Нью-Йоркийн хөрөнгийн бирж энд оршдог гэдэг утгаар “Wall Street” гэх нэрийг сонсоогүй насанд хүрэгч энэ дэлхийд ховорxoн болов уу. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн доод (өмнөд) хэсэгт орших шигүү гудамж, тэнгэр баганадсан өндөр сүрлэг барилгууд, энэхүү их хотын санхүүгийн түүхэн төв хэсэг.

Бродвэй гудамжаар уруудсаар Зүүн голын (East River) эрэг, тэнгисийн хоолой хүрнэ. Хөрөнгийн биржээсээ илүүтэй нь тэр гудамжны доод хэсэгт бяцхан талбайд босгосон “Charging Bull”, эсвэл “Wall Street Bull”, эсвэл “Bowling Green Bull” буюу мөргөлдөх гэж буй бухын хөшөө хүн ардын сэтгэлийг соронз аятай татна.


Өндөр нь 3.4 метр, урт нь 4.9 метр, хүндийн жин нь 3 тонн 200 кг, боронзоор бүтээсэн энэ бух Артуро Ди Модика гэх итали эрийн мөнхийн бүтээл. Тэрээр энэ “бух”-аа маш адтайгаар албажуулсан байгаа юм.


Нью-Йоркийн хөрөнгийн бирж гэж дэлхийг хошгоруулсан нэг байшин байх, түүний өмнөх талбайд асар том, өндөр сүлд модыг чимэглэн шинэ оноо угтдаг заншлыг эвдэе хэмээн америкийн иргэн тэр итали эр сэджээ.


1987 онд хөрөнгийн биржийн хямрал нүүрлэж, барууны санхүү хямармагц түүнийг эсэргүүцэж “санхүүгийн эрэмгий оптимизм” бэлгэшээж Ди Модика бухаа 360 мянган ам.доллараар бүтээж, 1989.12.15-ны шөнө сэмээрхэн Манхэттенд аваачиж ёолкны модны дэргэд байрлуулжээ.


Энэ бухаар америкийн ард түмний хүч, чадал, омогшлыг илэрхийллээ гэсэн бичээс бүхий ухуулах хуудсаа дагалдуулан баахныг тараасан байгаа юм. Хотын захиалгаар бүтээгээгүй, хэн нэгэн дурын нөхөр аваачиж тавьчихсан нь хотын эрх баригчдын анхааралд өртөж, зөвшөөрөлгүй тавьсан бухын хөшөөг цагдаа хурааж аваад арилжээ.


Гэтэл Нью-Йорк даяар эсэргүүцлийн тэмцэл өдөөчихжээ. Бухын хөшөө хүссэн мянга, түм, бум, бүр сая хүсэлтэд хотын захиргаа дарагдах нь тэр.


Ингээд хотын ЗДТГ-аас Bowling Green гэх бяцхан талбайд бухыг эргүүлж залжээ. Ди Модика 2010 онд Шанхайд ийм загварын бас нэг бух бүтээж тавьсан, нийт дэлхий өнцөг буланд 5 бух сүндэрлэх ёстой хэмээн үздэг аж.




Бид “Wall Street”-д Нью-Йоркийн санхүүгийн институтэд зочлон үйл ажиллагаатай нь танилцан, хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.






Энэ институт 1922 оноос сургалт-судалгааны үйл ажиллагаа явуулсан, Монголд мэргэжсэн, мэргэшсэн дэлхийн стандартын санхүүч бэлтгэх үүд хаалгыг бидний байгуулсан энэ гэрээ тавих учиртай хэмээн профессорын хувьд би бэлгэшээж байна. Ойрын үед бид АНУ-ын гурван ч их сургууль, байгууллагатай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна.


Удахгүй Блүмберг Монголиа 2016 оны шилдгүүдээ тодруулахад шилдгийн шагнал нь “Charging Bull”-ыг бэлгэдсэн байдгийг тэмдэглэх юун!