Амьсгал номын талаарх төрсөн амьсгал

Төрсөн өдрийн бэлгэнд юу авмаар байна гэсэн нэг найзынхаа хүсэлтийг сонсоод энэ номыг сонгосон ч зузааныг нь хараад бага зэргийн гайхаж билээ. Амьсгалаа зөв авч сурах нь маш чухал юм биш үү гэсэн бодол, танин мэдэхүйн сонирхол төрж эхэлсэн нь доорх түүхээс эхтэй ч ийм сонирхолтой, гайхалтай мэдлэг надад өгөх юм гэж үнэхээр төсөөлөөгүй байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

Би нэлээд давгүй сэлдэг боловч хоёр удаа усанд хөл алдан живэхдээ амьсгалах л хэрэгтэй гэсэн бодол бүх биеийг минь эзэмдсэн байж билээ. Эхнийх нь 6-р ангидаа нэлээд том голд,нөгөөх ньхүчтэй салхитай өдөр Хяргас нуурын хүчтэй давалгаанд цохигдож шууд л гүн рүү нь татагдсан. Гэнэтийн явдалд цочирдсон миний биеийг айдас бүрхэн авч, хяналтаа алдахад төрсөн ганц бодол бол амьсгалах л хэрэгтэй, ганц л амьсгал гэж бодож байснаас биш кинон дээр гардаг шиг өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр жирэлзэж, ирээдүй минь яана гэж бодох цаг хугацаа байгаагүй. Нэг л амьсгалчих юм сан гэсэн бодол намайг арай хүчтэй болгож, хэтэрхий их сандарч болохгүй шүү гэж бодон бүх хүчээ дайчлан сэлж өөрийгөө аварсан бол сүүлийн нуурт тохиолдсон явдал бол хэтэрхий хүчтэй давалгаанд миний зүгээс хийж чадах юу ч байгаагүй, зүгээр л бурхны аврал, гайхамшиг байсан. Нэг амьсгалын төлөө тэмцсэн хоёр хором толгойнд тод үлдэж, би амьсгалаа бага ч гэсэн удирдаж сурах хэрэгтэй юм биш үү гэсэн санаа төрсөн ч яаж гэдгээ мэдэхгүй байлаа. 

Жилийн өмнө гадаадад сургуулиа төгсөх дөхсөн нэг өдөр далайн давлагаа хараад сууж байхад нүдний үзүүрт нэг хүн хүн яг л алхаж яваа юм шиг тэр хүчтэй давалгаанд намайг ирснээс хойш лав багадаа л 30 мин тасралтгүй сэлсэн, би ч тэсэлгүй Яаж ингэж сэлдэг байнаа? гэж хэт чанга асуусных уу зайтай сууж байсан Ази эмэгтэй- Чи эхлээд амьсгалаа хянаж сурах хэрэгтэй, бас амаараа амьсгалдгаа болих хэрэгтэй дээ гэж хэлсэн юм. Заримдаа зөв газраа зөв цагт таарсан зурвас таарсан хүмүүс амьдралд чинь талархаад барахгүй сургамжийг өгдөг. Тэр хүний байгаа байдал надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тул гэртээ очоод хэлсэн үгийг нь л хайгаад үзэхэд үнэн байсан болохоор би дахин амаараа амьсгалаагүй, үргэлж хамраараа амьсгалдаг болсон. Мөн сэлэх бүртээ амьсгалаа чадахаараа түгжиж, сэлэх уртаа бага багаар сайжруулснаар амьсгал маань хуучнаасаа хамаагүй илүү задарсан тул би мөрөөдлөө биелүүлж, том далайн давалгаанд аврагч нарт хэлж байгаад тэдний хяналтан дор нэг удаа сэлсэн, энэ сэлэлт гайхалтай байсан ч хүний нутагт тулгарах эрсдэлээ тооцож дахин туршиж үзээгүй юм. Гэхдээ л айдсаа дарсан энэ сэлэлт надад маш том ялалт шиг л санагдсан.

Би дээр хэлсэнчлэн амьсгалах гэдэг чинь их чухал зүйл байдаг юм биш үү гэсэн хөнгөн бодол, сонирхол, хальт уншсан мэдээлэл төдий л байснаас биш үнэндээ энэ номон дээр өгүүлсэнчлэн ийм их хүчтэй, гайхалтай зүйл болохыг үнэхээр мэдэхгүй байсан юм.

Энэ ном уншсаны дараа дасгалыг нь хийж үзэхэд амар байгаагүй, бидний секунд бүрт хийдэг үйлдлийг бага зэрэг л өөрчлөхөд биед шууд нөлөө үзүүлэх юм гэдэгт эргэлзсээр л байсан. Энгийн зүйл хамгийн агуу байдаг гэдэг шиг бидний хамгийн их хийдэг үйлдэл л эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг минь тодорхойлж, энэ л байнгын хийдэг үйлдэл чинь өөрөө гайхамшиг байдаг юм байна. 

УБ хот

Энхээ