-фельетон-

-Амьдрал бол ёслол гэж  нэр нь үл мэдэгдэх суутан хэлжээ. (Суутны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) “Нээрээ би тиймээ гэх шиг, нэр нь хүртэл тэмээ” гэгчээр УИХ батласан хуулийнхаа ард   “хүлээн авах ёслол хийсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ” гэж заах болсон гэв. Цагдаагийн болон хүчний байгууллагуудтай холбоотой хэдэн хуулийг салбарынхан нь сайхан хүлээж авсан байна. “Хүлэг болох унаганаасаа, хууль болох хүлээн авалтаасаа” гэнэм.

Гэвч цагдаагийнхан баярлах, айх зэрэгцэн байна. Учир нь, удахгүй батлагдах Эрүүгийн шинэ хуулийг хэрэглэгчид нь Сүхбаатарын талбайд жагсан хүлээж авах юм гэнэ.
 
Цагдаагаас илүү олон түмнийг айлгасан өөр хууль цаана нь байна. Ухаандаа, Оршуулгын хуулийг яаж хүлээн авах, Сүхбаатарын талбайд ямархуу жагсаал болох зэргийг  бодохоор үс босмоор, үс байтугаа юм ч үсээ дагаад босмоор (жишээ нь, сууж байсан хүн үсээ дагаад босох гэх мэт) бөлгөө. Энэ тухайд нэгэн найрагч “Нэгэнт болох ёслолыг бодоход, хүрэл зүрх ч хайлна” хэмээн шүлэглэн, уралдаанд байр эзэлжээ.

Төрийн хууль цааз нэгэнт л “ёслол” үйлдэн хүчин төгөлдөр болдог болсноос хойш олон сонин зүйл өрнөжээ. Наад зах нь, дүрэм зөрчөөд торгуулсан жолооч нар цагдаад ёсолж өгөхгүй зовоож байгаа сурагтай.  Саяхан дүүргээс шүүхээс нэгэн малын хулгайчид ял заажээ. Гэтэл цаад сайн эр нь “Шүүхийн тогтоолыг хүлээн авах ёслол хийхгүй” гэж гүрийгээд...хууль нэгэнт тиймээс хойш гэрт нь хариулсан гэх.

...Сүүлийн үед Гадаад харилцаанаас илүү Дотоод харилцаа их хөгжиж байна. Манай яамд хоорондоо гэрээ байгуулж,  момерандумд гарын үсэг зурж байгаа мэдээ хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа.  Уржигдар, аль хоёр яам харилцан ойлголцлийн бичиг үзэглэчихэв дээ, байз?
 
Ер нь манай яамд бие биеэ ойлгохыг хичээж эхэлж байгаа нь их сайхан зүйл гэнэ. Өмнө нь Сангийн сайд нь Эрүүл мэндийг (Өөрөө мэндтэй боловч)ойлгодоггүй, Эрүүл мэндийн сайд нь (Өөрөө боловсролтой боловч) боловсолыг ойлгодоггүй, Хууль зүйн сайд нь (өөрөө санхүүтэй боловч)Сангийн яамаа ойлгодоггүй гэхчлэнгээр ойлгодоггүй, ойлгодоггүй байсан болтой юм аа.
 
Гадаадынхан биднийг мэдчихээд харилцахад түвэгтэй болсон тал бол бий. Иймээс Гадаадын харилцааны оронд дотоод харилцаагаа хөгжүүлэх замыг сонгосон дуулдана. Саяхан, ОУВС-ын хөтөлбөрийг эсэргүүцэгч  зарим гишүүдээс нэгэн санал боловсруулсан гэх. Тэнд “Гадаад харилцааны Яамыг өөрчлөн Дотоод харилцааны Яам хэмээн нэрийдэх ба Ази америкийн гэх мэт газруудыг Сангийн болон Гэгээрлийн яамтай харилцах газар, монголчуудтай харилцах газар мэтчлэнгээр өөрчлөх, ингэснээр гадаад ертөнцөөс  хамааралгүй болох, улмаар Гадаадаас хамааралгүй болсноор ОУВС-гийн хөтөлбөрөөс зугтаах...” гэхчлэнгийн томьёолол багтсан байсан гэлцэх.

Цаашдаа, яамдууд хоорондоо Элчин сайд солилцох юм байна. Консул суулгах нь хэвийн үзэгдэл болжээ. Зарим Яамд харилцан пороомсоггүй нэвтрэх хэлэлцээр хийсэн нь олны талархлыг хүлээж.   Учир нь өөр яамны ажилтан бусад яамны үүдээр  зөвшөөрөлгүй нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан тохиолдлууд хэд хэд бүртгэгдсэн бөлгөө.  Нэг байранд суудаг хоёр яамныхан “хил зөрчсөн жоом, хулганыг хүндрэл багатай хүлээлцэх” шийдэлд хүрсэн зэрэг амьдралд нийцтэй олон шийдвэр гарчээ.

Гэвч, нэг яамны хархүү, нөгөө  яамны бүсгүйтэй гэрлэвэл аль талд бүртгэх, гарсан хүүхдийг нь хэн сайдаар овоглох гэхчлэнгийн шийдээгүй асуудлууд ч хариугаа хүлээсээр...
 
“Асуудал нь байгаа хойно аппарат нь  байлгүй яахав” хэмээн өөр нэг гүн ухаантан айлджээ. (Гүн ухаантны нэрийг нууцалж байгаа бөгөөд цаг нь болохоор дэлгэнэ!) Нэгэнт л Яамдын хил зөрчих, нэг яам нөгөөгийнхээ дотоод асуудал бүрэн бүтэн байдалд өнгөлзөх явдал гарсаар байгаа учраас түүнийг шийдэх аппарат өөрөө бүрэлдэх нь зүй. Ингээд яамдууд өөрийн хилийг болон эрх ашгийг зөрчсөн этгээдийг хорих саатуулах газрыг подвоолдоо байгуулаад эхэлжээ.  Засгийн газраас “Аль яамны хашаанд хэрэг гарна, тэр яамны дүрмээр шийтгэж, шийтгэлийг тэр яаманд эдлүүлж байх” чиглэлийг өгсөн гэх. Харин хэрэгтэн солилцох гэрээтэй Яамдад энэ журам хамаарахгүй юм байна.

Гэвч анхаарах зүйл багагүй байна. Харилцан хэрэгтэн солилцох гэрээ байгуулж амжаагүй Яамны статусыг ашиглах явдал гарч байна. Нэг яаманд авилгын хэрэгт орсон этгээд нөгөө яаманд ажилд орчихсон, тэндээсээ гарч өгөхгүй, гарч ирэхгүй болохоор барьж болохгүй байгаа явдал үүнийг гэрчилнэ.

Ерөөсөө, Хууль зүйн Яамны мэдэлд байгаа Цагдаагийнхан өөр бусад Яаманд ажилладаг хүмүүст эрүү үүсгэх нь Яамдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, сувирнетитийг хөндсөн асуудал мөн гэдэг дээр Дотоод харилцааны Яамд санал нэгтэй байгаа юм.

Овсгоотой зарим сайд нар АТГ-тай “Харилцан үл баривчлалцах, эрүү үл үүсгэлцэх конвенци” байгуулахаар хөөцөлдөөд  эхэлж. Тэр байтугаа,  нэгэн Яамнаас Шүүхийн шийдвэр биелүүлэх газартай  байгуулж буй гэрээнд “хэрэгтнийг шилжүүлэн өгөх” заалт хүртэл тусгагджээ.

Гэрэлтэй талаас нь харвал, сайхан мэдээ бишгүй байна аа...