Терроризмын эсрэг эвслийн орчин тойронд
XXI зуун терроризмаар эхэллээ. Хүн төрлөхтөн даяаршин биенээсээ улам хамааралтай болохын хэрээр терроризм нь хүний нийтлэг зовлон болж байна.
9 сарын 11-ний дараахан америкчууд алан хядагчдын үүр болсон Афганистанд цэрэг оруулж богино хугацаанд амжилт олов. Дараа нь Ирак. Олон жил хүчээр нам дарж байсан өөр өөр ашиг сонирхлууд дэлбэ татлаа. Бирд лонхноосоо гараад ирлээ. Америкчууд шаварт суух нь тэр. Үүнтэй зэрэгцээд сонгууль ойртохын хэрээр АНУ-ын дотоодод шүүмжлэл эрчимжлээ. Ардчилсан намынхан Иракаас цэрэг гаргах тов тогтоожээ. Гэхдээ тэд сонгуулийн хөөрлөөр энгийн ухамсраас оноо авах гэж ингэсэн болохоос тэртэй тэргүй Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг урьдчилан тооцчихсон болов уу. Учир нь терроризмын эсрэг Бушийн хийж буй дайн том утгаараа тун амжилттай явж байгаа юм.
Афганистанд хийсэн дайн болон Иракт цэрэг оруулсан нь илт террорист болон алан хядлагыг ил далд дэмждэг Засгийн газруудыг хазаараллаа. Талибууд Афганистанаас хөөгдсөн бол Садам Хусэйний засаг уналаа. Ливи нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэж байснаа хүлээж бүгдийг нь сайн дураар хураалгасан төдийгүй дахиж ийм юмаар оролдохгүйгээ амаллаа. Ливанд байсан цэргээ Сири татан авлаа. Ливан одоо палестиний террорист бүлгийг нутгаасаа хөөн гаргаж байна. Пакистан, Саудын Араб алан хядагчидтай идэвхитэй тэмцдэг болов. Суданы дэглэм өнөө маргаашгүй боллоо. Хэдийгээр Палестинд чөлөөт согуулиар террорист Хамас бүлэг Засгийн эрхэнд гарсан боловч олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан шахалтын үр дүнд гэрээ хэлэлцээнд орж зарим буулт хийж байна. Хойд Солонгоыг шахсаар байгаад хэлэлцээрт оруулан юутай ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзуулах амлалт авахууллаа. Ираны эсрэг бүх нийтийн хориг тавиулж чадлаа.
Нөгөөтэйгүүр манай гаригийг терроризмын эсрэг нэгтгэн босгож чадлаа. Алан хядагчдад орогнох газар хумигдсаар. Олон оронд үүрлэн зохион байгуулагдсан салбарууд нь ээлж дараалан илчлэгдсээр. Улс орон болгон террористуудын өөрийн нутаг дээр нь оршин байх орон зай хийгээд санхүүгийн бололцоог идэвхийлэн хааж байна. Дэлхийн ихэнхи банкуудын гүйлгээ хяналтанд орлоо. Үүний нэг илэрэл нь Хойд Солонгосын Макаод байршуулсан ердөө 25 сая доллар хоригт орж царцаагдсан явдал юм. Ийм олон үзүүлэлт байгаа учраас “Бушийн дайн” бүрэн дампуурлаа гэж ярьж буй нь хэтэрхий өнгөц хийсвэрлэл юм. Том утгаараа терроризмын эсрэг хийж буй АНУ-ын дайн амжилттай болж байгаа.
ХХI зуун бол нийгмийн янз бүрийн туршилт тавьж хариуг нь шалгасан ХIХ, ХХ зууны дараахи туршлага бүхий эрин билээ. Либераль эдийн засаг өөрийн үнэмлэхүй давуу чанараа бүрэн баталлаа. Хүн төрлөхтөн дахиж нийгэмчилсэн, захиргаадсан эдийн засгийн туршилтын туулай болохгүй биз. Дэлхий нийтээрээ либераль эдийн засагтай болохоор эдийн засгийн өсөлт урьд үзэгдээгүй хурдацаар өснө. Харин терроризм, үүнээс улбаалсан иргэншил хоорондын мөргөлдөөн даамжирвал хүн төрлөхтний ирээдүй төдий л олигтой гэрэлтэхгүй.
Өнгөрсөн хоёр зууны туршлага нь хүний нийгэм улам олон үндэстэн-улс болон хуваагдахын зэрэгцээ улс төр, эдийн засаг цэргийн бүлэглэл, интегралчлал, даяаршилд хамрагдан нэгдэх хандлагатайг харууллаа. Үүний хамгийн тод илэрэл нь Европын холбоо юм. Косово тусгаар тогтновол Европ нь Африкаас олон улстай болно, үүнтэй давхцаад Европын холбоо хүрээгээ Украин, Кавказ хүртэл тэлэх бололцоотой. Эдийн засгийн тодорхой интеграци болон холбоо бүлэглэлд хамрагдах мөртөө улам бүр жижигрэн олширч буй үндэстэн-улсын хандлага тэмүүлэл империудэд аюул занал учруулж байна. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Индонези, Нигери, зэрэг олон үндэстний аврага империуд эрт орой алин боловч энэ хандлагад автаж таарах болов уу. Үүний араас олон олон дунд гарын улсууд гулсан орно. Өнөөдөртөө эдгээр орны империйн зөн нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын эсрэг түлхэж байгаа юм.
Тухайлбал энд Орос, Хятад хоёрыг жишээнд татаж болно. Энэ хоёр хүчирхэг гүрэн өөрснөө терроризмын онилсон бай төдийгүй алан хядлагад нэг бус удаа өртөж байгаа. Хүйтэн дайны үед “империализмын эсрэг” гэсэн уриан дор нэг бус террорист байгууллагуудыг санхүү, зохион байгуулалт, сургалтаар тэтгэн дэмждэг байсан энэ орнууд өдгөө терроризмын эсрэг эвсэлд нэгдсэн юм. Гэвч олон улсын ямар ч интеграци, стандарчлалд бгтдаггүй. Үүнд хамаарахад өөрсдийгээ хэт томдоно гэж үзэхийн сацуу жижиг жижиг үндэстэн-улсууд олноороо шинээр төрөн гарч байгаа явцаас айдаг. Өөрөөр элбэл империйн сэтгэлгээнээсээ салж чадаагүй. Дэлхийн худалдааны байгууллагад Хятад дөнгөж сая нэгдсэн бол Орос яарахгүй л байна. Орос Европын холбоонд нэгдсэнээс, Хятад АСИАНА-д орсоноос тусдаа өөрсдийн байгууллагыг зохиосон нь дээр гэж үзнэ. ШАНХАЙ ТАВ хэмээх цэрэг улс төр эдийн засгийн шинэ байгууллага бол Европын холбоо, НАТО, Асиана, НАФТА-д сөргөсөн хандлагын илрэц нь юм. Өөрсдийн стандартыг тогтоож буй байдал. Тэрхүү өөрийн гэсэн стандарт нь НҮБ-д байнга илрэнэ. Энэ жишиг Өрнөдийнхөөс өөр байхын тулд терроризмын эсрэг дайныг сөргөсөн шинжтэй. Энэ нь шууд биш гэхэд дам утгаараа терроризмын эсрэг хүн төрлөхтний тэмцлийн үзүүрийг мохооно. Хойд Солонгос, Ираны эсрэг авах ёстой арга хэмжээний ач холбогдлыг бууруулснаар тэдэнд төдийгүй улам бүр хумигдан буланд шахагдаж буй янз бүрийн террорист байгууллагуудад урам, горьдлого хайрлана.
Даяаршилд идэвхитэй нэгдэн олон улс орноос хамааралтай болж өөрийн тусгаар тогтнол аюулгүй байдлаа бэхжүүлэх сонирхол бүхий Монгол улсын олон тулгуурт бодлогын гадаад хүрээлэл иймэрхүү харагдаж байна.
2007 оны 5 дугаар сар 29
tuvden