Аравдугаар сар 1. Архи зардаггүй өдөр гэж үү... Үгүй ээ, албан ёсоор ахмадын баяр юм. Басбилгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн бараг л тэдний баяр. Ингээд жилдээ энэ хоёр өдрөөр бид ахмад настнууддаа баярын мэндийг шинэ, хуучин хоёр аргаар дэвшүүлээд бусад өдрүүдэд нь тэдний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бараг ярихгүй... Хар ярианы хэлэнд бол ахмад настан гэх албаны аятайхан нэршлийг ч ховорхон дурдана, хавтгайд нь хөгшчүүл гэсгээд л болоо...

Энэ хандлага зөвхөн Монголд л үзэгддэг юм биш аж. Тийм ч учраас “Насжилт нь байгалийн, жам ёсны, түгээмэл үйл явц болохыг хүлээн зөвшөөрөх”, “Ахмад настан нь халамж хүртэгчид, нийгмийн хөгжил саад учруулагчид гэсэн хэвшмэл ойлголтыг халах” хэрэгцээ шаардлага дэлхий дахинд тулгамдаж байна гэдэг дүгнэлтНҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралдаан дээр анх 2014 онд яригджээ.

Монголын хувьд энэ жил бүрийн аравдугаар сарыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар болгон зарлаж, энэ жил “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын улсын уралдааныг ахмадын дунд анх удаа зохион байгуулсан юм. Уг уралдаанд нийт250 гаран ахмад, нийслэл, хөдөө орон нутгийн 11 баг тамирчин оролцсоноос Сонгино-Хайрхан дүүргийн баг Тэргүүн байр, Улаанбаатар төмөр замын ахмадын холбооны баг Дэд байр, Сүхбаатар дүүргийн баг Гутгаар байрыг тус тус эзэлсэн байна. Тэтгэвэрт гарахыг нийгэм болон хөгшчүүл өөрсдөө ч бас гэртээ суух, хүүхэд харах, хатуухан хэлэхэд нийгмээс тусгаарлагдах явдал гэж хүлээн авдаг хэвшмэл ойлголт өөрчлөгджээ. Тэд гэр сахихыг биш нийгэмтэйгээ харилцах, хамтдаа хөгжих,хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ хадгалах, хамгаалахыг эрмэлзэж буй амьдралын шинэ хэв маягийг “Жавхаат хэмнэл” уралдаан сурталчилснаараа онцлог. Тэтгэвэртээ гарлаа гээд гэртээ ач, зээгээ хараад суух ахмадууд ховордож, бүгд л бизнес эрхлэгч, багаар бодоход эмээ ТҮЦ ажилллуулж, өвөө таксинд явдаг болсон цаг үе. Төсвөөс хуваарилдаг тэтгэврийн хэдээсээ давсан орлоготой, өвдөж тэвдсэн үед үр хүүхдийнхээ гарыг хардаггүй хөгшдийн тоо нэмэгдэх нь угтаа нийгэм, эдийн засгийн утгаараа улс орондоо оруулж буй асар үнэтэй хувь нэмэр юм.Бидний хөрш Хятад улс л гэхэд тэтгэврийн насныхан болоод тэдний хуримтлал, хадгаламжийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд ахмад настнуудад зориулсан дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, тэдний банкны хадгаламж дахь мөнгө тээвэр, үзвэр үйлчилгээ, энтэртаймент зэрэг бусад салбарт орлого болон эргэлдэж эхэлжээ. Тэд эдийн засгийн идэвхтэй хүн амд ачаалал нэмдэг идэвхгүй бүтэц байхаа больж байна.

Ер нь дэлхийн хүн ам зүйн бүтцэд хамгийн хурдацтай өсч буй насны бүлэг нь ахмад настнууд байгаа нь улс орнуудын ахмадын талаарх уламжлалт ойлголт, хандлага, урдын бодлогоо өөрчлөх асар том хүчин болж эхэлжээ. Өдгөө 60-аас дээш настай 901 сая ахмад настан амьдарч байгаа нь дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байгаа бол 2030 онд 1.4 тэрбум (16.5 хувь), 2050 онд 2.0 тэрбум (21.5хувь) хүрэх төлөвтэй. Хэрэв энэ хандлага хэвээр хадгалагдвал 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн ам болно. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна гэж Үндэсний статистикийн хорооны энэ оны тайланд дурджээ. Үүнээс үүдээд Монгол Улсын хүн ам зүйн ачаалал нэмэгдэхээр байгаа. Энэ нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Тодруулбал, 2045 онд гэхэд хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхдийн тоо 50.1, ахмад настан 14.8 болж нэмэгдэхээр байна. Энэ нөхцөл байдлыг урьдаас харсан нийгэм, эдийн засгийн бодлогыг одооноос хэрэгжүүлж, ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын хэрэгцээг хүний эрхийн түвшинд баталгаажуулахгүй бол болохоо байж байна шүү гэдэг асуудлыг НҮБ 2013 оноос хойш эрчтэй ярьж байгаа юм. Манай улс ч бас бодлого, хандлагаа өөрчлөх талаар салбарын хүрээндээ ярилцаж, дор дороо ажиллаж буй. Нэн тэргүүнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг нь анхаарч байгаа ч цаашид эдийн засаг, соёлын хэрэгцээг нь ч бас тусад нь авч үзэх байх аа. 

Геронтологийн үндэсний төв гэж 2005 онд байгуулагдсан. Нэр нь төдийлөн танил биш энэ байгууллага хүний насжилт, хөгшрөл, насжилт дагаж үүсдэг эмгэг, өвчлөлийг судалдаг, эмчилдэг, настны биеэ даах чадварыг хадгалах, дэмжихэд чиглэсэн эмнэлэг юм. Хөгширсөн учраас хүн өвдөх нь гарцаагүй, үглэж янших, гуниж гундах, ганцаардах, зөнөгрөх нь жам ёс гэдэг уламжлалт хандлагыг өөрчлөхөд тэдний үйл ажиллагаа чиглэдэг аж. Насжилт нь жам ёсны түгээмэл зүйл боловч түүнийг дагаж бий болдог бие, сэтгэцийн өөрчлөлт, нийгмийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлж, эмчилж сэргээн засч болно гэж үздэг юм байна. Аав, ээжийгээ ахмад настан гээд гэрт нь битгий тушаарай, аль болох идэвхтэй амьдралд оруулаарай. Тэдний хувьд одоо л жинхэнэ өөрийн дураар амьдрах цаг хугацаа нь ирж байгаа шүү. Тэгэхдээ насжилт, настны эмгэг судлалын мэргэжилтнүүдээс тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Энэ мэссэжийг хүргэхийн тулд Геронтологийн үндэсний төв “Жавхаат хэмнэл” ахмадын аэробик дасгалын улсын уралдааны зохион байгуулагчаар ажиллажээ. 

Ахмад гэдэг нь зүгээр л нас заасан тоон утга. Тэд энд эрүүл мэндээ хамгаалах, халамж үйлчилгээ хүртэх гээд зайлшгүй эдлэх эрхээс гадна бусад насныхны нэг адил нийгэм, эдийн засаг, соёлын эрхтэй, “санасан зүйлдээ хүрэх”, “нэр хүндээ хамгаалах”, “бие даасан байдлаа хадгалах” гээд нэжгээдээр тогтохгүй эрхэмсэг оршихуйтай байх эрхтэй юм.