АРДЧИЛАЛ ХЭРХЭН МӨХДӨГ ВЭ
Ардчилал ямагт эмзэг байдгийг бид бүгд мэдэх ч гэлээ бидний өнөөдрийн амьдарч байгаа ардчилал нь чулуун хэрэм мэт бат бэх юм шиг санагдана. Бидний Үндсэн хууль, эрх чөлөө ба тэгш эрхийн үндэсний мэдрэмж, угийн чадал тэнхээтэй дунд давхарга, бидний хөрөнгө чинээ болон боловсролын өндөр түвшин, том бөгөөд олон төрөлт хувийн хэвшил зэрэг нь бусдад тохиолдсон шиг ардчиллын хямралаас биднийг хамгаалах ёстой дархлаа юм.
Чилийн Сантяго хотын гудамд эсэргүүцлийн жагсаал олон сар өрнөсний эцэст 1973 оны есдүгээр сарын 11-ний үд дунд Английн Хоукэр Хантэр загварын тийрэлтэт онгоцнууд тачигнан эргэлдсээр хотын төвд оршдог шинэ сонгодог хийцтэй Ла Монэда ордныг бөмбөгдөв. Тэсрэх бөмбөг унасаар, Ла Монэда ордон дүрэлзэн шатлаа. Гурван жилийн өмнө зүүний баримжаатай эвслийн тэргүүний хувиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Салвадор Альендэ тэр ордон дотор хоргодож байжээ. Түүнийг Ерөнхийлөгч байх жилүүдэд эмх замбараагүй байдал, эдийн засгийн хямрал, улс төрийн гацаа Чили улсыг туйлдуулаад байв. Эхлүүлсэн ажлаа дуусгахаас нааш буухгүй гэж хэлж байсан Альендэд одоо шийдвэрлэх мөч иржээ. Генерал Аугусто Пиночэтийн толгойлсон цэргийнхэн улс орныг хяналтдаа авч, давшилсаар. Хувь заяа хааш эргэхийг шийдэх эл түүхэн өдрийн өглөө нь Альендэ түүний олон мянган дэмжигчид ардчиллаа хамгаалахаар гарч жагсана гэж найдан, үндэсний радиогоор гал цогтой үгээ хэлсэн юм. Гэвч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөнгүй. Ордныг хамгаалж байсан цагдаа нар Ерөнхийлөгчөө хаяад явсан байв. Түүний радио уриалгад хэн ч хариулсангүй. Хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Альендэ амиа алдав. Түүнтэй цуг Чилийн ардчилал мөхөв.
Ардчилал яг ингэж, буутай хүмүүсийн гарт мөхдөг гэж бид төсөөлдөг.
Хүйтэн дайны үеэр бөхсөн дөрвөн ардчилал тутмын гурав нь төрийн эргэлтийн үр дүн байв. Аргентин, Бразил, Доминиканы БНУ, Гана, Герег, Гватемал, Нигери, Пакистан, Перу, Тайланд, Турк, Уругвайн ардчиллууд ийм л замаар мөхсөн. Сүүлийн үед жишээ гэвэл цэргийнхний удирдсан төрийн эргэлт 2013 онд Египетийн Ерөнхийлөгч Мухаммэд Мурси, 2014 онд Тайландын Ерөнхий сайд Йинглак Чиннаватыг авч хаяв. Эдгээр тохиолдолд ардчиллыг цэргийн хүч, хүчирхийллээр сүр дуулиантайгаар нухчин дарсан юм.
Ардчиллыг нураах өөр нэг зам бий. Дуулиантай биш хэр нь хор хөнөөл нь ижил. Ардчилал генералуудын гарт бус өөрсдийг нь эрх мэдэлд хүргэсэн тэр л үйл явцыг урвуулан ашиглах Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг сонгогдсон удирдагчдын маань гарт мөхөж мэднэ. Зарим тийм удирдагч 1933 оны Райхстагийн түймрээр шалтаглан Германы ардчиллыг нураасан Гитлер шиг ардчиллыг дор нь үгүй хийдэг. Гэхдээ ихэнхдээ ардчилал анзаарагдах төдий жижиг алхмуудаар аажмаар элэгдэгддэг.
National Archives, Washington, D.C.
Жишээбэл Венесүэлд Уго Чавэс бол авлигад төрийн элитүүдийг зоригтой хараан зүхэж, улс орныхоо газрын тосны арвин баялгийг ядуу иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулахад ашиглах “илүү жинхэнэ” ардчиллыг тогтоохоо амласан танигдаагүй шахам улстөрч байв. Томоохон улс төрийн намуудад хаягдсан, ашиглагдсан мэдрэмжтэй эгэл венесүэлчүүдийн бухимдал дээр овжин дөрөөлөн тэрбээр 1998 онд Венесүэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдов. Сонгуулийн орой Чавэсын төрөлх Баринас хотын нэг эмэгтэй “Ардчилал халдвар авсан. Цорын ганц антибиотик нь Чавэс” гэж хэлсэн байдаг.
Эдүгээ ардчилал ингэж мөхдөг болжээ. Фашизм, коммунизм, цэргийн дэглэмийн хэлбэрээр илрэх ил тод дарангуйлал дэлхий даяар бараг алга болжээ. Цэргийн эргэлт, бас бус хүч түрсэн эрх мэдэл булаалт тун ховор. Ихэнх улс тогтмол сонгууль явуулдаг болсон. Ардчилал нурж унах явдал гарах ч өөр арга зам ашиглах болжээ. Хүйтэн дайн дууссанаас хойш ихэнх ардчиллын мөхлийг цэрэг армийнхан биш харин сонгуулиар гарсан төр засгууд авчирчээ. Венесүэлд Чавэсын хийсэн шиг сонгогдож гарч ирсэн удирдагчид Гүрж, Унгар, Никарагуа, Перу, Филиппин, Польш, Орос, Шри Ланка, Турк, Украины ардчиллын инстүүцүүдийг нураав. Ардчиллын ухралт өнөөдөр сонгуулийн санал хураах хайрцгаас эхэлж байна.
Сонгуулийг ашигласан ардчиллыг нураах зам бол хэнийг хуурч дөнгөх аюултай.
Пиночэтийн үед Чилид гарсан шиг сонгодог төрийн эргэлт болбол ардчилал нэн даруй, олны нүдэн дээр мөхнө. Ерөнхийлөгчийн ордон шатна. Ерөнхийлөгч амиа алдах, баривчлагдаж, цөлөгдөх үйл явдал болно. Үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй, эсвэл өөрчлөн эвдэж дуусна. Харин сонгуулийн замаар ардчилал мөхөж буй үед эдгээр зүйл болохгүй. Танкнууд гудамжаар явахгүй. Үндсэн, бусад нэр төдий ардчилсан инстүүцүүд байр байрандаа. Хүмүүс сонгуульд саналаа өгсөөр. Сонгогдсон дарангуйлагчид өнгөн дээрээ ардчилагч, цаагуураа ардчиллын мөн чанарыг ухаж хоосолно.
Ардчиллыг нураах төр засгийн ихэнх үйлдэл нь “хууль ёсны”, өөрөөр хэлбэл хууль тогтоогчдын баталсан, эсвэл шүүхээр дэмжигдсэн зүйлс байдаг. Заримыг нь бүр шүүхийн үр ашгийг сайжруулах, авлигатай тэмцэх, сонгуулийн үйл явцын маапааныг арилгах зэргээр ардчиллыг сайжруулах зорилготой хүчин чармайлт гэж тайлбарлан таниулдаг. Сонинууд хэвлэгдсээр байх ч худалдагдсан, эсвэл сүрдүүлгийн улмаас өөрийн цензүүр тогтоосон байна. Иргэд төр засгаа шүүмжилсээр байх ч татвар, торгууль зэрэг эрх зүйн асуудалд өртөх нь нэмэгдэнэ. Энэ нь олон нийтийг балмагдуулна. Юу болоод байгааг хүмүүс тэр дор нь ойлгож ухамсарлахгүй. Ихэнх нь ардчилсан тогтолцоо дор амьдарч байгаа гэдэгтээ үргэлжлүүлэн итгэсээр байх болно.
Цэргийн эргэлт хийх, онц байдал зарлах, Үндсэн хуулийн үйлчлэлийг түр зогсоох гэх мэт “улаан шугам”-ыг давж дарангуйлал руу орсныг илтгэх илэрхий үйлдлийг төр хийгээгүй тул нийгмийн түгшүүрийн дохиог өдөөх зүйл болохгүй байх магадлалтай. Төр засгийн бурууг хэлж ярьсан нэгнийг дэгсдүүлэгч, гоншигногч гэж цоллон, тоохгүй өнгөрнө. Ихэнх хүн ардчиллын доройтлыг бараг мэдрэхгүй. GJ
Ардчиллаа хамгаалахад бидэнд дан ганц айдас, эсвэл зориг хангалтгүй. Бид даруу бөгөөд зоримог байх хэрэгтэй. Бусад улсад туршлагаас суралцаж, хямралын урьтач шинж тэмдгүүдийг таньж сурах, мөн хуурамч дохиоллыг ч ялгаж сурах хэрэгтэй. Бусад ардчиллыг сүйрүүлсэн гайт алдаануудыг бид мэдэж байх хэрэгтэй. Мөн өмнөх үеийн ардчиллын их хямралтай нүүр тулсан иргэд сүйрлийг зайлуулахын тулд хэрхэн гүн гүнзгий талцал хуваагдлаа даван туулж байсныг бас мэдэх хэрэгтэй. Түүх давтагддаггүй ч шинэ хувилбараар эргэн ирдэг. Түүхэн сургамж, мөн энэ номын зорилго бол өмнө түүх давтагдахаас өмнө амжиж мөн чанарыг нь ойлгох явдал болно.