УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүний гарын үсэгт АН-ынхан хүч нэмж байгаа мэтээр гүжирдэж эхэллээ. Энэ талаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Манай намд МАН-ын зүгээс ямар нэг бичиг ирээгүй. Ирсэн тохиолдолд бүлгээрээ хэлэлцэж шийднэ. Миний байр суурь гэвэл хүчтэй сөрөг хүчин байхыг чухалчилна. Ганц нэг сайдын суудал харж МАН доторх асуудалдтай хутгалдахгүй” гэв. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэн нэгний ширээн дээрээс “олдсон” гэх дараагийн Засгийн газрын бүтцийн план зураг дахь өөрийнх нь гарын үсэг биш гэдгийг зарлаж “Гүжирдлэгээ зогсоо” хэмээн шаардав. Энэ бүхэн “Топор” хочит Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй 30 гишүүний байр суурь тун ч сульдаж байгаагийн дохио.

АН-ын есөн гишүүн улс төрийн тавцан дахь нэр хүнд, хувь хувийнхаа бизнесийн эрх ашиг зэргийг бодож “МАН-ынхны зодооныг” гаднаас нь ажиглаж өөрсдөөр нь шившигийг нь дэлгүүлэх, хэрэв сөрөг хүчний зүгээс огцруулахдаа тулбал сонгогчдын дэмжлэгийг шууд авах, гарцаагүй баримт бүхий үндэслэлээр огцруулах нь зөв гэж үзсэн нь үнэн бололтой. Хэзээ ч нотлогдохгүй “60 тэрбумын” гэх домог, цаг үеэ олоогүй иймэрхүү синдром хол явдаггүйг туршлагатай, соёлтой сөрөг хүчин мэдээд байна. Сөрөг хүчний лидер, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ч улс орны эдийн засгийн асуудлыг яриад байгаа болохоос хэн ч мөнгө төлж албан тушаалд очсон нь тодорхойгүй байгаа “60 тэрбумын үлгэр”-ийг уншиж өгөхийг хүссэнгүй. Тиймээс түүний мөнхийн фенүүд нь дахин талархаж амнаасаа унагасан үг бүрийг зөвтгөсөөр байгаа хэрэг.

Магадгүй АН-ынхан Засгийн газрыг огцруулах албан бичигт АН-ынхан ичингүйрэн оролцож, “ганц нэгхэн суудал биш бол” сонирхож болох учраас “Боломж бүхэн ганцхан тохиодог”-ийг санаж асуудлыг судалж үзэхээр ажлын хэсэг байгуулсан байж болно. УИХ-д олонх байхдаа өөрийн намаа огцруулсан гашуун үйл явдлын гэрч болсон тэдгээр гишүүд “шарх нь аниагүй” төдийгүй З.Энхболдын замаар замнасан М.Энхболдыг, цаашилбал Ч.Сайханбилэг шиг гарч ирэх Ж.Мөнхбатыг ч сонирхон хүлээж байж мэднэ. Угаасаа энэ чинь Монгол шүү дээ. Хэн ч хэн болж болох талбар. Харин асуудлыг эхэлсэн “Топор” маань “Молот” болж үлдвэл их юм. Бүр “гвозда” болж балбуулахыг ч байг гэх газаргүй. Тулга Ерөнхийлөгч нь “Топор”-оос доош буухад нь нэг их дотносоод байхгүй л болов уу.

Тэрбээр өмнө нь тулхтай гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт цөөн хэдэн үгээр нам тавиулсан бол энэ удаад өөртэйгээ тун чиг төстэй араншинтай АН-ын дарга С.Эрдэнэд бараг л “элэгдүүлчихлээ”. Цаад “Монгол Зюганов” чинь муу муухай чанар, алдаа дутагдал мэр сэр харагдуулдаг ч урвагчдад ясны дургүй учраас түүнээс нааштай үг сонсоход амаргүй л болов уу. Н.Алтанхуягийн Засгийн газарт “зааглах, заазлах” үйл ажиллагаа явагдахад тунаж үлдэхдээ хэчнээн гашуудаж байсныг нь тухайн үед сөрөг хүчин байсан хүмүүс мэдрээгүй байх. Лав л “Би лав үлдсэн шүү” гээд баярлаад гүйж яваагүй юм. Элгээ эмтлүүлэх мэт танхимаа “сэтлүүлсэн” тэр үйлдлийг дахин харах, тэр тусмаа 65-уулаа олонх байгаа намаас харах, тэр заваан тогоонд АН-ын есөн гишүүн хутгалдаж нэр хүндээ шалз түлээсэй гэж бодохгүй л болов уу. Харин Л.Болд нарын тулхтай гишүүдийн нягт нямбай бөгөөд үнэнд нийцсэн шүүмжүүдийг бол олонхийн бүлэг бараг л гүн хүндэтгэлтэй сонсоод байгаа шүү дээ.

Өчигдрөөс сошиалаар нэг өрөвдөлтэй зар явж эхэлсэн. Энэ нь “Засгийн газрыг огцруулах хүсэлтэд гарын үсэг зурсан УИХ-ын 30 гишүүнийг АТГ дарамталж эхэллээ” гэж. Цөөрвөл хуулийн байгууллагыг буруутгаад замхарцгаая гэсэн уриа ч юм уу. Ямартай ч тэд сурсан дассанаараа олонхийн бүлгийг хуралдсаны дараа бүлгийн хурлаа зарлан хуралдуулахаар болсон. Одоохондоо хувийн зараар албан бусаар цуглаж, У.Хүрэлсүх сайдын хэлсэнчлэн өнөөх “архины хундаганы ард яадаг гэлээ” тийм байдлаар уулзаж байгаа сурагтай. Гэхдээ кофе гэхчлэн нөхдөө хүндэтгэх нь зүйтэй гэж зарим нь ундууцаж байна лээ шүү.

Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тус байнгын хорооны 14 гишүүнээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан МАН-ын 4 гишүүн хуралд оролцох, эсвэл “зугтах” байх. АН-аас бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцох байх, гэхдээ түүний тулхтай, ноён нуруутай байдалд итгэж болох ч үнэгүй олдсон боломжийг алдахгүй байх үүрэгтэй. Ж.Батзандан гишүүн бүлгийнхний байр суурийг харна гэсэн хэдий ч хувийн байр суурь нь улайрсан шинжгүй харагдсан. Б.Наранхүү байнгын хорооны хуралд байтугай чуулганд оролцдоггүй ч тусгай үүргээр энэ удаад оролцож мэдэх ч найдах аргагүй. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас ямар шийдвэр гарах нь бараг тодорхой байгаа биз. Нэг иймэрхүү л юм болчихлоо доо, МАН-ын “Бүдүүн бүлэг”-ийнхэн.

“Гүү сувайрвал азарга муугийнх” гэсэн Д.Лүндээжанцан гишүүний үг мартагддаггүй юм. Намын дарга сайнгүй ажиллаж, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хөсөр хаясаар байгаагийн шан энэ. Таны дайсан, таны нөхөд өнөөдөр МАН-ын “дайсан” болчихоод төрөөр, улс орноор тоглоход та хуруугаа ч хөдөлгөхгүй суух эрхтэй гэж үү! Таны эсрэг ажилласан, тэр нь нотлогдсон зүйл байхгүй атал яагаад танаас болоод намынхан чинь талцаж муудаад өөрөө ард нь инээгээд сууж байх ёстой гэж. Юун эв нэгдлийн билэг тэмдэг, намын эвдрэлцлийн шалтгаан болчихоод сууж байгаагаа мэдэж байна уу. АН-ын зохиол, тэдний тавилан МАН-д зохидоггүй юм аа. Дүрмээсээ гажиж, Намын дарга нь Засгаа зангидахаас татгалзсаны чинь шалтгаан “огцордоггүй болохоор” тэр. Ерөнхий сайдын урдуур орж үүрэг өгч болдог болохоор тэр. З.Энхболдын зам, зан хоёр танд таалагдсан ч зохихгүй байна. АН-ын Засгийн газрын “ар талд” ЗГХЭГ-ын дарга нь байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдынхаа алдааг хэлж өгөхгүй тэмдэглэж суудаг байснаа огцронгуут нь Ерөнхий сайд болоход ямар байсан бэ? Одоо “таны Мөнхбат” сайдаас тийм шийдэл гарахад гайхах хүн цөөн болж. Тэр яг тан шиг намынхнаасаа тусгаарлагдсан, олон түмнээс залхсан, хөл нь хугарсан ч гүйж ирээд уулздаг найзтайгаа мэндийн зөрүүгүй болж “тэнгэрийн дэргэд” очсоноо илэрхийлж буй.

10 жилийн өмнө таныг огцроход “Ордны хуйвалдаанаар огцруулчихлаа” гэцгээж байсан бол одоо намын даргаас явахад болоо доо, уг нь УИХ-ын даргаас нь буулгачихсан бол гэхээр тийм хол, тэгтэл танигдашгүй өөрчлөгджээ. Нээрээ ч цаг нь болсон бол та явах ёстой. Гэхдээ улс орныхоо хувь заяа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээр зэргийг бодоод Засгийн газрыг чадвал хамгаалаарай, үүрэг чинь шүү. 

МАН-ын дарга сайндаа биш, АН олон алдаа гаргасан тулдаа ялсныг БҮҮ МАРТ!  Бас Таныг Ерөнхийлөгчийн суудалд залах гэж улсынхаа эдийн засгаар дэнчин тавих шахан ял мэт ачаалал өөртөө үүрсэн Ерөнхий сайдын өмнө ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ! Миеэгомбын Энхболд бол залаад ирсэн жанжин биш, хэдэн үеэс нь тодруулсан гэгээнтэн биш, ердийн л нэг УИХ-ын гишүүдийн нэг гэдгээ санаж яв!