Улс төрийн гахай тэжээхээ больё
Хааныхаа шалдан байгааг бид мэдсэнээс хойш 17 жил өнгөрчээ. “Хаан шалдан байна” гэж бүхнээс түрүүн хашгирсан жаал хүү өдгөө эрийн цээнд хүрснээр барахгүй идэр насандаа очжээ.
(Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойн баярт
зориулсан хуралд хэлсэн үг)
зориулсан хуралд хэлсэн үг)
Хааныхаа шалдан байгааг бид мэдсэнээс хойш 17 жил өнгөрчээ. “Хаан шалдан байна” гэж бүхнээс түрүүн хашгирсан жаал хүү өдгөө эрийн цээнд хүрснээр барахгүй идэр насандаа очжээ. Өөрөөр хэлбэл хүний бүтэн үе өнгөрсөн байна. Харин тэр хүүхэд хувьсгал хийсэн юм. Хорьдугаар зууны Монголын түүхэнд тохиосон гурван их хувьсгалын хамгийн сүүлчийнх нь. Гэхдээ хамгийн иргэншсэн, хамгийн төгөлдөр, тэр даруйдаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хувьсгал нь байлаа. Чухам энэ чанараараа 1990 оны цагаан морин жилийн үйл явдал бол түүхийн давтагдашгүй хувьсгал байсан юм. 1911 онд тусгаар тогтнож, 1924 онд бүгд найрамдах улсаа зарлаж, 1960 онд НҮБ-ээр хүлээн зөвшөөрөгдсөн Монгол орон 1990 оноос бүрэн бие даасан, ардчилсан, эрх чөлөөт улс болсон билээ. Энэ их хэргийг санаачилж, гардан эхлүүлсэн мөнөөх жаалд түүх хэзээд гүн хүндэтгэлээ илэрхийлэн ёслох нь мэдээжээ. Энэ орны иргэн болгонд эрх чөлөө олгож, хувь заяагаа өөрөө сонгох бололцоо буй болгож, өмчтэй, өөрөө өөртөө эзэн байх хаалгыг нээж, хуулийн, төрийн, нийгмийн өмнө иргэд тэгш эрхтэй болох замыг тавьсан тэрхүү ноорхой жаал Гаврошийг францчууд мартадгүйн нэгэн адил үе үеийн монголчууд бахархан дурсах болно.
Эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёс хэмээх хүний энэхүү нандин эрдэнэ, эрхэм зарчмыг хайрлан хамгаалах гэж, дайснаас өмгөөлөх гэж, бүтнээр нь байлгах гэж, түгээн дэлгэрүүлэх гэж, өдөр тутмынхаа хэв хэмжээ болгох гэж Гаврошоос хойш олон үеийнхэн тэмцсэн юм. Байнга хамгаалж л байхгүй бол “Бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн зарчим нэг л өдөр “… гэвч гахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн нэмэлт тайлбартай лоозон болон хувирдаг юм байна гэдгийг түүх бидэнд харуулж байна. Өмгөөлөн тэмцэж л байхгүй бол “бүх амьтан өөрийн үгийг хэлэх эрхтэй, тэр нь өөртөө зөв” гэсэн зарчим нүдэн дээр “… гэвч гахайн хэлэх үг хамгийн зөв нь мөн” гэсэн оруулгатай болчихдгийг бид харж байна.
Хөлбөмбөгийн тоглоомоос эхлээд улс орон хүртэл оролцогч бүр мөрдөх өөрийн дүрэмтэй байдаг. Эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёс гэсэн зарчмаа багтаасан өөрийн үндсэн дүрэм болох Үндсэн хуулиа иргэд тохиролцсоны үндсэн дээр Монгол улс батлаад 15 жил болох гэж байна. Энэ хуулийг манай иргэн бүр, айл бүр, хамт олон бүр, төр болон улс төрийн намууд ширхэгчлэн мөрдөхөөр тогтсон. Манай төрийн болоод нийгмийн тогтоц энэ араг ясан дээр тогтсон. Хөлбөмбөгт дүрмийг нь зөвшөөрөхгүй хүнийг тоглуулдаггүйн нэгэн адил Үндсэн хуулийг зөвшөөрдөггүй улс төрийн намыг Дээд шүүх бүртгэж үйл ажиллагааг нь зөвшөөрдөггүй байх ёстой. Хаана ч тийм л байдаг. Энэ дүрэм надад ерөөсөө таалагдахгүй байна, хуцваа нэг байна гэдэг хөл бөмбөгийн багууд буй болон үйл ажиллагаагаа урам төгөлдөр явуулах боллоо. Талбай дээр тоглож буй үндсэн хоёр тоглогч баг дүрмийг зүйл бүрээр зөрчихөөр барахгүй үүнээ ид бах болгох болов. Талбайн шүүгч илүү мөнгө өгсөнд нь найрч худалдагдаж дуусчээ. Сонгогдогч бол сонгогч олныг төрийн шийдвэр гаргахад нь өмнөөс нь төлөөлөгч билээ. Хүмүүс түүгээр дамжуулан нийтлэг шийдвэр гаргах гэж байгаа учир найдсан хүнээ олох ёстой. Маргаан гарвал шүүхдэх ёстой. Маргааныг шүүх шийдвэрлэх эрхгүй гэж Цэц үзлээ. Ингэхээр сонгуульд ямар ч маргаан гарахгүй. Учир нь гахай яаж ч булхайцсан гахайны л зөв болно, энэ нь хуульчлагдаж орхив. Бид тэгш эрхтэй, гэхдээ гахай илүү тэгш эрхтэй. Цэц нь бүтцийг нь Үндсэн хуулиар зааж өгсөн сонгуульт байгууллага. Харин одоо дарга нь ажлаа орлогчдоо даатгаж болдог захиргааны байгууллага болж орхив. Ингэхээр Цэц буюу Ерөнхий шүүгч илүү тэгш эрхтэй гахайнуудын захиалгаар ажилладаг болов. Улс төрийн намын гэмт хэргийг гай нь таарсан гаальчинд тохож орхино. Улсаа зарсан фракц бүлгийн гэмийг ухна ишигт нөмөргөж орхино. Үүргээ биелүүлж хээлтүүлэг хийгээгүй, ингээд мал цөөрсөн, үүнээс болж хүмүүс өлссөн гэх мэтээр. Өөрөөр хэлбэл манай хөлбөмбөг шүүгчгүй болчихлоо.
Нэгэнт шүүгчгүй болохоор дүрэм баримтлахыг хэн ч шаардахгүй. Дүрмээ баримтлахгүй бол дүрэмгүйтэй адил. Эсвэл дүрмийг хэзээ дуртай цагтаа хэн илүү мөнгөтэй нь газар дээрээ зохионо. Ингээд ажил үүрэг, эрх мэдлийн хуваарлалт огт үгүй болно. Хэн нь ч юу руу ч орж юуг ч шийдэж, алийг ч авч болно. Гол нь мөнгөө л тохирох хэрэгтэй. Гавъяат уяачийн одон тэмдгээ гялалзуулсан гахайнууд араб морины уралдааны бариан дээр бооцоо тавин үзэлцэнэ. Бооцоонд эх орны баялаг, эцэг эхийн өв хөрөнгөөс эхлээд өнчин хүүхдийн эцсийн ганц зүсэм талх, өвчтэй эмгэний сүүлчийн ганц ширхэг эм хуу явна. Учир нь бид бүгдээрээ тэгш эрхтэй боловч гахай илүү тэгш эрхтэй.
Шалдан гахайнууд доллар, төгрөг холилдсон дэвсгэртийг зүйн монгол дээлэрхүү юм хийж өмсөх боллоо. Энэ шинэ жилээр гоёх юм нь 250 саяын дэвсгэртүүдээр урласан палааж. Ерөнхий гахай таван өнгөөр солонгордог польто хийж өмссөн боловч өртөг нь багадсан хэмээн үнийг нь хэлэхээс ичингүйрнэ. Гахайнууд айж ичин хулгай хийдэг байсан бол одоо ид хав болгон дээрэм хийдэг болжээ. Уул нь бүх амьтан шудрага, гэхдээ гахай илүү шудрага, яагаад гэвэл ямагт гахайны зөв. Хууль маань иймэрхүү л утга санаатай болсон.
Гахайнуудаас олон тоорой төрлөө. Духандаа дазыбао ороосон хунвэйбин тооройнууд. Тэдэнд ямар ч дүрэм журам үйлчлэхгүй. Тэд бүгдийг, түүний дотор өөрийг нь амьсгаадан байж хийсэн эцэг бодонгоо ч мөргөнө. Мөргөдөг гахайнууд. Багалзуурддаг гахайнууд. Хаздаг гахайнууд. Тангардаг гахайнууд. Тэр байтугай англиар ярьдаг тоорой ч бий. Тэд ямар ч дүрэм журам хууль ёсыг мэдэхгүй. Учир нь хайрт эцэг нь тийм юм байдаггүй юм гэж зааж өгсөн юм. Хууль мууль гэж хэн нэг нь ярьвал бичгийг нь хурааж авч ураад салтаа руу нь чадлаараа өшиглөөрэй гэж сургасан юм. Гахай мөртөө хаусанд өссөн тэд хурдан торнин удахгүй “илүү тэгш эрхтэй” биш “илүү эрх мэдэлтэй” нас бие гүйцсэн бодон болно. Харин түүнийг дийлэх амьтан хорвоо дээр олдохгүй болно. Тэр үед эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёс гэсэн үлгэр домгийн шинжтэй туульсийг өтөл буурай хөгшчүүд үдшийн цагаар хаалга цонхоо битүүлж байгаад үр ачдаа шивнэн ярих болно.
Ардчилсан хүчин гэж бид сүүлийн 16 жил ярьлаа. Энэ бол тодорхой хүн биш, байгууллага ч биш, тэр дундаа улс төрийн нам биш. Энэ бол үзэл санаа юм. Энэ бол ариун нандин идэй юм. Энэ бол ард түмнийг гэрэлт ирээдүй рүү уриалсан дуудлага. Энэ бол эрх чөлөө. Энэ бол тэгш эрх. Энэ бол шудрага ёс. Үүнийг арчилж, хямгадаж хамгаалж өмгөөлж цэвэрлэж байхгүй бол ариун сайхан идэй нь аягүй муухай үнэртэй идээ бээр болно. Бид үүнийг нүдээрээ үзэж хамраараа үнэрлээд сууж байна. 17 жилийн өмнө манай ард түмэн бараг тэр чигээрээ ардчилагчид байсан. Ардчилал, эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёс бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан.
Харин өнөөдөр энэ нь үнэр орсон гахайн идэш болж байна. Үнэр орсон энэ зүйлийг үтэр өшиглөж хаяад бүгдээрээ тэгш эрхтэй болж ганцхан Ерөнхий гахай л ганцаараа илүү тэгш эрхтэй болъё гэж гахайнууд дүрэм өөрчлөх санал гаргах боллоо. Гахай болгон харин дотроо тус бүрдээ өөрийгөө ирээдүйн тэрхүү илүү тэгш эрхт ганц бодон гэж төсөөлж байгаа. Үнэндээ үнэр тэрхүү үзэл санаанаас гараад байгаа юм биш дотор нь давхиж ороод замбарааг нь алдагдуулчихсан гахайнаас өмхий үнэртээд байгаа юм. Тэд дүрмийг өөрсдөө ганц ч мөрдөөгүй учраас үүнийг хэн ч мөрдөхгүй байна гэж зарлаад байгаа юм. Шалдан биеэ ороосон дэвсгэртээр зүйж хийсэн тэдний хувцаснаас үмхий үнэртээд байгаа юм. Тэд хэдийгээр өөрсдийгөө хувцасласан гэж бодож байгаа боловч үнэндээ мөнгөн дэвсгэртүүдийн зүйдэл дундаас нь хамаг юм нь унжиж санжаад нүднээ ил харагдаад байна.
Дүрэм биелүүлдэггүй мөрддөггүй юм бол тэднийг заяанаасаа байх ёстой жорлон, муу усны шуудуу руу нь хөөж явуулъя. Улс төрийн гахай тэжээж байхаар, заавал гахай тэжээх ёстой юм бол үржил шим өгөөж сайтай украины цагаан гахай тэжээж ядахнаа л амьдралаа дээшлүүлцгээе л дээ.
2007 оны 1 дүгээр сарын 13