Алтангэрэлт судар-20
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
АРВАН ТАВ:
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Судрын аймгийн дээд эрхт хаан Алтангэрэлт хэмээх энэ судар номыг барих, хадгалах, унших болоод тарни үүнийг хэн боловч үйлдэх аваас. Тэр хүний хүсэл хэрэг төвөг үгүй бүтэх болно.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Би тэдэнд тарни үүнийг номлосон билээ. Тарни үүнийг давтан давтан унших аваас. Тэр нэг хүмүүн амар амгалан, элбэг баян амьдралтай энэ нэг насанд учрах болно. Дээд тэнгэр бид нар түүнийг даган сахиж, даган тэтгэх болно. Хөнөөл хорлол, муу бүгдийг үгүй болгон үйлдэнэ. Хэн боловч дээд Алтангэрэлт судар үүнийг барих аваас. Миний нөхөд нэг мянган ягчис нар түүний зарц адил байх болно.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Миний үгэнд хуурмаг үгүй. Үнэн болой. Ялж төгс нөгчсөн та таалан соёрхоно уу. Их хаан Вайшравана би тарнийг ийн соёрхсон билээ хэмээн тэрбээр Бурхан багшид айлтгалаа.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш.
"Сайн болой. Сайн болой" хэмээн зарлиглав.
Их хаан Вайшравана. Та орчлонгийн олон амьтныг шуналт сэтгэлийн галд энэлэн шаналах нүгэлт үйлээс гэтэлгэн хагацуулж, элбэг баян амгалантай болгох гээд энэ тарнийг өгүүлсэн. Дээд Алтангэрэлт судар үүнийг ертөнцөд дэлгэрүүлэх гээд та тарни үүнийг номлосон. "Сайн болой. Сайн болой/ хэмээн Бурхан багш зарлиглав.
Тэгээд их дөрвөн хаад суудлаасаа бослоо. Тэд ёсыг ёсчлон үйлдэв. Алгаа хавсран сөгдөж Бурхан багшийн өлмийд магнайгаараа мөргөв. Шүлэг үүгээр Бурхан багшийг магтан айлтгалаа.
Ялгуусан хиргүй сар мэт лагшин
Ялгуусан мянган нарны гэрэлт нарны гэрэл
Ялгуусан хиргүй лянхуа мэт мэлмий
Ялгуусан цомирлог мэт тоосгүй шүд
Ялгуусны эрдэм далай адил
Элдэв эрдэнэ гарах орон мөн
Ялгуусан далай билгүүний рашаанаас дүүрсэн
Олон зуун мянган самидигаар машид дүүрсэн.
Ялгуусны өлмий нь хүрдээр хээлсэн адил
Ямагт мянган хигээст хүрдээр хүрээлүүлсэн
Өлмий ба мутар нь хив мэт тороор хэлхэгдсэн
Өлмийн тор нь галууны хааных мэт.
Алтан уул мэт машид үзэсгэлэнтэй
Арилсан хиргүй алтан сүмбэр уул
Ахуй эрдэм нь сүмбэр уул мэт бөгөөд
Ариуссан бурхан сүмбэр уулын хаан танд мөргөмү.
Түүнчлэн заларсны сар усанд туссан сар адил
Тэр мэт бас огторгуй адил торолт үгүй
Илбэ зэрэглээ мэт хүсэл тачаал үгүй
Эндүүрлийн хиргүй бурхан танд мөргөмү.
Тэгээд Ялж төгс нөгчсөн бурхан, дөрвөн их хаанд шүлэг үүнийг зарлиглав.
Арван хүчээс үүссэн дээд Алтангэрэлт
Ариун эрхэт дээд судрын аймгийн дээдийг
Эрх хүчит ертөнцийг тэтгэгч та нар бээр
Их баттай хичээлээр тэтгэн сахигтун.
Энэ судрын аймаг ховор бөгөөд гүнзгий дээд
Эх болсон амьтанд амгаланг өгөгч билээ.
Энгүй олон амьтдын амгалангийн тулд
Энэ Замбуу тивд өнө удаан орших болно.
Энэ мэт гурван мянган, их мянган
Энэ ертөнц бүхэнд муу заяаны зовлон
Амьтны тамын зэрэг хамаг амьтан бүгдийн
Аливаа зовлон бүгд амирлах болно.
Энэхүү Замбуу тивийг эзлэн оршсон
Их хаад тэд бүгд
Машид их баясаад
Магад орон улсаа номчлон тэтгэнэ.
Замбуу тив энд амгалан
Зүйтэй машид их дэлгэрч, хамгаар баясаад
Аяа замбуу тив бүгдэд ч
Амьтан бүгд амгалантай болно.
Энэ нь хүний хаан алин бүгд
Эхлээд орон улсаа баясгаж
Удаад нь өөрөө баясал амгалан хийгээд
Хаан төрийн их баялаг, баясгалан түүгээр
Ханьцашгүй судрын аймгийн эрхэт үүнийг сонсоно.
Судрын аймгийн эрхэт энэ дээд буяныг үүсгэнэ
Сөргөлдөх чанадын дайсныг үнэнхүү дарна.
Довтлох цэргийг товроглон буцаана
Дээд аюул хоосролыг арилгана.
Үлгэрлэвээс үзэсгэлэнт их эрдэнийн галбарваасан мод
Үнэнхүү эрдэм бүгдийг гаргагч нь өөрийн гэрт байгаа адил
Эрдмийг хүсэгч их хаадууд
Энэхүү судрын дээдийг тэр мэт үз.
Үлгэрлэвээс цангааг тайлагч сэрүүн усыг
Үлэмж халууцан ангасан нэгэн олсон мэт
Эрдмээр цангасан их хаан түүнд
Энэхүү судрын дээд тэрхүү цангаа тайлах ус мэт
Үлгэрлэвээс их эрдэнэ бүгдийг гаргагч
Үнэт эрдэний хайрцаг алган дээр байгаа адил
Хамаг хүний хаадад дээд Алтангэрэлт
Хаан судрын дээд энэ нь тэр мэт мөн
Тэнгэрсийн чуулган бээр ч үүнийг илтэд тахиж
Үлэмж судрын хаанд хурмаст мөргөсөн тул
Ертөнцийг тэтгэгч их рид хувилгаант
Ер тэр дөрөв ч сахисан билээ.
Зүг бүхэнд бурхадууд
Заларч, хаан судрыг үргэлжид таалж
Алтангэрэлт судар үүнийг номлох аваас
Арван зүгийн бурхад сайн хэмээн магтана.
Зуун мянган голди Ягчис нар ч
Зүг бүхэнд орныг сахина
Сайтар баясаад их бишрэлээр
Судрын аймгийн хаан Алтангэрэлт үүнийг сонсоно.
Замбуу тивд оршин буй
Тэнгэрийн чуулганууд санаанд багташгүй
Тэнгэрс ч маш баясаад
Судрын хаан үүнийг сонсоно.
Судар үүнийг сонссон үүгээр
Сүр жавхлан, хүч хичээнгүйг олно
Сүр хүч ихээр тэнгэрийн бие нь
Сайтар дэлгэрч нэн арвидах болно.
АРВАН ЗУРГАА:
Дөрвөн их хаад Бурхан багшаас шүлэг үүнийг сонсоод ихэд баясав. Тэд бүгдийн сэтгэл уяран нулимс унагав. Тэгээд тэд Бурхан багшид Мандарваа цэцгийн тахил өргөв. Тэд нар суудлаасаа босож ёсыг ёсчлон үйлдлээ. Тэд нар Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгалаа.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Их дөрвөн хаан бид нар тус бүр тав таван зуун ягчис нартайгаа хамтдаа номыг болгоогч гэлэн, гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарыг хамгаалах болно. Бид тэднийг сүүдэр адил даган хамгаалах болно. Ном үүнийг баригч тэд нар, ном үүнийг хагас дутуу өгүүлэх аваас. Бид засаж залруулан бүрэн бүтэн, гүйцэд болгож өгөн үйлдэх болно. Хутагт Алтангэрэлт оршсон тэр газар орон үл доройтох болно хэмээн айлтгалаа.
Бурхан багш хурсан олон нөхдөд зарлиглав.
Алтангэрэлт судар. Энэ номыг номлох тэр цагт билгүүн оюун ухаан, буян хишиг, хүч чадал, тэсвэр тэвчээр бүгд хэмжээлшгүй ихээр нэмэгдэнэ. Амгалан төгөлдөр болно. Номонд мэргэн болно. Бодь-иос буцах болно хэмээн Бурхан багш зарлиглав.
Тэгээд тэнд хурсан олон нөхөд бүгдээрээ тэр цагт буяныг хэмжээ үгүй ихээр олов. Нисваанисыг тэвчих амгалан төгөлдөр болов. Тэд бүгдээрээ амгалан төгөлдөр болсон. Тэд бүгдээрээ ном шастирт мэргэн төгөлдөр болсон. Тэд нар бүгд орчлонгийн олон явдлыг бүрэн тэвчээд дээр үгүй бодь-иос эргэж үл буцахыг үтэр түргэн олсон болой.
Жич: Энэ бүлэгт "Алтангэрэлт судар орших тэр газар орон үл доройтно. Аливаа улс орны хаад дээдэс Алтангэрэлт энэ судрыг дээдлэн үйлдвээс үл доройтно. Тэд үргэлжид дэвжин дээшлэх болно. Энэ судрыг номлох гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа хэнийг боловч сайтар сахин хамгаалах тухай айлдсан байдаг.