Дэргэдэх нөхрөө ахиад нэг хар даа. Тэр чиний өчигдрийн, маргаашийн найз. Та хоёрыг юу эвдрэлцүүлэв?

Үнэндээ эвдрэлцээгүй юм, тэгж санагдаж л байгаа юм. Хэсэг зуурын гашуун утаа тархийг чинь хордуулсан. Сонгууль дуусахад л чи сэрчихнэ. Тэр болтол чамайг ээж ааваас заяасан элэг зүрх чинь биш хар хорын муу үгс л удирдаад байгаа нь энэ.

Өшил хонзогнолын хар үүл.

Сонгуулийг нэг их гайхаад байх юм алга л даа. Гэхдээ энэ удаа арай л нэгнээ барьж идэж байна уу даа. Сэтгэл нь хөөрсөн залуус ч өмнөхөөсөө хавьгүй их байна. Түрэмгий байна. Сошиал мэдиаг харахад ална тална гэж шүд зуусан пост, сэтгэгдлүүд дүүрэн язганаж байна.

Нэрмээд хүнийг хог шаар болгож харагдуулахад манлайлан турхирч байгаа сэтгүүлчдийн үгийн хорон, үзгийн урныг гэж. Киночдын ур чадвар ч тасарлаа. Эвлүүлэг, фотошоп, видео монтажыг хутга сүх болтол нь ашиглаж байна. Бид ингэн ингэн сонгуульд автаж зэхий хорон бодол толгойдоо боловсруулж, элгээ тэвэрч хөмхийгөө зуусаар байгаад дүрс хувирч мангас болох вий. Хүнээ байх гэж ярьдаг даа монголчууд. Аав охин хоёр ч гэртээ багтахаа больсон юмуу даа. Алдар хүндийн оргилд гарсан найрагч аав нь нэг дэвшигчийг нь сайшаагаад явж байхад алдар хүндийн оргилд гарсан найрагч охин нь тэр дэвшигчийг нь үгэн сумаараа гамгүй арчиж байгаа харагдах юм. Нэгнээ хэмлэхэд биш хэмлэхгүйд үлгэрлээсэй.

Өнөөдөр сонин уншсан хүн “ийм хүний шаар болсон хүмүүсээр бид яах юм бэ!” гэж уурлахаар байна. Гурван талаас ажиллаж буй хагас галзуу, бүтэн маньяк сошиал дайчдыг нь ялгаж хасч байгаад “Ерөнхийлөгчтэй байх уу, болих уу?” гэсэн санал асуулга тавихад зуун хувь “ээ бүү үзэгд наадахаа хурдан холдуул!” гэхээр байна.

Монголыг ийм л аймар хар үүл нөмрөөд хоёр сарын нүүр үзлээ. Одоо ахиад долоо хоног дутуу. Талууд юу юу зэхсэнийг ёстой чөтгөр бүү мэд. Харна гэхээс нүд халтирч байна. Зүрх үхэж байна. Сонссон чих хууларч, бодсон толгой хагарам юм байгаа даа лав.

Бороо

Өчигдөржин орсон бороо нийслэлчүүдийг тайтгаруулсан болов уу. Цэнгэг агаарыг удтал хүлээсэн хүмүүс цээж дүүрэн амьсгалахдаа уур цухал, омог аагаа хамар амаараа гаргасан байгаасай. Хураар дутдаг, хур хүсдэг хүмүүс бид. Эвгүйтээд ирсэн үйлийн дараа хур буухад монгол хүний сэтгэл цэлмэж, санааныхаа буртгийг угаасан мэт санадаг. Бороо орж байгааг яаран яаран нэгэндээ дуулгадаг улсууд. Бороо гэдэг монгол хүнд сайн мэдээ байдаг юм. Өнөөдөр эргэн тойрон, гудамж талбай тод харагдаж байна. Хурын ус бүгдийг нь угаажээ. Модод ногоон өнгөөр гэрэлтэж байна. Байгаль дэлхийн баясгалан нь тэр.


Өнгөрсөн өдрүүдэд улстөржиж, дэргэдэх нөхөр чинь ч зэвүүн санагдаад уушиг зүрх чинь сагсайсан бол одоо тайвшир найз минь. Чи нэгийг нь дэмжлээ гээд нөгөө нь чиний дайсан биш шүү дээ. Наадахад нь чи талтай байлаа гээд цаадах нь чиний өштөн биш. Бидний дундаас л гурав нь өрсөлдөж байна. Өрсөлдөж байгаагаас биш дайтаагүй. Тэр гурав нэгэндээ ердөө ч өширхөж, зодох юмсан гэж бодоогүй. Бид бүр ч тэгэх учиргүй.

Болох юм болдгоороо л болно. Сонгууль дуусна. Наадам болно. Шинэ ерөнхийлөгч маань наадмаа нээнэ. Тэгээд намар болно. Налгар цаг ирнэ. Унага тамгална. Усны шувууд дуугарнаа. Монгол байдгаараа л байна. Тэнгэр цэнхрээрээ, үүл хөвсгөрөөрөө л байна. Мэндлээд өнгөрдөг танил чинь, хажуугийн дэлгүүрийн худалдагч охин бахь л байдгаараа байж л байна шүү дээ. Ийм л энхжингийн оронсон Монгол.

“Эргээд уулзах нүүртэй бай” гэдэг эрхэм сургааль бол бидний оршихуй. “Айл хүний амь нэг” гэдэг ариун сургааль чинь бидний аж төрөл. “Монгол хүн байна даа” гэдэг чинь Монголын амар амгалан. Амар амгалан гэдэг чинь өөрөө Монгол юм.

Монгол хүмүүс байна даа.

Ерөнхийлөгч гэдэг чинь аав. Аав хүн гэрээ ерөнхийлөн харж, дуугарах газраа дуугарчихаад, талх ногоохны ажилд оролцдоггүй билээ. Гэрийн эзэн гэж хүнтэй уулзахаас биш тэр энэ хөшиг авжуур солино гэж үглэдэггүй. Эхнэр хүүхдүүдээ аятай, эетэй байлгахыг бодохоос, энэ нь илүү тэр нь дутуу гэж ярьдаггүй. Аав гэдэг бол Ноён нуруу юм. Чадал, мэдлэг, суу, хайр нийлээд ноён нурууг бүтээдэг билээ. Улсын нуруу айлын нуруун дээр, айлан нуруу аавын нуруун дээр тогтдог.



Та гурван ахдаа хэльюү, та нар минь ноён нуруугаа л харуул. Битий түүнийгээ хугал. Говь шигээ талбиун ардыгаа битгий хатгаж зовоо. Хангай шигээ амгалан ардыгаа бүү ятгаж тарчлаа. Тэртэй тэргүй түмэн зовлон үүрч яваа тэднийгээ уурлуулж, хуйлруулахаа болий. Агуу түүх шигээ агуу байя, уртын түүх шигээ холч харая.

Сонгуулийн маргааш өлзийгүй юм болох вий. Галзуурсан чоно нохой шиг болчихсон энэ улсуудаа татаж хайрлаач. Сонгогдох л гэж байгаа юм бол сонгох завшаан өгөөч. Биднийгээ зай завсаргүй өдөж догшруулаад удлаа шүү дээ. Хэн хэнийг чинь танилаа чиг, мэдлээ чиг. Улсын тэргүүнд өрсөлдөж байгаа гурван сод хөвгүүн шүү дээ. Харин одоо нэг амсхиймээр байна. Та нар ч бас нэг амьсгаа ав. Монгол хүмүүс байна даа энэ чинь.