Хоёр Япон, нэг Со
Япончуудын тухай анхны эерэг ойлголтыг бидэнд анх өгсөн хүн бол Ц.Дамдинсүрэн[i] гуай юм. Түүний “Японд очих замын сүүлчийн тэмдэглэл”-ийг саарал хавтастай “Түүвэр зохиол”-оос нь анх уншиж, тэнд “дайсан самурай нараас гадна хүн шиг л хүн амьдардаг бололтой юм байна” гэх төсөөлөл бий болж байж.
Нэг. Дамдинсүрэнгийн Япон.

Хөрөнгөтөн буюу албан ёсны дайсан орны тухай, дээр нь Халхын голд байлдалцаж явсан японы тухай сайхнаар бичих осолтой. Осолтой гэхсэх юмгүй, угаасаа боломжгүй. Ийм учраас, ерөнхий сайд болох гээд байгаа нэг улстөрч нь дайнд дуртай бүр ч горьгүй хүн бололтой гэхчлэнгийн, нам засгийг тайтгаруулсан үг үсэг бий л дээ. Шүлгийн түүвэр гаргахад хүртэл МАХН ба Монгол-зөвлөлтийн найрамдлыг магтсан зүйлс оруулахгүй бол батлаж өгдөггүй байсан цаг болохоор аргагүй биз. Тэр түүвэрт “Арлын годгор чөтгөр, Азийн ноён болох гэж...” хэмээн эхэлдэг “Японы самурай” хэмээх айхавтар шүлэг нь ч бий. Дамдинсүрэн гуай нэг гараараа нам засагтаа “Японы самурай” хэмээх шүлэг бичиж өгөөд, нөгөө гараараа хүн шиг л хүн амьдардаг япон орныг бидэнд нээж өгсөн байлаа. Уг тэмдэглэлд, атом цөмийн зэвсэг эсэргүүцэх олон улсын хуралд оролцох гэж ямар хүнд зам туулсан тухай, японд монгол хэл судалдаг оюутнууд байдаг тухай, тухай тухай...гарна.
Япончууд байгууллагаа сурталчилсан чүдэнз хийгээд, бэлэглээд явдгийг уншаад хэрвээ тийшээ очвол янз янзын зурагтай олон гоё хайрцагтай болох юм байна гэж бодогдож байв. Бас нэг мэргэлдэг хэрэгслэл их сонирхол татаж байв. Мөнгө хийхээр нэг саваа гозосхийж гарч ирэх ба тэнд төлгийн бичиг байх аж. Дамдинсүрэн гуай саваагүйтэн түүгээр мэргэлж үзсэн болтой байдаг. “Та итгэмтгий сайн боловч муу хүн таарч хуурах аюултай” гэх маягийн юм гарсан гэдэг билүү дээ.
Хөрөнгөтөн оронд үзсэн юмаа муулах нь социалист ертөнцийн төлөөлөгчийн албан ёсны үүрэг учраас мэргэний багажийг капиталистуудаас гэнэн ардыг мөлжих хэрэгслэл хэмээн тэмдэглэсэн нь бий. (Тэр үг одоо ч манайд үнэнээрээ байна)Мэрэг төлөг хориотой социалистлагерийн сурагч хөвүүнд тэр их сонин санагдсан.
Дамдинсүрэн гуайн тэмдэглэлээс нэг чухал зүйл мэдэрсэн юм. Тэр нь, япончууд миний анх төсөөлж байсан шиг өглөө сэрэнгүүтээ л “За, өнөөдөр хэнийг алдаг юм билээ” гэж боддог мангаанууд биш юм байна гэсэн эргэлзээ. Тэмдэглэлээс харахад их эрдэмтэнтэй уулзсан олон хүн, түүний дотор монгол хэл сурч байгаа оюутнууд нь “бидэнтэй л адилхан хүн” гэдэг нь мэдэгдээд байв. Энэ бяцхан эргэлзээ бол социалист ертөнцийн хязгаар нутгийн сурагч хөвүүний хувьд гайхалтай нээлт байсан бололтой.
Дамдинсүрэн гуайн тэмдэглэлээс, сурагч миний бие Японы тухай өөрийн төсөөлөлтэй болсноос ч болсон юм уу “Япон монгол ярианы дэвтэр” худалдан авч байлаа. Алмаас гэж сонин нэртэй хүний зохиосон, зориудаар ч юмуу царай зүс муутай хэвлэсэн ном сумын дэлгүүрт байсан юм. Яг тэр үед Алмас судалдаг Равжир гэдэг хүн манайд суманд ирж, хязгаар нутагт “Христос дахин мэндэлсэн”-ий дайтай бужигнасныг ч хэлэх үү. Алмаас, Алмас хоёрыг ялгахтай үгүйтэй жаалуудад номын номын автор сонин санагдсныг ч бас хэлэх үү?
Дотуур байранд амьдардаг сурагч миний бие өөрийн “бизнес”-ээр тэр номыг худалдан авсан бөлгөө. Учир юув гэхээр ийм юм, сумын дэлгүүрт архины лонх аваачиж тушаагаад оронд нь ном авч болдог байв. Түүнчлэн архийг нь уухаас лонхийг уудаггүй байсан томчуудын хишиг буян ч бас мөн. Дашрамд дурьдахад, манай үеийнхэн архийг ашиглаж сурахаасаа өмнө лонхыг нь ашиглаж сурсныг дуулгахад таатай байна.
Тэндээс анх “Кон ничива” (Орос хэлний “ничего” гэдэгтэй яасан адилхан юм бэ гэж бодогдож байв ) буюу “сайн байна уу”, “Ваташива, монгору жин дэсү” буюу”Би монгол хүн байна”, өөр бас нэг өгүүлбэр тогтоогоод өнгөрсөн. Мартагдсан өгүүлбэр нь монголоор бол “Тээр тэр харагдаж байгаа юм юу вэ” гэсэн утгатай байсан санагдана.
Харин “Соёонара”гэдэг үгийг “Хүний мөр” киноны “өгөр толгой” Гүрсэдээс сурсан байдаг. Яагаав, японы тагнуулч Гүрсэд дайсан руу морз цохиж холбоо бариад л төгсгөлд нь “Аригато”, “Соёонара” гээд байдаг. Амь наана, там там цаана яваа тагнуулчид холбоо барихдаа шифрлэсэн мэдээгээ бушуухан шидчихээд нуугддаг. Харин мань Гүрсэд “баяртай, дараа баяртай уулзая” гэхчлэнгээр ёсорхож явдаг уужуухан дотортой тагнуул шүү. Төв шуудан дээр очиж Японы эзэн хааны тагнуулын албатай ярих захиалга өгөөгүй нь их юм.
Хэрвээ би улс төрч байсан бол “Ирээдүйд Японтой харилцаа сайжрахыг зөгнөж мэдээд, нууцаар япон хэл сурч байсан” хэмээн ярих байв. Даанч би эгэл хүн учраас хүмүүс үнэмшихгүй. Хүмүүс бие биенийхээ худал ярихыг андахгүй атлаа, улс төрчдийг худлаа ярихаар үнэмшдэг нигууртай.
Гэхдээ, “зогс буудлаа”, “гараа өргө” гэхчлэнгийн үгийг японоор тогтоосонгүй, миний үеийнхэн гярмаан хэл үзээгүй атлаа “Хээнди хоох” гэж мэддэг л байсан гээд бодохоор. За даа, тийм өгүүлбэр мөнөөх ярианы дэвтэрт байгаагүй л хэрэг байх даа.
Хоёр. Сосорбарамын Япон
Өнөөгийн япончууд монголчуудыг ойлгохыг маш их чармайдаг, харин манайхан тэндээс жаахан юм хусахыг тэднээс дутахгүй чармайдаг. Ер нь бол, хоёр тал адилхан чармайдаг.
Харин Сосорбарам монголын урлагийг Япон оронд чамгүй сурталчлахыг чармайдаг. Тэрээр үндэсний урлагийн янз бүрийн хамтлагаар “театр”-аа бүрдүүлэн арлын ороноор олонтаа аялжээ. Саяхан, “Билгийн ундрага” театрынхан “Их монгол” хамтлаг, бас ах дүү хоёр уртын дуучин Ч.Батмэнд, Ч.Батмөнх нар, за тэгээд бүжигчин, бүжиг дэглээч Я.Энхгэрэл гээд авъяастнуудыг дагуулан Японд тоглолоо л доо. Үндэсний урлагийн авъяастнуудын хувьд хөөрхөн бизнэс. Гэхдээ, дөрвөн тоглолтын хоёрынх нь орлогыг буяны үйлст хандивлачих юм.Мөнгийг нь яг тоолоод өгч байхыг энэ хоёр цийдмэрээрээ хардаг юм байна. Дуулахнаа, ганц энэ ч биш гэнэ. Тээр жил, нөгөө айхавтар цунами болдог газарт буяны тоглолт хийж, хүн ардын сэтгэлийг уртын дуугаар амирлуулжээ. Зүтгэж босгосон, асарч өсгөсөн, ачилж өргөсөн бүхнээ нь нэг л агшинд арилан бүрлэхийг үзсэн тэр хүмүүс одоо ч хэвийн энгүүн амьдралын хэмнэлдээ орж чадахгүй шаналж, бэтгэрч явдаг юм гэнэ лээ. Хайртай юмнаасаа салахын хэцүүг хүн төрөлхтөн мэддэг ч, хайртай юм бүхнээсээ зэрэг салахын гашууныг хэн л төсөөлөх билээ? Хаа холын хүн зовлон гунигийг нь нимгэлэхээр ирж, мөнх бусын орчлонгийн мөн чанарын тухай өвөг дээдсийнхээ гүн ухааны ялгууг хайлан хэлж өгөхөд тэд чамгүй тайтгарсан гэх юм. Монголчууд зөвхөн хандивлуулагч, өрөвдүүлэгч, бэлэг хүлээн авагч төдий байхаа больж хэр чинээгээрээ, байгаа юмаа хуваалцагч болсныг харж явлаа.
Тэр хэрээр нь, япончууд Сосорбарамыг мэддэг таньдаг болсон байна. Д. Сосорбарамын зохиосон "Жамаас" дууг Японы алдарт дуучин А.Яширо гэдэг эмэгтэй дуулж байхыг төв телевизээр нь харлаа. Тэр хүн өнгөрөгч зун монголд ирж дуулсан ба уг нэвтрүүлгийг үзэгчдийн хүсэлтээр давтан үзүүлсэн юмсанж.
Монгол үндэстний урлаг соёлыг амилуулах, хорвоогийн хүн ардад түгээх үйлсээрээ Д.Сосорбарам нэрд гарсан. Өөрөө ч “Дэлхийн язгуур урлагийн маэстро” цолтой. Манай язгуур урлагийн шинэ залуу олон хамтлаг, уран бүтээлчийг тэрээр дэлхийн дэвжээ рүү хөтөлсөн нэгэн.
Хэд хоноод би нутаг буцаж, Со үлдлээ. Тэрээр мөнөөх, Японы алдарт дуучинтай хамтарсан тоглолтыг найруулах гэрээн дээрээ ажиллах, завсраар нь С.Беккетийн “Года-г хүлээхүй” жүжигт оролцон тоглох...гэхчлэнгийн ажилтай үлдлээ.
Гурав. Японгүй Сосорбарам.
Манайхан, Сосорбарамыг үндэсний урлагийн зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын тугчийн нэг, өөрөө дарга болохгүй мөртлөө өөрийнхээ дарга нарыг айхавтар хангинадаг нөхөр гэхчлэнгээр чамгүй мэднэ.
Ардчилсан хувьсгал гэснээс 90-оны хувьсгал бол манай ард түмний бүтээл. Нэг хэсэг нь амь биеэ хайрлахгүй зориглон босч, нөгөө хэсэг нь уухайлан дэмжиж явсан. Бас зарим нь дэмжээгүй ч гэсэн эсэргүүцээгүй. Эсэргүүцэхгүй байна гэдэг бол том дэмжлэг байсан юм шүү. Ялангуяа “Дайсан этгээдийг илчилж, нугаслан дарахын оронд чимээгүй байж өөгшүүлнэ гэдэг бол дайсантай эвсэхтэй агаар нэг” гэж үздэг коммунист дэглэмтэй оронд. Мэдээж, ардчиллыг үзэн ядагсад, улайран ээргүүцэгчид байсаан, байсан.
Ардчиллыг олуулаа хийсэн болохоор ардчиллын зүтгэлтнүүд олон өнгөтэй. Санаж сэдсэн их үйлсээ, манлайлан хэрэгжүүлэх боломж олохын тулд засаглалийн эрх мэдэлд хүрч яваа ч хүн олон. Ерөөсөө, “коммунист нам төрийн удирдагч” нарыг унагаад оронд “ардчилсан нам төрийн удирдагч” болох гэж явсан ч юмуу гэж бодогдмоор нь ч бас байна. Тийм хүмүүсийг хараад “МАХН-д элсээд, намын үүрийн товчоо-аймаг, хотын намын хороо-намын төв хороо-улс төрийн товчоо гэсэн чиглэлээр карьер хөөж болох байтал, заавал ч үгүй хувьсгал хийж түвэг удах ямар хэрэг байсан юм бол” гэж бодогдмоор байдаг.
Харин нөгөө хэсэг нь өөрийгээ нээх боломж олох гэж ардчиллын төлөө явсан. Өөрийхээрээ амьдарч, эрх дураараа сэтгэх гэж зөнгөөрөө боссон хүний нэг нь Догмидийн Сособарам( бидний хэлдгээр Со) юм. Социализмын торонд хоригдсондоо бачимдаж, үзэл суртлаар жиргэн насаа барахын оронд өөрийнхөөрөө, гуагласан ч хамаагүй дуугарах гэсэн хүмүүсийн нэг нь тэр. Авъяас билгийн даль жигүүрээ намын үүрийн даргад баглуулахын оронд өөрийн хүслээр элин халин дүүлэх гэж байж ядаж явсан улсын нэг.
Тэр, ардчиллын буянаар хүссэн юмаа олж аваад, билиг авъяасын огторгуйд элин халин яваа авъастнуудын нэг болж чадсан. Авах юмаа авснаа мэдэж, үүнээс цааш өөрөөс нь хамаарна гэдгийг ч харсан хэрэг. Тийм болохоор, дарга дурга болох гэж давхидаггүй. (Таминь, “Дарга болдоггүй учраас сайн хүн” гэх гээгүй шүү. Дарга болсон сайн хүн зөндөө байна, цаагуур чинь) Харин, юу хүсч байснаа санадаг, юунд хүрснээ мэддэг цөөхөн хүний л нэг юм, манай Со.
Харин өөрт нь эрх чөлөө боломж олгосон тогтоцоо хачин соргог ажиглаж байдаг, сортоотой нэгэн. Хэрвээ ардчилалд аюул учирвал, түүний тэмцэж олсон боломж, өөрийнхөөрөө элин халих эрх чөлөөнд аюул учирна гэсэн. Тиим болохоор үе үе зурагтаар “сүгсэгнэж” ардчиллын зарчмыг хамгаалж харагддаг нь ийм учиртай.
[i] Цэндийн Дамдинсүрэн гэдэг нэр өөрөө манай соёлын амьдралын брэнд учраас учраас элдэв шагнал цол гуншинг хэрэглээгүй болохоо тэмдэглэе.