Ардчилсан дарангуйлал тогтсон нь
Ардчилсан дарангуйлал (демократура) бол ардчилал (демократия) ба дарангуйллын (диктатура) гол шинжүүдийг хослуулсан, хүн амын дийлэнхи, эсвэл ихэнхийн ашиг сонирхлыг ямар ч шийтгэлгүйгээр зөрчиж, эс бөгөөс үл ойшоох боломжийг олгодог төрийн байгууллын нэг хэлбэр ажээ.
Ардчилсан дарангуйлал (демократура) бол ардчилал (демократия) ба дарангуйллын (диктатура) гол шинжүүдийг хослуулсан, хүн амын дийлэнхи, эсвэл ихэнхийн ашиг сонирхлыг ямар ч шийтгэлгүйгээр зөрчиж, эс бөгөөс үл ойшоох боломжийг олгодог төрийн байгууллын нэг хэлбэр ажээ.
Ийм төртэй ихэнхи оронд үндсэн хууль, парламент, албан ёсны хараат бус шүүх засаглал, тогтмол явагддаг сонгууль, чөлөөтэй цугларах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэх мэт ардчиллын “тавилгууд” харахад иж бүрэн байдаг. Гэвч бодит байдал дээр тэдгээрийг посткоммунист элитүүд эрх ямбаа хадгалан үлдэхийн тулд ард олныг залилан мэхлэхэд овжин ашигладаг аж.
Ардчилсан дарангуйлалтай зарим улсад сонгогчдын саналыг худалдан авах, сонгуулийн үр дүнг өөрчлөн гаргах, төрийн хүчний машиныг аль нэг аятайхан шалтгаар улс төрийн өөр үзэл бодолтонуудыг нухчин дарахад хэрэглэдэг.
Английн судлаач Нил Ашерсоны хэлснээр демократур удирдлагын “гол зорилго бол төрийн эрх мэдлийг өөрсдийнхөө дээрмийн бүлэглэлд хадгалж үлдээх, улс төрийн тодорхой арга хэмжээнүүд нь болхи, харгис хэлбэртэй ч хүн амынхаа хүсэлт, шахалтын дагуу явуулж байгаа гэж ард түмэндээ болон гадаад ертөнцөд ойлгуулахыг зорьдог”.
Монгол улсад яг энэ демократур (ардчилсан дарангуйлал) ямар хурдтэй хөгжиж байгаа нь улс төрийн боловсролгүй хүнд ч тодорхой харагдах боллоо.
Чадмаг хувирч дадсан ардчиллын дүр
Ардчилсан дарангуйллыг мөн удирдлагатай ардчилал ч гэдэг. Монголд сүүлийн 20-иод жилд төр засгийн эрхийг ээлжлэн буюу эвсэн барьж ирсэн МАНАН ардчиллыг удирдсаар эдүгээ “демократур”-д хүргээд байна. Энэ намууд Монголын ард түмний өмнө ардчилагчийн дүр эсгэн хууран мэхэлж, авч болох бүх хөрөнгө, баялгийг нь ил далд сорон авдаг болсон.
Монголын төрийг эдүгээ МАН болон АН-ын цөөн хэдэн удирдлагууд (партократууд) хувааж эзлээд, үе дамжин захирч байна. Энэ хоёр намын удирдлагад нэгдэх, сүүдэрт нь багтахын төлөө Монголчууд гэр бүл дотроо хүртэл талцан тэмцэх болжээ. Монголын томоохон компаниуд хаширлан болгоомжлон, хоёр намыг зэрэг дэмжиж, тус тусад нь мөнгө хандивлаж байна.
Дарангуйллын, эсвэл дарангуйлагчийн дэглэмээс ялгаатай нь Монголын демократур-улстөрчид өөрсдийгөө ардчилсан гэж нэрлэж, үндсэн хууль, цэц, сонгууль, их хурал, түүний доторхи эвсэл ба сөрөг хүчин, үг хэлэх эрх чөлөө зэрэг ардчиллын албан ёсны гадаад хэлбэр, дүр төрхийг хадгалах, хамгаалахыг угтаа эрмэлзэж ирлээ.
Манай демократур-улстөрчид ардчилал, сайн засаглал, авлигын эсрэг уран цэцэн үгсийг яруу урсгаж, ардчилсан орнуудыг нэгтгэсэн олон улсын боломжит бүх байгууллагад элсэн орохыг тэмүүлсээр ирлээ. Ардчиллын тухай олон улсын уран илтгэгчдийн тэмцээн уралдаан болдог бол Монголын төрөөс олон хүн тэргүүн байрын шагналд нэр дэвших биз ээ.
Жинхэнэ дарангуйлал хараахан болчихоогүй байгаа учир манай төр засгийн эрх баригч-партократууд нийгмийн аль нэг анги давхарга, улс төрийн нам болон байгууллагын эсрэг биш, зөвхөн тодорхой хувь хүн, компанийг онцлон дарамталж, үлдсэнийг нь айлгадаг болжээ.
Улс орны өнөөгийн бодит байдал
Улсыг шинэчлэх ажлыг ихээхэн түвэг, бэрхшээл дагадаг. Үндсэн хуулиа шинэчлэх, хувьчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрх чөлөөтэй болгох гэх зэрэг ажлууд нь эдийн засгийн хагас замбараагүй нөхцөлд, төсөв санхүүгийн сахилга бат алдагдсан, хяналтгүй болсон мөнгөний уналт ба ажилгүйдэл, шинэ капиталистуудын совдоглол (паразитизм), дэглэм болон сөрөг хүчний харилцан буулт хийхгүй өрсөлдөөн дунд өрнөж байна.
Хөдөлмөрийн бүтээмж сул, авлигажсан төрийн түшмэд зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж, бидний биш, улс орныхыг ч биш, зөвхөн өөрийнхөө асуудлыг шийдэж байна. МАНАН-гаас төрсөн тэрбумтангууд, хувьчлалын эхний үеийнхэн зүүдлээ ч үгүй их хэмжээгээр нийтийн баялгаас хулгайлчихсан учир тэдэнд улс орныг удирдах цаг ч байхгүй, зав ч байхгүй болжээ.
Түшмэд өөрийн эрх мэдлээ, хулгайлсан хөрөнгөө, угтах хариуцлагаа бодохоос ухаан алдатлаа айдаг. Тийм ч учир урьдынхаас том ямар нэг төсөл, арга хэмжээ эхлүүлж өмнөхөө дарж, мартагнуулахыг оролддог. Үр дүнд нь улс төр, эдийн засгийн том шийдвэрүүдийн үр дагавар нь сайн тооцоогүй, төлөвлөгөөгүй явагддаг болж, улмаар эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Нийслэлийн газраар эхэлсэн авлига удалгүй зам тээвэр, газар тариалангаар өргөжсөн. Улмаар уул уурхайн хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгох бизнес хүчээ авч, алтны ченжээр үргэлжилж, тэр нь олон тэрбумын бондын бизнесээр хучигдав. Эдүгээ гадаадаас улам том зээл авч өрийг өрөөр дарах ажил явагдаж байна. Тэгсэн атлаа хажуугаар нь ард иргэдээс авах татваруудаа нэмж хувийн хэвшлийг саан “дэмжиж” байна.
Демократур удирдагчид асар том төслүүд зохиож, олон тэрбум долларын орлого зарлага ярьдаг болсон ч, МАНАН-ын элитүүд унацыг нь хуваалцахаа тохирох мөч хүртэл ямар ч төсөл хөдлөхгүй, гацдаг жишиг нэгэнт тогтчихоод буй.
Ардчилсан дарангуйлал бол, харамсалтай нь, хууль ёсных байдаг. Учир нь демократурчид бүх хууль журмыг өөрсдийн ашиг сонирхолд зохицуулан гаргаж, баталдаг учир олон янзын нугачаа, цоорхойтой хуулиуд гарч, дараа нь тэдгээрийг яаж тойрох арга, замаа тооцдог болжээ.
Ардчилсан дарангуйллын шүүхийн систем нь гажуудсаар нийгэмд бодитой, асар том хохирол учруулсан эдийн засгийн болон удирдлагын гэмт хэргүүдийг батлах боломж багасав. Үр дүнд нь Монголын хууль журам хүн бүрт, компаниудад ижил тэгш үйлчилэхээ больжээ. Авлигын дуулиант хэргүүд ямар ч шийдвэргүй олон жил явсаар өршөөлийн хуулинд хамрагдаад замхардаг жишиг Монголын нийгэмд хэвийн үзэгдэл болов. Төмөр зам, агаарын (МИАТ) болон авто замтай холбоотой бүх гэмт хэрэгтнүүд цагаатгагддаг, эсвэл өршөөгдөөд байна.
Демократурчдын биеэ хамгаалах зэвсэг
Түмэн олны ашиг сонирхолыг үл ойшоохын хэрээр демократур-улстөрчид төрийн хүчний байгууллагууд ба өөрсдийнхөө аюулгүй байдалд онцгой илүү анхаардаг. Хүчний байгууллагуудад ил тод сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хүнийг томилж, эрх ашгаа сахиулан хамгаалуулах, улмаар боломжит бүх өрсөлдөгчөө эхнээс нь хянах, бага багаар зайлуулах, шантаажлан гартаа оруулах нь демократурийн хамгийн эхний ажил байдаг.
УИХ-ын, эсвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох, гадаадад элчин сайдаар суух зэрэг халдашгүй эрх дархтай, тусгай хамгаалттай томилгоо нь ардчилсан дарангуйлагчдын туйлын зорилго болсоор. Тод жишээ нь ерөнхийлөгчийн сэнтийд залрахаар МАНАН-ын олон демократурчид сонгуульд нэрээ дэвшүүлж эхэлжээ.
МАНАН-ын демократур-удирдагчид намдаа авсан хандив, төрийн ба намынхаа албан тушаалыг өндөр үнээр борлуулсны орлого, бусад авлигаар гартаа санхүүгийн, эдийн засгийн хязгааргүй их эрх мэдлийг төвлөрүүлээд байна. Тэд мөнгөний хүчээр, юуны өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эрх мэдэлдээ оруулж, монополчлон захирах боллоо. Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан олон чухал асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, маргаан явуулж байгаа нь харагдаж байгаа ч, ямар нэг бодит үр дүн гардаггүй болов.
Өөр үзэл бодолтой, демократурын ашиг сонирхолд харшилсан хэнд ч гэсэн МҮОНРТ, Монголын хамгийн том сонингууд (Өдрийн сонин, Өнөөдөр, UB Post зэрэг) хэдийнэ хаалттай болжээ. Хаалтын гэрээ хийж, тодорхой асуудал, эсвэл сонгуульд өрсөлдөгчдийн тухай аливаа шүүмж материалыг тодорхой хугацаанд гаргахгүй хав дарж байхаар тохиролцох нь наад захын хэрэг болов.
(үргэлжлэл бий)
Tulga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мандах
Мандах
Мандах
Иргэн
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
ardchilal
Зочин
Хуурамч ардчилал
Зочин
bravo