Бодоод байхнээ миний дурлал нэг ч удаа бүтэж байсангүй. Бүр анх 12 настайдаа Эдмон Дантест дурласан боловч миний цаг үед бүү хэл ер нь дэлхий дээр тийм хүн хэзээ ч байгаагүй учир надад эд эсийн төдий ч найдлага алга байв. Дараа нь бас мэдсээр байж индиан Оцеллад сэтгэл алдаж мөрөөдөх боллоо, удалгүй Галдан Бошигт хааныг бодож манан будантав ... Гэтэл 9-р ангидаа ороод Том Крузд анхны харцаар л ... гээд байж байтал BSBoys-ын Ник гараад ирсэн, гэхдээ өмнөх бүтэх нь бүү хэл зураг хөрөг нь ч олддоггүй анхны дурлалуудын дэргэд энэ бол ихээхэн нааштай хэрэг л дээ. Ядаж л би энд гишгэж байхад тэр минь тэнд дуулж юмуу жүжиглэж ямарч байсан амьд байгаа гэж бодохоор бараг л бүтсэнтэй адил тооцмоор, гэсэн ч би Никийн нүдрүү яаж ч ширтээд Ник миний өөдөөс хичнээн гоёор ирмэж дуулаад ч бид хоёрт учрах тавилан заяасангүй, параллель замаар хувь тавиланг даган мөр мөрөө хөөсөн билээ.

Гэхдээ ... хожмын нэгэн өдөр их сургуулийн танхимд, гэгээн цагаан өдөр, түмэн олны дунд хажуухан талд минь, үгүй бүр дэргэд минь ... уйгагүй аморе сумаа шившиж байгаад харважээ, харвахдаа тас далий харважээ. Тийм хараа муутай юм уу, эсвэл солир юм уу, үнэхээр л ажлаа хийж чадахгүй бол чаддаг эрхий мэргэнд зайгаа тавьж өгөх хэрэгтэй шдээ энэ аморе. Эцсийн эцэст чадвар муутай нэг далавчтай жаалаас болж би бүтэн 7 жил хохирч хамаг цагаа алдаж байгаа нь хүний амьдрал тэр тусмаа залуу насны богино хугацааг тооцвол ихээ хорлонтой хэрэг, ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Тэрнээс болж одоо хэр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны наад захын арга ухаангүй, 16-тайдаа мэддэг байсан зүйлээ ч мэдэхээ больчихсон гайхаш тасарсан усан тэнэг амьтан хэвээр л байна. Тэсвэр тэвчээрийн туйлд хүрч муми, зомби болдогийн даваан дээр аморе дахин нумаа эвшээлгэж хоёр дахь сумаа тавьлаа, арай ч дээ ... хэлэх ч үг алга. Ядаж байхад намайг мөрөөрөө харвахгүй тэгж харвах болгондоо хажуугаар огт гэмгүй зөрж явсан хаа хамаагүй нөхөртэй давхар сүлбэчих юм, удаа дараа ийм осол гаргана, тэрнээс болоод бөөн гомдол чирэгдэл, мэдээж тэгээд би л засаж залруулах гэж “уучлаарай энэ намайг харвахдаа таныг жаахан шархдуулсан бололтой, бяцхан эндүүрэл гарчээ, та цаашаа замаараа явж болно” гэж учирласан ч хэлмэгдсэн этгээд “өө тэгээ юу за би явъя даа тэгүл” гэж хэлэхгүй нь тодорхой. Тэгж шархдагсадыг би өөрийн туршлагаар үнэн голоосоо ойлгодог боловч юугаар ч тусалж чадахгүй нь миний бундангийн эзэн надад яаж ч тусалж чадахгүйтай яг адилаар нэн гачлантай. Санаагаар болдог бол тэр шархтантай хамт хазганаад л цуг санжиганачихвал уг нь өөрт ихээ амар байхсан. Надаас шалтгаалахгүй юм гэж энэ хорвоод даанч олон ажээ. Аз болж аморе намайг сүлбэдэг шигээ хэлмэгдэгсдийг нэвт харвадаггүй болохоор гунихарсан, цам харайсан, бачимдсан янз бүрийн дүр төрх нь төд удалгүй тэгээд smile face болж хувирсан байдаг л даа.
Харин миний хувьд шархалж онгойсон цээжээ жавар тачигнасан салхи цас шуурганаас яаж хамгаалж халхлахаа мэдэхгүй даарч хөрсөндөө мэдрэл алдах шахан алхаж байдаг ч энэ бол ердөө аморегийн алдаа учраас бундангаа наасан этгээддээ хорсож бухимдаж байсангүй, магадгүй миний гомдож цөхөрсний тоогоор тэрэнд минь муу юм тохиолдох вий... миний бундан өөрөө мэдэлгүй буруу энерги болчихсон бууж байх вий, тийм бол юуны бундан байх билээ ... гээд айсандаа ... бушуухан шиг хоолойны зангирааг ус залгилж тайлчихаад, fitnessт дэвхэрч ухаан санаагаа түр атугай урвуулж баясдаг болой.
Явж явж тэгээд аморегийн хайнга зангаас болж үүсдэг иймэрхүү байдал ганц над дээр ч тохиолддоггүй гэдгийг авч үзээд нэн даруй нум сумыг нь хурааж, албан үүргээс нь буулгах шийдвэр гаргуулмаар байгаа юм. Энэ санал олонхийн дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна.

Дандаа далийж зөрүүлж байдаг аморег "болъё оо" гээд нэгэн киноны сайхан ерөөл үгийг түмэн олондоо дэвшүүлье. "Никулин Марганов хэн гурав архидаж байна, хүнд гарууд хундаганы үг хэллээ:
Ямаа авах мөнгө байвч хүсэл алга аа...
Байшин авах хүсэл байвч мөнгө алга аа... ийгээд ... (хоолойгоо засав) бодит байдал мөрөөдөлтэй минь дандаа нийцэж байх болтугай ... " гэж.
Бундан шидсэн наасан хагалсан бяцалсан эвлүүлсэн будсан чимэглэсэн гээд түмэн янзын бунданчуудад удку болохжаагаа баяраараа мөрөөдөлтэйгээ нийцсэн жиклаад авах болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөе.