2012 онд АН анх удаагаа парламентад хамгийн олон суудал авч, Засгийн газраа байгуулсны дараа АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн нэг үг одоо ч оройноос гардаггүй юм. Намаасаа том намын дарга байж болохгүй ээ гэж. Энэ бол намын дарга жижиг, том байх тухай биш. Харин намын, гишүүдийнх нь эрх ашиг, итгэл үнэмшил эрэмбийн нэгдүгээрт байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, том намын жижиг даргын тухай. Нам нь хүчтэй байхад намын дарга хэн байх хэнд хамаатай.

Ерөнхийдөө манайхан намын дарга гэхээр намаасаа илүү зангарагтай, илүү тодорсон, товойсон нөхрийн тухай мөрөөддөг. Энэ л АН-ын, МАН-ын дарга болчихвол энэ нам яг “алах” гээд байна гэдэг ч юм уу. Харин энэ хүн намын дарга болбол АН, МАН-д ямар өөрчлөлт бий болох, яаж төлөвших тухай барагтай боддоггүй. Намаасаа тохой урд явах, намыг удирдан чиглүүлэх, шуудхан хэлбэл дарангуйлах тийм лидерийг хүсэмжилдэг. 

Гурван сарын Л.Гантөмөрийг АН-ын дарга болоход олон хүн “Сул  штээ, бөөрөнхий л дөө. АН ингээд МАН-ын атганд орчихлоо л доо” гэх мэтээр басангуй хандаж байсан. Намын гэрчилгээ ч үгүй, тамга ч үгүй гурван сар явахад нь бас олон хүн “Ингэх гээд байсан юм аа. Ингээд АН гурав тасарчихлаа л даа” хэмээн алга ташиж байв. Гэсэн ч Л.Гантөмөр гэдэг хүн тэр бүхнийг хайхраагүй. Намынхаа жирийн гишүүд, орон нутгийн намуудтайгаа уулзсаар, ярилцсаар, ятгасаар л явсан. С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүнийг дагаад АН үндсэндээ, сууриараа хоёр хуваагдчихаад байсныг эвлүүлэх, нэгтгэж нийлүүлэх нь түүний эхний зорилго байсан байх.

Шүүхэд нэг удаа нэхэмжлэл гаргасан, АН-ын тамга,тэмдэгийг гаргуулж өгнө үү гэж. Шүүх мэдээж хүлээж аваагүй. Цагдаадаа өг өө... гээд хаясан. Тамгагүй дарга, гэрчилгээгүй нам гэж хаа байсан юм... дахиад л бөөн элэг доог. Үүнийг ч гэсэн Л.Гантөмөр дарга нэг удаа “ёо” гэлгүй даваад гарсныг гайхдаг юм. Хэлдэг ганц үг нь “Болно доо, болно штээ”...

Эцэст нь С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр өөрсдөө намынхаа тамга, гэрчилгээг хадган дээр тавиад Л.Гантөмөрт авчирч өглөө. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь энэ. Л.Гантөмөр хэрвээ АН-ын даргаар сонгогдонгуутаа л шүүх, цагдаа болоод, “Алив, миний тамгыг аваад ир” гэсэн бол мэдээж цаг хожих л байсан байх. Албан ёсоор намын тамгатай, гэрчилгээтэй “гоё” харагдах л байсан байх. Тэглээ гээд юу хожих вэ? АН-ыг жинхэнээсээ гурав хуваах л байсан болов уу. 

Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд АН-д хүссэн хүсээгүй “лидер дагасан төлөвшил” гэдэг юм бий болчихсон. Дотооддоо Элбэгдоржийн хүмүүс, С.Эрдэнийн фракц, Х.Баттулгын фанатууд гэдэг хуваагдал бий болчихсон. Үүн дээр дахиад “Л.Гантөмөрийн АН” гэдэг хуваагдал ямар хэрэгтэй юм. Хэрэггүй гэдгийг нь мэдэж байсан учраас энэ хүмүүсийг АН гэдэг нэг дээвэр дор нэгтгэх нь Л.Гантөмөрийн хийх ёстой эхний ажил байлаа. Энийгээ ч хийж чадсан учраас өнөөдөр АН тамга тэмдэгтэй, улс төрийн намын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээтэй боллоо. Ус хэдий зөөлөн ч хадыг элээдэг гэдэг дээ. Угаас Л.Гантөмөр гэдэг хүний өөрийнх нь мөн чанар, төрмөл араншин ийм юм. 

Сая баруун аймгаар явахдаа С.Ганбаатар гэдэг бүр нэг адгийн популистыг дагуулаад явсан байна лээ. Харахаас нүд хальтирмаар. Гэхдээ л тэр хүн нэгд АН-ын гишүүн. /хоёр жилийн өмнө, 2021 онд АН-д элссэн/ Тэр хүний АН-ын гишүүнээр элссэн ашиг сонирхол, хүсэл зориг юу байсныг мэдэхгүй ч ялсан намд биш, ялагдал хүлээгээд гудамжинд гарчихсан намыг сонгосон нь бас л “гайхамшиг”. АН-ын гишүүн гэхээрээ бүгд алттан цээжтэй, мөнгөн бөгстэй байдаг ч юм биш. Гол нь энэ намын нэг эд эс нь байхыг хүссэн тэр хүсэл эрмэлзлийг боож хаах эрх хэнд ч байхгүй. Ардчилсан нам гэдэг чинь ардчилалсан байх, алагчлалгүй байхын нэр биз дээ. Хувь хүн хэн байх нь чухал биш. Харин АН-ын дүрэм, үзэл баримтлал, үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөөд ирж байгаа нь чухал. 

Учир нь АН-д, ер нь аливаа намд гишүүнээр элсэх нь угаасаа Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх. Бүр эрүүгийн элемент байсан ч ялгаагүй, иргэнийхээ хувиар үзэл бодол, үнэт зүйлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Үүнд хориг, хязгаар тавих эрх лав АН-д, АН-ын даргад байхгүй. Тиймээс С.Ганбаатар гэдэг хүн АН-ын гишүүн байгаа нь АН-ыг муухай харагдуулахаасаа гадна “ардчилсан” гэдэг үгийн мөн чанарыг харууллаа. Нэг үе намын даргыгаа хүртэл намаасаа хөөж байсан нам шүү дээ. Харин Л.Гантөмөр АН-ын дарга болоод “АН-ын нэг ч гишүүнийг хөөхгүй, хасахгүй” гэж хэлсэн. Бас л хол "үсэрсэн" байгаа биз. Ядаж үүнийх нь төлөө ч болов АН-ын даргад баяр хүргэе!    

inews.mn