/өгүүллэг/

Өнөрөөгийн өнцгөөс:

Таня танкны эсрэг л хэцүү, гэхдээ мод болдог танктай хамт явуулчихад алзахгүй, агаараар дайрахгүй тоглож байгаа үед шүү дээ. Айлын хамгаалалтуудыг устгаад үйлдвэрүүдийнх нь дунд ганц Таня оруулчихад тэгээд л дуусаа... Пийсийний газар хоночихоод иртэл ээж загнаад ...Үглэж л байх шиг байсан, би харин ядраад жаахан унтах гээд үзсэн. Хөнжилдөө шургаад хэдхэн минутын дараа “Миний Таняг алчихлаа...” гэж намайг хар дарж орилоход ээж цохиж сэрээж билээ. Хар дарсан зүүднээс сэрээсэн ээждээ баярлаад тэвэрмээр ч юм шиг байвч гэнэт лай санагдаад больчихлоо. Манай ээж үнэхээр соц нийгмийн сэтгэхүйтэй, нэг удаа пийсий ажиллуулдаг Доржоо ахтай хэрэлдээд намайг онигоо болгож билээ. Ээ шившиг шившиг, хүмүүс хүүхдүүдийнхээ өмнөөс уучлал гуйдаг байхад би ээжийнхээ өмнөөс уучлал гуйж ч байх шиг. Өнөөдөр бас л баахан үглэнэ биз. Үглэх нь ч яахав, харин дахиад пийсийнд хонох 1500 төгрөг хаанаас олоё доо байз, ээж .. ингэхэд ээж хааччихав аа. Сайхан бэлэн гоймон идчих юмсан. Өөш надад чинь нээрээ 1500 биш 16500 төгрөг хэрэгтэй шүү дээ, өнөө орой зандангаа тайлна. Зандангаа тайлахаас өмнө нүдэнд “Red Alert – 2”  –ын хайрцагнууд харагдахаа больчихоосой билээ. Ядаж дотор нь юм байдаг бол яая гэхсэн, 16500 төгрөг ч юмуу. Зай байз өөө бодооч бодооч Өнөрөө... 16500 –хан төгрөг...

Ангийн маань багш “Монгол хүмүүжихүйн ухаан” нэртэй мундаг ном хэвлүүлсэн юм. Тэгээд хааяа өөрийн хичээл орох 40 минутанд номоосоо янз бүрийн сургамжит түүх ярьж, ёс суртахууны талаар заадаг. Ухаандаа түүний номыг уншчихсан залуу хүн бол амьдралд хэзээ ч алзахгүй л ажээ. Нээрээ л надад нэг удаа хэрэг болж билээ. Номны агуулгыг мэдэхгүй, лав үнэ нь 18880 төгрөг, их гоё тоо. Би гоё тоонд багш шигээ дуртай. Ээж үглэсээр 20-тын дэвсгэрт түрийвчнээсээ гаргаж өгөв. Мэдээж ээж надад шууд итгэхгүй, багшаас лавлаж утасдсан. Багш уг нь “Ном бичсэн нь үнэн, гэхдээ хүүхдүүдийг заавал ав гэж албадаагүй” гэж үнэнээ хэлсэн юм. Ээж харин надад итгэдэггүй шигээ багшид ч бас итгэдэггүй, нүүрэн дээрээ авахыг албадаагүй хэрнээ цаанаа аваасай гэж хүсч байж ч мэднэ. Ингээд ээж эргэлзээгээ тайлахаар Тайвнаагийн ээжээс лавлаж асуулаа. Үнэндээ Тайвнаагийн хойд ээж. Гэхдээ хааяа Тайвнаагийн жаргалтай, сэтгэл амар байгааг харахаар хойд ээжтэй болмоор санагдаад байдаг юм шүү, нүгэл байгаа. Тайвнаагийн ээж бас жаахан ууртай сууж байгаа гэнэ, гэхдээ багштай нь асуудал үүсгээд яахав, сургуулиа төгсөхийн алдад номынх нь мөнгийг өгөөд явууллаа гэж хэлж. Уг нь ч хэрэгтэй ном юм л даа “Монгол хүмүүжихүйн ухаан” гэдэг манай Өнөрөөд яг л унших ёстой ном байна гэж хэлээд ээжийн санаа нь амарч билээ. Манай ээж Тайвнаагийн ээжийг нийгмийн шилдэг сэхээтний нэг гэж боддог юм. Шулуухан л хэлчихэе, сүүлийн үед Тайвнаагийн ээжид би өөрийнхөө ээжээс илүү хайртай болоод байгаа. Дагавар хүүхэд гээд хамаагүй хатуурхаад байж чаддаггүй, Тайвнаагийн хэлсэн бүгдэд үнэмшдэг, үгүй ядах нь үнэмшсэн дүр үзүүлдэг. Үнэндээ Тайвнаа азаар ганц хоёр олимпиадын медальтай болохоос биш надаас ч илүү пийсий тоглоомын донтон шүү дээ. Хөөрхий хойд ээж нь мэдээгүй яваа даа. Ангийн багш номоо шахсан гэж худал хэлэх санааг Тайвнаа л анх сэдсэн юм. Тайвнаа надаас илүү пийсий тоглоомын донтон гэдгийг ойлгуулахын тулд ганцхан түүх ярьж өгөе.

Сүүлийн үед миний очих дуртай болсон 20 пийсийтэй тоглоомын газар ажиллуулдаг хүнийг Доржоо гэдэг. Дараалал муутай өгүүлбэр болчихлоо. Дар даррааала..л.о.ооо өөө ээрч муураад үг үсгээ андуураад. Доржоо. Нээрээ тэр чинь Доржоо биш шүү дээ. Доржоотой чинь манай ээж хэрэлдээд, тэдний пийсийний газар дахиж очихоо би больчихсон, ээж байнга тэндэхийг нэгждэг болохоор. Одоо миний тоглодог газрыг ажиллуулдаг залууг чинь хэн гэдэг билээ байз... Мэдэхгүй ээ мартчихаж. Мэддэгээр нь Доржоо гэхээс. Бааранд хааяа охинтой танилцахдаа өөрийгөө Доржоо гэж худлаа хэлдэг л байж таараа. Доржоо 30 арай хүрээгүй болов уу. Өтгөн хөмсөг, цагаан царайтай царайлаг залуу. Түүний ажиллуулдаг пийсийний газар нь хуучны угсармал байрны нэг давхарын хоёр өрөөний хоорондох ханыг нурааж нэг том заал болгоод 20 компютер өрж тохижуулсан байр аж. Харин гал тогоонд буйдан, хөргөгч, плитка, ус буцалгач, пээч энэ тэр тавьж амралтын өрөө болгож янзалсан. Хөргөгчинд хүйтэн ундаа, бэлэн гоймон, пирошки, жигнэмэг өрөөстэй. Улсын эдийн засаг хөгжиж хүүхдүүд хэдэн цагаар өлөн хоосон тоглохоо байсан шүү. За тэр хүүхдүүдийн ходоод гэдэс ч яахав, хамгийн гол нь тэр өрөөнд Доржоо зарим шөнө, заримдаа өдөр “Таня чарлуулдаг” юм. Red Alert тоглодог хүмүүс Таня чарлуулна гэж мэднэ дээ. Гэхдээ Доржоо “Таня чарлуулах” гэдгийг арай өөр утгаар хэлдэг, чухам амралтын өрөөндөө бодитоор нь “Таня” чарлуулахаа хэлдэг. Бидэнд гайхуулж яриад байхгүй ч ямартай ч нуух гэж хичээдэггүй. Пийсий тоглож буй хөвгүүд түүнийг амралтын өрөөндөө охин авч орохыг хараад л өнгөрнө. Онцлог нь Доржоо ёстой охин голдоггүй юм. Тарган туранхай, цагаан хар төрөл төрлөөрөө, тэднийг матар гэхээсээ цааргалж Таня гэж хочилно. Чухам Доржоо л “Таня чарлуулах” гэж яриад байхаар нь Red Alert-2 тоглоомд Таня гэдэг эмэгтэй цэрэг чухам яаж чарладаг юм бол гэж сонирхож билээ. Ай Танянууд минь, би та нарт танкныхаа хошууг... Доржоогийн ярьдаг заваан яриануудыг сонсох зугаатай байдаг юм шүү. Өдий болтол зандангаа тайлж чадаагүй нь ангидаа Тайвнаа бид хоёр л байх. Тэгээд “Доржоо ахаа бид хоёр бас Таня чарлуулая, туслаач...” гэхэд мушилзан толгой дохиод 15 цаас атгаад ир гэж билээ. Ингээд л надад зандангаа тайлах 15000 дээр нэмээд хоногоор пийсий авах 1500 төгрөг нийлээд 16500 төгрөг хэрэг болсон юм. Надтай пийсий тоглоомоор ярих юм байхгүй, харин охидын тал дээр жаахан тааруухан. Угаас надыг тоодоггүй. Зандангаа тайлах нь 10 удаа пийсийнд хонохтой тэнцэх хэмжээний зарлага гэж лавтайяа итгээд байна.

Ингээд орой боллоо, Доржоогийн пийсийний газар ч хөвгүүд цугларч байна. Харин Тайвнаа бид хоёр шиг цаанаа нууц санаатай хүн лав байхгүй биз. Тоглоомоосоо илүүтэй Доржоо өнөөдөр ямар охин дагуулж амралтын өрөө үрүү орох бол гэж бодохоор анхаарал төвлөрдөггүй, миний анхны Таня, бодит амьдралын Таня, анх удаа бодитоор нь чарлуулах Таня. Ингэж байтал ч харанхуй болж, Доржоо үнэхээр ч нэг охин дагуулаад хүрээд ирлээ шүү. Араас харахад бие хаа нь дажгүй юм, харин царайг нь харж амжсангүй амралтын өрөө үрүү яваад орчихлоо. Сэтгэл гэгэлзээд болдоггүй. Гэтэл Тайвнаа юу ч болсон шинжгүй байдгаараа гөлийчихсөн урдахаа нүдэж байдаг юм. Ер нь түүнд зандангаа тайлах хүсэл байна уу үгүй юу, 15 мянган төгрөгөө атгаад ирсэнийг харахад байгаа л бололтой. Би гайхаж:
    -Хөөш, чи сая царайг нь харав уу? Би харж амжсангүй гэхэд Тайвнаа
    -Юун царай?
    -Доржоогийн дагуулж ирсэн охины царайг?
    -Анзаарсангүй шд. Нээрээ хүрээд ирсэн юм уу?
    -Тиймээ, сая дагуулж орохдоо Доржоо над уруу ирмэлээ. Бие нь гайгүй юм.
    -Тэгээд бүтэх юм болов уу дөө?...

Би Тайванаагийн эргэж буцсан иймэрхүү үгэнд үнэхээр дургүй. Өөрөө хүнийг уриалчихаад, дараа нь урам хугалаад хаячихдаг юм. Тэр эсвэл гэнэт өөртөө итгэх итгэлээ алдсан юм болов уу? Яг цагаа тулсан чинь чадахгүй бол яана? Эсвэл 15 мянган төгрөгөөр нэг удаа зандангаа тайлсанаас 10 удаа пийсийнд хоносон нь дээр гэж бодоо биз. Тайвнаа өнөөдөр маш сайн буудаж байлаа, надаас ч илүү буудаж байна, эмэгтэй хүнтэй анх учирч эр хүн болно гэдэг чинь амьдралын чухал өдрүүдийн нэг биш билүү уг нь. Сонин гар.

Нэг мэдсэн шөнийн 4 цаг болж байлаа. Тайвнаа бид хоёртой нийлээд тав зургаахан хүн л сэрүүн, тоглож буй харагдав. Угаас пийсийнд хонож буй залуусын ихэнхи нь 4-5 цагийн хооронд дугхийж сэрээд, 5-8 хүртэл үргэлжлүүлээд тоглодог юм. Ганц цаг нойр авахад хачин сайхан амарна гэж ярьдаг ч би хувьдаа шөнө нэг ч унтдаггүй. Тэртээ тэргүй өглөө унтчихаас хойш хайран сайхан тоглох цагаа нойроос болж хумслах нь юутай тэнэг вэ. Пийсийний цагаас хумсалж болохуйц ганцхан зүйл бол зандангаа тайлах явдал. Энэ гайхалтай мөч маань Тайвнаагийн ёрлосоноор бүтэхгүй тийшээгээ явж эхэлсэн юм биш биздээ гэж түгшиж эхэлтэл ашгүй Доржоо амралтын өрөөнөөс цухуйж гараа даллав. Яваад очлоо. "Ийшээ ор, гарч ирэхдээ мөнгөө өгөөрэй" гээд намайг  амралтын өрөөнд оруулаад, өөрөө хаалгыг нь гаднаас нь хааж тамхилж зогсов. Өрөөнд яваад ороход буйдан дээр нэг охин согтоод уначихсан, чармай нүцгэн хэвтэж байлаа, тамхины утаа суунаглаж, хоосолсон архины шил ширээ чимнэ. Анх удаа эмэгтэй хүнийг нүцгэнээр бүтнээр нь харж буй минь энэ. Тийм ч царайлаг биш энэ охиныг хаа нэгтээ харсан юм шиг санагдаад болдогүй. Харин хаана харлаа байз? Камертай утас байсан бол зургийг нь авахсан. Өөрөө дэлгүүрийн худалдагчид хэлэхээс ичээд Тайвнаагаар авахуулсан бэлгэвчээ халааснаасаа гаргаж ирээд... цааш нь нэг их бичмээргүй, гэхдээ надад сайхан байсаан. Жаахан тиймхэн нь Таня чарлуулна гэж төсөөлсөн нь худлаа байлаа. Тасраад уначихсан охин ямар юмаа чарлах билээ дээ, ядаж гинших ч үгүй. Намайг ороод гарсан гэдгийг мэдээ ч үгүй болов уу. Эмэгтэй хүний бие ийм зөөлхөн, бас бүлээхэн сэвсгэр байдаг гэж төсөөлөөгүй явсан. Бас эмэгтэй хүн дээшээ хараад хэвтчихээр хөх нь алга болчихдог гэдгийг анх удаа тэгэхэд л харж билээ. Сайхан муухай нь дүүрчээ дүүрч, ямартай ч албан ёсоор анх удаа эр хүн боллоо. Тэгээд л юу ч болоогүй мэт, нэг их сайхан уужим амьсгаа аваад, өрөөнөөс гарахдаа Доржоод 15 мянгаа өгч, эргээд пийсийгээ нүдэж эхэллээ дээ... Харин Тайвнааг харахад зандан тайлах талаар бодох ч сөхөө алга, урдахь тоглоом уруугаа бүр улайрчихсан байв. Би дэргэд нь очоод:
    -Хөгшин нь эр хүн болчихлоо. Чи орохгүй юм уу?
    -За. Энийг одоохон... өөөө новш.
    -Наадахаа орхиочээ. Өнөө охин нь удахгүй сэргэлээ шд.
    -Тасарчихсан юм уу?
    -Тиймээ. Тасраагүй бол юу гэж бид хоёртой тэгдэг юм.
    -За энэ wins –ийг аваад (хожилыг аваад)... (дуугаа өндөрсгөж) А -аар клаштай гурав орсон шүү... гээд тоглоомдоо улайраад намайг тоох янз алга.

Тайвнаа зандангаа тайлахаас илүү тоглоомд ялахыг илүү хүссэн юмуу даа. Нүд нь улайгаад бүр гөлийчихсөн, юу ч анхаарахгүй, одоохон одоохон гэж тоглоом уруугаа улайрсаар үүр цайлгачихдаг эргүү шаар юм. Нэг анзаарах нь өнөө охин хувцасаа өмсчихсөн 00 өрөө орж харагдав. Би ч Тайвнааг тайван орхиод өөрийнхөө фээсбүүк хуудас уруу орж нөгөө охины царайг жаал хайлаа. Миний фээсбүүкийн 300 найзын дунд лав алга. Яах аргагүй л танил царай байсан юмдаа. Ингэж байтал Доржоо Тайвнаа бид хоёрын ард ирээд уртаар эвшээлгэсэнээ,
    -Яваад өглөө шд гэхэд Тайвнаа үгийг нь гүйцэт сонссонгүй бололтой,
    -За одоохон одоохон.. одоо дууслаа...
    -Юун одоохон гэж, цаадах чинь сэрээд босоод явчихлаа гээд байхад... гэхэд Тайвнаа сая л нэг сэхээрч
    -Өөө явчихсан юмуу?
    -Явчихалгүй яадаг юм. Өнөрөө бид хоёр ёстой гоё яалаа ш дээ гэж Доржоо хэлээд Тайвнааг жаахан тавласан юмдаг. Тайвнаа нэг иймэрхүү л пийсийний донтон юм. Би ч гэсэн пийсийнд нэлээд донтой, гэхдээ лав зандангаа тайлах боломж гарсан үед тоглоомоо орхиж чадахаар “сэтгэлийн тэнхээтэй” юм.
Өглөө боллоо, хичээлдээ явах цаг. Зандангаа тайлж, эмэгтэй хүний хөх, бөгс өөр юу байдаг юм хамаг юмыг жинхнээс нь мэдэрчихээд байхад ерөөсөө санаанд үлдсэн юм алга, нөгөө танил охины царай ч бараг мартагдаад эхэлж. Харин өнөө муу RedAlert -ын хайрцагнууд л нүдэнд харагдаад Counter Strike -ын "Fire in the hole" гэдэг нь чихэнд сонсогдсон хэвээр. Бүр нэмээд WarCraft-ын ажилчин цэргийн "Ready to go" гэдэг чимээ нэмж дуулдах болов. Аан золигдоо хичээлээ тараад гэртээ харина, ээж 18880 төгрөгөөр ямар ном авсан талаар асууна даа. Азаар Тайвнаагийн ээж тиймэрхүү жижиг сажиг юмыг тоодоггүй. Бас Тайвнаа бол жинхэнэ найз, тэр өөрөө зандангаа тайлаагүй учир өөрийн халаасанд үлдсэн мөнгөөр багшийн номыг жинхнээсээ худалдаж аваад, намайг ээждээ аваачиж үзүүлээрэй гэж хэллээ. Тайвнаа мөнгөөрөө надад ном аваад өгчихсөн, ер нь өөрөө ч зандангаа тайлах сонирхолгүй байна гэсэн үг үү?... байзаарай, арай Тайвнаа хойд ээжтэйгээ... заза нэг өдрийн дотор гэхэд арай л олон муухай юм бодох нь, нүгэл байгаа.. засс нүгэл ч гэх шиг.

*    *    *
Тайвнаагийн өнцгөөс:

Пийсий тоглоомд донтсон хүүхдүүдийг хаана байлгадаг юм тэр газарт л би гараа дэрлээд хэвтэж байна. Албан ёсоор бол 18 хүрээгүй, албан бусаар ч бас цагаан сараар айлууд архи хундгалж өгөхгүй бэлгэнд шоколад печень өгөөд байхыг бодоход хүүхэд л юм байлгүй. Гэхдээ би хувьдаа томчуудаас ч илүү өргөн мэдлэгтэй, тэднээс дутахгүй шийдэмгий, амьдралын ухаантай гэж өөрийгөө боддог байсан. Жишээ нь миний үзэх дуртай +18 кинонууд ямар ч юмыг детальчлан үзүүлдэг. Бас миний сонсох дуртай дуунууд надад амьдралын үнэнийг бодитоор нь ойлгуулдаг, жишээ нь Нисванисын “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч. Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай...”. Даанч сэтгэцийн эмнэлэгт интернет, пийсий тоглоом, рок дуу бүгд хориотой. Тэгсэн мөртлөө солонгос сериал тасралтгүй гаргадаг ТВ –үүдийг хорьдоггүй нь сонин. Солонгос сериал дээр үнсэлцэх ч үгүй, ямар ч роок байхгүй юм – энэ бол жинхэнэ галзуучуудын кино. Томчууд энэ балай солонгос кинонд ухаанаа алддаг, харин би бол үгүй. Тиймээс би томчуудаас лав илүү ухаантай байхаа. Тэгээд энд би ерөөсөө бодохоос өөр юм хийдэггүй. Бодоод л байна, бодоод л байна. Яагаад ийшээ хүрээд ирэв, одоо цаашаа яаж амьдрах билээ. 

Өнөрөөгийн хэлсэн түүх 100 хувь үнэн. Гадаад өнцгөөсөө бол шүү. Пийсийний залуу араас нь харахад гоё биетэй охин дагуулаад амралтын өрөөндөө орсон нь ч үнэн. Тэр охиныг тасарсан байхад нь Өнөрөө зандангаа тайлж эр хүн болсон, миний хэлсэн бүх үгс, миний гаргасан ааш авир бүгд үнэн. Миний зандангаа тайлж чадаагүй гэдэг ч үнэн. Намайг тоглоомдоо улайраад зандангаа тайлж чадсангүй гэж Өнөрөөгийн бодсон нь ч үнэн. Би түүнийг миний талаар ингэж бодсонд нь баярлаад байгаа. Харин намайг зандангаа тайлахыг нэг их хүсээгүй гэдэг нь худлаа. Миний хүслийг Өнөрөө гаднаас нь хараад мэдэж чадахгүй шүү дээ. Би зандангаа тайлахыг үнэхээр их хүсч байсан юм, Өнөрөөгөөс ч илүү. Угаасаа би л анх тийм санаа гаргаж, мөнгө хэрэгтэй болохоор нь мөнгө олох арга ч сэдсэн. RedAlert тоглоом дээр жижигхэн хайрцагнууд энд тэнд санаандгүй гарч ирдэг юм. Тэр хайрцгийг танк эсвэл цэргээр дайруулж авахад дотор нь танк, мөнгө, хурд сайжруулах, зэвсэг сайжруулах гэх мэт янз бүрийн гэнэтийн бэлэг бий. Өндгөн шоколад шиг ч гэх юм уудаа. Өнөрөө харин сүүлийн үед гудамжинд алхаж явахдаа тийм хайрцагнууд хардаг болсон тухайгаа надад хэлж байсан. Тийм этгээд юун зандан тайлах тухай бодох билээ дээ. Уг нь Өнөрөө л миний оронд энэ сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байх ёстой юм. Өнөрөөд тэр охины царайг харж чадсангүй гэж хэлсэн нь үнэн. Харин үнэхээр царайг нь хараагүй юу гэвэл худлаа, би тэр охины царайг харсан, харах байтугай таньсан. Тэр охин харин намайг харсан эсэхийг мэдэхгүй. 

Эгч маань ойрдоо ааш нь нэг их сайхан, байн байн утсаараа мээсэж бичиж инээд алдаад л, жаргалтай байх шиг санагдсан юмсан. Саяхан нэг орой хөөрхөн чихмэл бамбарууш барьчихсан орж ирж билээ. Нэг хүнтэй уулзаад байгаа юм болов уу ч гэж гадарласан юмаа. Харин тэр нь пийсииний газрын амралтын өрөөнд долоо хоног бүр нэг охин авчирч хонодог завхай новш байсныг нь яаж мэдэхэв. Миний хайртай эгч, хамгийн нандин гэгээн хайр ингээд нэг өдөр Өнөрөөгийн хэлдгээр “Таня” болчих юм гэж үү? Намайг тоглоом уруугаа ухаан жолоогүй гөлөрсөн гэж Өнөрөөгийн хэлдэг бол үнэн. Харин тоглоомондоо үнэхээр донтсондоо тэгсэн үү гэвэл худлаа. Би үнэхээр юу хэлэхээ ч мэдээгүй, ямар эгч дээрээ очоод “Наадах чинь олиггүй этгээд...” гэлтэй биш. Эсвэл Өнөрөөд “Хоёулаа манай эгч дээр зандангаа тайлж яах юм бэ..” гэж хэлэлтэй ч биш. Эцсийн эцэст өөрийгөө жинхнээсээ нусаа гоожуулсан бацаан гэдгийг мэдэрч билээ. Хэрэв би солонгос кино олигтой үздэг байсан бол пийсийний газрын залуу дээр очоод солонгос кино үздэг авгай нар шиг тачигнах байсан ч байж магад. Компютер дээрээ +18 үзэж, хий дэмий л учраа мэдэхгүй роок сонссон хүү. Хий дэмий л эгч маань тэр өрөөнөөс хурдхан гараад явчихаасай гэж л бодож суусан хүү. Пийсий тоглоом жирийн үед их л хурдан болоод өнгөрдөгсөн, тэр өдөр үнэхээр дуусч өгдөггүй тоглоом, явж өгдөггүй цаг намайг махалж билээ. Эгч маань гэнэт уурлаад, пийсийний залууг алгадаад гараад явдаггүй юм байхдаа гэж ямар их мөрөөдөж байсан гээч. Магадгүй тийм ааш гаргах байх гэж дотроо горьдож байсан юм. Харин хайр дурлал дээр нэмээд тал шил архи эмэгтэй хүнийг 15 цаасаар авчихдаг Таня болгочихдог юм байжээ. Эцсийн найдлага болоод эгч маань ядаж Өнөрөөг эсэргүүцэх байлгүй дээ гэж бодоод хаалганы завсраар харсан юмсан... ай хөөрхий. Нэгэнт л ийм юм болоод өнгөрсөн учир Өнөрөөд юу ч хэлэхгүй байя гэж шийдлээ. Эгчээсээ бас өөрөөсөө ичсэндээ, бас Өнөрөөд дотроо шаналж байгаагаа мэдэгдэхгүй гэсэндээ бүр өөрт байсан мөнгөөрөө багшийн бичсэн “Монгол хүмүүжихүйн ухаан” номыг худалдаж авч өгсөн юм. Ээждээ үзүүлнэ биз.

Эгчдээ би саяхныг болтол тийм их хайртай байгаагүй юмаа. Нэг удаа тэр хоёр өндөр сандал давхарлаж тавиад абжуурын гэрэл сольж байхыг би харчихсан юм. Царай нь ч яахав байдаг л. Харин түүний товойсон өгзөг, хоёр гуяны хоорондох тэр зурвас богино юбканы цаанаас ... аан би хэлэхээ мартчихаж. Эгч маань үнэндээ надаас гурван сарын л зөрөөтэй. Үе тэнгийн хүмүүс биедээ татагдаж болно биздээ. Гэхдээ тэр надад татагдаагүй, би л түүнд татагдсан байх. Намайг хойд ээжтэй гэдгийг Өнөрөө хэлсэн, тэр ч бас үнэн. Харин бас нэг эгчтэй гэдгийг Өнөрөө хэлээгүй байхаа. Бид найзлаад хэдэн жил болж байгаа ч нэгнийхээ ар гэрийн талаар солонгос кино үздэг авгай нар шиг сонирхоод байдаггүй юм. Ганц нэг удаа гэрт хальт тааралдсанаас өөрөөр бол Өнөрөө эгчийг маань харж байгаагүй. Манай эгчийг энгийнээр хэлбэл “Гарын таван хуруу” киноны Хорлоогийн охин гэсэн үг. Харин аавыг маань Шагдар гэж хэлж болохгүй шүү. Бас төрсөн ээж, эгч ах хоёр байдаг ч би тэднийг анхнаасаа хол явахгүй хүмүүс байна гэж бодсондоо бас шинэ эгчдээ бараг дурлачихсандаа аавыг дагаад хүрээд ирсэн. Тэгээд ч ах, эгч (төрсөн эгч), ээж нарын тэнэг зөрүүд зангаас болж би лав хохирч чадахгүй. Гарын таван хуруу киноны бацаанууд шиг тракторчин болохыг хүсэхгүй. Ядаж аавыг дагаад явж байвал их сургуульд сурна биздээ. Хамгийн сонирхолтой юм гэвэл би эгчийгээ усанд орж байхад нь, заримдаа унтлагын хувцастай байхад нь хараагүй юм шиг хэрнээ харах дуртай. Мэдэхгүй юмдаа, эмэгтэй хүний бусдад таалагдах гэсэн зөнгөөрөө албаар миний өмнө сээтэгнэдэг байх. Надтай хэзээ ч ойр дотно харьцаа үүсгэхгүй гэдэгт бат итгэлтэй ч гэсэн урдуур минь сарпанчигтай алхалж, хөхөө албаар цээжин дээгүүр минь шахаж зурагтын удирдлага авдаг. Нэг л өдөр тэрний бас миний анхны шөнө ирж буй тухай садар мөрөөдөлд автдагсан. Гэтэл тэр зүгээр л...

Хичээлээ тараад гэртээ ирэхэд эгч аль хэдийнэ ирчихсэн, юу ч болоогүй юм шиг ТВ үзээд сууж байлаа. Бид нэгэнтэйгээ олон юм ярьсангүй. Тиймэрхүү зүйл энгийн л явдал юм болов уу? Би л хүндээр тусгаад байгаа юм болов уу? Тэгээд нэг тэнэг үг би хэлсэн:
    -Өчигдөр зүгээр үү?
    -Өчигдөр яасан гэж?
    -Пийсийний газар...
    -Аан чамайг би харсан ш д. Ухаангүй тоглоод сууж байсан..

Хайртай залуугаас нь булааж өөр хошууны ноёнд богтлуулсан бүсгүй Тамирын голын усанд үйж үхсэн тухай домог багшийн бичсэн “Монгол хүмүүжихүйн ухаан” номноос уншиж, тэр бүсгүйг их өрөвдөж билээ. Ай халаг зуугаадхан жилийн өмнө хүн төрөлхтөн ямар гээч харгис бүдүүлэг байгаа билээ дээ. Эгчийгээ ч би тиймэрхүү шаналалд автаж байгаа гэж бодсон. Түүнийг орондоо орж, толгой дээгүүрээ хөнжлөөр нүүрээ бүтээж, хэд хоног шаналж, бүр шаналсандаа амиа хорлож ч магадгүй гэж эмээсэн. Харин эгч маань хээв нэг солонгос сериалаа үзсэн хэвээрэй. Эсвэл тэр дотроо шаналж байгаа байх, тэгээд би пийсий үрүү гөлөрсөн шиг тэр ч бас кино үзсэн дүр эсгэж байгаа юм болов уу? Хаалганы хонх дуугарахыг намайг анзаараагүй байхад эгч ямартай ч анзаараад:
    -Юундаа гөлрөөд байгаа юм бэ, хонх дуугараад байна шд
    -Аан? Юу? Чи тайлчих
Эгч цэхэлзэн босоод хаалга тайлсанаа буцаж ирээд “чамтай уулзая гэнээ” гээд ТВ-ийнхээ удирдлагыг аваад эргээд кино уруугаа оров. Үүдэн дээр яваад очтол Өнөрөө ирчихсэн мушилзаж зогсоно:
    -Саяны хаалга тайлдаг хэн бэ?
    -Манай эгч
    -Эгч гэнээ? Аан. Хөгшин нь чамаас хэдэн юм хуулж авах гээд.
    -Надад хард дискээ өгчих.
    -Орчихож болохгүй юмуу?
    -Өөрөө л мэд...

Өнөрөөг өрөөндөө дагуулж ороод хард диск үрүү нь тоглоом, дуу, +18 кино энэ тэрхэн хуулж өглөө. Хүний мууд дуртай амьтан юмдаа чи Өнөрөө, яах гэж бие засах нэрээр байн байн нөгөө өрөөгөөр шагайж эгчийн царайг харах гээд байсан юм бэ? Яах гэж өлгүүрт өлгөсөн түүний хүрмийг өчигдөр өмссөн хувцас нь мөн болов уу биш болов уу гэж гөлөлзөөд байсан юм дээ? Харанхуйд, дээшээ хараад хэвтэж буй ухаангүй согтуу эмэгтэй хүний царай гэрэлтэйд ТВ үзээд сууж буй эмэгтэй хүний царайнаас тийм өөр байна гэж үү? Би чамд өөрийнхөө юу бодож байгааг ил харуулаад байдаггүй шүү дээ. Гэтэл чиний энэ өлөн үйлдэл чинь хэтэрхий илэрхий харагдаад байна шүү дээ анд минь. Найзаа гэх сэтгэл надад лав байсан юмсан, чамд харин байсангүй юу? Сургууль даяар “Тайвнаагийн эгчийг 15 цаасаар цохисон” тухай ярьж яах гэсэн юм бэ? Одоохондоо чи яриагүй л дээ, гэхдээ чамтай нөхөрлөөд жил болсоных занг чинь танилгүй яахав, чи нэг хүнд ярьж л таараа, дараа нь нөгөөх нь хоёр хүнд хэлнэ, тэгээд сургууль даяараа эгчийг маань завхай, биеэ үнэлэгч, харин намайг биеэ үнэлэгчийн дүү гэж бодно. Намайг түүнтэй явалддаг тухай цуурхал тарж ч мэднэ. Над дээр наймдугаар ангийн бацаанууд хүрч ирээд “Тайвнаа ахаа, ганц эвгүй юм асууя. Танай эгч үнэхээр мөнгөөр тэгдэг юм уу...” гэж асуувал яанам билээ. Одоохондоо мэдээж чи тэгж яриагүй, хэрвээ үнэхээр би хоолойг чинь энэ уртасгагчийн кабель утсаар боож алахгүй бол мэдээж чи ярьж л таараа. Өнөрөө минь Өнөрөө минь... Би яг л кинон дээр харж байснаараа хоёр гартаа уртасгагчийн кабель бариад, Өнөрөөгийн араас гэтэв. Хүний хоолой боох чинь кинон дээр гардаг шиг тийм ч амархан зүйл биш юм билээ. Нэг зангаад, тэгснээ болиод... гар салгалаад. Харсаар байгаад л яаж чадахгүй, Өнөрөө юмаа хуулж дуусчихаад босоод гараад явчихаж билээ. “Баярлалаа, баяртай” гэх мэт үг хэлсэн байхаа... Хоёр өдөр дараалан нойргүй пийсийнд хонож, бас сэтгэл санааны зарим хүчтэй цохилт амссан тархи элдэв ойр зуурын юмыг анзаарахаа больчихдог юм байнаа... 

Маргааш шар сайтуудын онцлох мэдээн дээр, бас соошл орчинд “Пийсий тоглоомд донтсон хүүхэд эгчийгээ хөнөөжээ” гэсэн мэдээ тарсан юмдаг. Өнөрөө нэгэнт миний гараас мултарсан учир дараа ирэх тэр доромжлолыг би хувьдаа тэсч чадахгүй, эгч маань ч тэсэхгүй биз. Гутаагдсан биеийг зовлонгоос нь салгаж, үйж үхэх Тамирын гол ойрхон урсаагүй юм бол би өөрөө тэр Тамирын гол нь болж нүглийг нь угааж урсгая. Эгч маань үнэхээр өөрийг нь хайрладаг, сайхан залуутай үерхдэг байсан бол би түүнийг хэзээ ч хардахгүй, дотроо гуниглаад л өнгөрнө. Харин ингэж гутаан доромжлогдохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. 

“Миний Таняг алчихлаа..” гэж Өнөрөө хар дарж зүүдэлсэн болов уу? Цагдаа нарт өөрийгөө галзуу гэдгийг нотлох амаргүй байсан юм, гэхдээ л тэд намайг пийсий тоглоомд солиорчихож гэдэгт итгэсэн. Жишээ нь би эгчийгээ дайсны Таня, өөрийгөө мод болдог танк гэж байцаагчид хэлсэн. Товчхондоо Өнөрөөгийн надад ярьж өгдөг бүхнийг л сэтгэцийн эмч бас цагдаа нарт яриад өгчихсөн юм. Галзуу хүн ямар байх ёстой яг түүгээр нь. Энэ бүх хэрэг явдал юунаас болоод өнгөрчихөв өө? Хэн яг буруутай вэ? Бодоод л байлаа, бодоод л байлаа. Өнөрөө юу? Үгүй дээ, тэр 15 мянган төгрөгөөр шатсан, тэгээд ч мөнгө төлж зандангаа тайлах нь миний санаа байсан. Пийсий ажиллуулдаг этгээд үү? Үгүй дээ, тэр өөрийнхөөрөө л байсан шүү дээ, охид түүнд хайртай. Түүнд муу юм тохиолдвол тэр охид яах болж байнаа? Бас энэ хэргээс болоод тэдний пийсийний газрыг хаачихсан, хөөрхий хоолгүй хонох дээрээ тулж байгаа. Цагдаа дээр ч нэлээд байцаагдсан юм билээ. Миний эгч буруутай гэж үү? Тэр ингэхэд яасан юм бэ? Тэр өөрт таалагдсан залуутайгаа л уулзсан. Ганц удаа согтоо л биз, ганц нэг таагүй шөнө өнгөрөө л биз. Тэгээд ч дэлхий дээрхи хамгийн буруугүй хүн гэвэл өөд болсон хүнийг л хэлнэ. Тэгвэл би буруутай гэж үү? Харин ээ? Би өөрийгөө буруутгамааргүй байна. Яагаад миний зөв бэ гэдгийг би хангалттай ярьлаа шүү дээ. Тэгээд хэн буруутай юм бэ? Бодож бодож би буруутныг олсон. Надад ёс суртахуун заасан бүх томчууд л буруутай юм байна. Ихэнхи нь намайг ёс суртахуунгүй адгийн шаар гэж жигшсэн. Харин миний бодлоор надад ёс суртахуун багадсан юм биш, харин ч миний ёс суртахуун хэрээс хэтэрчихсэн байсан юм байна. Нэг удаагийн завхайрлыг үхлээс долоон дор гэж боддог тийм л ёс суртахуун. Үүнийг надад томчууд л заасан. Өөрсдөдөө байдаггүй тийм л ёс суртахууныг надад тулгаж, би түүнд нь хэтэрхий итгэчихэж. Новш гэж. Ай томчууд минь, пийсийнд донтохыг л үхлээс ч муухай зүйл гэсэн ёс суртахуун хүүхдүүдэд битгий зааж өгөөрэй. Тэгвэл тэр ярианд итгэсэн нэг нь намайг хөнөөчих ч юм билүү. Тэгээд ч би пийсийний донтон биш, эгч маань ч завхай биеэ үнэлэгч биш.

*    *    *

Цагдаагийн өнцгөөс:

Энэ банди жүжиглээд байгааг мэдсэн л дээ, дагавар эгчдээ хэтэрхий дурласан эсвэл хэтэрхий хартай, эсвэл гаж донтой аль нь ч байж болно. Лав л галзуу бол биш. Найзынх нь мэдүүлгээс болон хохирогчийн биед хийсэн үзлэгээс харахад хамаг юм ойлгомжтой. Хайрлаж, хардаж явдаг дагавар эгч нь пийсийний газрын залуутай бас найзтай нь хавьтчихаж. Тэгээд л Тайвнаа гэгч энэ залуу хорссондоо эхлээд найзыгаа хороох гээд зориг нь хүрэхгүй болохоор эгчийгээ хөнөөж. Гэтэл олон нийтийн сүлжээгээр аль хэдийнэ “пийсийний донтой хүүхэд эгчийгээ RedAlert тоглоомын Таня хэмээн хий төсөөлж хөнөөсөн тухай” хэрэг болоод газар авчихсан. Пийсийний газруудыг журамлаж хаах тухай хөдөлгөөнүүд ч өрнөөд эхэлсэн. Хөөрхий охины үхэлд бас хөөрхий хүүгийн галзууралд пийсий тоглоомын газрууд болон түүнийг ажиллуулж буй “ёс суртахуунгүй новшнууд” л буруутай болж таарах шив. Үнэндээ энд тодорхой ганц л гэмт хэрэг байгаа. Тэр нь пийсиийний залуу насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон, бүр хүндрүүлж үзвэл биеэ хамгаалах чадваргүй (хэтэрхий согтсон) байдлыг ашиглаж хүчиндсэн. Үүнийг харин хохирогчийн эцэг эхэд хэлэх үү? Хэлчихвэл ч харин асуудал хөвөрч өгнө л дөө. Тэртээ тэрэнгүй үйлээ үзэж буй пийсийний залууг дахин давтан байцаагаад л, хохирогчийн биеэс дахин шинжилгээ аваад л, Өнөрөө гэдэг өнөө бандийг дахиж байцаагаад л, хохирогчийн эцэг эх “манай охин завхай хүн биш, танай муусайн худалдагдсан цагдаа нар хэргийг гуйвуулж байна...” гэдэг үгийг нь таглах гэж нервээ бараад л... Тэгсэнээс ганц амралтын өдрөөр найзуудтайгаа салхинд гарч тулам боож идсэн нь дээр байхаа яршиг. Хэргийг энэ чигээр нь хаачихая. Ард түмэнд ч амар, талийгчийн сүнсэнд ч амар юм шүү дээ үнэндээ.
    
*    *    *

Хохирогчийн өнцгөөс:

Ёоо эргэн тойрон дандаа эмо банди нар, яршигтай юм бэ яасан... 

2015 он 10-р сар