Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч 35 хоногийн дараа үүр цүүрээр тодрох нь. Тэр Ерөнхийлөгч нь Монголын нийт ард түмний 50-аас дээш хувийн саналыг авсан байх тул хэчнээн тэнэг муухай нэгэн байв ч хуулиараа хүлээн зөвшөөрөгдөх нэгэн “болох” нь. Учир нь одоогоор тэр “этгээд” лидер болоогүй, болох гэж яваа тул сонгогчид нэр дэвшигч гурвалыг гурвууланг нь лидер болгон хараад байгаа хэрэг.

Эн тэнцүү нөхцлөөр Монгол Улсын гурван иргэний нэг нь Төрийн тэргүүн болох нь. Мэдээж гарааны нөхцөл нь тэгш бус. Нэг нь Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллагын дарга. Их том даргыг их бага магтаж байвал зохилтой. Эсвээс “хүрээний булайг уудлах” тусам улам баларна. Учир нь “тод хүмүүсийн толбо” гэж айхавтар юм бий.

Нөгөө нь сөрөг хүчний төлөөлөл, МоАХ-ын партизануудыг хайрлаж халамжилдаг, бас тодорхой хэмжээнд “хайрцагласан”, түүний сонгогчдод энэ сонгуульд оролцоосой гэсэн хүлээлт байсан нь саяхан. Гэхдээ одоо бол байдал өөр. Тэр нам дотроо “дайсан” олонтой болсон. Тэдэн дунд нь “өрөөлийн бөхийг засахаас татгалзахгүй” хүч бий. Учир нь нам нэгтэйгээ бодож дургүй хүнээ Монгол төрийн дугуйлчихаад, тэр нь “билэг тэмдэг” болоод заларчихлаа гэхэд хувийн бизнес нь хэдэн ч жил эрх баригч намынхны эрхшээлд гацахыг таашгүй. Энэ мессежийг ч “бүрэн зураглал” сануулга болгосон.

Гурав дахь нь С.Ганбаатар. “МАХН-ын” гээд овоглохоор дасал болохгүй байгаа түүний хувьд “онц, ноцтой” өрсөлдөгч биш гэж үзэж буй нь өнөөх хоёр намынхны хувьд алдаа байж мэдэх юм. Магадгүй, МАН, АН-ынхан тус тусын нэр дэвшигчдийг “хамгийн муухай, эсвэл хамгийн сайхан монгол хүн” болж харагдуулах хичээх тэр хоёр туйлын дундуур цойлоод гарч мэдэх л “ард түмний хайртай хүү”.

Тэгэхээр энэ дунд цойлоод байгаа лидер, айлгаад байх өрсөлдөгч байна уу. Тэр нэгэн нэр дэвшигчийн аз, одны л хэрэг болоод явчихлаа. Одоо хамгийн том айлгах хүч нь тэдний “пиарчид” болоод байна. Айж дуусаагүй, анхааруулж амжаагүй байхад л өнөөх “яс, цусны” асуудлыг имижийг нь арай ёжтой болгоод гаргаад ирлээ.

Эргэн дурсваас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшигч байхад нь овгийг нь урвуулж Цинь Хуа ч билүү хятад үг олж шархлуулах гэж оролдсон тун тавилт муутай жүжиг өрсөлдөгчид нь найруулчихаад харж суув. Гэхдээ Ц.Элбэгдоржийн олны хайрыг татах эв, авьяасын хажууд аргагүй жулдсан санаа байлаа. Ижийдээ очоод үнсүүлж, няламсаа унагаад л найруулсан жүжгийг нь няц гишгэн ялсан. Уг нь дээрх жүжгийн “найруулагч, жүжигчид” овоо шагнуулчихаад нисчихсэн сурагтай ч эх орондоо ирэхдээ мэргэжил нэгтнүүдээсээ ичиж зовж л явдаг юм билээ.

Өнөөдөр хүртэл дээрх түүх  давтагдаж нэр дэвшигчийн аавын нэрийг тавьж байгаад баахан хятад аялга дэвсэн, өрсөлдөгч нэр дэвшигч түүх соёлдоо жигтэй хайртай үг урсгавч тун “эвгүй” хүн бололтой. Гуравдагч нэр дэвшигчийн талаар аль болох цөөн үг унагасан нь аль нэг талд ороогүй байхаар харагдах халхавч уу гэлтэй. Гэвч эцсийн бүлэгт Монгол түмний эв нэгдлийн билэг тэмдгийг сонгох нэр дэвшигчдийн тухай бичихдээ тун айхавтар зохиомж хэрэглэжээ гэхэд хатуудахгүй биз ээ. Энд ямар нэг хутга шөвгөөр хочлох, нэр дэвшигчийн эцгийн нэрийг зориуд буруу бичиж хэрэглэх, хамгийн гол нь төрөлх дүр төрх, эзэмшсэн боловсрол, шашин шүтлэг зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг орхин бусад талаар өрсөлдүүлээсэй. Хэн нэгний “хэтэрхий мэргэн” санаагаар хууль зөрчигдөж, хууль зөрчсөн этгээд нисэн оддог явдал улирч сурталчилгаа цэвэр шударга болоосой гэсэндээ үүнийг тэрлэв.

Нэр дэвшигчийн үйлдсэн гэмт үйлдэл нь хууль, шүүх байгууллагын албан ёсны баталгаатай болбоос сонгогчдод төдийгүй Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх нь иргэн бүрийн үүрэг. Харин “энэ нэр дэвшигч айраг ууж чадахгүй юм, монгол биш байх”, “морь унаж байгаад ойччихлоо, ялагдах нь тодорхой” гэх мэт явган пиар хэдийнэ гээгдсэн.

Харин үүний оронд зарим хүний нүдэнд төмөр зам, олонхийн нүдэнд овоолсон шороо болж харагдаад байдаг асуудалд тодорхой хариулт өгөх, ялангуяа нэр дэвшигч Х.Баттулга сэжигтэн татагдсан  тэр хуудас цаас албан баримт бичиг мөн үү, биш бол хэзээ сэжигтнээр татах шийдвэрээ цуцалсныг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй.

Одоо “Арго англи хэлтэй С.Ганбаатар, “ганзагын гадаад хэлтэй Х.Баттулга, дунд сургууль, их сургуулиар заалгасан гадаад хэлтэй гэж маргахаа ч больё. Тэр золигийн намтарт ч юу ч гэж бичсэн хэлмэрч, орчуулагч л ажилладгийг харлаа.  Бас жинхэнэ ба хуурамч диплом, эсвэл огт боловсролгүйн тухай яриагаа орхиё. Гаднынхан шоолно. Хамгийн гол нь Ерөнхийлөгчөө юу хийж суудаг хүн гэж ойлгоод сонгож байгаагаа мэддэг юм шиг байцгаая л даа. Морь, бөх нэр дэвшигчдэд огт саад болохгүй. Нум сум, чавх хавчаахайгүй С.Ганбаатар ч санаа зовох хэрэггүй. Өөрийнхөөрөө л байцгаая. Дэмжиж байгаа нэр дэвшигчээ “сайн дурын пиарчид” л түлхэж унагах аюултайг хангалттай харлаа. Иргэн, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын “хувийн харилцаа, эв нэгдэл”-д саад хийх боломжгүй. Гол нь чин сэтгэлээсээ нэгийг нь дэмжиж байгаа иргэдийг талцуулах нь аюултай. Тиймээс би нэр дэвшигчдээс биш тэдний “пиарчдаас” ичнэ! Бас айна!