Удтал нам гүм байсан Х.Баттулгатай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш, олимпоос хойш хэвлэл мэдээллээр тодорхой тоймтой юу ч ярьсангүй. Харин хөндлөнгийн олон эх сурвалж түүнийг шүүж, шүүмжилж, дүгнэж цэгнэсээр удлаа.
 


-Та 2016 оны Риогийн Олимпоос хойш чимээгүй байлаа. Олон үйл явдал болж өнгөрлөө. Гэтэл та таг чиг. Олон нийт таныг үгүйлж, бас гайхаж байна. Монголын жүдочид нилээд хэдэн медаль авчих байх гэсэн хүлээлт монголчууд бидэнд байсан. Хараад байхад илүү атлаа л ялагдаад байсан?

- За даа, ер нь спортод бэлтгэл сургуулилт, тамирчны хувийн өгөгдөл энэ тэрээс гадна аз хийморь, ёндоогоор шийдэгдэх мөч түгээмэл байдаг  юм.  Морь, бөх бол дандаа ёндоогоор л явдаг. Тэр өдрийн тэнгэр мэдэх л хэрэг зөндөө. 2008 оны Бээжингийн, 2012 оны Лондонгийн олимпоор гэхэд медалийн төлөө барилдах тамирчдаа тулаанд гарахынх нь өмнө дотно ярилцах, хурцлах, аз хийморийг нь дуудах, сэрээдэг байсан. Бээжинд Н.Түвшинбаяртай -100 кг-д, Лондонд С.Ням-очиртой 73 кг-д шийдвэрлэх тулааны өмнө нүүр тулан ярилцаж хувь хүний шинж чанар, онцлогт тохирсон хатгаас, сэтгэлийн дэм өгч байсан. 2016 оны олимпын үеэр бүгд нэг л хачин, сэтгэл зүйн дарамттай, хийморь золбоо муутайхан байсан. Олимпийн өмнөхөн намайг шоронд хийх гэж Монгол төрийн маань цагдаа нь улайрч дайраад, оффисийг сүр бадрааж бүслээд, сонин хэвлэлээр тасралтгүй гүтгээд, балбаад байхаар миний болон жүдочдын сэтгэл санаа яаж өөдтэй байх вэ дээ. Намайг гэмт хэрэгтэн гэж харуулахаар дайрч, түүндээ жүдогийн тамирчдыг давхар ялласан нь сэтгэл зүйд нь маш сөрөг нөлөөлсөн. Бад орсон гэж ярьдаг даа манайхан… Чи боддоо, наадмын өмнөх өдөр барилдах бөх, уралдах мориныхоо толгой руу нь ташуурдаад цохиод байвал яах вэ? Манай жүдочид чадвараар хэнээс ч дутахгүй дэлхийн тамирчид. Дэлхий даяараа айж байсан. Би барилдаан болгоны өмнө медаль авах тамирчидтайгаа хоёулхнаа нүд нүдээ хараад ярьдаг. Би хүүхдүүдээ эцэг эхээс нь илүү мэднэ. Сумъяатай ингэж ярина, тэрэнтэй ингэж ярина гээд тус тусад нь төлөвлөсөн байсан. 

-Сонирхолтой санагдчихлаа. Та тэгвэл Түвшинбаяр аваргад, Ням-Очир гавьяатад олимпын медалийн өмнө юу хэлсэн юм бэ?

-Лондонгийн олимпод Ням-Очирыг медалийн төлөө барилдахад миний хэлж байсан үг байдаг. “Чи наад нөхрөө хар. /Голландын тамирчин Декс Эльмонт байсан/ Одоо ялахгүй бол чиний үеэл ах Нямхүүг 81 кг-ийн жинд наадахын чинь төрсөн ах Гийом Эльмонт Бээжингийн олимпод эхний тойрогт торгуулиар шүүгчтэй нийлж ялаад Нямхүү медаль авч чадаагүй шүү. 2010 оны Токиогийн ДАШТ-д чамайг сайн байхад дэлхийн аварга болчихож магадгүй үед чиний гарыг хугалсан “хар нөхөр” наадах чинь шүү. Энэ “харуудад” чи удмаараа /аавынх нэрийг хэлээд/ дарамтлуулсаар дуусах уу” гэж  хүрэл медалийн төлөө гарч барилдахад нь хэлсэн.  Ням-Очир энүүгээр цэнэглэгдэж барилдсан. Түвшинбаяр аваргад “Чи насаараа айлын өрөөнд амьдрах юм уу? Таван минутаар тав барилдана. Хорин таван минутад  чи бүх амьдралаа өөрчилнө” гэж хэлэх жижүүрийн үгсээс хамаагүй өөр шүү. Тэгэхэд өнгөрсөн оны олимпын үеэр  надад тэгж ярих сэтгэлийн урам зориг, тэнхээ  үнэндээ байгаагүй. “Би Монголынхоо  төлөө зүтгээд байхад Монголын төр намайг ингэх ч гэж дээ” гэсэн бодол салахгүй байсан. Тамирчдаа битгий хэл өөрийгөө сэргээх сэтгэлийн гал алга болсон үе таарсан. “Сайн барилдаарай” гэхээс хэтрээгүй. “Жижүүрийн үг”. “Жижүүрийн үгнээс илүү хүнтэй нүд нүдээ хараад бодож явдаг асуудлыг нь сэргээгээд ярихад өөр байдаг. Олимпод оролцохоор эх орнынхоо төлөө явах гэж байж прокуророос хилийн хориг түр цуцлах зөвшөөрөл авч байж явж байгаа юм даа, хулгайч шиг.

-Тэгээд та 2016 оны олимпоор юу ч хийж чадаагүй юм уу?

Хамгийн ойрын хүн нь би хүч өгч, тамирчдадаа сэтгэлд нь гал асааж чадахгүй болчихоор аргаа барахдаа дотно хүмүүсийнх нь зардлыг хувиасаа гаргаад хамт явуулсан. 57 кг-ын жингийн Сумьяагийн  найз залуу, 66 кг-ын Төмөрхүлэгийн ээж, 48 кг-ын Урнаагийн нөхөр гэх мэт медаль авах боломжтой тамирчдынхаа хувьд надад үүнээс өөр хийж чадах юм байгаагүй.  Гэхдээ ч манай тамирчид бас ч хийморьтой медалийн буухиаг тасалсангүй. Сумъяа маань алтын дайтай мөнгөн медаль авсан шүү дээ. Яаж луйвардуулсныг бүгд харсан болохоор би нуршаад яахав. Н.Түвшинбаярын ялагдал шүүгчийн буруугаас болсон гэдгийг бүр сүүлд л тогтоолоо. Пара жүдоч Болормаагийн Ууганхүү 60 кг-ын жинд олимпоос анхны хүрэл медаль авлаа. Манай Х.Цагаанбаатар Монголын пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм. Анхны медалиа авчихлаа. Паралимпээс пауэрлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ байна. Пауэрлифтингийн спортыг монголд хөгжүүлж, дэлгэрүүлэхэд би анхнаас нь оролцсон, холбооных нь анхны Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч нь юм. Одоо ч бид хамт бэлтгэл хийдэг.  Мөн 48кг-ийн жинд Риогоос хүрэл медаль авсан Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдсан хэдий ч манайд л бэлтгэл хийдэг, манай л хүн. Одоо ч бэлтгэлээ хамт хийж байна. Надтай хамааралтай 4 медаль авсан байгаа биз.

- Та хэдэн жил Жүдогийн холбоог удирдаад хэдий хэмжээний мөнгө зарцуулав?

- 2006 оноос хойш гэдэг чинь... 11 жил болж байгаа юм байна. Энэ хооронд  20 гаруй тэрбум төгрөг хувь эзэмшдэг компаниудаасаа авч зарцуулсан.  

- Энэ хэнд хэрэгтэй юм. Танд буцаад нэг ч төгрөгийн ашиг өгөхгүй биз дээ?

- Мөнгөн ашиг мэдээж байхгүй. Цэвэр зардал. Жүдочид маань мөнгөнөөс үнэтэй эрх ашиг - тусгаар Монгол Улсын нэрийг дэлхийд зарлаж, соёмбот тугаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж байгаа нь л бидэнд сайхан даа. Жүдочдоос өөр ямар хүмүүс ингэж чадаж байгаа юм бэ. Сая олимпын дараа би ажлаа өгөх гэсэн жүдочид маань Жүдогийн холбооны Ерөнхийлөгчөөр улираан сонгосон.

- Тан руу том том мөнгөний тоо дурдаад л баахан дайрсан. Тэр хэргүүд юу болж байдаг юм бол?

- Цэвэр гүтгэлэг юм чинь юу болж дуусах нь тодорхой биз дээ. Намайг өнгөрсөн хугацаанд ганцхан удаа 30 минут орчим байцаасан. Сайд байхдаа хийж байсан хамаг хөгжлийн хөтөлбөр, төслүүдийн ТЭЗҮ, бодлогын бичиг баримтуудыг яамдуудаас учир битүүлэг байдлаар хураагаад авчихсан. Хөгжлийн хөтөлбөр дотроос хэрэгт унагачих юм юу олдох вэ дээ? Үнэндээ бол би төрийн том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах зардлыг хувиасаа гаргаад явж байсан, 20-иод тэрбумыг гаргасан нь харин энэ хэрэг явдлаар тодорхой болсон ш дээ. Байцаагч нар нь харин учиртай, юм ойлгодог хүмүүс шиг санагдсан шүү. Яг үнэндээ бол намайг хэрэгтэн болгох гэсэн явуулгын цаана Чингис гэдэг цагдаагийн дарга л байсан юм билээ. Тэр дарга урд хөршөөс ашиг орлогын хамааралтай бизнес бүлэглэлийн нөлөөнд орсон. Тэгээд тэдний даалгавраар, тэдний ашиг орлогод саад учруулсан хүмүүсийг онилж, УИХ-д оруулахгүй байх зохион байгуулалттай ажил хийсэн юм билээ. Энэ их ноцтой асуудал шүү. Дээшээ болохоор худлаа хэрэг зохио