Өмнөд солонгосчууд асар сонор соргог юм. Дээр нь шүүх, прокурор нь хэний ч хараат биш нь мэдэгдэж байна. Монголчууд бид харин Монголынхоо улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд яаж тэмцэж байгааг, тэр тэмцэлдээн нь том төслүүдийг хэрхэн зогсоож байгааг, тэрнээс нь болж бид улс орноороо дампуурч, яаж ядуурч байгаагаа хонь шиг хараад л сууж байдаг. Монголд бүлэглэлүүд Таван толгой, V цахилгаан станц, Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Таван толгойн цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр барихыг бүгдийг зогсоолоо, уул, уурхай, дэд бүтцийн салбарын хамаг л төсөл төлөвлөгөө, ажил хэргийг гацаалаа. Дэлхийн зах зээлд Монголын нүүрс үнэгүйдсэн нь энэ бүлэглэлүүдийн талцал, хэн нь их, бага идэх үү гэсэн “зодооноос” л болсон. Эдийн засаг ингэтлээ дорд орж, хөрөнгө оруулагчид итгэхээ байж нүүр буруулсан нь ч тэдний л талцлын үр дүнгийнх. Бүлэглэлүүдийн улс орноороо наадсан энэ зодоон олон жил үргэлжилж, сүүлдээ тэр нам, энэ намынх гэлтгүй, хоорондоо эвцэлдэж, бүлэглэлээрээ талцан маргаж, томоохон шийдвэрүүдэд нөлөөлөх болсон. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувь хүрч, жилийн дараа хорин хувьд хүрнэ гэж маадайж байсан үе бий. Ингээд л доройтож эхэлсэн дээ. Яахав, тухайн цаг үед хятадуудтай том гэрээ хийсэн Австралийн нүүрсний уурхай усанд автсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн. Мөн Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтыг манайхан дөрвөн тэрбумаар тооцож байсан ч зургаан тэрбумаар орж ирсэн зэрэг ч нөлөөлсөн. Бодит өсөлт биш ч, азаар өссөн. Гэхдээ л өссөн үү, өссөн. Өнөөдрийнхөөс өөр байсан. 2016 оны байдлаар эдийн засаг унаж, Монголын эдийн засагт гол өсөлт болж байсан, уул уурхайгаа таг зогсоож санаа нь амарлаа. Нүүрсийн үнэд тээврийн зардал маш чухал. Тиймээс ч Монголын компаниудын нэгдэл “Энержи ресурс” Германы том банктай хамтарч нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөхөөс өмнө нарийн царигтай төмөр зам тавихаар болоход өөр нэг бүлэглэл нь өргөн цариг яриад эхэлсэн. Ингээд л нэг хэсэг юм болов. Тэгж байтал Засгийн газар М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж төмөр замын асуудлыг урагшлуулах гэж үзээд УИХ нь гацаав. Мэдээж өнөөх л бүлэглэлүүдийн хийсэн ажил. Одоо Хятадын жижиг боомтууд татвар нэмснээр манай өнөөх зах зээлээс доогуур үнэтэй гарч байсан бүтээгдэхүүн бүр ч ашиггүй болох нь тэр. Энэ татварын нэмэлтийн талаар Далай ламыг Монголд ирүүлсэнтэй холбон тайлбарлаж байгаа ч угтаа бол түүнийг ирэхээс өмнө яригдаж байсан юм билээ. Харин Далай ламыг Монголд ирснээр яригдаж байсан асуудал шууд ажил хэрэг болчихлоо. Мэдээж Хятадын орон нутгийн жижиг дарга нар дээрээсээ зааваргүйгээр шууд шийдчихдэг юм биш л дээ. Нүүрсэн дээр нэмэх Оюу толгойн зэс ч зардал өндөр учраас хэсэг хугацаанд экспортоо зогсоолоо. Өнөөдөр эдийн засаг хасах руугаа орох гээд байж байна. Ерөнхий сайд нэлээд өөдрөгөөр эдийн засгийн өсөлтөө 3-7 хувьтайгаар хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан байна лээ. Энэ төлөвлөгөө хэрэгжихэд “Стэндбай”-ийн хэдэн төгрөг манайд юу ч болохгүй гэдгийг Олон улсын валютын сангийнхан анхааруулсан. Тэгэхээр Засгийн газрын энэ тооцоолол бол одоогоор бодит биш. Тиймээс Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээлээ шаргуу хөөцөлдөх шаардлагатайг олон улсын экспертүүд анхааруулсан. “Стэнд бай”-ийн мөнгө ч яахав захиран зарцуулахыг ОУВС мэднэ. Харин хөнгөлөлттэй зээлийн мөнгийг мөн л орж ирлээ гэхэд булаацалдаж, улсаараа тоглох вий гэж учир мэдэх хүмүүс эмээж байна.

Дотооддоо ийм болохоор гадныханд амархан зууш харагддаг биз дээ, бид. Улстөрчид ханаж цадахаа мэдэхгүй, ард түмэн нь номхон хүлцэнгүй. Хоёр хөршийн захиалгаар Монголын улс төрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ойртуулах, өөрсдөдөө тааруулах, ижил байлгах зорилготой захиалгын төр засаг, парламенттай боллоо. Цаашдаа Монголын төр засгийг хоёр, гуравхан хүн халаа сэлгээгүй ээлжлэн барьж байх шинж бүрдэж байна. Энэ бүгдэд бид дуугүй л сууж байна. Өнөөх л хонь шиг номхон хэвээрээ. ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг дипломатч Монголын од дуучинг зодож, гарын чилээгээ гаргаж байхад бид захиалгын юмыг нь бичиж, “Манай дуучин “Хай Гитлер” гэж хэлж Оросын дургүйг хүргэлээ” гээд сууж байдаг. Цагдаа хүчнийхэн нь ч нутаг нэгтнийг нь гадаад хүн зодож байхад нөгөө хүнийг нь шалгаж байцаасан ч үгүй. Мэдээлэл авах гэхээр “Шалгаж байгаа, одоогоор нийтэд зарлах боломжгүй, хоёр улсын харилцаа” гэсэн юм яриад ам таглана.

Эрх мэдэлтнүүд нь ард түмнийг мухар сүсэг, бөөгийн ёсоор удирдаж, улс орны хувь заяаг тэнгэрт даатгаад л сууж байдаг. Үүнд нь ч ард түмэн итгэж, уухайлав. Төрийн томчууд, улстөрчдийнх нь ард лам, бөө, хараалч, ерөөлч, илэрхий сууж байдаг. “Тэр дарга надаас ирж асуудаг, үзүүлдэг, мэргэлүүлдэг” гээд өнөөдүүл нь бахдалтайгаар нийтэд зарлаж байна. Ингэж араа даатгадаг бөө, лам, мэргэч төлгөчийнхөө үгээр төр засгийн ажлыг явуулж, тусгаар тогтнол нь хэврэгших явцыг илэрхий явуулсаар байхад бид таг дүлий, таг сохор юм шиг хүлцэнгүй байсаар цаад наадахыг мэдэхгүй гэнэн томоогүй хүүхэд шиг учрыг нь ухаж ойлгохгүй, нягталж бодох ч үгүй хувь заяандаа найдсаар ирлээ. Тэгэхэд өмнөд солонгосчуудыг хар. Тэдний яаж тэмцэж байгааг бид харлаа. Нэг удгантай найзалсных нь төлөө, тэр удганаар хэлэх үгээ уншуулсных нь төлөө мухар сүсгээр төр засгаа удирдуулахгүй гэж ямар айхтар тэмцэж байна. Хэдэн саяараа гудамжиндаа гараад тэмцлээ. Хот болгон нь энэ тэмцлийг уухайлан түрэв. Авлигыг яаж эсэргүүцэж байна. Тэд нийтийн эрх ашгийн төлөө, өөрсдийнхөө сайн сайхны төлөө ямар сонор соргог байна. Солонгосчууд өндөр албан тушаалтнууд бидний төлөө ажиллах ёстой, тэр хэрээрээ хариуцлага үүрэх ёстой гэж үздэг. Тиймдээ ч буруу хэрэг хийсэн гэж үзвэл хариуцлага тооцож, нэгдэж жагсаж, хэдэн саяараа эсэргүүцсээр Ерөнхийлөгч Пак Гын Хэг толгой бөхийж уучлалт гуйлгаж, парламентаар хэлэлцэхэд хүргэлээ. Манайхан сонгохоосоо эхлээд л “Энэ идэж уух гэж гарч байна” гэж хэлсээр байгаад л сонгочихдог. Яг тэр хэлснээр нь болдог. Жагсахаараа өөрсдийн хүслээр биш хэн нэгний даалгавраар жагсдаг болохоор төд удалгүй зорилгоосоо няцаж, үр дүн нь ч гардаггүй. Монголд ардчиллын төлөөх жагсаал л үр дүнд хүрснээс тэрнээс хойшхыг нь бол хэн ч мэдэхгүй. Жагслаа л гэдэг, болилоо л гэж байдаг. Манай цагдаа, хүчнийхэн төрийн ордонг, эрх баригчдыг жагсаж тэмцэж байгаа иргэдээсээ хамгаалдаг бол Солонгост жагсагчдыг гадны нөлөөнөөс хамгаалж цагдаа нар нь хамт байж байх жишээний. Солонгост сая өрнөсөн тэмцэл маш эмх цэгцтэй, тууштай, зохион байгуулалт сайтай байв. Энэ жагсаал эв нэгдэл, эмх цэгц, зохион байгуулалттай төдийгүй төрийн бус байгууллагууд, холбоод, иргэд нь хэрхэн нэгдэж, прокурор, хуулийн байгууллага нь яаж хараат бус ажиллаж болдгийг харууллаа. Прокурорын байгууллага нь Ерөнхийлөгчөө ордноос гаргахгүй ёс зүйн шаардлага тавьж, хэвлэл мэдээлэл нь эрх мэдэлтний заавраар биш хараат бусаар ажиллаж, иргэд нь зорилго нэгтэй тэмцэж, тэр ч байтугай жагсаж цугласны дараа сайн дураараа хогоо цэвэрлэж байсан. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болоход дэмжиж саналаа өгсөн хүмүүс хүртэл ард түмнээсээ уучлал гуйж байна. “Бид буруу хүнийг сонгож, биднийг уучлаарай” гэсэн зурагт хуудас барьсан байв. Бид үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх хамгийн боломжтой зам ардчиллыг сонгосон хэрнээ яаж хэрэгжүүлсэн юм бэ. Өмнөд солонгосчууд бидэнд саяын тэмцлээрээ ардчиллын хичээл зааж байна. Тэмцэж чаддаг ард түмэн ардчиллаа ингэж бэхжүүлж, ингэж хамгаалдаг юм байна.

Дэлхийн улс орнууд од гаригсын нууцыг нээж, тэнд амьдрал хайж, амьдрал бий болгохоор хөдөлмөрлөж, ангараг дээр хөрс шинжилдэг техник буулгаж байна. Хүн төрөлхтөн дэлхий гэдэг гаригаасаа хальж сэтгэж байхад хувь заяагаа бурханд даатган сумны үзүүрт захиа бичин харваж буй төр засгийнхнаа хараад өнөөх харвасан сум нь бурханд хүрнэ, бурхан тэр захиаг уншаад бидний хүслийг гүйцээнэ гэж үнэмшин, тэнгэрт залбирч суугаа нь хэтэрхий мунхаг харанхуй биш үү. Хэн биднийг ийм болгох гээд байна. Зарим хүн тэнгэрт сум тавихыг ёс заншил төдий зүйл гэж бодох ч ихэнх нь бурханд хүрнэ гэдэгт найдаад сууж байна. Биднийг ийм тэнэг мангар байлгах гээд байна. Байлгаад ч байна. Тэгэхэд бурхны шашны тэргүүн Далай лам сая Монгол ирээд “Хэрвээ та нар намайг хүндэлдэг бол шинжлэх ухаанч бурхны сургаалтан байгаасай гэж хүсч байна. Шинжлэх ухаанаа судал” гэж хэлж байх юм. Их сэтгэгч Баабар “Пак Гын Хэгийн талаар солонгосчуудтай маргав. “Манай Ерөнхийлөгч бөөгөөс зөвлөгөө авдаг. Харин танайд бүр бөөг сайд болгодог” гэж ам таглав” гэсэн байна лээ. Үүнийгээ солонгосчуудад мад тавиуллаа гэж тодотгосон.

Монголчууд бид тэнгэр бурхны тусламжид найдан, улс төрчдөөрөө улс орноо тоглуулж, хувь заяагаа даатгаад мунхгийн их далайд живж суух зуур Далай лам бурхны шашны тэргүүн хэрнээ шинжлэх ухаан судлахыг бидэнд захиад мад тавилаа.