Хавар Өсөх цаг

Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Үүрд байгаа хэлбэртэй байдаг л
Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л

Говийн  Догшин хутагт Данзанравжаа

Тэнгис-Оюун тогтсон жам ес мэт инээмсэглэн  багахан тунгаар бал хийж амталсан жамц давстай юм шиг гашуун кофе уух зуураа хуйтэн ус залгилж, халуун бантан идэж зараа  залгисан мэт шартсан Панк Гочоод хандан 

-Урианхай найрагчийн 70-аад онуудад гаргаж ирсэн яруу найргийн томьёо бий 

-ДОТОOД шаталтын хөдөлгүүр! 




Владимир Сёмёнович Высоцкийн дуу шүлэг бол тэр юм! Нарны хайлмагт байгаа шиг түүний сэтгэлийн шаталт өндөр хэмээр асчээ. Тоглосон  кино, жүжиг, зохиосoн дуу болгон Оросын нийгмийн далд амин судсыг барихуй эрх чолоог хайн тэмтэрсэн уран бутээлчийн зан араншин!

Үүний амжилтын гол утга учир нь эрэлхэг зоригтой иргэний байр суурь!

Манай Монголын сонгодог зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Э.Оюун, Л.Ванган, С.Эрдэнэ, Д.Мягмар нарын театрын урлагт үлдээсэн бүтээлийн суурь дэвсгэр нь мөн Эр зоригтой Иргэнлэг шинж чанар байсан! гэж хэлээд цааш нь

-Галсанжав найруулагчийн тавьсан суут Шекспирийн Гамлет ялгаагүй! 

Гамлетад тоглосон Жамсранжавын оюунлаг тоглолт  мон л уран бүтээлчийн царцаж, оюун санааны хуаран болон хувирсан хүнд суртлын тогтолцооноос асуулт шаардсан иргэнлэг байр суурь.

Монгол уламжлал, үндэсний үзэл, үндэсний ёс заншил гэж хэлэхээс чинь бэргэж, дээлээ ч өмсөөд явж чадахгүй болсон.

Харин энэ үед зураач-кино найруулагч Цогзол гуайн Монголын уламжлал, ёс зүй, гоо  сайханыг  дүүрэн гаргасан.

 Бушхүүгийн үлгэрийн кино нь бас  иргэнлэг байр суурь.

Бид бол Мел Гибсоны Зоригт зүрх киноны Баатар эр шиг байх ёстой! 

Тэрбээр –Freedom! Эрх чолооо гэж хэлээд Английн хаанд цаазлуулдаг шүү дээ гэлээ.

Моцарт шиг алиалах яах вэ? гэж нэмж хэлээд тэрбээр эргэлээ.


Социализмийн үеийн зогсонги, амар амгалан, хөлдүү царцуу нийгэмд бидний өссөн орчин болж бүх юмыг дээрээс төлөвлөөд шийдчихсэн. Санаачлагаа  гэдэг юм байхгүй шахуу юм хаядаа сэнтэг гэх хүмүүс огт хэрэггүй  шахуу юман дээр дэмий улаан коммунист лоозон  гаргаж  дээд удирдлагаасаа оноо авахыг хичээх.

Яслийн нялх хүүхдүүдийг марксист-ленинизмийн сургаал коммунист философийн хүмүүжлээр цогцоор нь сургах долоо хоногийн аян ч гэх шиг... 

Бид эрх чөлөө гэдгийг мэдэхгүй өсөж, гудамж дүүрэн хулиган атаман, бүгд адилхан шахуу хувцастай, гадаадад бараг явж болохгүй, дуу шүлэг, яруу найраг цензууртэй. Бидний ердийн амьдралын урсгалд  намын үүр, эвлэлийн хурлын шийдвэр хэзээ ч амьдрал дээр хэрэгждэггүй, дэмий хоосон лоозогнол, дарга болох хэдэн хүний арга болсныг нийгмээрээ мэдэх. 

ТВ, радио, жүжиг сониноор энхрий хайрт намын уриа цуурай ачир дээр дарга нар тусгай дэлгүүрт орж, арын хаалга гэх хөгийн үзэгдэл газар авсан янзын хоёр нүүртэй амьдрал тойрох.

Нийгмийн амьдрал нь хайрцаглагдсан хатуу хуарангийн нийгэмд зөвхөн хайр дурлал, хүний тач сэтгэл бидний амьдралыг чимж гэрэлтүүлжээ.

Гэтэл бас хахир сөөнгөө хүчирхэг хоолойтой Владимир Высоцкийн этгээд гаж үгтэй дуунууд магнитофоноос сонсогдож Улаанбаатарын гадаадад голдуу сурсан хотын сэхээтэн залуус сонирхон, оросууд бол шүлэг дууг нь тахин шүтэх.

Tүүний феномен/үзэгдэл нь юу бол?

Эрх чөлөө, сайхан амьдрал нэхсэн нийгмийн сэтгэл санаа болов уу?

Ажлаасаа цалингаа авсан Панк Гочоо, Тэнгис-Оюун хоёр 50-р дэлгүүрээс хоёр хайрцаг пиво, 3 шил архи нилээдгүй хүнсний зүйл даруулганд авчээ. Авсан юмсаа дамжлан гарахад дэлгүүрийн үүдэнд Боржгин Болдхүү ахынхаа цоо шинэ Москвич асаачихсан,

Тэр хоёрыг машинд оронгуут   

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг хэмээн намуухан дуулж,

-Бууз тавьчихсан, Адаацагийн айраг байгаа шүү гээд Гандангийн дэнж тийш аядуухан хурдалалаа.

Тэнгис-Оюун хамгаас дуртай Веаtles-ийн

Close your eyes and I kiss you
Tomorrow and I ‘ll miss you
зөөлөн амандаа аялахад, Панк Гочоо хоолой мэдэн бүдүүн хоолойгоор Queen хамтлагийн 

I want to B-R-E-AK F-R-E-E-E-E... хэмээн цонхоор толгойгоо ил гарган цэнхэр цамцаа тайлан дарцаг болгон хийсгээд  дуулан явлаа...

Сонирхолтой нь машинд суун яваа Москвагийн Театр Урлагийн Дээд Сургууль төгсөн ирээд ТВ-гийн найруулагчаар шинэхэн ажиллаж эхэлсэн Чурагсэд тэдний дуунууд бүгд нэг л дуу терци (гурвал) хоолойгоор дуулж байгаа мэт сайхан санагдах.

Чурагсээ уран бүтээлийн шинэ онгод орж элдэв зүйл бодож хийхийг мөрөөднө. Гэвч МРТУХ-ын хаалгаар орж буурал цензурын хянан тохинуулагч редактортой уулзахтай үгүй юу л түүний төлөвлөсөн нь замхран алга болж  зориг зүрх нь унтарна гэдгээ харин энэ агшинд мартсан ажээ.

Тэрээр хотын төв 40.000-д өссөн шинэ бүтээл хийхийн тэмүүлэл болсон хоёр залуухан туслах Найруулагчаасаа  

-Одоо юу хийх вэ? гэж асуух болно гэдэг  гутамшгийг ч умартсан байлаа. 

Улаанбаатарын тэнгэрт саран туяа хэдийнээ татаж, орой бүрий болсон хойно тэдний тулга тойрон сууж, зовлон жаргал, бодол санаагаа хувалцсан баяр өндөрлөж, ням гаригийн залуусын цуглаан тарж, Гандантэгчилэн хийд буурал түүхэндээ олонтаа үзсэн залуусын нэгэн үдэш жаргалаа.

                                                                                  (Үргэлжлэл бий)