Бичлэг
Төрийн сайд байтугай дунд сургуульд багшаар ороход хүртэл авлига өгдөг буруу тогтолцоо манайд бийг хэн хүнгүй л мэднэ. Нэг нам нь л албан тушаал наймаалаад, нөгөө нь ардчиллыг авраад байдаг тийм үлгэрт хэн ч итгэхгүй.
Брюс Лигийн хэлсэн /эсвэл зүгээр л Брюс Ли хэлсэн гэвэл их үнэмшилтэй сонсогдох/ нэг онч үг бий: “Би 1000 цохилт давтсан хүнээс айхгүй, харин нэг цохилтоо 1000 давтсан хүнээс л айна” гэж. Ерөнхийлөгчийн сонгуульд энэ үг биеллээ олов. Дөжирсөн сонгогчдын санааг эргүүлэхэд хүчтэй ганц цохилт хэрэгтэйгээс биш олон сул цохилт нэмэргүй болжээ. Хүн бүр өөрийнхөөр дүгнэж байгаа ч сонгуулийн үр дүнг илтэд шийдсэн зүйл нь “60 тэрбумын бичлэг”, мэтгэлцээн хоёр л байв. Нэг нь өрсөлдөгчөөс, нөгөө нь өөрөөс ирсэн энэ хоёр цохилт нийлээд лав 100 мянган хүний саналыг эргүүлсэн. Сарандаваад итгэдэг харанхуй ард түмэн хэдий ч эрхбиш “пальдага” асуулт ойлгох хэмжээний ухаантай гэдгийг МАН –ын асуулт зохиогчид мэдэрсэнгүй. Олон нийтийг мэдрэхгүй байна гэдэг нь олон нийтээс ваакуумжсан л гэсэн үг. Эсрэгээрээ Х.Баттулга УИХ сонгуульд нутагтаа унаад ваакуумаасаа гарчихсан байлаа. Өөр сүрхий шалтгаан байхгүй учир мэтгэлцээний тухай ингэсгээд орхиё. Гол нь “60 тэрбум” гэдэг нохойн баас шиг юмыг яаж ингэж хүчтэй цохилт болгож чадав?
Ийгл ТВ –ийн “Бүрэн зураглал” –д М.Энхболд оролцсоноос эхлээд л өрсөлдөгч хоёр нам дундаа нэг пиарчинтай гэх ёж яриа хөвөрч эхэлсэн дээ. МАН –ын Л.Оюун-эрдэнийн төрсөн ах Херо Баатар нь Х.Баттулгын амь хамгаалагч, С.Баярын үеэл дүү М.Сэргэлэн /ер нь Н.Алтанхуягийн баг Х.Баттулгын талд ажилласан нь Ц.Элбэгдоржийн эсрэг нэгдсэнийх биз/ АН талд дэмжсэн.. гэх мэт саяны сонгуулийн сонин жишээ олон. Ямартай ч тэрхүү “Бүрэн зураглал” оролцогчийнхоо сул талуудыг олон нийтэд ч, эсрэг талын пиарчдад ч нэлээд харуулчихсан юм. Яг араас нь хэлэлцээд тохирчихсон мэт “Ардын буйдан” –ын хэдэн нөхөр оройжин М.Энхболдыг муулсаар таарав. “Төв шуудангийн цаг хийсэн”, “Төв талбайг янзалсан”, “Газрын наймаа хийгээгүй” гэх мэт эвээ олоогүй яриа нь хүмүүст таалагдсангүй. Гэтэл өрсөлдөгч нь “Монгол тулгатны 100 эрхэм” –ийг хөтөлж, дөрвөн жилийн ярианы курст суучихсан ардын баатар байж байдаг. Уг нь монголын тэргүүлэх бизнесмэнүүдийг урьж эдийн засаг сэргээх, боловсролд анхаарах, тогтвортой байдлаа хангах гэх мэт бодлогын чанартай чухал олон зүйлс хэлэлцсэн ч “Ардын буйдан” үздэг ардууд нь хүлээж авсангүй, зүгээр л аархаж байна гэж харав. Гэхдээ “Бүрэн зураглал” ба “Ардын буйдан” бол бие халаалт болохоос яг хүмүүсийн саналыг эргүүлэх хэмжээний акц биш.
Сонгуулийн эхэн үед 60 тэрбумын асуудлыг “сэвсээр” байсан ч улсууд ойшоохгүй л байв. Бичлэг нь 50 секундынх байна уу 90 минутынх байна уу угаасаа шинэ сонирхолтой юм байхгүй, бас ихэнхи хүн ер нь яг юу гэдгийг нь ч ойлгоогүй явсан. Х.Баттулгын талынхан 60 тэрбум гэхээсээ хятадын хийрхэлээр пиардаж байлаа. Өвөрмонгол залууг хятад хүн дайрч байгаа дүрс, Тэди төвөөс монгол охидыг хулгайлах гэсэн хятад хүүхэн, Мөнгөн завьяа дээрхи хулхи хятад дархан монгол хүн зодож хөөсөн г.м. хов албаар тараана, мэдээж энэ бүгдээс аварч “Монгол ялна”. Ингэж байтал Доржзодов цагдаагийн хамгаалалтанд орсоноор бүгдийг өөрчиллөө. “Нэг жудочин нь ирээд цохиод авахад манай намд сөрөг пиар болохоор байна..” гэж МАН генсэк тайлбарлаад ч хүмүүс ойлгосонгүй. Энэ ортой тайлбар. Ийм бохир сонгуульд Доржзодов албаар зодуулж, олны анхааралд өртөх магадлалтай. Мөнхбаясааг 200 метрийн цаанаас Доржзодов уруу даллах Дува сохорын удам гэж шоолоод ч нэмэр байсангүй. Доржзодов гэгч нь нэрээ байн байн сольдог, уран илтгэлийн хулхи баатар гэдгийг нь илчлээд ч нэмэр байсангүй. Монгол комэнт нэвтрүүлгээр ганц цацахад л хүмүүс Доржзодов гэгчийг цагдаа нар үнэхээр л барих гээд байна гэж ойлгов. Гол нь 60 тэрбумын асуудлыг бүгд сонирхож эхэллээ. Нэгэнт өндрөө авсан сэдвийг сэвэхэд асуудал алга. Нэвтрүүлэг бичлэгүүд хөвөрч өгөв.
Сонгуулийн бүр эхэнд хийгдсэн 200 толгой таслах тухай нэвтрүүлэг ч явж явж 60 тэрбумын урьдач нөхцөл болж таарчээ. Уг нь логикийн маш алдаатай нэвтрүүлэг, жишээ нь Н.Алтанхуяг “Рио Тинтогийн гар хөл л АН засгийн газрыг огцруулсан..” гэсэн ярианы яг араас Х.Баттулга “Би АН засгийн газрыг бүр зорьж огцруулсан..” гэсэн архивын бичлэг яваад л. Гэхдээ ард түмэнд логик сонин биш, 200 толгой таслах хүслийг нь бадрааж өгөх нь л сонин. Тэгээд ямар толгойнуудыг таслах юм бэ? Хариулт нь ч сонгуулийн сүүл хавьцаа тодров. Их тэнгэр дэх цагаан сарын золголтоос хэдхэн сэкундын дүрсийг тасдаж аваад тавьсан нь 60 тэрбумын хамгийн том сэвэлт байлаа. “Манай Сандуй ч сонгуулиас хойш том байгаа..” гэх диалог, “Май генерал тамхи” гэхэд нь сөхөрч суух дүрс, СЕХ –ы дэд даргад “..Тэгвэл чи авчих. Дарга чинь бол авахгүй байх” гэх мэт хэдхэн сцэна. Магадгүй өмнө нь “Бүрэн зураглал”, “Ардын буйдан”, “200 толгой таслах” нэвтрүүлэг яваагүй, 60 тэрбумын бичлэг олны анхааралд өртөөгүй байсан бол энэ бичлэг “60 тэрбумын аархал” биш зүгээр л цагаан сарын золголт болж харагдах байв. Монголчууд өөрсдөө аархах дуртай ч бусдынхаа аархалыг үзэж чаддаггүй юм. Уг нь баруун аймгууд уруу машинд ачиж явсан 1 тэрбум төгрөг цагдаад баригдсан нь зарчмын хувьд 60 тэрбумтай яг ижилхэн явдал юм. Адилхан л төрийн эрхийг худалдаж авах гэж байна. Харин ч эвлүүлэг үгүй нь мэдэгдэхгүй балай бичлэгний дэргэд машинтай мөнгө хавьгүй бодитой юм. Мөнгөтэй машин баригдсан явдлыг ард түмэн гайхаагүй гэхээсээ гайхтал нь, сэтгэлд нь хүртэл ойлгуулаагүйд л учир байна.
“Сандуй” нь түвдөөр бол “Нууц хураангуй” гэх утгатай үг аж. Хураангуй гэдгээр хурааж бичсэн дуу дүрсийг ойлговол сонирхолтой давхцал ч юм шиг. Төрийн сайд байтугай дунд сургуульд багшаар ороход хүртэл авлига өгдөг буруу тогтолцоо манайд бийг хэн хүнгүй л мэднэ. Нэг нам нь л албан тушаал наймаалаад, нөгөө нь ардчиллыг авраад байдаг тийм үлгэрт хэн ч итгэхгүй. Өрсөлдөгч намынхан л ийм зүйл анх сонссон мэт мэдэн балмагдсан /мэдэн будилдаг шиг/. Уг нь АН дэвшигчийг төмөр замын 700 сая доллар, боловсрол, офшор данс, орос эхнэр, хар тамхинд холбогдсон хүү гэх мэтээр 60 тэрбумаас хавьгүй бодитой асуудлаар хангалттай “гөвсөн”. Гэхдээ МАН –ын акцууд тус тусдаа, АН –ын акцууд залгамж холбоотой байсан. Зүйрлүүлбэл МАН –ын пиар нь таван өөр төрлийн хичээлийг таван өөр багш заахтай ижил байв. Харин өрсөлдөгч талаас “60 тэрбумын аархал” хэмээх ганц хичээлийг, ганц багш заасан: “Чи энэ хичээлийг ойлгохын тулд эхлээд ийм ийм хичээлүүд судлах ёстой” гэх зарчмаар. Эндээс С.Баяр –ын хэлсэн /эсвэл зүгээр л С.Баяр хэлсэн гэвэл үнэмшилтэй сонсогдох/ “Инстүүц инстүүц л гэнэ, студитэй хүүхдэд ялагдчихаад..” хэмээх онч үг гараа биз.
Сонгууль ч өнгөрлөө. Харин харамсалтай нь дуртай бүхэндээ өгдөг бөөсний онигоо шиг нэг хариулт гараад ирж,
- Монгол банкны Золжаргал чинь яасан бэ?
- Эхлээд танайх 60 тэрбумаа шалгуул.
- Бондын мөнгийг яаж үрсэн бэ?
- 60 тэрбумаа шийдчихээд бусдын өөг хай
- Хөгжлийн банк...
- Хуц, 60 тэрбум..
- Эрдэнэт 49..
- 60..
- Үндсэн хуулийн өөрчлөлтөө...
- 60 тэрбумын нам хийхгүй шүү... гэх мэт.
“Дайн дуусчихлаа, энэ олон офицеруудаар чинь одоо яах юм бэ?” гэж Сталин уулга алдсан гэдэг /ер нь Сталин тэгж хэлсэн л байж таараа/. Сонгууль дуусчихсан, энэ олон Дорзодов, Ууганбаатар чинь одоо яах юм бэ? Хүрэлсүхэд албаар цохиулах гэж оролдоод бүтэлгүйтсэн тухайгаа ярьсан нэг нөхрийн бичлэг цацагдав. Захиалагч нь ерөнхий сайдыг гэх. Хоёр хувилбар бий, нэг бол Хүрэлсүх өөрөө тийм зүйл захиалах, эсвэл үнэхээр мэдрэмжгүй нөхөр ерөнхий сайдад тийм санал тавих. Учир нь Хүрэлсүх хүн цохиход нэр хүнд нь улам өснө үү гэхээс унахгүй. Гарьдхүүгийн Баярсайханыг цохисон нь бодит жишээ. Бүр магадгүй өөрөө хүн албаар цохичихоод “Харваас хужаа нөхөр байхаар нь уур хүрээд цохичихлоо...” гэж попроход л Хүрэлсүхийн нэр хүнд суга өснө. Хэрэв үнэхээр ерөнхий сайдын талаас захиалсан бол тэрхүү акц нь бүтэлгүйтсэнд харин ч баярлах хэрэгтэй. Лав өчигдөр Х.Баттулгын толгой пиарч нь жиргээндээ “Хүрэлсүх ялбал жинхнээсээ Монгол гүйцэт ялна..” гэж бичжээ. Зэсийн үнэ өссөнөөс бусдаар яг л өнгөрсөн 4 жил шиг хэрүүл уруул, хар пиараар дүүрэн байх вий дээ. Хүмүүс элдэв бичлэгээ цацаж, элдэв пиараа хийцгээж л байг. Дор дороо л бодолтой, ухаантай байцгаая нөхөд минь. Ядаж л тусгайгийнхан хүн баривчлахдаа “Чи ерөнхий сайдын эсрэг дуугардаг яасан том нөхөр вэ, чамд ёстой хүчийг мэдрүүлнээ..” гэж хэлдэг тухай марзан юманд итгэмээргүй л байгаа юм. Ядаж л хятад тавчигнаас бэлгийн замын өвчин тардаг гэх мэтийн ярианд итгэмээргүй л байгаа юм.