаалахын хамтын ажиллагаа хэмээн би олонтаа бичдэг ба бичих ч болно. Энэ удаа ч баримт түшин бичнэ. АНУ-ын “Дэлхийн энхийн санаачилга” хөтөлбөрийн санхүүжилтээр манай Зэвсэгт хүчний 1500 гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, олон улсын сургуульд оролцож, туршлага хуримтлуулсан. Одоо ч үргэлжилж байж болно. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг байнга бэхжүүлж байна. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын санхүүжилтээр “Хааны эрэлд” хэмээх энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль дадлагыг жил дараалан 20-иод жил зохион байгуулсан. Олон улсын эл сургууль жилээс жилд өргөжиж, оролцогч орнууд болон цэргийн алба хаагчдын тоо өсөн нэмэгдэж ирсэн. Манай улс 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, одоогийн байдлаар нийт 20 мянга гаруй цэргийн алба хаагч маань олон улсад үүрэг гүйцэтгэжээ.
Энд хэргээр онцлон тэмдэглэхэд АНУ-ын эдүгээгийн Батлан хамгаалахын өмнөх сайд Марк Т.Эспэр Пентагоны тэргүүнээр сонгогдоод тун удаагүй байхдаа анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн 5 орноор (Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос. Монгол) хийсний дотор манай улс багтсан нь тухайн үедээ онцлог содон үйл явдал байв. Монголоос бусад нь АНУ-ын цэргийн холбоотнууд байна. Тэрээр Улаанбаатарт ирээд ингэж ярьсан:–Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцэл бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
“Хааны эрэлд” хэмээх энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулиас гадна манай улс Америктай хамтарч “Номхон далайн элч” гэх хүмүүнлэгийн сургалт дадлага хэд хэдэн удаа зохион байгуулсан. Тэрхүү зуны сургууль дадлагад нэг удаа Монгол, АНУ, Австрали, Балбын зэвсэгт хүчнийхэн оролцсныг сайн санаж байна. Энэ нь үй олныг хамарсан гамшиг ослын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэн цэргийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэдэг.
2018, 2019 онд дараалан тохиосон, тэгэхдээ жил ч хүрэлгүйгээр хүрсэн амжилтаа хэргээр энд цохон тэмдэглэе. 2018 оны намар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын тухай Хамтарсан мэдэгдэлд АНУ-ыг “чухал гуравдагч хөрш”, “дотнын анд”, “чухал түнш орон” хэмээн нэрлэсэн байгаа. Ноён У.Хүрэлсүх Вашингтон хотноо АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзаж албан ёсны яриа, хэлэлцээ хийсэн. Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх Ж.Болтонтой уулзсан. Үүнээс гадна Дэлхийн Банкны Ерөнхийлөгч, ОУВС-ийн тэргүүнтэй уулзсан. Хамгийн чухал уулзалт Нью-Йорк хотноо тохиож, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт бараалхан хоёр орны харилцаа, хамтын ажиллаагааны талаар ярилцсан нь айлчлалын ач холбогдолыг өргөж өгсөн ба энэхүү айлчлалаар Монгол, Америкийн харилцаа нэг шат ахиж “Өртгөсөн Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд шилжжээ.Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Хамтарсан мэдэгдэлд тэр тухай олон чухал заалт бий.
Гэтэл жил ч хүрэлгүйгээр тухайн цагийн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилсан. Уг айлчлалын талаар АНУ-ын Цагаан ордон ийм мэдэгдэл гаргаж байв. “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Энэтхэг–Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дүрмийг сахин дээдлэх зэрэг асуудлыг нээлттэй, чөлөөтэй хэлэлцэнэ” гэсэн байв. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа маань нэг жилийн насгүйгээр өндөрлөж, дахин нэг шат ахиж “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд дэвшсэн нь 2019 оны тэрхүү айлчлалын гол амин сүнс алхам нь байлаа.
Үнэндээ Монгол-Америкийн харилцаа бол геополитик–стратегийн харилцаа юм. Бид АНУ-аас олон тэрбум доллар горьдох бус юуны өмнө өмнө геополитикийн том түнш, дотно андаа гэж ойлгож хандах хэрэгтэй. Харилцааны өнгөрсөн 30 гаруй жилийн түүхийн баримт бичгүүдээс үзвэл 1. Батлан хамгаалах; 2. Аюулгүй байдал; 3. Худалдаа–хөрөнгө оруулалт; 4. Тусгаар тогтнол; 5. Хууль дүрмийг сахин дээдлэх гээд жагссан байдаг. Ерөнхийд нь тэгж дүгнэж болно.
Түүх ярихад 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчланирж, орчин цагийн харилцааны үндсийг тавьсан. Тухайн үед Монгол Улс нь коммунизмаас татгалзаж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм рүү шилжих үйл явц ид өрнөж эхэлж байсан үе. Энэ үед Ж.Бейкер “Танай улс аугаа түүхтэй. Хоёр сайн хөрштэй. Хэрвээ гурав дахь хөрш хэрэгтэй гэж үзвэл АНУ дуртайяа болно шүү” гэж байсныг манай ард түмэн санаж байгаа байх. Энэ үеэс эхлээд гуравдагч хөршийн асуудал яригдсан ба эдүгээ ийм түнш улс олонтой болчихсон, гадаад талдаа бат бэх ар талтай байгаа нь монголчууд бидний хамтын зүтгэл, гавьяа билээ.
Америк өөрөө ардчилсан улс. Монголчуудын хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс байгуулахад, зах зээлийн эдийн засгийн хүнд хэцүү, бэрхшээлтэй цаг үеийг давж гарахад АНУ-ын ард түмэн, төр засаг олон улсын тавцанд ч байнга дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Монгол улсыг АНУ-ын төр засаг их өндрөөр үнэлдэг. Монголыг “Ардчиллын баянбүрд” гэж нэрлэдэг. Төв Азийн цээжинд, Зүүн хойд Азидаа ардчиллыг хамгийн сайн хэрэгжүүлж чадсан улс орон гэж үнэлдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалаар тод харагдах биз ээ.
2023.07.18