2002 онд АНУ-ын элчин сайд Дингер тэр үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзжээ. Энэ үед тэрээр Монголд авилга их хавтгайрч байгаа тухай ярив. Гишүүд тус болгондоо өөрийгөө хэлүүлж байна гэж ухааран учиргүй уурлацгааж түүнийг эгээтэй л империализмын төлөөлөгч гэж аашилсангүй. Ингэхээр нь элчин сайд тэсэхээ болиод зааланд сууж буй эрх мэдэлтнүүдийн дотор авилгач сайд байгааг хэлээд тавьчихав. Үнэндээ заал улсын урьдаа барьдаг тэргүүний авилгачдыг агуулж байсан юм. Авилгачид уурсан нэрийг нь хэлэхийг шаардаж эгээтэй л АНУ-аас дипломат харилцаагаа тасалчихсангүй. Элчин сайд дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлсэнгүй. Би ч дипломат ёсыг бодоод нэрийг нь хэлээд яахав. Гадаадаас хамгийн их тусламж авдаг яамны сайдыг тэрээр дотроо хэлсэн ба элчин сайд өөрийнх нь улсын мөнгө болохоор хаашаа хэний хармай руу гулсаад байгааг арван хуруу шигээ мэддэг байжээ. Юутай ч тэр авилгач сайд өдгөө АНУ орох эрхгүй, түүнд виз өгөхгүй, тэр байтугай гэр бүл хамаатан саданд нь виз өгөхгүй, хар дансанд орчихсон юм.

Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болуутаа "Авилга Монголыг муухай харагдуулж байна" гээд хэлчихсэн чинь нөгөө авилгачид нь боож үхэхээ дөхсөн. М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанийн үеэр "Авилгачдыг цээрлүүлнэ" гэсний дараа авилгачид зурагтаар болон өөрийн жолооддог хэвлэлүүдээрээ юу юу гэж загнаж байсныг хүмүүс минь өнөөдөр та нар бараг мартсандаа! Ц.Нямдорж зурагтаар "Энэ лоозонгоос цус үнэртэж байна" гэж ирээд л ярваганаж байсныг санах болов уу, яах бол. Их хэлмэгдүүлэл, аллага хядлага дэгдэх гэж байна гэж хүртэл авч л байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яриад байсан "Авилгачдыг цээрлүүлэх". "Эх орны баялгийг шударгаар хуваарилах" гэсэн гол хоёр уриаг ярьсан онигоог маргааш нь ойлгож инээдэг анаашийн үлгэрээр бид одоо л хагас жилийн дараа ойлгож байгаа шүү дээ.

Одоо авилгын тухай яривал авилгачид уурлахаа больсон. Нэгэнт хүмүүс үүнийг ойлгоод дургүйцээд эхэлсэн тул "Монголд авилга байхгүй" гээд хэлчихвэл өөрөө баригдчих гээд байгаа учраас авилгачид өөрснөө авилгыг хамгийн их жигшдэг болчоод байна. Зурагт асаахад л нэгэн улсын тэргүүний авилгач авилгыг жигшин огиулж суугаа харагдах юм. Авилгадаа шартсан юм болов уу. Сонин дэлгээд үзэхэд л нэгэн улсын гавьяат авилгачин авилгыг хараан зүхэж эгээ л сонины хуудсан дотроос алгадаад авах шахах юм. Өөрийн авснаа чамлаж их авсан бусаддаа хорсоод байгаа юм болов уу.

Гэхдээ эдний хэн нь ч авилгын эсрэг юу ч хийхгүй. Тэгж хоолноосоо сайн дураараа татгалзаж амиа хорлодог дурак нэг ч байхгүй. Сонгуулийн тогтолцоог өврчлөхийг хэн нь ч хүсэхгүй. Ердөө 3-4 мянган хүнийг хахуульдан саналыг нь худалдаж аваад л төрийн түшээ болон цааш нь гаргасан зардлын шаталтаа хэд нугалаад нөхчихдөг ийм сайхан тогтолцоог өөрчилбөл ядахнаа үр хүүхэд нь гомдох байгаа. Өдгөө тэр байтугай сонгогч олонд ч зуйрганах хэрэггүй, сонгуулийн хэсгийн хороог хамаагүй хямдхан худалдаад авчиж болж байгаа билээ. Эдний хэн нь ч өөрийн өмч хөрөнгийг нийтэд илээр зарлахгүй. Хулгай нь баригдаж Баатарын хажуугийн камерт суувал яана! Олон бизнесмэн Төрийн зүтгэлтнээр тодорсон, эдний магадгүй олонхи нь шударгаар хөрөнгө хогшилтой болсон байх, гэхдээ төрдөө тодорч эрх мэдэлтэй болж авахгүй л бол хөрөнгөө алдчих гээд байгаа тогтоцтой учир хөрөнгөө хоточ нохой мэт манаж буй хэлбэр нь төрийн зүтгэлтэн болох явдал юм. Эдний хэн нь ч засаг захиргааны өөрчлөлт хийхийг эсэргүүцнэ. Учир нь төвлөрсөн хөрөнгө багасаад ирэхийн хэрээр авилгаар хулгай хийх юм нь багасна. Эдний хэн нь ч хүнд суртлыг багасгаж төрийн аппаратыг жижгэрүүлэхийг хүсэхгүй, учир нь хүнд суртал л эдний гол тэжээл болох авилгыг буй болгож байгаа хэрэг. Эд Монголын төлөө сайн юм хийх тусам амин хувьдаа муу юм хийх болно. Ард түмнийхээ төлөө орилж, авилгыг жигшин бөөлжиж харааж суух нь харин хавьгүй хямдхан субботник мөн.

Саяхан гаргасан судалгаагаар нийгмийн халамжинд гаргаж буй бүх хөрөнгөний 70 хувь нь халамж хүртэх учиргүй хүмүүст очиж байгаа ба халамж хүртэх ёстой ядуу давхаргын 40 хувь нь огт хүртэхгүй байгаа аж. Гоё тогтолцоо байгаа биз? "Хулгайчийг бариарай" гэж хулгайч нар бүхнээс чанга орилно. Зурагтаар, сониноор, хэвлэлээр, цуглаан дээр, хэвлэлийн бага хурал дээр... тэр байтугай эрдэм шинжилгээний хурал дээр хүртэл...

2005.12.16.