МАНАН-ын мөхлийн эхлэл
Засгийн газар маань үсрээд явчихлаа. Монголын шинэ үеийн түүхэнд энэ нь нэг их онцгой явдал биш л дээ.
Засгийн газар маань үсрээд явчихлаа. Монголын шинэ үеийн түүхэнд энэ нь нэг их онцгой явдал биш л дээ. 1911 оноос гучаад Засгийн газар байсан, Ерөнхий сайд нь үгүй болохоор тухайн Засгийн газар дагаад алга болдог гэсэн өнөөгийн ойлголтоор бол өгөгдсөн хугацаагаа дуусгасан хоёрхон Засгийн газар байх юм. Бодоо, Гэндэн, Амар нар баривчлагдан буудуулсан. Намнансүрэн, Дамдинбазар, Цэрэндорж, Чойбалсан нар цаг бусаар нас нөхчсөн. Бадамдорж Дамдинбазар, Гунгаадорж, Бямбасүрэн нарын хувьд төрийн тогтолцоо өөрчлөгдөж буусан. Бусад нь огцорсон буюу хуулиар өгөгдсөн хугацаагаа гүйцээгээгүй. Хоёр удаагийн Ерөнхий сайд Дамдинбазар нэгэнд нь төрийн өөрчлөлтөөс болж буусан, нөгөөд нь нас барчихсан. Мөн хоёр удаагийн Ерөнхий сайд Амар нэгэнд нь огцорч нөгөөд нь баривчлагдсан. Хоёр удаагийн Ерөнхий сайд Элбэгдорж хоёуланд нь огцорсон. Ингэхээр хуулиар өгөгдсөн хугацаагаа бүрэн дуусгасан Жасрай, Энхбаяр гэсэн хоёрхон Ерөнхий сайд үлдэж байна.
Бодоо хамжлага халсан, Бадамдорж автономоо устгуулахгүй гэсэн, Гэндэн нутагтаа улаан цэрэг оруулахгүй гэсэн, Амар тусгаар тогтнолоо хамгаалсан, Бямбасүрэн хувьчлал явуулсан, Энхсайхан реформ хийсэн, Элбэгдорж авилгатай тэмцсэн, Баяр гадаадын хөрөнгө оруулалт гүйцэтгэсэн учир буусан. Үнэхээр эдэнд тулгасан ял нь энэ. Харин энэ удаагийн огцролт арай өөр утга илэрхийлэх мэт?
Нээлттэй нийгэмд улс төрийн сөрөг хүчин байж байж л нийгэм нь оршин тогтнодог гэдэг энгийн үнэнийг ойлгоогүй Энхбаяр сөрөг хүчин болох Ардчилсан намыг газрын хөрснөөс эгнэгт арчихаар оролджээ. Сонгуулийн тогтолцооноос болоод парламентийн бүх суудал авсан болохоос, сонгогчдын яг тэн хагас нь өөрийнх нь эсрэг байсныг анхаарсангүй. Ардчилсан хүчний засагт ажиллаж байсан хүн болгоныг халж гудамжинд гаргав. Албан тушаалыг үнэ хаялцуулан зарах явдал ч түүнээс үүдэлтэй. 2004 оны сонгуулийг өөрийгөө тахин шүтүүлэх уриагаар хийсэн боловч “самбарын” гэдэг хочтойгоор ялагдсан юм. Ялагдангуутаа “сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд нэлээд хэдэн тойрогт зарга үүсгэв. Тэр хооронд АН-ын ялсан дэвшигчдийг худалдаж авах, яаралтай албан тушаал өгөх, гадаадад томилох арга хэмжээ аван тэнцүүлчихлээ. Ингээд АН-тай албан тушаалын наймаанд ордог байгаа. Ингэж МАНАН үүссэн юм. МАХН нэрээ сольж МАН болсны дараа МАНАН гэдэг нэршил буй болсон ч одоогийн МАНАН тэгэхэд л төрсөн.
Цаашаа ч МАНАН суунаглаж өгсөн. Улсын нэгдсэн төсөв үгүй болж гишүүдэд эхлээд 10 сая төгрөг тойргоо худалдаж ав гэж тараадаг байснаа энэ нь нэмэгдсээр хүний 3 тэрбум хүрсэн. Улсын төсвийг Сангийн яам биш УИХ зохион хувааж авдаг болов. Үүнийг дагаад үй түмэн бүлэглэл үүслээ. Намын гэх ялгаагаар биш, “чи энэ мөнгийг дэмжвэл би чиний тэр төслийг дэмжинэ”. Авилга, шамшигдуулал, хулгай, хуйвалдааны нэгдсэн сүлжээ, төвлөрсөн машин болж хувирваа! Сүүлдээ бүр байчихаад “62-ын бүлэг” нэртэй МАНАН-ын парламент дахь нэгдсэн бүлэг буй болгох нь тэр. Эрээгээ ч алдсан даа. Бат-Үүл, Бадамдамдин, Батж.Батбаяр нар л энэ хачирхалтай нэгдлээс гадуур байсан санагдана. Энхбаярын 50 насны ойд баяр хүргэхээр МАХН угшилтай дарга, АН угшилтай орлогч дарга хоёр цэцэг барьчихсан гүйлдэж байгааг зурагтаар хараад тэсэлгүй МАНАН ДУНДАХ МОНГОЛ ОРОН гэсэн өгүүлэл бичиж билээ. Өнөөдөр л Энхбаяр МАНАН гэж үзэшгүй муухай юмны тухай өдөр бүр яриад байгаа болохоос өөрөө анх үүсгэгч нь шүү дээ.
Социализмын үеийн МАХН, ардчилалын үеийн МАХН хоёр... тэс өмнөө зүйл. Гэвч өдгөө аль алин нь түүхэн үүргээ гүйцэтгээд дуусчээ. Үлдээсэн өвийг нь хусах гэсэн, дөрөө хийж төрийн машин руу довтлон түмэн олноо дээрэмдэх гэсэн санаатнуудын гишгүүр болчиж. Учир нь Монголын түүхэнд гүйцэтгэх ёстой үүргээ нэгэнт дуусгасан болохоор цөөврүүдийн цуглах газар болж. Ямар юмны чинь ардчилсан социалист үзэл, үүнийг чинь мөнөөх цөөврүүд л хоолны цэс нэрс гэдэг утгаар нь сайн тогтоочихсон яваа. Намаа шинэчлэнэ гэнэ, аврана гэнэ, үхэгсэдийг амьдруулах арга шинжлэх ухаан ч олоогүй байна, оллоо гээд философи утгаараа хэрэгтэй юм уу? Зомби ертөнц хэрэгтэй юу?

Яг энэ утга, үнэлгээ Ардчилсан намд хамаатай. МАХН ичсэндээ бушуухан залуужлаа (Хүрэлдоржоор!). Ардчилсан нам ичсэндээ бушуухан буурь суулаа (Гончигсүхээр!). Удахгүй энэ процесс эсрэгээр эргэнэ, хариу нь адилхан л гарна. Гарах гарцгүй мөнхийн эргэлтэнд орчихсон жижиг нийгмийг Габриэль Маркезийн “Зуун жилийн ганцаардал” романд үзүүлдэг. Эмэгтэй болгон нь Урсула, эрэгтэй болгон нь хурандаа Бондиа. Нэг яльгүй дэвшил гарвал зөрөөд нэг ухралт гарна, нийлбэр нь нойль. Урсула Бондиа хоёр л гэрлээд байна, Урсула, Бондиа төрүүлээд л байна, Хэн нь хэн, яахын тулд хаанаас энэ нийгэмд ямар зорилготой ирсэн юм, бүү мэд. Гарч болдоггүй чөтгөрийн тойргоор 100 жил явна. Гарч болох ганц гарц нь гахай сүүлтэй хүүхэд аль нэг Урсулагаас төрөх ёстой ба тэр нь энэ жижиг нийгмийг бүрэн сүйрүүлэн устгаж тойрог алга болох ёстой домог! Зохиолын эцэст энэ үнэн ирж нийгэм бүрэн сөнөснөөр Зуун жилийн ганцаардлаас гардаг! Манай нийгэм энэ чөтгөрийн тойрогт орчихлоо. Орчин үеийн хурдацтай ертөнц ийм гарцгүй тойргийг удаахгүй, бушуухан гахай сүүлтэй хүүхдийг нь илгээнэ. Тэрийг нь Төрөө хямруулж түмнээ ядууруулах ганц үүрэг бүхий МАХН, Ардчилсан нам хоёр төрүүлнэ, Монгол орон чөтгөрийн тойргоос гарна, далимд нь нэг мөсөн устаж үгүй болно.
Хорвоо өөрийн хуультай, тэрийгээ хэнээр ч зөрчүүлдэггүй юм. Гахай сүүлтэй хүүхэд төрөхөөс өмнө Монголын Урсула, хурандаа Бондиа хоёр бушуухан алга болох ёстой. Энэ орон зайн дээр өнөөгийн ертөнцийн өнгө утганд таарсан улс төрийн шинэ хүчин шинэ хууль, шинэ логик, шинэ дүрмээр буй болж байж Монгол орон сүйрэлгүйгээр чөтгөрийн тойргоос гарч болно. Тэгэхгүй бол энэ хоёр нам өөрийнхөө мутант хувилбарыг нэмж төрүүлээд байна. Саяхан шинэ нам төрлөө, дахиад хэд хэд жирэмсэлчихээд байна. Үхснийх нь шинэ нам! Нэр нь л шинэ юм байгаа биз. Гахай сүүлтэй хүүхэд төрөх улам ойртсоор. Төрийн алба намчлалтай, түүгээр шалгуур хийдэг байхад яаж шинэ нам төрөх юм бэ? Аравхан мянган төгрөгний цалинтай байсан ч тэрхүү төрийн алба эрдэнийн суудал, учир нь түүгээр ард түмнийг дээрэмдэж болдог юм. Нэгэнт ийм болохоор өдгөө улс төрийн намууд яаж ч шинэчлэгдээд, ямарч гоё лоозон тавиад хүссэн ч хүсээгүй ч луйварчин дээрэмчдийн үүр хэвээрээ л байх болно! (2006 оны 1 дүгээр сар 17)
Тэр үед (12 жилийн өмнө) бичиж сонинд тавьсан өгүүллээсээ энд ишилсэн нь мэргэн түргэн үзмэрчээ гайхуулах гэсэн юм биш, үнэндээ тэгэхэд л бүх юм юу руу тэмүүлж байгаа нь ердийн эрүүл нүдэнд тод харагдаж байсан шүү дээ. Өнөөгийн либеральчлагдсан ертөнцөд улс төрийн намууд баруун зүүн гэж тэс өмнөө үзэл суртлаар гэхээсээ улс төрийн зах зээлд өрсөлдөөн буй болгосноор харилцан өрсөлдөж тэмцэлдэж шүүмжлэлцэж төр улсыг ил тод, ардчилсан, нээлттэй авч явдаг болсон. Популизмаар хоорондоо болон өвөр дотроо тэмцэлдэх авч, үнэн хэрэгтээ хувааж идэх, хулгайлах, өөрсөддөө ашиг гаргахаар нэгдсэн улс төрийн намуудтай улс орныг мөхөл л хүлээнэ. Ийм газар бүх юм хуйвалдаанаар, далд нууц явагдан улс орноо уруудуулан хорлоно.

Сая парламентдаа 64 гишүүн бүхий Засгийн газар огцорч буй нь МАН задарч эхэлж буйн нэг том дохио. АН-ын хувьд аль хэдийнээ хөл гараа хугалаад сүүлчийн хонхны баяраа тэмдэглээд нэгэнт эхэлсэн. Нийлбэр дүнгээрээ МАНАН сарниж байгаа юм биш үү? Үүний гэрч болсон үй түмэн жишээг хэлж болж байна. Гэвч хүн болгон мэдэж байгаа дөө. Мартчихсан байж магадгүй гээд МАНАН анх хэзээ буй болсныг л сануулах гэсэн юм.
2017-9-10