Манай үеийн МАХН
МАХН алив шийдвэр гаргахдаа ганц хүний амаар гар өргөхийн оронд халуун тогоон дотроо хагаралдан байж учраа олдог,
Нам бол манай үеийн оюун ухаан, нэр төр, хүн чанар... гэхчлэн Ленин багш “сургаж” байжээ.
Төрийн эрх мэдлийг улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлэхээс илүү ардчилалд ойр хувилбарыг өнөөхөндөө олоогүй байгаа тул нам гэдэг Лениний хэлснээс илүү гүн гүнзгий ойлголт байж ч болох юм.
Гэхдээ өнөөдрийн Монголын нийгэмд улс төрийн нам гэдэг ойлголт тун энгийн бүтэцтэй. Тэд бол улс төрийн чиг баримжаагаар гэхээс илүү бизнес, эрх ашгаар өөр хоорондоо сүлбэлдэгсэд. Оюун санааны шалгарал, манлайлах чадвараараа гэхээс илүүтэй хөрөнгө, мөнгөний нөлөөгөөр удирдах шатанд дэвшигсэд.
Эрх мэдэлд хүрэх хамгийн дөт бараг цорын ганц зам учраас мөнгө, хөрөнгө, эцэг эх, танил тал гээд юу байгаагаа ашиглаад алив намын удирдлагад нөлөөгөө олоод авчихбал дээшээ мацлаа л гэсэн үг. Тэгвэл хуруу гар бэлэн баланд дүрэгдэнэ. Ийм санаа бодлоор амьдрах аргаа сонгосон залуус ажил хийж сурахаасаа амбиц гаргаж сурах бөгөөд том ширэн цүнх, тод өнгөтэй зангиагаар гоёцгоон уран илтгэгч царайлан улс төрийн намуудыг тойрон гүйлдэнэ. Тэдэнд мөн л үзэл бодол үл хамаатай. Хаана сэмхий гарна, тэнд шургална. Тэр тусмаа илүү эрх мэдэлтэй, илүү олон жил төр барьж байгаа намд тоогдож, хурдхан шиг хуруу гараа баланд дүрэхийг хүснэ... Улс төрийн нам, түүний гишүүдийн тухай монголчлогдсон ойлголт ийм хялбархан бөлгөө.
Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудаас хамгийн олон жилээр төрийн эрх барьсан нь маргаангүй МАХН бөгөөд энэ ч утгаараа дээрх ойлголтын хамгийн амьд, тод жишээ гээд хэлчихэд гүтгэсэн болохгүй болов уу. Угтаа намын тухай дээрх ойлголтоос улс төрийн намуудын өнөөгийн бүхий л зовлон үүдэж буй бөгөөд амьд, тод жишээ нь мөн МАХН болчихоод байна.
Хэдэн жилийн өмнөөс дэргэдээ оюутны, залуучуудын гээд ажил хийхээсээ өмнө амбиц сурсан залуусын байгууллагаар МАХН өөрийгөө тойрон хүрээлүүлж, бэхжүүлж эхэлсэн юм. Гэвч тэдгээр байгууллагаар дамжин МАХН-д орж, намаар бамбайлан эрх мэдэлд хүрсэн хэсэг нь элдэв хэл ам дагуулан нийгмийг тэр чигт нь чих сортойлгож байлаа. Илүү эрх мэдэлтэй нэгнийхээ амийг хөнөөсөн Т, авлигад улайран улсын өмчийн банкнаас эцэс төгсгөлгүй идсэн Чимэдцэрэнгийн гээд олон гэмт хэргийг өнөөдөр хүмүүс санаж байгаа.
Алив амьд органик биет өөр дотор үүссэн өвчнийг илрүүлж эмчлэхгүй, нуун дарагдуулснаар илааршдаггүй төдийгүй нян нь улам бүр цааш иддэг. Үүн лүгээ МАХН гаднаа эвтэй, хүчтэй, алив шийдвэр дээр гарцаагүй санаа нийлдэг гайхамшигтай сайхан харагддаг авч үнэндээ байдал тиймгүй гэдэг нь жил ирэх тусам ил болж буй. Тэд сөрөг хүчний намынхнаа эв нэгдэлгүй, элдэв фракцтай, олон ишт санаа бодолтой, ойворгон, олхиогүй гэхчлэн шүүн хэлэлцэх дуртай ч өөрсдийнх нь эвийн шуудай зад тавьж байсан удаа дэндүү олон.
Нэр, нөлөө бүхий залуу гишүүн У.Хүрэлсүх намын даргаа гэргийтэй нь хамт хэвлэлээр нэг матан захиагаар дайтаж байсныг хүмүүс мартааүй. Дараа нь үүнийхээ хариуг хатуухан хүртэж, хоншоор дундуураа тас цохиулахад нь ч олон нийт үл мэдээчин царайлаад дуугүй өнгөрсөн үү гэвэл үгүй.
Уг нь тэр үеэс л МАХН алив шийдвэр гаргахдаа ганц хүний амаар гар өргөхийн оронд халуун тогоон дотроо хагаралдан байж учраа олдог, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн шийдэлд хүрч сурсан бол байдал өнөөдөр дээрдэх л байв. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө тус намын нэр бүхий хоёр гишүүн хутга, шөвгөндөө тулсан мэдээлэл цацагдаж л байсан. Өнгөрсөн өвөл л гэхэд намын дарга С.Баяр нь мориноос унаж бэртсэн биш, нарийн бичгийн даргадаа нанчуулсан гэдэг яриа гарсан. Мөн намын жир гишүүн Бямбацэрэн У.Хүрэлсүхэд зодуулснаа хэвлэлээр дэлгэсэн гээд тус намд байдал улам бүр дордсоор буй бололтой.
Бас саяхан бөөн хэл ам МАХН-ын дунд шатанд өрнөв. Тэр нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга бөгөөд МАХН-ын хорооны дарга Төмөрбаатар дүүргийнхээ ИТХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа агсам тавьж сүйдэлсэн гэдэг мэдээ. Зүгээр ч нэг ажилтнууддаа агсам тавьсан төдийгүй намын хороон доторх наад, цаад эрх ашгийн зөрчил түүгээр илэрсэн аж. МАХН-аас томилогдсон нэг бус Засаг дарга авлигын болоод албан тушаалын хэрэгт нэр холбогдож амжсан... гээд ярьвал олон зүйл бий. Гэхдээ энэ бүхнийг тоочсоны эцэст нэг зүйлийг асуух гэсэн юм. .
МАХН-ын удирдах төвшинд дээрх мэт “ухаангүй, нэр төргүй, хүн чанаргүй” хэрэг явдлууд давтагдсаар, нууя гэвч ил болсоор байхад тус намын дарга, Ерөнхий сайд та хэнтэй нь хэрхэн хариуцлага тооцож байгаа юм бэ гэж асуумаар байна.
МАХН эрх барьж буй улс төрийн хүчин. Ард түмний өмнөөс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх учиртай байгууллага ийм дорой, ийм сахилга батгүй, ийм хариуцлага байгааг иргэд шүүн хэлэлцэх эрхтэй шүү дээ. Уг нь эв нэгдэл, сахилга бат, хариуцлагын тухай хамгийн их ярьдаг нь МАХН, тэр тусмаа чанд хатуу имижтэй С.Баяр дарга та.
МАХН-д яагаад ийм зовлон нүүрлэснийг дүгнэж цэгнэхийг, хэрхэн үүнтэй тэмцэхийг, юу хийхийг тань танай намын энгийн гишүүн, дэмжигчид, иргэд олон нийт харж, хүлээж байгааг бас уламжлах байна.