Эрх барьж байгаа нам ийм мэдэгдэл хийдэггүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгох долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгох долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна. Анхан шатны санал хураалтаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон буюу 517.478 санал авсан ч гурван нэр дэвшигчийн хэн нь ч дийлэнх олонхийн /50+1/ санал авч чадаагүйн улмаас хоёр дахь шатны санал хураалтыг орон даяар явуулахаар болов. Өнгөрсөн 27 жилийн түүхэнд сонгууль хоёр шаттай явагдаж байгаа анхны тохиолдол болж байна. Ирэх сарын 9-нд анхан шатны санал хураалтаас хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нар дахин өрсөлдөж, 50+1 санал авсан нэр дэвшигч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоно.
Хэдийгээр энэ удаагийн сонгуульд гэнэтийн байдлаар орж ирсэн С.Ганбаатарыг “МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай хийсэн тохиролцооны дагуу Х.Баттулгын саналыг хуваахаар нэр дэвшүүлсэн” гэх боловч эцсийн мөчид С.Ганбаатар нь М.Энхболдыгоо мөргөх хэмжээнд өрсөлдөж эхэлсэн нь МАН-ыг барьц алдуулав. Санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө С.Ганбаатар гадаадын иргэнээс 50 сая воннын хандив авсан тухай нууц бичлэг цацагдаж, энэ асуудлаар шүүхэд дуудагдсан боловч шүүх уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Шалтгааныг нь мөн л “МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай хийсэн нууц гэрээгээ илчилнэ гэж сүрдүүлсний улмаас аргагүйн эрхэнд буцаалаа” хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Гэвч энэ нь эргээд С.Ганбаатарт нэмэх оноо болчихсон байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөө ч энэ хэмжээний санал зулгааж, барианд ойртоно гэдгээ төсөөлөөгүй байсан биз. Хүрзнээс өөр зэвсэггүй нэгэн лүү хоёр тал танкаар гал нээгээд эхлэхээр монголчуудын сул доройг хүчтэйгээс нь өмөөрөх сэтгэл өрвөлзөөд босоод ирдэг дээ. Үр дүн нь “60 тэрбумын дэргэд 50 сая вонн юу юм бэ” л гэж хариуллаа. М.Энхболд, Х.Баттулга нар С.Ганбаатарыг 10.000-100.000 саналаар орхисон хэдий ч С.Ганбаатарын үүднээс харвал бараг л ялчихлаа. Хамгийн сүүлд Баян- Өлгийгээс ирсэн мэдээ 3-т явсан М.Энхболдыг хоёр луу оруулж ирээгүй бол 10 мянган гишүүнтэй МАН-аас нэр дэвшсэн, олон ч намыг нүд аниулсан “Хиншүү” Ганбаа сонгуулийн үр дүнг үндсээр нь өөрчилж мэдэхээр байлаа. Гэвч энэ бол сонгогчдын С.Ганбаатарт өгч байгаа санал биш, харин хоёр том намаас зугтааж буй санал юм.
АН-ын хувьд анх нэр дэвшигчээ тодруулахаас эхлэн нам дотор бий болсон талцал, сэтгэл гутрал нь сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлсөн бол МАН-ын хувьд өнгөрсөн нэг жил төр барихдаа амжуулсан нураалт, буцаалт нь эсрэг санал болж ирлээ. Хамгийн наад захын жишээ нь сонгуулийн угтаж УИХ-аас томилсон МАН-ын ажлын хэсэг өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар, Монголбанкнаас явуулсан бодит эдийн засгаа дэмжих бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосноор хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл авсан байсан 400 гаруй компанийг хямрал руу түлхэж, ажилгүйчүүдийн эгнээг нэмэв. Зөвхөн МАН-ын эзэмшлийн компаниуд төсвөөс тэтгүүлээд, жижиг аж ахуйнуудаа дампууруулаад эхлэхээр бизнес эрхлэгчид, ажил олгогчид хар аяндаа МАН-аас дөлж байна. Жилийн өмнө сонгуульд орохдоо авсан амлалтаасаа буцаж татвар нэмсэн, хүүхдийн мөнгө танасан гэхчлэн тоочоод байвал дуусахгүй.
Гэр хорооллын барилгажилтыг зогсоож, төсөвлөсөн хөрөнгийг нь эргүүлэн татсан хотын даргын Э.Бат-Үүлийн эсрэг зохион байгуулсан жагсаал цуглаан, хэвлэл мэдээллээр явуулсан дайралт нь эргээд МАН-д өөрт нь гай дагууллаа. Х.Баттулгын М.Энхболдоос тасарсан 110 мянган санал зөвхөн Улаанбаатараас гарсан гээд бод доо.
Архангайгаас УИХ-д сонгогдсон ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын тойрогтоо явуулсан “Эрдэнэт”-ын луйврын талаарх ухуулга бас л нэр дэвшигчээ хорлов. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал хуудуутай боллоо гэж шүүмжилж байсан иргэд хувийн өмчийг хуульгүйгээр хурааж авсан МАН-ын шийдвэрийг жинхэнэ луйвар гэж үзлээ. Тэгээд ч "нэг голын усанд хоёр удаа ордоггүй" гэдэг үгийг Ж.Мөнхбат дарга мартсан бололтой. Уг нь бол М.Энхболд УИХ-ын дарга болонгуутаа 21 аймгийн төлөөллийг Засгийн газартаа барьцаалснаар /Говь-Алтайгаас Ц.Дашдорж, Ховдоос Г.Мөнхбаяр, Сэлэнгээс Ж.Эрдэнбат гэх мэтчилэн/ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ хангачихлаа гэж үзэж байв. Гэвч энэ “хана хэрэм” нь захаасаа нурж эхэллээ л дээ. Одоо тэгээд хэнтэйгээ хариуцлага тооцох вэ, Засгийн газартайгаа юу?
Гэх мэтчилэн Тавантолгой, Төмөр зам, Оюутолгой гэсэн гигант төслүүдээр хийсэн сөрөг сурталчилгаанууд бүгд эзнээ отож, МАН-ын тэргүүн стратегич С.Баяр хүртэл хоёр сонгууль дараалан алдав. Энэ бол сонгуулиас сонгуульд сонгогчид боловсорч, сонгууль өгдөг “технологи” нь шал өөр түвшинд очиж буйн нэг илрэл. Түүнээс биш Монголын толгой дөрвөн баяныг сугандаа хавчуулаад сурталчилгаагаа эхлүүлсэн МАН-ын нэр дэвшигч мөнгөөр дутлаа гэх үү?
Энэ бүх шалтаг шалгаан дээр хамгийн сүүлийн цэгийг хатгасан зүйл бол АН, МАН-ын зүгээс бие биенээ буртагласан хар пиарууд. Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь хождог жамтай.
АН-ын нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан шалтгаан нь хувь хүний харизмаас гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын иргэддээ харуулсан хэтэрхий дээрэнгуй байдал, дур зорго. Үүнийг ямар нэг байдлаар буцааж, эрх мэдлийг тэнцвэржүүлэх хүч нь АН юм гэсэн итгэл үнэмшлээр сонгогчдийн 40 хувь Х.Баттулгыг дэмжлээ. Ер нь бол Х.Баттулгаас өөр эрүүл ухаантай ямар ч хүн нэг сэтгүүлч, нэг бөх хоёрт бүхэл бүтэн намын сонгуулийн компанийг даатгаад өрсөлдөөнд орж зүрхлэхгүй дээ. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн үүрэг, байр суурь гэх мэт зүйл энэ удаагийн сонгуульд ямар ч нөлөөгүй байлаа шүү дээ. Нийтээрээ МАН-ыг дэмжээд нэмрээ өгсөнгүй. Урлагийнханд төлсөн мөнгө ч элсэнд асгасан ус... Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог энэ.
Дахин хэлэхэд ирэх сарын 9-нд хоёр дахь шатны санал хураалт болно. Хэрэв МАХН С.Ганбаатарыг нэр дэвшүүлээгүй бол М.Энхболд эхний санал хураалтаар Х.Баттулгад хэвтээд өгөх байлаа. Нэгэнт анхан шатны санал хураалтын өмнө бие биенийхээ эсрэг бүх сумаа тавьж дууссан нэр дэвшигчид хоёр дахь шат хүртэл хэн нь хэрхэн биеэ авч явахаас олон зүйл шалтгаалах байх. М.Энхболдын өчигдөр хийсэн “Сонгууль шударга бус боллоо” гэдэг мэдэглэл лав илүүдчихлээ. Эрх барьж байгаа нам ийм мэдэгдэл хийдэггүй.
Эдийн засагч
Хулгайч Ерөнхийлөгч Монголын шившиг
Хулгайч Ерөнхийлөгч Монголын шившиг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энхболд.М
Галбадрах
zaluu
зочин
?
Soongo
Чук
Чук
Зочин
СОНГОГЧ
zaluu
zaluu
zaluu
Хотын фракц мөнгө хүчтэй мэдрүүлж чаддаг мафи
Баатар
уншигч
Зочин
тэтгэвэр
би бодохдоо
showman
irgen
bbatzl
h
h
Зочин
Zochin