Жил бүрийн 5 дугаар сард Дэлхийн II дайн дууссаны ойг тэмдэглэдэг. 5 дугаар сард бас манай улсын түүхтэй холбоотой нэгэн чухал үйл явдал эхэлсэн байдаг. Энэ бол Халх голын байлдаан. 1939 оны 5 дугаар сарын 8-ны шөнө Японы салаа цэрэг манай хилчидтэй тулгарч 3 цэргээ алуулж, 1 цэрэг олзлогдсон юм. 11-ны өдөр 300 морьт цэрэг БНМАУ-ын хилээр 15 километрийн гүнд нэвтрэн орж манай 7 дугаар заставын байрлал руу халдсан боловч нэмэлт хүч ирж тэднийг хөөн гаргасан нь Халх голын байлдааны эхлэл болсон гэж үздэг юм билээ. Эрдэмтэн судлаач Р.Болд энэ байлдааны талаар маш дэлгэрэнгүй “Зарлаагүй дайн” гэдэг томоохон бүтээл гаргасан. Миний бие уг ном гарахын өмнөхөн буюу Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулж “Халх голын байлдаанд оролцсон цэрэг, техникийн тухай” гэсэн нийтлэл нэгэн сэтгүүлд бичиж байсан юм. Сонин байж магадгүй хэмээн түүнийгээ дахин нийтлүүлж байна.


٭  ٭  ٭

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг энэ өдрүүдэд улс орон даяар өргөн тэмдэглэж байна. Миний бие уг байлдаан гарах болсон учир шалтгаан, үр дагаврын талаар бичихийг хичээсэнгүй. Энэ тухай мэргэжлийн түүхчид, судлаачид их бичсэн, цаашид ч бичих байлгүй. Харин уг байлдаанд аль талаас ямар анги нэгтгэл, хэдий хэмжээний зэвсэг техник оролцсон талаар ОХУ-ын болоод бусад орны судлаачдын бүтээлээс түүвэрлэн авч бичихийг оролдов.

Монголын Ардын Хувьсгалт Цэрэг 1939 он гэхэд 4 морьт дивиз, хуягт бригад болон тээврийн, саперын, нисэх хүчний ангиудаас бүрдэж байсан байна.

Бие бүрэлдэхүүний хувьд морьт дивиз нь 2 хороо (2 морьт суман, 1 пулемётын сумантай), их бууны дивизион, хуягт дивизион (хөнгөн болон дунд ангиллын хуягт сумантай), холбооны суман болон дивизийн сургууль, нийт 1531 хүн болон хээрийн 76 мм-ийн 4 их буу, танк эсэргүүцэх 45 мм-ийн 6 их буу, хүнд пулемёт 24, хөнгөн пулемёт 44, винтов 1279, гар буу 180, сэлэм 1060, БА-6, БА-10 хуягт машин 6, ФАИ хөнгөн хуягт 9, ЗИС-5 маркийн ачааны автомашин 18, ГАЗ- АА маркийн ачааны автомашин 4, “Максим” пулемёттай зенитийн төхөөрөмж бүхий ГАЗ-АА маркийн ачааны автомашин 6, ЗИС-5 маркийн ус-тос цэнэглэгч автомашин 1, ЗИС-6 маркийн цистерн 1, эмнэлгийн автобус 2, II АК маркийн радиостанц 1, 5АК радиостанц 1, тачанк 24, сум тээвэрлэх хөсөг 42, хээрийн гал тогоо 17, түүнчлэн 1723 морь, 198 тэмээтэй байх ёстой боловч бэлтгэгдсэн боловсон хүчин, буудлагын зэвсэг, их буу, хуягтын хүрэлцээ муугаас бүх дивиз ийм хэмжээний хангалттай байж чадаагүй байна.

Халхын голд 6 дугаар морьт дивиз 5 дугаар сарын 17-ноос байлдаан дуустал идэвхтэй байлдсан ба байлдааны ажиллагаа өргөжихийн хирээр 8 дугаар морьт дивизийг 6 дугаар сарын 25-нд Матадаас байлдаан болж буй газар руу шилжүүлэн байршуулсан бөгөөд 7 дугаар сарын 3-наас эхлээд бараг бүх тулалдаанд идэвхтэй оролцсон байна. Тамсагбулагийн чиглэлийг хамгаалах зорилгоор 7 дугаар сарын 24-нд 5 дугаар морьт дивизийг Буйр нуурын баруун урд хэсэгт, мөн сарын 26-нд хуягт бригадыг Тамсагбулагаас баруун хойшоо 10-аад километр газарт шилжүүлэн байршуулсан бөгөөд эдгээр анги, нэгтгэлүүд нь байлдааны ажиллагаанд оролцоогүй.

5 дугаар морьт дивизээс 14 дүгээр морьт хороог их бууны батарей, хуягт сумангийн (7 хуягт бүхий) хамт салган Халх голын район руу шилжүүлсэн бөгөөд уг хороо 8 дугаар морьт дивизийн харьяанд 8 дугаар сарын 14-нөөс эхлэн байлдаан дуустал идэвхтэй оролцжээ.

Монголын Ардын Хувьсгалт Цэрэг 1930 онд ЗХУ-аас БА-27 хуягт машин эхлээд 6, дараа нь 2-ыг авснаар өмнө нь байсан ФИАТ, “Остин” маркийн 3 хуягтын хамт анхны хуягт дивизионыг бүрдүүлжээ. Халх голын байлдааны үед зөвхөн 6, 8 дугаар морьт дивиз хуягт дивизионтай байсан бөгөөд тэдгээрийг зөвлөлтийн цэргийн командлалын зүгээс Монголын Ардын Армийн байлдааны хамгийн өндөр чадвартай анги гэж үнэлдэг байсан юм билээ.

Халх голын байлдааны дараахнаас эхлээд 1945 он хүртэл ЗХУ- аас Монголын талд 100 орчим БА-6, БА-10 хуягт машин нийлүүлсэн бөгөөд тэдгээр нь манай армийн зэвсэглэлд 1950-аад оны дунд хүртэл байсан тухай баримт байдаг. 1945 оны Чөлөөлөх дайнд зөвлөлт- монголын морьт механикжуулсан группын бүрэлдэхүүнд 58 хуягт бүхий МАА-ийн 1 дүгээр хуягт бригад идэвхтэй оролцсон түүхтэй.

1931 онд ЗХУ-ын Засгийн газар манайд Р-5 маркийн 3 нисэх онгоц бэлэглэснээр манай цэргийн нисэх хүчин байгуулагдсан гэж үздэг. Зүүн хязгаарт үе үе зэвсэгт мөргөлдөөн гарах болсонтой холбогдуулж Р-5 болон У-2 онгоц бүхий Монголын Ардын Армийн нисэх эскадрилийг 1936 оны 1 дүгээр сард Улаанбаатараас Тамсагбулагийн хээрийн аэродром руу шилжүүлэн нүүлгэсэн байна. Тус аэродром руу Монголд байрлаж байсан Зөвлөлтийн зарим нисэх ангиуд ч бас шилжин байрлажээ. Мөн оны хавар улсын хилийг зөрчсөн японы цэргүүдийг устгахад Монголын нисэгчид идэвхтэй оролцсон байдаг. Тухайлбал 3 дугаар сарын 31-нд дэслэгч Шагдарсүрэнгийн даргалсан нисэх отрядын нисэгч Дэмбэрэл, буудагч Дорж экипажтай “5” гэсэн дугаартай Р-5 онгоц японы 28 хүнтэй ачааны машиныг устгаж, 1 онгоц сөнөөж, 1 онгоц гэмтээсэн боловч харамсалтай нь нисэх отряд 2 онгоцоо алджээ.

1938 оны сүүл гэхэд Монголын нисэх хүчин Р-5 болон Р-5Ш маркийн 39 онгоцтой, 27 монгол нисэгчтэй байсан байна. Халхын голын байлдаан эхлэхэд Японы талаас орчин үеийн сөнөөгч онгоцуудыг олноор хэрэглэх болсноор Монголын нисэх хүчний зэвсэглэлд байсан онгоцуудыг зөвхөн шөнийн бөмбөгдөлтөд ашиглах болсон байна.

Зөвлөлтийн цэрэг. 1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколын дагуу мөн оны зунаас Монголд зөвлөлтийн цэрэг орж иржээ. 1937 оны 9 дүгээр сараас Монголд байрлах зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдийг нэгдсэн удирдлагаар хангахын тулд 57 дугаар онцгой корпус болгож зохион байгуулсан байна. Ингээд 1939 оны эхээр, өөрөөр хэлбэл Халхын голын байлдаан эхлэхийн өмнө тус корпус нь дараах анги нэгтгэлүүдээс бүрдэж байв:

    7 дугаар мотохуягт бригад;
    8 дугаар мотохуягт бригад;
    9 дүгээр мотохуягт бригад;
    11 дүгээр танкийн бригад;
    36 дугаар мото буудлагын дивиз;
    6 дугаар тусгай морьт бригад.

Эдгээр анги, нэгтгэл нь 30 орчим мянган хүн, 200 орчим их буу, 284 танк (БТ-5 танк 219, Т-26 танк 33, БХМ (ХТ-26) танк 18, Т-26 танк чирэгч 6, Т-37 танк чирэгч 8), 5208 ачааны, 193 суудлын, 679 тусгай зориулалтын автомашин, түүнчлэн 631 автоцистерн, 245 засварын зориулалттай машин, 91 трактор, 265 мотоциклтой байжээ.

Мотохуягт бригад хэмээх нэгтгэлүүд Улаан Армийн зөвхөн энэхүү 57 дугаар онцгой корпуст л байсан байна. Бүтэц, бүрэлдэхүүний хувьд бригад бүр автохуягт, буудлага-пулеметын болон тагнуулын батальонууд, холбооны болон байлдааны хангалтын суман, их бууны дивизионоос бүрдэж байсан бөгөөд нийтдээ 1888 хүн, 57 дунд, 25 хөнгөн хуягт, 76 мм-ийн их буу 10, хүнд пулемёт 24, хөнгөн пулемет 92, “Максим” маркийн пулемет бүхий зенитийн төхөөрөмжтэй автомашин 3, 286 автомашин, 8 трактор, 26 мотоциклтой байжээ. Тал хээрийн голдуу асар уудам нутагтай Монгол орны хувьд бүрэн механикжсан эдгээр бригад нь хурдан маневрлахад нэн тохиромжтой байсан юм.

Халхын голын байлдааны явцад уг корпусын үндсэн дээр Армийн 1 дүгээр групп байгуулагдсан бөгөөд түүнд 6 дугаар танкийн бригад (254 танк, 15 хуягт бүхий), буудлагын 57, 82, 152 дугаар дивиз, агаарын десантын 212 дугаар бригад зэрэг олон анги, нэгтгэлүүд нэмэгдэн 8 дугаар сарын 20 буюу шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнө Армийн 1 дүгээр групп нь 52 мянга гаруй хүнтэй, 438 танк, 385 их буутай байжээ.

Нисэх хүчний хувьд гэвэл 57 дугаар корпус нь байлдааны идэвхтэй үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 1939 оны 5 дугаар сарын байдлаар И-16 сөнөөгч онгоц 24, И-15 сөнөөгч онгоц 14, СБ бөмбөгдөгч онгоц 29, Р-5 бөмбөгдөгч онгоц 15-тай байжээ. Янз бүрийн учир шалтгааны улмаас нисэх бүрэлдэхүүний бэлтгэл нэн тааруу байсан тул эхний үедээ зөвлөлтийн нисэгчид ихээхэн хохирол амсчээ. Гэвч байлдааны төгсгөл рүү техник ч шинэчлэгдэж, сайтар бэлтгэгдсэн нисэгчид ч олноор ирэх болсон тул байдал эрс өөрчлөгдсөн байдаг. 8 дугаар сарын 20-ны байдлаар Армийн 1 дүгээр групп И-16 сөнөөгч онгоц 223, И-15 сөнөөгч онгоц 21, И-153 сөнөөгч онгоц 67, түүнчлэн СБ бөмбөгдөгч онгоц 181-тэй байсан байна. Үүн дээр Р-5, У-2 онгоцуудыг нэмээд нийт онгоцны тоо 585 байжээ. Халх голын байлдааны явцад зөвлөлтийн тал 249 онгоцоо алдсан гэсэн тоо байдаг.

Квантуны арми (Манжуурт байрлаж байсан японы цэргийн бүлэглэлийг ийн нэрлэж байжээ). Халх голын байлдаанд японы талаас Квантуны армийн 7, 2 дугаар дивизийн анги, нэгтгэлүүд голлон оролцжээ. 7 дугаар дивиз нь 24 мянган хүнтэй, 102 их буутай, 12 хөнгөн танктай байсан бол 23 дугаар дивиз нь 14 мянган хүн, 60 их буу, 7 хөнгөн танктай байсан байна. Байлдааны явцад Квантуны армийн 1, 2, 4 дүгээр дивизийн болон 1 дүгээр механикжуулсан (танкийн) бригадын зарим анги, нэгтгэлүүд нэмэгдээд 8 дугаар сарын сүүлч гэхэд нийтдээ 75 мянган цэрэг, 135 хээрийн их буу, 142 танк эсэргүүцэх их буу Халх гол орчимд төвлөрөөд байв. Японы талаас Халхын голын байлдаанд нийтдээ 120 танк, хуягт машин оролцсоноос 35 нь тухайн үедээ нилээд боловсронгуйд тооцогддог байсан “Ха-го” гэдэг танк байжээ.

Байлдааны эхэн үед Японы И-97 (КI.27 ч гэж бас бичдэг) сөнөөгч онгоц агаарт ноёлж байсан бол сүүлдээ зөвлөлтийн И-16, И-153 загварын шинэ онгоцууд ирж тэдэнтэй ан мана үздэг болжээ. Шийдвэрлэх тулалдааны өмнө японы тал 400 гаруй онгоцтой байжээ. Байлдааны явцад Японы тал 382 онгоцоо алдсан байна.

Үүнээс гадна Японы талд Манж-Го-гийн армийн зарим анги, нэгтгэлүүд байлдсан гэдгийг дурьдах хэрэгтэй юм. Хятадын цэргүүдээс олзолсон болон японы хоцрогдсон хэмээн зэвсэглэлээс хасагдсан зэр зэвсэг бүхий Манж-Го-гийн армийн морин цэргийн 4, 5, 8, 12 дугаар морин хороод (манайхан заримдаа “баргын морин цэрэг” гэж бичих юм билээ) оролцжээ. Хороо тус бүр 400-500 хүнтэй, 4 их буу бүхий батарейтай байжээ. Гэхдээ тэдний байлдах чадвар туйлын хангалтгүй байсан хэмээн аль аль байлдагч талууд тэмдэглэсэн байдаг.

“Тойм” сэтгүүл, 2014-08-25, №33