Нэг. Хогийн ургамал

Монголд сайхан дуулбал сонгодог хууль төрдөг. Уянгалаг хоолойноос төрсөн ухаалаг хууль, сайн барилдвал, зүйл заалтууд нь нэг бүрчлэн хэрэгжинэ. Бөө удган айж цочирдом цамнавал Австралд үер бууж, Хятадын импорт тэнгэрт хадаж, Монголын эдийн засаг 17 хувь өсдөг номтой. Сонгуулиуд манай хөгжил дуучин, бөх, бөө удгандаа оршдогийг нотлов.

Төсвийн алдагдал гэж нэг мангас биднийг хоосолж байна. ОУВС-гаас зээлэх 420 сая долларын ихэнхээр төсвийн алдагдлаа нөхөх гэнэ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас асар их тусламж авч төсвийн алдагдлаа нөхөх гэнэ. Японы 850 сая ам. долларын нэн хөнгөлттэй зээлийн дийлэнхээр бас л төсвийн алдагдлаа нөхнө. Нөхөөд нөхөөд нөгддөггүй яасан төсвийн алдагдал бэ. Нэг үгээр 5,3 тэрбум ам. долларын зээлээр төсвийн алдагдлаа нөхөөд бүтээн байгуулалтад ердөө 1,5 тэрбум нь дөнгөж үлджээ. Гэтэл бүтээн байгуулалтын гэх 1,5 –аас эрх баригчид хэдийг халааслах бол. Төсвийн алдагдал гэгч ханаж цаддаггүй мангас нь юу юм бэ гэвэл, дарга нарын армийн зардал ажээ. Төсвийн алдагдал гэхгүй, дарга нарын зардал гэвэл харанхуй маниуст бодит үнэн илэрч, эрх баригчдын мөрөөдөл нурах эрсдэлтэй. Авсан их зээл төсвийн алдагдал буюу дарга нарын армийн зардалд үрэгдээд баялаг бүтээж, зоос олох яриа чимээ тасрав.

Улс даяараа эрвийх дэрвийхээрээ цуглуулсан мөнгөнийхөө 60 гаруй хувийг дарга нарын армид залгиулдаг. Төсвийн алдагдал гэж үглээд буй нь ердөө энэ зардал. “Дарга нарын хоол” гэвэл хэн ч дургүйцнэ. “Төсвийн алдагдал” гэж эерэгшүүлснээр тэнэг маниус мангартаад татвараа нэмэхийг зөвшөөрчээ. Тариан талбайд устгаад байхад дийлдэхгүй ургадаг хогийн ургамлууд байдаг. Шатаасан ч зулгаасан ч хэд хоногийн дараа тариан дунд багсайтал соёолчихсон үзэгдэнэ. Хор цацвал хогийн ургамал тэсвэрлээд, тийхнээрээ үлдэх бөгөөд харин тариа хордож үхдэг. Хогийн ургамлууд үр тариа, төмс, хүнсний ногооны хоолыг хөрснөөс булааж шимэхдээ гаажтай. Илүү орон тоо төсвийг янз бүрийн башир заль мэхээр ховдоглон сордог. 

Төр засгийн хогийн ургамал бол дарга нарын арми. Дарга нарын армийг цөөлөх гэж хоёр нийгэм бишгүй оролдсон. Чадаагүй. Доод талаас нь хэдийг аль ч нийгэм үе үе хорогдуулдаг л юм. Нэг мэдэхнээ ямар ч үүрэггүй шахам сул орон тоо гаргаад бөөнөөрөө заларчихсан сууна. Хогийн ургамлын үр хоронд хордохгүй, галд шатахгүй тэсвэртэйн адил дарга нарын тавиулууд галзуу дархлаатай. Тэд эрх баригчдын үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хэтэвч нэгтэн байдаг тул ямар ч аудит, сөрөг хүчин, АТГ, жагсаал цуглаан, суулт өлсгөлөнд цочихгүй. Тариан талбайг хогийн ургамлын үртэсгүй болтол цэвэрлэхэд, хамхуул мэтийн хогийн ургамал салхинд хөөгдөн дэгдэж ирээд үрээ боловсруулсан талбайд цацчихдаг. Дарга нарын армид үрээ цацагчид нь намуудын удирдлага. Цацсан үрээ буюу авилгажсан хүнд суртлын нүсэр бүтцээ цомхотгож зүрхлэхгүй 7 татварын нэмэгдлийг ядуу иргэдийнхээ нуруунд ачиж буйг хар. Төсвийн алдагдал гэдэг Монголын хүч тэнхээ, оюун ухаанд давагдашгүй түйтгэр бус ердөө хоёр нийгмийг дамнан жанжилсан дарга сэтгэхүйн эзэрхийлэл гээд ойлгочиход нэг их хазайхгүй.
                             
Хоёр. Хүүхдүүд минь гол буруутан биш  

Ер нь яагаад монголчууд даргад тэмүүлдэг юм бэ. Яагаад манайд төр нь данхайдаг юм бэ? Одоогийн хэлээр хувийн бизнес, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг өндөр татвар, авилга, хүнд суртал, танил талаар хавчаад, төрийн албан хаагч буюу дарга нарын цалинг нэмж, хүүхдийг нь үнэгүй сургаж, орон сууцжуулж, даргад хорхойсдог монгол архаг хуучийг сэдрээж орхисон юм. Даргаас давах ашигтай бизнесгүй маний үеийн ялзрал ийнхүү эргээд ирсэн билээ. Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд баялаг бүтээх хүсэл, уран санаатайгаа хамт уугьж эхэлмэгц, тэнэг намууд түүн рүү нь ус асгаж унтраагаад, даргын бизнесийг асаачихсан. Ингэсэн нөхцөлд яс, мах, цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй яахав. Зовлогоо чилээж баялаг бүтээх хүсэлгүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь төр нь данхайхгүй яахав. Ингээд баялаг бүтээгч бизнесменгүй, нил төрийн албан хаагчдын Монгол улс болжээ. Мөнгө идэхэд гайхалтай сайхан боломж олгодог дархлаатай сэнтий, боловсрол чадвартай цэцэг цэврүү шиг залуусыг даллан дуудаж хордуулав.

Хоёр нийгэмд ялзарсан сэнтийнээс төсөв идэгч дарга нарыг хуу тат. Тэгээд хувиараа баялаг бүтээх орон зайг, хууль эрхийн таатай орчноор хангаж, төрийн оролцоог хувийн хэвшлээс хөөн зайлуул. Дарга нарын арми дотор ухаантай авъяастай боловсролтой, амархан баяжих чадвар бүхий шилдэг сэхээтэн олон бий. Даргамсаг ихэмсэг бүдүүлэг араншин нь ялдамхан ажил хэрэгч бизнесменд дорхноо хувирна. Тэдний овсгоо нийгмийн баялаг түвэггүй болно. Тэд авилгачийн замаас гарч ард түмэндээ баялаг бүтээгч буянтанд хувираг. Тэд тэгж элбэг чадна. Даргын зам хөөснөөс бизнес хөөсөн нь таатай агаад ашиг орлого нь эрс илүү тийм орчин Монголд цэцэглээсэй. Дарга нарын арми баялаг бүтээгч баячуудын арми болон хувирахыг үзэх юмсан. Даргад тэмүүлэгч үр хүүхэд минь гол буруутан биш. Гол буруутан нь эрх дарх, тусгай хангамжаар хоёр нийгэм дамнан, үр удмаараа, олноос онцгой тансагласан “дарангуйлагч зуршил” юм. Дарга нарын далд хүсэл жирийн иргэдтэйгээ ижилхэн амьдрахыг тэвчдэггүй. Заавал бусдын дээр амьдарч кайф авдгаа үр хүүхэддээ бүү өвлүүлээч. 7 татвар нэмж ядууст үүрүүлснээс бус, өөрсдийнхөө хүмүүсийг цомхотгож чадаагүй нь ийм учиртай бөлгөө.


                                                                                                          2017-04-24