Сайн хуцдаг л бол “сайн нохой” байх албагүй
Монгол Улс яагаад өөдөө нар харахаа больчихов оо! 1960,70-аад онд биднээс хөгжлөөрөө хол хоцорсон, сул дорой , ядуу Өмнөд Солонгос ердөө 10-хан жилийн дотор өнөө цагийн хүчирхэг эдийн засагтай, баян тарган улс орон болж өндийж хөгжиж чадсан билээ.
-АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГАА, 49 ХУВИЙГ ДЭЭРЭМД-
ӨМНӨТГӨЛ
Монгол Улс яагаад өөдөө нар харахаа больчихов оо! 1960,70-аад онд биднээс хөгжлөөрөө хол хоцорсон, сул дорой , ядуу Өмнөд Солонгос ердөө 10-хан жилийн дотор өнөө цагийн хүчирхэг эдийн засагтай, баян тарган улс орон болж өндийж хөгжиж чадсан билээ. Түүнчлэн Тайвань, Тайланд, Сингапур, Вьетнам... гээд богинохоон хугацаанд цэцэглэн боссон улс орнуудын нууц юундаа байна вэ? Бид “Азийн бар” болно гэж 30 шахам жил хэнхдэг цээжээ балбаад муужгай ч болж чадсангүй. Яагаад? Шалтгаан нь юундаа байна вэ? Монголчууд аа! Эргэцүүлээд нэг сайн бодоо ч. Бидний сэрэх цаг оройтож эхэллээ. Мандан бадрах цаг хугацаа бидэнд хангалттай байлаа. Сан хөмрөгийн авдар дүүрч, саган хальсан мөнгөөр бараг гулгих шахаж байсан ч үе бий. Тэгээд энэ бүхэн хаашаа шингээд алга болсон байна вэ? Монгол хүн жаргаад байгаа юм хаана байгаа юм бэ? Эгэл ард түмэн хичээн, хөлсөө урсган зүтгээд байгаа ч бахь байдгаараа. Төр улам сульдсаар л...Одоо итгэл алдарч байна. Монголын төрд улстөрч нэрээр шигдсэн “хувалз “-нуудын улс орныг шимэн сорох нь хэрээс хэтэрлээ л дээ. Тэдгээр буг, сүгнүүд дэлхийгээр нэг тэнэн бадар барьж, мөнгө гуйлагчлаад явах болсон нь юутай гутамшигтай. Монгол төрийн нэр хүнд шавар, шавхайд унатлаа доройтлоо. Урд хормойгоороо хойт хормойгоо нөхөхөөс үл хэтэрсэн бодлоготой, хувийн амин зуулгаа улс орныхоо эрх ашгаас дээгүүр эрэмбэлсэн (улс орны эрх ашгийн талаар ер нь боддог ч үгүй байх), эхлээд би, дараа нь би, дахиад би гэсэн цадаж ханадаггүй хүсэл шуналаас өөр” программ” –гүй хоосон тархитай оркууд Төрийн ордонг дүүргэн язагнаж байхад бид өндийж өөдлөх үү? Улс орон эдийн засаг, санхүүгийн хямралд орчихоод байгаа нь төрийн нэр барьсан ийм хэнээтэн шаарнуудын гаргасан бодлогогүй, үндэслэлгүй, судалгаагүй, хэрэгждэггүй хууль, дүрэм журам, зах замбараагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй биш үү. Улс орныг хэн цөлмөөд, өр төлбөр, ял зэмд унагаагаад байна вэ? Ард түмэн үү? Ачааны хүндийг үүрч яваа аж ахуйн нэгж, компаниуд уу? Тийм биш ээ. Монгол шиг хувь заяатай ард түмнийг аваад явчиж чадах чанга удирдагч, чадалтай улстөрч алга. Тийм хүмүүс бий ч, төрд гарах замыг нь хаалттай болгочихсонд хамаг учир байгаа юм. Тэдний оронд бүхэл бүтэн банкыг цөлмөн, мөрийтэй тоглоод дуусгачихдаг, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглан, үндэснийхээ компаниудыг дарамтлан, дээрэмддэг, худал буруу хууль, дүрэм ярьж түмний тархи толгойг угааж гаршсан худлаа “гар”-ууд гарч ирчихээд Монгол Улсаар айл гэр болон тоглож байгаа нь цааш үргэлжлээд л байх уу? Монголын нийгмийг тэр чигт нь хэрсэн энэ муухай популизмаас үтэр салмаар байна. Одоо хангалттай ш дээ!
АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГАА, 49-Н ХУВИЙГ ДЭЭРЭМД!
Өнгөрсөн оны зургаан сараас эхэлсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал хийх юмаа олж ядсан цөөнгүй улстөрч, тэр тусмаа хийдэг бус чалчдаг (популист) худлаа “эх оронч” царайлсан дүр эсгэгч нарт том боломж олгосон нь одоо бүр хэрээс хэтэрлээ. Нэгэн цагт Хятадын тагнуулын албанд мэдээлэгчээр элссэн гэгдэж байсан Ц.Нямдорж дарга (Өөрийнх нь болон өрөөл намынх нь нөхдүүд олон удаа түүнийг ийн буруутгаж байсан. Тэднээс иш татав) Эрдэнэт хэмээх том үйлдвэр тэр чигээрээ Монголынх болж байгаад баярлан баясаж асан бүхний сэтгэлийг харлуулж, хэрүүл, маргаан талцалыг нийгэмд тариад орхилоо. Тэр үнэн төрхөөрөө ямагт ярвайж байдаг шигээ бусдыг гишүүнийхээ бүрэн эрхээр далайлган үг, хэл амаараа доромжилж, өөрийгөө магтан, болж бүтэж байгаа болгонд (өөрөө оролцоогүй л бол) атаархсан өөдгүй нэгэн санагддаг. Үйлдэл болгоныг нь анзаараарай. Хавьтсан ойртсон болгон руугаа агсран, архирч, ноцож байж сая бах, дураа хангадаг ч юм шиг. “Буудмаар байна”, “дорбийнкдоно”, “хулгайчдаа”,”луйварчдаа” гэх мэт дээрэлхүү, доромж үгийг тэр хар массийн сэтгэл зүйд тохируулан ярихдаа жинхэнэ мэргэшсэн хуульч л даа. Нэг талаар түүний энэ “нахаал” авир нь эсрэгээрээ шударга, зоригтой гэсэн ойлголтыг бусдад төрүүлээд байгааг ч мань хүн өөрөө сайн мэддэг. Намайг хэн хэлэх вэ гэсэн хэнэггүй, ихэмсэг, дээрэлхүү зан араншингаас нь энэ байдал нэвт үнэртдэг юм. Түүний өөрөө өөрийгөө тодорхойлоод байгаа шиг шударга нэгэн гэдэгт нь би хувьдаа хэзээ ч итгэдэггүй. Энэ итгэл үнэмшлийг минь Эрдэнэтийн 49 хувийн талаар баримталж буй түүний байр суурь бататгаж өглөө. Тэр анхнаасаа л ард түмний тархийг угаая, тэгээд хувийн хэвшилд очсон Эрдэнэтийн 49 хувийг төрийн нэрээр дээрэмдье гэж үхэн хатан зорин зүтгэж байгааг болж өнгөрсөн үйл явдлуудаас олон нийт тэр бүрий анзаарахгүй байх шиг байна. Аргагүй юм. Ц.Нямдорж нарт ярих боломж илүү байдаг болохоор, бас массийг хэзээ яаж хуурч, ашиглаж болохыг хэтэрхий сайн мэддэг болохоор, түүнд хуулиар баталгаажуулсан халдашгүй эрх байдаг болохоор маш хорлонтой. Ц.Нямдорж болон түүний нөхдийн “баатарлаг” үг, “баримт,нотлогоонууд”л олон нийтийг “услаж” байгаа болохоос биш бусад хүмүүсийн дуу, хоолой, үг тайлбарыг зориудаар бүдгэрүүлэн, үнэн мөнийг эрж хайсан болгон мэнгэт даргад эх оронч бус худалдагдсан нэгэн болж зүхэгдэх боллоо. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд ирснээр монголчуудад ашигтай байна уу гэхээс биш Ц.Нямдорж, Ш.Раднаасэд ийн Ажлын хэсгийнхний ухуулаад байгаа шиг алдагдалтай наймаа, хэлцэл, аймшигтай үйл явдал огтхон ч болоогүйг тэгээд цаг хугацаа нотлох буй за. Тэр үед бид харин амаа барьж гаслахгүй л байх учиртай. Эрдэнэтийн 49 хувийг Монголын Засгийн газар авч чадахгүй ээ гэдгээ ОХУ-ын талд нотлон арчаагүй царайлж байхад аваад ирсэн хүмүүст ямар буруу байна аа! Эндээс заавал буруутанг тодруулах ёстой аваас уг асуудлыг УИХ-д танилцуулаагүй Ч.Сайханбилэгийн Засгийн газар болж таарна. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг ард түмнээс нуугаагүй атлаа эл дүгнэлтэд өгсөн “Монгол зэс”корпорац болон ХХБанкны хамтарсан тайлбарыг яагаад УИХ-ын гишүүд хийгээд олон нийтэд гаргахгүй байна вэ? Энэ тайлбараас ард түмэн УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэдийн ахалсан Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт нь тэр чигээрээ ташаа болсныг мэдчих болохоор тэр. Энд маш том дээрмийн ажиллагаа төлөвлөгдөж. Ёрлож байгаа юм биш. Өнөөдөр өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдвөл хэнийг ч хүчирхийлж, дээрэмдэж, буруутган ял зэмд унагааж, хохироож болно гэсэн бүр хөгийн дорой лүмпэн ёс суртахуунтай элгийн “амьтад” улс төрд дүүрч, үзэл санаагаа тэлж байгаа нь Монгол Улсыг мөхөөхөд ч хүргэж мэднэ дээ. Эрдэнэт үйлдвэрийг энэ олон жилийн туршид сорон сааж, хулгайлж, олон олон тэрбумтнууд төрсөн. Тэд ямагт дээд түвшний улстөрчид байдаг. Энэ талаар монголчууд бүгд мэддэг болсон болохоор нуршаад яахав. Хамгийн гол нь төрийн нэр, эрх мэдэл, албан тушаалаараа халхавчлан Эрдэнэтээс хулгайлж, хүүдээ шахааны бизнес хийхэд нь тусласан яадаг юм хэмээн эрээ цээргүй мэдэгдэж байгаа нөхөр өнөөдөр шударга үнэн, эх оронч, ашиг сонирхолын зөрчилгүй нэгэн байж чадах уу? Ц.Нямдорж ийм байж монголчуудын, Монгол Улсын төлөө зогслоо юу? Ганцхан өдрийн дотор Эрдэнэт үйлдвэрийн бүх захирлуудыг хүүгийнхээ буусан буудалд дуудан цуглуулж, гарын үсгийг нь зуруулаад 1 сая долларын кабель шахаж байсан энэ дарга Эрдэнэтийн талаар шударга ярьж байна гэхэд нь итгэлээ юү монголчууд. Эрдэнэтийн 49 хувь хувийн хэвшилд ирснээр үйлдвэрээс хэдэн сая, сая доллараар хулгай хийгчдийн булхай илэрч эхэлсэнд , цаашдаа ийн хулгай хийн хөлжих хаалга хаагдаж байгаад ард түмэн биш энэ цагаан захтай, зангиатай хулгайч нар л сандарч мэгдэж байна. Тэд угжнаасаа салахгүйн тулд юу ч хийхэд бэлэн байна. Дээр нь юу ч бичиж болдог цагаан цаас учраас ард түмнийг энэ зорилгодоо ашиглахыг хүсэж байна. Ер нь улстөрчид хэзээ үнэн ярьж байсан билээ. Тэд ард түмэндээ хэзээ хайртай болдог билээ. Тэд баялаг бүтээдэггүй, тэд нэг ч ажлын байр бий болгодоггүй. Тэд ард түмний, татвар төлөгчдийн мөнгөн дээр тарвалзаж, баялаг бүтээгчдийг хууль цаазаар дарамтлан, бизнесийг нь булааж, айлган сүрдүүлж хувь хүртээд явдаг адгийн амьтад. Тийм ч болоод улс төрд нэг орвол гарч болдоггүй юм хэмээн донгосцгоодог биш билүү. Гарья гэвэл гараад л явна. Гагцхүү дэндүү бохир юманд хутгалдсан нэгэн л гарч чаддаггүй юм. Ард түмэн ихэвчлэн ийм адгийн амьтадад итгэчихээд байдаг нь даанч харамсалтай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо аваад ирсэн ажил хэрэгч нөхдүүдэд баярлалаа гэхийн оронд бүр гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьж, ойлгуулж байгааг харлаа. Ц.Нямдорж үүнийг өлхөн чадаж байна. Сайн хуцдаг л бол “сайн нохой” байх албагүйн адил сайхан ярьж чаддаг л бол “сайн хүн” гэсэн үг биш.
ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО
Андуурчихаагүй бол ийм нэг зарчим монгол хүнд байдаг шиг санагдана. Хэрэв Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-н төрийн өмчит “РОСТЕХ” корпорац хувь ногдолоо зараагүй байсан бол яах байсан бэ. Мэдээж бид 51 хувьтайгаа л байх байсан нь тодорхой. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь эзэмшихсэн гэсэн мөнхийн мөрөөдлөөрөө амьсгалаад , эрх баригч нам болгоны энэ үйлдвэрээс хулгай, луйвар хийдэг зам өргөсөн томроод, Ц.Нямдорж энэ тэр нөхдүүд урьдынх шигээ дув дуугүй, амар амгалан сууж байх байлаа. Гэтэл ” Монгол зэс” корпорац 49 хувийг оросуудаас аваад ирлээ. Эрдэнэт үйлдвэр одоо 100 хувь Монголынх болчихлоо. Энд хорсон, занаж, байж ядан тачаадаад байх хэрэг юун. ХХБанк бол Монгол Улсын хамгийн шилдэг арилжааны банк. Энэ банкыг маш чадварлаг баг, хамт олон авч явдаг. Гадаад зах зээлд ч ХХБанкны нэр хүнд ямар өндөр байдгийг Монгол Улс гал алдах шахсан хүнд цаг үед бонд гарган мөнгө босгож, аварч байсан хэд хэдэн удаагийн тохиолдол нотлох билээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах нь буруу юм бол Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Монголын өмч болгоод байгаа процессийг “эрүүдэн” шүүгээд байх ямар хэрэг байна аа. Үндэсний компаниудын маань нэг нь л оруулаад ирлээ шүү дээ. Ямар хүчтэй хар, хор хөдлөөд байгаа юм бэ. УИХ-ын гишүүн, нэгэн цагт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан эрхэм “Эрдэнэт үйлдвэрийн захирал байх хэцүү байсан. Урлаг соёлынхон, бөхчүүд ирж их шаналгадаг юм. Харин улстөрчид шахаа махаа хийгээд байдаггүй” гэсэн утгатай ярилцлагыг “Өдрийн сонин”-ны ойрмогхон дугаарт өгсөн байсан. Улстөрчдийн үнэн төрх яг ийм л байдаг байхгүй юу даа. Тэд уусан идсэн, улсын сан хөмрөгийг хоосолсноо ингээд бусад руу чихчихдэг. Тэр нөхөр бас “400 сая доллар бол тийм ч их мөнгө биш. Эрдэнэтийн 2 жилийн л ногдол ашиг.Тэр мөнгийг нь “Монгол зэс” корпорацынханд өгөөд төр 49 хувийг нь авчих хэрэгтэй хэмээн шордсон байсан. Бид чинь хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг цогцлоож байгаа улс орон байхаа больчихсон хэрэг үү. Хэзээнээс билээ. Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 5.3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно ” хэмээн заасан байна. Тэгээд энэ заалтаа дага л даа. Мөн Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 16.3-т “ ...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө ” гэж заасан бөгөөд зөвхөн дайны нөхцөл байдал, онц байдал зарласан үед хувийн өмчийг төр хурааж авч болдог гэж байна. Нэгэн цагт “Орондоо ч хууль засдаг яадгийн” хэмээн онгирч байгаад УИХ-ын даргын суудлаасаа огцорч байсан нөхрийн хэнээ нь арилаагүй юм байна. Одоо бүр Төрийн нэрээр далайлган Үндсэн хуулиа зөрчин хувийн өмчийг хураан дээрэмдэхдээ тулж цагаандаа гарчихсан байна. УИХ-ын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7-д “УИХ-ын гишүүн нь хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөхийг хориглоно”гэсэн заалтыг Ц.Нямдорж өнгөрсөн намаржин, энэ өвөлжингөө зөрчлөө.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИА ЭРГҮҮЛЭЭД БҮРМӨСӨН АЛДЧИХ ВИЙ ДЭЭ
Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурах нь үргэлжилж, Засгийн газрын баталгаатай их хэмжээний дүнтэй бондын төлбөрийг ойрын хугацаанд барагдуулах шаардлагатай ( ирэх гуравдугаар сард 580 сая ам.доллар, 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.доллар) энэ цаг үед хувийн өмчийг улстөржүүлэх замаар хууль бусаар төрийн мэдэлд булаан авах, улмаар Засгийн газар Олон улсын шүүх байгууллагад хариуцагчаар татагдах нь гагцхүү Монгол Улсын нэр хүнд олон улсад улам унах ноцтой сөрөг үр дагавартай болохыг ухаарах сөхөөтэй гишүүд УИХ-ын танхимд хэр олон байгаа бол. Гашуун туршлага, сургамж амссанаа уг нь мартах болоогүй баймаар. 2009 онд МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн гар хөл болж явсан “Жаст” группийн ерөнхийлөгч асан нэгний Эрдэнэт үйлдвэрийн баталгааг хуурамчаар үйлдэн санхүүгийн луйвар хийснээс болж Өмнөд Африкийн Стандарт банк, Марк рич интернэйшн трэйдинг зэрэг байгууллагуудын нийт 200 сая ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг, зарга үүсэн, Лондон дахь Олон улсын Арбитрын шүүхэд Эрдэнэт үйлдвэр татагдан 100 гаруй сая долларыг хүү, хуулийн зардлын хамт төлж барагдуулахаар болсон. Мөн 2009 онд Монголын Засгийн газар Канад улсын “Хан ресурс” компанийн нэхэмжлэлтэй үүссэн хэрэгт хариуцагчаар татагдан заргалдсан ч, Олон улсын Арбитрын шүүхээс манай төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байсныг нотлон 100 сая ам. доллар төлөх шийдвэр гаргасныг шинэ гишүүд бараг мэдэх ч үгүй манаргаж яваа байх. Монголын Засгийн газар энэ төлбөрөө ч бүрэн барагдуулаагүй байгаа шүү дээ. Өнгөрсөн онд татвар төлөгчдийн буюу мань мэтийн мөнгөнөөс 70 сая ам.доллар хумсалж төлөөд түр амсхийж байгаа дээрээ дахиад үндэснийхээ компанитай заргалдан гадаад ертөнцөд шившгээ хутгах сайхан гэж үү. Ш.Раднаасэдийн ахалсан Ажлын хэсэг хувийн секторын нэр хүндэд ноцтой халдан, дэд ажлын хэсгийн гишүүдийг хүчээр шахан заавал хууль бус гэсэн дүгнэлт гарга гэсээр гаргуулсан гэж байх юм. Ард түмний савалгаатай хэсэг энэ зохион байгуулалттай заваан жүжигт итгэж эхэлж байгаа нь туйлын харамсалтай. Энэ бол гамшиг.
Монголбанкнаас ХХБанкинд 300 тэрбум төгрөгийн зээл өгсөн байна хэмээн Ц.Нямдоржийн хэлсэн худал үг олон нийтийг Эрдэнэтийн 49 хувийг авчирсан нөхдүүдийн эсрэг хандуулахад хүргээд байна. Бодит үнэн гэвэл Төвбанкны тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.1 дэх заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2014 оны есдүгээр сарын 23-ны хуралдааны МН-47\21 дүгээр “Дотоод актив чанаргүйдэх эрсдлийг бууруулах зарим арга хэмжээний тухай” тэмдэглэлийг үндэслэн Монгол Улс руу орох гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Монголбанкнаас хэрэгжүүлсэн юм байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Монголбанк гурван арилжааны банкаар дамжуулан 870 орчим тэрбум төгрөгийн дүн бүхий дотоодын аж ахуй нэгжүүдийн өрийн бичгийг худалдан авч санхүүжилт олгосныг Ажлын хэсэг зориуд мушгин зээл гэж олон нийтэд тайлбарлаж. Монголбанк нь ХХБанкаар дамжуулан дотоодын хоёр аж ахуйн нэгжийн 160 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэт цаасыг худалдан авч дээрх хоёр компанид санхүүжилт олгосон бичиг,баримт, гэрээ хэлцэл нь Монголбанкинд бүрэн байсаар байхад Ц.Нямдорж болон УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны Ажлын хэсэг илт санаатайгаар УИХ-ын гишүүд, олон нийтийг төөрөлдүүлэх зорилгоор худал дүгнэлт гаргасан байх нь. Ажлын хэсгийн дүгнэлт нь баримт материалыг үгүйсгэж, хэт нэг талыг барьж, 49 хувийг худалдаж авсан процессийг бүхэлд нь хууль бус ажиллагаа болгон харуулах, ард түмний өмчийг мөнгө угаах замаар луйвардаж авсан хэмээн олон түмнийг итгүүлэхэд чиглэн, хувийн өмчийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргуулахаар улайрсан хүмүүсийн зохиолоор гарсан нь харамсалтай. Хэрэв зэ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ-аас гаргавал Засгийн газрын давуу эрхээс татгалзсан 330 тоот тогтоолын заалт хүчингүй болж, Монголын талд шилжсэн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ын 49 хувийн хувьцаа ОХУ-ын “РОСТЕХ” корпорац руу буцаж шилжих нөхцөл үүснэ. Дээр нь нэмж Худалдах, худалдан авах гэрээний 6.2-т заасан торгуулийн дүн болох 100 сая ам. долларыг Монголын Засгийн газар төлөх болно гэдгийг, дахин хэлцэл хийх нөхцөлд хувьцааны үнэ өсөх төдийгүй, бүр Монголд бус гуравдагч орны этгээдэд 49 хувиа “РОСТЕХ” худалдчих эрсдэл байгааг Ажлын хэсэг яагаад тооцсонгүй вэ? Бид аманд ороод ирсэн шар тосоо улстөржүүлж, өөр хоорондоо атаархан, хонзогносоор аманд ч үгүй, хамарт ч үгүйгээр алдах болж байгаа юм биш биз. Монголын нэг ч болтугай компани өндийн босог л дээ. Өндийн босох гэсэн нэгэндээ өсөрхөн цөөвөр шиг улангасан дайрдагаа болил доо. Энэ их бачуурал, хорсолоо хазаарла. Зүгээр л амар тайван амьдар ч суугаач! Энэ удаа үндэснийхээ компанитай ингэж хүчирхийлж хандвал, цаашдаа улам л Монгол Улс хүнд хүчрийг туулах болно. Ийм дээрэмчин төрд, ийм рекэтчин улстөрчдөд хэн итгэх юм бэ? Мал сүргийг төрд буцаан нийгэмчил гээд дараагийн “солиорол” эхлэвэл яана. УИХ-ын гишүүд ээ! Асуудлыг улстөржилтөөс ялгаж, ухаалаг шийдвэр гаргаач. Ядаж бүрэн эрх, энэ тэрээ эдлэн Ажлын хэсгийн худал, зохион байгуулж гаргасан дүгнэлтэд өгсөн ХХБанк хийгээд “Монгол зэс” корпорацын тайлбарыг нь бүрэн уншчихаад шийдвэрээ гаргаач. Олон нийт ч энэ тайлбаруудтай танилцах эрхтэй бас хэрэгтэй буюу.