Ачаа дааж яваа эх орны хүүд хувиа хичээх эрх байдаггүй юм
-Албан тушаал өгөх мэт харагдавч ачааг нь нэмээд “Зүтгэ” гэж тушаадаг Монгол төрдөө тэр өртэй мэт зүтгэдэг-
Монголын төр олон сорилтыг амжилттай даван туулж бэлтгэгдсэн хүндээ улам хүнд ачаа үүрүүлээд байдгийг түүх харуулна. Учир ойлгохгүй заримд нь албан тушаал л өгсүүлж өгөөд шагнаад байгаа мэт харагддаг байх. Гэвч төр “Чи үүнийг хийж чадсан юм чинь түүнийг чадах ёстой. Чамд үгүй гэх эрх байхгүй зүтгэ” гэдэг командыг албан тушаалтай хамт тухайн улстөрчийн зүрхэнд нь шивнэж шивж өгдөг юм даа. Тийм учраас улстөрч С.Амарсайханы карьер хаана хүрэхийг, түүний туршлага потенциалийг төр хаанаа ашиглахыг та бид хожмын өдөр хамтдаа харах биз ээ. Ямартай ч тэр бол ховорхон хувь тавилантай, Монголын төрд өртэй мэт зүтгэж яваа цөөхөн улстөрчийн нэг учраас хамгийн хүнд үед нь хамгийн халуун цэгт нь хамгийн муу үгээр зүхүүлсэн ч үл тоож ачааны тэн дааж яваа эх орны хүү юм шүү.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэдэг улстөрчийн тухай бичихэд сэтгэл дотор саарал өнгө сүлэлдэх шиг, тэгснээ нэлээд хүнд гуниг төрөх шиг болж байна. Монгол төрийн хүнд хүчир албаны чамлахааргүй хэсгийг, гэхдээ аль хатуугаас нь сонгож бэрхшээлтэй нүүр тулж даван туулж яваа нэгэн нууцлаг дүр юм уу гэж бодогдоно. Ард түмэндээ таалагдах албагүйгээр хамгийн хүнд хэцүү, тэр тусмаа ихэвчлэн өөрөөс нь үл шалтгаалах ачааны хүндийг үүрч бас хамгийн их “зодуулж”, нэр хүндээрээ хохирох түүний хувь хүний дүр төрх, мөн чанар, “Шадар сайд” гэх энэ албан тушаалын нэгдлийг яаж хослуулаад явдаг юм бол гэдэг нь хааяа бодоход халгамаар санагддаг. Түүний сэтгэл рүү өнгийхөө түр азнаж, өнгөрсөн гурван жилд хийсэн ажлаас нь эхний удаад гадаад харилцааны чиглэлийг сонгож бичихээр шийдлээ. Энэ салбар бол тухайн улстөрчөөс харизм, мөн чанарынх нь давуу болон сул талыг олзолж байж амжилт эсвэл алдаа гардаг сонирхолтой онцлогтой.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдрийн байдлаар Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс, Монгол-Европын холбоо, Монгол-Канад, Монгол-ИБУИНВУ, Монгол-АНУ-ын Засгийн газар хоорондын комиссуудыг тус тус даргалж ажилладаг. Бараг Монголын Засгийн газрыг Дэлхийтэй холбох гүүрийг тэр хариуцаж ажиллаж байна гэдэг том хариуцлага. Хөршүүдтэй харилцана гэдэг гадаад харилцааны элементүүд дотроо хамгийн эмзэг нандин нь билээ. Манай улс хоёр хөрш оронтойгоо Монгол Улс НҮБ-ын гишүүн 192 оронтойгоо дипломат харилцаатай, алинтай нь ч улс төрийн, газарзүйн, хил гаалийн ямар нэг маргаангүй. Бүгдтэй нь найрсаг харилцаатай, заримтай нь стратегийн түншлэлтэй, хөршүүдтэйгээ иж бүрэн стратегийн түншлэл буюу хамгийн дээд түвшний харилцаатай байдаг. Манай улсын гадаад бодлогын амин сүнс бол тэнцвэр бөгөөд олон тулгуур юм. Энэ тэнцвэрийг хангаж, халгаж халшрам олон асуудлыг улс орны язгуур эрх ашигт нийцүүлэн шийдвэр гартал хэлэлцээр хийнэ гэдэг хүн бүрийн, улстөрч болгон амархан чаддаг зүйл биш.
Улстөрч С.Амарсайханы хувьд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан цагаас түүний гадаад харилцааны салбарт хийсэн ажлын цаг тоолол эхэлнэ гэж тооцож үзье. Нөхцөл байдлын хувьд гэнэтийн, маш хурдан хугацаанд, цар тахлын хүнд хэцүү үед Засгийн газар байгуулагдсан. “Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа сэргээх үү” гэдэг маш хатуу ширүүн сорилт шинэ Засгийн газрыг угтсан. Залуу сайд нар “эх оронч шуналтай” хандаж аль алийг нь чадна, болгоно, “Эрүүл мэндийг ч, эдийн засгийг ч аварна” гэсэн зоримог шийдлээр ажлаа эхэлж, УОК-ийг даргалж, төр засгийн шийдвэрийг хамгийн том зурагаар харж шийдвэр гаргах нэн хариуцлагатай албанд С.Амарсайхан томилогдов. Энэ хослуулж буй том зорилго нь Монгол Улсын гадаад бодлого, хөрш болон бусад оронтой хэрхэн харилцан үр ашигтай хамтарч ажиллахаас ихээхэн шалтгаалах байв. Бараг орон бүхний хэлээр ярьж, янз бүрийн мэргэжилтэй байхыг нөхцөл байдал шаардаж, хамгийн гол нь удирдан зохион байгуулах, сахилга бат хариуцлагын хувьд мартагдашгүй сорилтыг түүнд тавилаа. Яг ямар гээч мэргэжлийг эзэмшсэн, хэн гэгч энэ нөхцөлд ийм ачааг сайн үүрч чадах юм бол гэдгийг ч төсөөлөхөд бэрх, тэгэх ч завдал байсангүй. Ерөөсөө л өгөгдсөн нөхцөл нь “Монгол байтугай Дэлхий дахин хүртэл урьд хожид хэзээ ч учирч байгаагүй цар тахалтай нүүр туллаа. Иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаал. Улс орны, ААН-үүдийн, өрхүүдийн, иргэний эдийн засгийг сэргээ” гэсэн ийм аймшигтай хатуу өгөгдөл Монгол Улсын иргэн, эх орны хүү, Сайнбуянгийн Амарсайханд өгөгдөв. Гайхалтай. Аз уу, эз үү?
С.Амарсайхан сайдын гадаад харилцааны “тоглолт”-ын талаар бичихийн тулд Ковид-19-ийн тухай дурдах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл Засгийн газар, УОК зөвхөн дотоод нөөц бололцоогоороо зохион байгуулж гүйцэтгэх аргагүй асуудлууд, тухайлбал дархлаажуулалт, вакцины нийлүүлэлт, хил гаалийн хорио цээр, тээвэр ложистикийг зайлшгүй гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан бөгөөд энэ бүх хүнд сорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэж чадаж байсны үр дүнд бид цар тахлыг амжилттай даван туулсан.
Коронавирусийн шинэ хувилбарууд хоног тутам, бүр цаг минутаар хувьсан өөрчлөгдөж урьдчилан таамаглах аргагүй нөхцөлд дэлхий дахинаараа нэрвэгдэж ямар ч туршлагагүйгээр иргэдээ хамгаалах гэж бодлогын хурд, зөв шийдвэрээрээ уралдацгааж байв. Монгол Улсын Засгийн газар, УОК бас ч гэж дөрвийн дөрвөн төрлийн вакцины гэрээ хийчихсэн, шуурхай татан авчихсан байлаа. Үүний үр дүнд тухайн цаг үед ДЭМБ, эрдэмтдийн тооцооллоор “дельта” хувилбарын давалгааны үеэр ковидын хүндрэл, нас баралт 20 дахин нэмэгдэж 46 мянган иргэнийхээ амь насаа алдах эрсдэлтэй байгаагаас урьдчилан сэргийлж чадсан бөгөөд дархлаажуулалтаар Ази тивдээ тэргүүлж байв. Үүнийхээ зэрэгцээ “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлж хасах руу орж байсан эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд хүргэж чадсан. Өгөгдсөн нөхцөл байдлын хувьд энэ бүхэн амар “маневр” гэж үү? Аймаар хэцүү шүү дээ. Монголчууд буян заяатай юм, нүүрийн буянтай юм гэж өрсөлдөөд ялах бүртээ өөр хоорондоо шивнээд л Монголын бүх ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө зүтгэсэн. Гол нь хэн ч үнэлээгүй. Гэвч тавилан нь ийм юм даа. Монголын язгуур эрх ашгийн төлөө зүтгэсэн бүхэн хашхирч тунхагладаггүй, одон медалиар үнэлдэггүй. Зөвхөн эргээд дурсахад л “Би чадах бүхнээ хийсэн шүү” гэж шивнэдэг ийм л тавилан.
Бараг зарим нь мартсан байх. Чөлөөт бүсийн асуудал Шадар сайдын эрхэлсэн асуудлын хүрээнд байсан. Тиймээс боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн импорт, экспортыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Тэрбээр уг Ажлын хэсгийг ахалж ажиллахдаа Замын-Үүд дэх 90 мВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг ашиглалтад оруулж Замын-Үүд, Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажилласан байдаг. Энэ ажлын дүнд экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол хаалга болсон “Замын-Үүд чөлөөт бүсийг 17 жилийн дараа байнгын ажиллагаатай болгох зэрэг олон том ажлыг амжуулж чадсан билээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдаануудыг байнга тэргүүлж оролцсон. Уулзалт болгоноор хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр замын төсөл болон хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, хийн хоолойн талаар ярьж байсан.
Түүний анхаарлаа хандуулдаг дараагийн гол асуудал нь Онцгой байдлын асуудал буюу үер, цөлжилт, гал түймэр гээд аюул гамшигтай тэмцэх, энэ салбарыг хөгжүүлж, хүчирхэгжүүлж, чадваржуулах тухай байдаг. Энэ талаар маш олон оронд ажиллаж хоёр оронд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцдог бие бүрэлдэхүүнээ илгээж, хүмүүнлэгийн тусламж хүргэж, мөн Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй, хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулж тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй хот” хөдөлгөөнийг бүрэн дэмжиж улсын хэмжээнд бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэн ажиллаж байгаагаа тайлбарлан ойлгуулж байв. Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн чуулган оролцогч улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улс хэрхэн идэвх санаачилгатай ажиллаж, цөлжилтийг бууруулах, сэрээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буйг С.Амарсайхан сайдын илтгэлүүдээс ойлгож, мэдээлэл авч, хамтран ажиллах яриа хэлэлцээрт орж эдүгээ хэрэгжээд явж байна.
Тэрбээр өнгөрсөн гурван жилийн дотор хоёр удаа буюу Төрийн тэргүүнийг төлөөлөн Бүгд Найрамдах Тажикистан Улсад ШХАБ-ын гишүүн болон ажиглагчд орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд, мөн Бүгд Найрамдах Турк улсад тус улсын Ерөнхийлөгч Режил Тайип Эрдоганы Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төлөөлөн 100 гаруй улс орны төр, засгийн өндөр дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хамт оролцсон нь анхаарал татдаг юм. Улсынхаа Ерөнхийлөгчийг төлөөлж олон улсын, улс төрийн томоохон үйл ажиллагаанд оролцоно гэдэг түүхэн хариуцлагатай гэдгээс гадна Төрийн тэргүүн түүнийг тун сайн стратегич, дипомат харилцаанд бусдыгаа дагуулахааргүй гэсэн сонголт байдаг байж мэдэх юм.
Анх хотын дарга байхдаа “Хариуцлага” гэдэг үгээр туг хийж, шинэ содон олон ажлыг эхэлсэн С.Амарсайхан ийнхүү Монгол Улсын Шадар сайдын суудалд хүрч ажиллаад байна. Түүний өмнө хийх ёстой олон ажил, үүрэх зориг нь хүрвэл улс төрийн өндөр карьер хүлээж байгаа бэлтгэгдсэн Төрийн сайд олон нийтэд хамгийн муугаар хэлэгдээд хамгийн хүнд ажлыг үүрээд зүтгэж явааг сонгогч та бүхэн эргэцүүлэн нэг бодоод үзээрэй.
Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн хүнд хүчир ажил бүрийг нуруундаа үүрч, тэр хэрээрээ олон нийтийн сүлжээгээр өөрийгөө төдийгүй ажил албаа, хамгийн нандин гэр бүлээ хүртэл гадуурхагдахад хүргэж сэтгэл санааны амаргүй нөхцөлд ажилласан ч улс орныхоо өмнө, хүн ардын аюулгүй, амгалан тайван амьдралын өмнө хариуцлага хүлээснээ бодоод эрсдэл туулаад, хэлмэгдээд зүтгэж явна. Монголын төр олон сорилтыг амжилттай даван туулж бэлтгэгдсэн хүндээ улам хүнд ачаа үүрүүлээд байдгийг түүх харуулна. Учир ойлгохгүй заримд нь албан тушаал л өгсүүлж өгөөд шагнаад байгаа мэт харагддаг байх. Гэвч төр “Чи үүнийг хийж чадсан юм чинь түүнийг чадах ёстой. Чамд үгүй гэх эрх байхгүй зүтгэ” гэдэг командыг албан тушаалтай хамт тухайн улстөрчийн зүрхэнд нь шивнэж шивж өгдөг юм даа. Тийм учраас улстөрч С.Амарсайханы карьер хаана хүрэхийг, түүний туршлага потенциалийг төр хаанаа ашиглахыг та бид хожмын өдөр хамтдаа харах биз ээ. Ямартай ч тэр бол ховорхон хувь тавилантай, Монголын төрд өртэй мэт зүтгэж яваа цөөхөн улстөрчийн нэг учраас хамгийн хүнд үед нь хамгийн халуун цэгт нь хамгийн муу үгээр зүхүүлсэн ч үл тоож ачаа дааж яваа эх орны хүү юм шүү.