Мөнгөн тэмдэгт дээрээ мөнхөрч л байг л даа
Арван жилийн тэртээ би “Бид ингэхэд хэн юм бэ?” гэх нэгэн номоо уншигчдад толилуулсан.
Энэ өгүүллийг бичихдээ бодож бодож зохиолын баатрын талд бичье гэж шийдлээ
Арван жилийн тэртээ би “Бид ингэхэд хэн юм бэ?” гэх нэгэн номоо уншигчдад толилуулсан.
Номын өмнөтгөлд АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны салбарын профессорМ.Стивэн Фишийн өгүүллийн Монголын хэсгээс эшлэсэн:“Төв ба Өвөр Азийн посткоммунист орнууд дотроос Монгол Улсын нэн шинэхэнулс төрийн туршлага, тухайлбал дарангуйллын засаглалыг тойрсон төдийгүй, ардчиллын зүгт бодитой ахин дэвшиж, дарангуйлал руу эргэж халтираагүй, энэ утгаараа ардчиллын үйлсэд олсон харьцангуй амжилт Монгол Улсад бий”. Энэ үгс бол Стивэн Фишийнх. Харин тэр өмнөтгөлд миний өргөсөн үгс дотор: “Ардчиллын ололтууд тасралтгүй 17 жил ямагт прогрессоор яваад ирснийг үгүйсгэх санаа надад ч, Стивэн Фишт ч байхгүй нь мэдээж. Гэтэл Монголын ард түмний олонхи нь ардчиллын үр шимийг аж амьдрал дээрээ үзэхгүй, талаас нь илүү нь хувхайртлаа ядуураад, ядуурах тийшээ яваад байгаа нь юуных вэ?Эрх чөлөө нь аврал биш хараал болсон өнөөгийн Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэл ганц надад бус, сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн сууж байна. Одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд боллоо” гэх сургамж, харуусал цухалзана.
Логикоор ганцхан асуулт л гарч ирнэ: “Ингэж ядуурах хэрэг байсан юм бол ардчиллын хэрэг байна уу?”. Логикоор ганцхан хариулт байна: “Баяжуулж, улсаа хүчирхэгжүүлж чадаж байвал ардчилалгүй байж бас болно”.
Хоёр жилийн өмнө дөө. Сингапурын улс төрч Ли Куан Юг дурсан бичихдээ би: “Тэр хүн (Брежнев) дэлхийн энх тайвны төлөө цуцалтгүй тэмцсэн, АНУ-тай намжмал байдлыг дархалсан, цөмийн зэвсгийг хорогдуулан устгах лут лут гэрээ байгуулсан, коммунист хөдөлгөөнийг бэхжүүлсэн, марксизм-ленинизмийг хөгжүүлсэн зэрэг нь юу ч биш юм байна, бүр юу ч биш юм байна. Дэлхий ч үнэлдэггүй юм байна. Хүн төрөлхтөний ой тойноос энэ үйлс чинь арилж алга болдог юм байна”, “Гадаадад, олон улсад бүү алдарш, бараг гадаад бодлого бүү явуул, ердөө л наад ард түмнээ л хөгжүүлж, босго, зовхийг нь өөд нь тат, монгол ойлголтоор бол ямагт босоо явуул!”, “Чи олон улсад найрамдал нөхөрлөлийн эсрэг байж болно. Зэвсэг хураахын эсрэг зогсож болно. Даян дэлхийд ардчилал хүний эрхийг дээдлэхийн эсрэг байж болно. Олон улсын терроризмыг өөгшүүлэгч байж болохгүй. Тэгээд л боллоо. Бусдаар ард түмэндээ юм хий, ард түмнээ дэлхийд алдаршуул, өөрийгөө бус, ард түмнээ, тэгвэл аяндаа дэлхий ба түүх Таны талд орчихдог юм байна. Үүнийг л Ли Куан Ю харуулчихаад явж одлоо хэмээн бид дүгнэж байна. Үүнийг бид орчин үеийн Монголын улс төрчдөд хандуулан чин сэтгэлэсээ бичиж байна” гэсэн байгаа.
Тэгэхлээр дээрхүүдийн логик хариултын жишээ болгож би Казахстаныг сурталчлах санаатай. Бодож бодож Назарбаевыг мандуулахаар шийдлээ. Тэрээр Ли Куан Югийн шинэ дүрийг Төв Азид өөрөөрөө тодруулчихаж. Дарангуйллаа гэх баримтыг эвлүүлж, монтажилж гаргаж ирэхээс бус, Казахстан нь өнөөгийн Хойд Солонгос шиг дарангуйлаагүй бол бидний нэр хоч өгөх маань ч яамай. Ардчилалтай байна, эрх чөлөөтэй байна гээд бид ядуураад, эдийн засаг нь унаад байвал дарангуйлаад баяжуулсан, хүчирхэгжүүлсэн Казахстанаас дор орсон хэрэг бус уу? Иймд Казахстаны жишээг судлаач хэмээн уриалчихъя.
2017 он Казахстаны хувьд, тэр тусмаа Нурсултан Назарбаевын хувьд залгамжлагчаа эрэлхийлэх, тодруулах жил болно хэмээн судлаачид бичжээ. Тэгэхдээ тэгж тодруулах нь эрсдэлтэй амаргүй зорилт байх болно. Нэгэнтээ өтөл настан, 1991 онд энэ улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 26 жил халаагүй сонгогдсон, эдийн засагт нь хямралын шинж тэмдэг харагдсан, үндэсний мөнгө-тенге үнэгүйдэх хандлагатай, хамгийн гол аюул- исламист үзэл санаа нийгэмд бугшсан, Афганистан, Араб ертөнцөөс лалын экстремизмийн аюул нүүрлэж байгаа гэдгээр 2017 он Төв Ази руу, тэр дундаа хамгийн хүчирхэг улс болох Казахстан руу дэлхийн хэвлэлүүдийг соронздоод байх магадлал өндөр юм.
Ингэхэд Казахстан нь Украин шиг Майданы галд шатаад, Гүрж шиг иргэний дайндаа тулаад, улс орноо хуваалгаад, Молдов шиг нутгийнхаа тал хэсгийг 25 жил алдаад, Киргиз шиг өнгөт хувьсгалын хөлд яагаад чирэгдсэнгүй вэ гэдэгт Назарбаевын ур ухаан, овсгоо самбаа, хосгүй чадвар хэмээн хариулах болчихоод байна. Хэрэв тэрээр анхнаасаа Оросыг дагаж далдганасан бол, эргэж хургаж, хоёр нүүрлэсэн бол Акаев,Бакиев, Янукович наршиг эх орноосоо хөөгдөх байлаа.
Назарбаев бол зөвлөлтийн ба оросын эсрэг үзэлтэн огтоос биш, тэрээр экс-коммунист, харин одоо жинхэнэ реалист бодлоготон, политреализмыг баримтлагч, үндэсний эрх ашгаа ягштал хамгаалагч.
Эх орноо Оросын колони байсан хэмээн ярина. “Хаант Оросын үед газрын хамаг баялгийг маань хамаад аваад явчихдаг, хоосорсон газар тоос шороо л пургиад үлдэнэ. Манай улсад дотооддоо ядаж зам гэж байсангүй. Гэтэл одоо ямар төмөр зам тавьчихаад байна, өмнө нь ийм юм байсан уу, яагаад гэвэл бид колони байсан юм чинь” хэмээн хээв нэг ярина. “Нефть, газ, алт, мөнгө бурханы авралаас манайд байна. Энэ бол бидний баялаг. Энэ бол бидний халаасанд байна, хэн ч түүнийг авч чадахгүй. Бусдад хамаг юмаа өгчихөөд тоос шороо бужигнуулаад үлдэж бид чадахгүй, энэ бол бидний явах зам биш”- түүний цогтой үгс.
Казахстаныг Оростой нийлүүлье хэмээн интернэтээр цуурсан Умард мужийнхаа нэг иргэнд “үндэстэн хооронд яс хаях гэлээ, сепаратизмыг өөгшүүллээ” хэмээн 5 жилийн ял оноосон нь мөн л Назарбаевын дур хүслийн илэрхийлэл. Украины Донбасст Оросын талд байлдахаар сайн дураараа цэрэг болж элсэж явсан хэсэг хасаг, орос иргэдэд тэрээр эрүү үүсгэсэн. Үүнд Орос боож үхсэнгүй.
Нутгийн оросуудад хатуурхах мөртлөө Казахстаныг Оросын чухал, найдвартай түнш хэмээн тунхаглана. Түнш бүү хэл хамтран тэмцэгч, холбоотон гэнэ. Гэтэл Белорусс, Орос хоёр тийм хэмжээнд түншилж чадахгүй, маргаан, тэмцэл, зөрчил байнга дэгдэнэ. Назарбаевыг оросууд ухаалаг захирагч, улс орноо маш эвгүй цүнхэлээс 20 жилийн дотор татаж гаргаж амжилттай хөгжүүлсэн хэмээн хөөргөнө. Цаашаа тогтож байгаасай гэж ерөөнө.
Хэрэв Евразийн интеграц гэж ярих аваас түүний локомотив нь Путин, Назарбаев хоёр зэрэгцээд зогсож байхаар юм. Тэд харилцан хүндэтгэл, харилцан дэмжлэг, найрамдлын бэлгэдэл болно. Орост хэцүү цагт нь цагийг нь олж донжийг нь тааруулж тусламжийн гараа сунгадаг нь Казахстан юм. Орос-Турк хоёр илд зөрүүлээд дипломат харилцаагаа бараг таслан алдаж байхад нь Назарбаев л зуучилж тэр хоёрыг эвлэрүүлсэн. Тэгсэн хэрнээ Эрдогантай үгссэн мэт Оросыг ундууцуулсан мэдэгдэл хааяа хааяа цухалзуулна. Эрдоган Асадыг түлхэн унагах төлөвлөгөөгөө зарлана гэдэг ОХУ-аас Сирид явуулсан нөр их бодлогыг унтрааж байна гэсэн үг. Яг тэр үед нь Назарбаев Хаант Оросын колоничлолын тухай гэнэт ярьж оросуудыг сандаргажээ. Ялгаатай нь Эрдоган дэлхий рүү хандуулж хэнэг ч үгүй ярьсан, Назарбаев дотооддоо хандуулж ярьсан. Эрдоган бүр ч эвгүй үйлдэл хийсэн. Оросын Элчин сайдыг Туркэд хөнөөчихөөд байхад Сирийн Алеппогоос дүрвэж гарсан боевикийн эхнэр охидыг Анкарад хүлээн авч тэвэрч сүйд болсон. Цаад боевик нь Алеппод Асад-Оросын эсрэг дайтсан гавьяатан.
Казахстаны төрт-улсын шинэхэн түүхийг оросууд жишээ болгон их ярьдаг. СССР задран салахад түүний гишүүн холбооны БНУ-уудын нэгэн адил Казахстан өөрийн төрт-улсаа анх удаа байгуулсан. Назарбаевын ачаар тэр үйл явц нь русофоби буюу оросын эсрэг хийрхлийг тойрч гарсан. Балтийн гурван улс, Гүрж, Азербайжан, Молдов улсад русофоби дэвэрсэн ба тэгж дэвэрч тэр нь хэтэрсний гай Украин дээр тун хүнд бууж, бүр газар нутгаасаа тасдуулаад байгааг бид харж байна.
CCCP тарсны дараа ОХУ нь түүний цорын ганц залгамжлагч болж, холбооны бусад 14 улс нь Оросоо тойрч нягтраад, Оросгүйгээр хаашаа ч гарцгүй, Орос л ганцаараа татан дагуулагч, хүчний төв, Орос л ганцаараа хур туршлагатай, Орос л улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, үзэл суртал, хэл зэрэг олон үзүүлэлтээр бусад 14 БНУ-аа холбоод байхаар төсөөлөгдөж байсан бол тийм биш ээ, тэгж хөгждөггүй юм аа гэдгийг Назарбаевын өнгөн дээр Казахстан нотлоод тавьчих ваа.
Хэрхэн нотлов гэдэгт ганц хоёрхон хариулт хэлэхэд л хангалттай. Нурсултан Назарбаев төр тэргүүлмэгцээ л “Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр” хэмээх уриа дэвшүүлсэн. “Ардчилал”, “хүний эрх” гэж их уриалсан бол 140 үндэстэн ястан аж төрдөг, хасаг нь олонхи болж чадаагүй байсан тэр улс өнгөрөх байлаа. Эдийн засгийн хөгжилд нь энэ уриа эгнэгт хадаастай гэмээр болжээ. Нефть, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ баялаг болгон экспортод гаргаж санхүүгийн эх үүсвэр хуримтлуулж чаджээ. Түүнийгээ Үндэсний фонддоо төвлөрүүлж, энэ сангийн хөрөнгө одоогийн байдлаар 100 тэрбум ам.доллар хүрчээ. Ингээд том хохирол амсахгүйгээр дэлхийн хямралуудыг харьцангуй гайгүй даван туулж иржээ. Тэрхүү үндэсний фонд нь 1990-ээд оны дараахан ашигт малтмал, түүхий эд нэлээд үнэтэй байх үед буй болсон ба 1997-1999 оны хямралын үед энэ фондын тодорхой хэсгийг орон сууц, газар тариалан, газар тарилангийн салбарын бүтцийг өөрчлөх, аж үйлдвэржүүлэлт, шинэ ажлын байр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжлийн салбаруудад зарцуулж чадсан хур туршлагаас Монгол маань суралцмаар. Фондоосоо мөнгө гаргаж жил бүр цалин, тэтгэвэр нэмэгдүүлж, хямралын эсрэг бодлого хэрэгжүүлсэн хур туршлагыг нь би хэлж байна. 2007-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хасагууд мааньхэдийнээ туршлагатай болчихсон, тиймдээ ч хямралаас гарах шинэ шатны бодлого, программ хэрэгжүүлсэн, одоо ч тэгж байгаа чинь туршлага биш гэж үү?
Одоо тэр улс ашигт малтмалаас үл хамаарсан нанотехнологи, шинэ эрчим хүчний технологи, эдийн засгийн солонгорсон салбаруудтай болжээ. Назарбаевын мэргэн ухаан, хатуу шаардлагын дагуу Казахстан нь өрсөлдөх чадвараараа дэлхийн 189 улсаас 42-т бичигдэж байна. 2015 оны бизнес үнэлгээгээр 148 орны эхний 50 өндөр хөгжилтэй орны тоонд орж энэ улс бүртгэгджээ. Ядуурлын түвшин 1991 онд 47 хувьтай байсан бол одоо 2.5 хувь болж буурлаа. Тусгаар тогтнолоо олсон эхний жилд нэг хүнд ногдох ДНБ 300 ам.доллар байсан бол одоо энэ тоо 14 500 ам.доллар болж өсчээ.
Бас нэг туршлага. Гуравхан жилийн дотор нийслэлээ бүсийн жижиг төв байсан Астана руу бүрмөсөн шилжүүлсэн. Астанад тэр үед 300 мянган хүн амьдарч байсан болодоо нэг саяас илүү хүн амьдарч байна. Астана нь ойролцоогоор 800 мянган гектар газар нутагтай, экологийн цэвэр хот. Нийт ДНБ-ий 10 хувь нь нийслэлд ногдож байна. Дөрвөн уулын дунд утааны хорт угаарт хахаж цацан хордож, зам нь ямагт түгжирч, экологи нь бүрэн сүйрсэн Улаанбаатарчуудад Назарбаевын энэ туршлага хэрэг болох нь гарцаагүй.
Улс орноо харанхуй ангал, тодорхойгүй бүдэг манан дундаас татаж гараад хөгжүүлчихсэн Назарбаевыг дарангуйлагчаар нь дуудаж цоллох саваагүй нохой саранд хуцахтай адил бус уу? Тэр утгаар эдүгээ Назарбаевыг Казахстаны төрийн толгойд байгаасай гэх хүсэл шунал дэлхийн улс орнуудад түгээмэл дуулдах авай.
Олон улсын харилцаа, Монголын гадаад
бодлогын чиглэлээр мэргэжиж мэргэшиж байгаа залуустаа энэхүү цувралын №
9-ийг санал болгож байна. Гадаад харилцааны төв архивын Ж.Батчимэгтэй
холбогдож (262034, 99716761) очиж авна уу.