Америкт үйлдвэрлэв
Найруулагч Даг Лайманы бүтээл, гол дүрд нь алдарт Том Крузын тоглосон, бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Америкт үйлдвэрлэв” хэмээх уран сайхны кино өнгөрсөн оны 9 сард нээлтээ хийлээ. Тус кино 50 сая долларын өртгөөр бүтэж, нийт 134 сая долларын орлого олжээ.
Rotten tomatoes веб сайт тус кинонд 216 шүүмжлэл дээр үндэслэсэн 88% гэсэн дажгүй үнэлгээ өгсөн бөгөөд Metacritic сайтын үнэлгээгээр мөн 100-аас 65 оноо авсан байна.
Киноны гол дүр болох Барри Сил гэж хэн байв?
Adler Berriman Seal буюу Барри Сил нь 1939 онд АНУ-ын Луизиана мужийн Батон Руж хотод төржээ. Бага залуугаасаа л нисэх загвар, онгоцонд дурласан хүүхэд байсан ба анх 15 настайдаа онгоц жолоодож агаарт ниссэнээс хойш жилийн дараа нисгэгчийн лицензээ авч, иргэний агаарын тээврийн албанд ажиллаж эхэлсэн байна.
Түүнийг арван долоохон настай залуухан нисгэгч байхад нь тагнуулын төв газар агаарын тагнуулын ажил хийлгэж, 1958 онд Кубын дарангуйлагч Фульхенсио Батистын эсрэг тэмцэл өрнүүлж байсан Фидель Кастроод тусламж үзүүлж зэвсэг хүргүүлж байжээ. Фидель Кастро төрийн эргэлт хийн засгийн эрхийг гартаа авсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөн АНУ-ын гадаад бодлого Фиделийн эсрэг болсноор Барри Сил Кубын эсрэг агаарын цохилт өгөх хэд хэдэн тулалдаанд оролцсон төдийгүй Гватемал болон зүүн өмнөд азид хэд хэдэн байлдааны ажиллагаанд оролцож явжээ. 1966 онд цэргийн нисэх хүчнээс халагдсаны дараа иргэний агаарын тээврийн компанид ажилд орж Боинг 707 онгоц жолоодсон хамгийн залуу нисгэгчээр тодорч, тив хоорондын нислэг хийж байв.
1972 онд 7 тонн С-4 тэсрэх бөмбөг Маяамигаас Мексик хүртэл тээвэрлэх захиалга авсан хэргээр баривчлагдан саатуулагдсаны дараа Барри ажлаасаа халагдан Өмнөд Америкийн зарим нэг улсын хувийн нисэх компаниудад зөвлөх ажил нэрийн дор хар тамхины тээвэрлэгчийн ажил хийж эхэлсэн байна. 1979 онд Эквадор улсад 40кг героин тээвэрлэсэн хувийн онгоц жолоодсоноос болж баривчлагдаж 9 сар шоронд суув. Шоронд байхдаа тэрээр тухайн үеийн хар тамхины томоохон кланы эзэн болох Очоагийн ойрын хүн Вильям Ривзтэй танилцжээ. 1981 онд Ривз түүнийг ах дүү Очоа болон хар тамхины хаан Пабло Эскобартай танилцуулан Медельиний картельтэй нягт холбож өгөв.Ингээд тэрээр колумбын хар тамхийг АНУ-руу тээвэрлэдэг хамгийн том тээвэрлэгч болж хувирлаа. Барри Сил нэг рейснээс 1.5 сая доллар олдог байжээ. Олсон мөнгөөрөө Луизиана Арказас мужид хувийн нисэх буудал байгуулан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон хэд хэдэн онгоц, нисдэг тэрэг авсан байна. 1984 оны байдлаар нийт 150 рейс нислэг үйлдсэн ба 5 тэрбум долларын хар тамхийг АНУ-руу зөөсөн нь түүнийг түүхэн дэх хамгийн их хар тамхи тээвэрлэсэн хүн болгосон байна.
1984 оны 3-р сард Никарагуа улсаас хар тамхи тээвэрлэж яваад Флорида мужид буухдаа хар тамхитай тэмцэх албаныханд баригдаж 10 жилийн ял сонсов. Тэрээр тагнуулын төв газарт хар тамхины томчуудыг барьж өгөх, мэдээллэгч болж ажиллах саналаа тухайн үеийн тагнуулын төв газрын дарга Жорж Бушд (АНУ-ын ерөнхийлөгч асан) гаргаж, хариуд нь хоригдох хугацаагаа багасгах хүсэлт тавив. Жорж Буш ч саналыг зөвшөөрөв. Энэ мэдээ тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рейганд хүрснээр Никарагуагийн төрийн эрхийг жолоодож байсан Сандинистын намын дарга нар нь Колумбын хар тамхины наймаачдад нисэх онгоцны буудлуудаа ашиглуулан ашгийн хувь хүртэж байсныг илрүүлэн баримтжуулах ажилд Барриг явуулах шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл Рональд Рейган түүнийг үгэнд орохгуй байгаа Никарагуагийн эрх баригчдыг тагнах ажилд ашиглаж эхэлсэн байна. Энэ үеэс Барри өөртөө маш эрсдэлтэй алхамууд хийж, хар тамхины наймаатай хутгалдсан Никарагуа, Панамын хэд хэдэн улс төрч дарга нар болон хар тамхины томоохон эздийг барьж өгсөн байна. Тусгайлан тоноглогдсон зураг авах хэрэгсэлтэй С-123 онгоцоор нисэж очин Пабло Эскобар, Хорхе Очоа зэрэг хар тамхины хаадуудын зургийг авч баримтжуулснаар барахгуй Никарагуагийн дотоод хэргийн сайд болон бусад албаны хүмүүсийн онгоцонд хар тамхи зөөн оруулж байгаа зургийг дарсан байна.
Эдгээр үнэ цэнэтэй баримт нотолгоог олж өгсөний төлөө Флоридагий шүүх түүний 10 жилийн ялыг багасган 6 сар болгожээ. Гэвч 1984 онд ерөнхийлөгч Рейган телевизийн шууд эфирээр тус зургийг олон нийтэд үзүүлэн Никарагуа, Панам улсыг буруутгасан мэдэгдлээ хийснээр Барригийн амь нас хутганы ирэн дээр ирж, түүний амийг хороосон хүнд 1 сая долларын шагнал өгөх зарыг Колумбын хар тамхины хаад 1984 онд тарааж байлаа. Улмаар 1986 оны 2-р сарын 19 нд гурван этгээд Барриг машиндаа сууж байхад нь гал нээж амийг нь егүүтгэсэн юм.
Барригийн нэгэн найз Барри хар тамхины эздээс биш АНУ-ын тагнуулын төв газраас болон тусгай албадаас айж байгааг, мөн нэг л нартай өдөр хэтэрхий их юм мэддэг учир өөрийг нь тусгай албаныхан алах байх гэж ярьдаг байсныг дурсан ярьсан байдаг. Түүнийг хожим ерөнхийлөгч болсон эцэг Бушын тушаалаар тусгай албаныхан устгасан тухай болон Баррид Бушын талаархи нууц бичлэг байдаг байсан, түүнээс нь Буш их айдаг байсан гэх мэт ярианууд одоог хүртэл яригдсаар байдаг билээ. Барриг алагдсаны дараагаар түүний гэрт нэгжлэг хийх явцад нилээдгүй эд мөрийн баримтууд алга болж устгагдсан ч гэж яригддаг байна. Түүний үхлийн дараа засгийн газраас Барригийн гэр бүлд 29 сая долларын тусламж үзүүлсэн байдаг ба энэ мөнгийг сэтгүүлчдэд нэг ч яриа өгөхгүй байх гэрээтэйгээр олгожээ.
Үзэгч та Америкийн нэгэн алдартай эрийн амьдралын ээдрээтэй түүхийг Том Крузын амилуулснаар “Америкт үйлдвэрлэв” гэх энэхүү киноноос үзэж сонирхоорой. Энэ кинонд хар тамхи, зэвсэг, наркобароонууд, маш их хэмжээний мөнгө гээд америк загвар, америк мөрөөдөл бүгд л гарна. Та энэ киног Юнивижний видео сангаас үзэж болхоор байгаа.
Нэгэн сонирхолтой зүйлийг нэмж хэлэхэд энэхүү киног хийх явцад Колумбын нисэх буудлаас холгүй киноны зураг авалтанд явсан онгоц унаж орлон тоглогч жүжигчин болон нисгэгч нас барж, бас нэг америк иргэн хүнд шархадсан байна.
уншигч
Bebe
onom
Зочин
Зочин
үзэгч
Хэрэв та англи хэл мэддэг бол
Зочин