-Ганц цамцтай, зурагтгүй олигарх Танаа-

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын тал  эзэмших болсон талаарх мэдээ яагаад ч юм бэ, УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр гарсан. Өрсөлдөгч намынх нь Засгийн газар ийм шийдвэрийг эгзэгтэй агшинд гаргаж байхад МАН-ынхан мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч, “нуун дарагдуулсан хэрэгт орох вий” гэсэн шиг Ерөнхий сайд ч яаралтай мэдэгдэл хийсэн  юм. Учир нь тэр Монголд ашигтай шийдвэр гэж үзсэн учраас “нэмэх” оноо болно гэж тооцсон болов уу. Ингэж зарлаж байж “Эрдэнэт”-ийг Монголын талд бүрэн “авчирч” байхад одоо хэр нь хулгай, луйвар л гэж хараад байгаа хүн цөөнгүй. Төрд хамгийн тод харагдаж байгаагаас гэвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж.

Манай Ц.Нямдорж гишүүний амнаас гарах үг бүр аагтай амттай байлаа. Сүүлдээ энэ чанараа ашиглаад үе үехэн худал залчихаад байдаг болсон нь харамсалтай. Жишээ нь хамгийн сүүлд л гэхэд 2016 оны есдүгээр сарын 29-нд “Эрдэнэт”-ийн луйвар гэгчийн талаар мэдээлэл хийсэн. Тэнд хамгийн сүүлийн буюу энэ оны татварын гүйцэтгэлийн дүн мэдээг санаатай, санамсаргүйг бүү мэд ташаа мэдээлсэн нь “Өө яанаа, арай ч дээ”, “Ц.Нямдорж л хэлж байгаа юм чинь үнэн”, “Хөөрхий энэ тулдаа үнэнийг хэллээ, луйварчдад алуулчих вий дээ” гэхчлэн мэдээлэл багатай, Ц.Нямдоржийн “но”-г мэдэхгүй хэсгийнхэнд үнэлэгдэхэд хүргэв. Харин ч Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид цаг алдалгүй татвар төлөлтийн байдлаа тайлагнаж, Ц.Нямдоржийн худал ярьсныг цаг тухайд нь зөв мэдээлж “барьж өгсөн” нь сайн хэрэг.

Үүн дээр нь бүр халуураад “Засгийн газрын зарим гишүүнтэй би айхавтар муудалцаж байгаа”, “Би Эрдэнэтийг луйварчдын гарт алдчихгүй юмсан гэсэн ганц мөрөөдөлтэй”, “Үүнийхээ төлөө сүүлийн цамцаа урагдтал үзэлцэнэ” гэхчлэн явж өглөө.

Тэр яг ингэж ярьдаг юм. Гэхдээ тэр эх орончын дүр эсгэгч гэдгийг хэдийнэ мэдэх болж. Н.Энхбаярыг баривчлагдахад “Би зурагт үзээгүй, манайх зурагтгүй” гэж даапаалаад, дараа нь “Би зориуд тэгж хэлсэн юм” гэж ярьж суусныг санаж байна уу. Одоо харин ганцхан цамцтай, түүнийгээ урагдтал үзэлцэх, эсвэл их олон цамцтай ч сольж өмсөөд л нэлээд удаан үзэлцэх ийм зүйл яриад сууж байна. Энэ түүний айлгах төлөвлөгөө юу.

Тэгвэл Ц.Нямдоржийг айлгах үнэн гэж бас бий. Түүнийг ярих хэдхэн хүн байдаг байх. Өнөөдөр үнэ цэнээ алдаад Ц.Нямдоржоос  бага эрх мэдэлтэй яваа байж мэдэх ч яах аргагүй түүнийг өмнөө зогсоод захирч тушааж явсан Н.Энхбаяраас, нэгэн цагт улс төрийн хөлөг онгоцон дээр хүссэн хүсээгүй хамт суусан М.Энхсайханаас тэр айдаг юм. Учир нь тэд мушийж байгаад үнэнийг хэлдэг. Гэхдээ өөрийнх нь үгэнд итгэдгийг ашигладаг Ц.Нямдоржоос арай өөр. Итгэнэ үү, байна уу, үнэн нь л энэ гээд хэлсэн нь өөрөө үнэ цэнтэй үлддэг.

“Улс төрийн тойм” сонины 2011 оны арваннэгдүгээр сарын 4-ний дугаарт М.Энхсайханы  “Ц.Нямдорж гадны компанид зөвлөхөөр ажилласан гэх мэдээлэл бий” гэсэн гарчигтай ярилцлага бий. Линк нь энд http://www.news.mn/r/85568 байна. Үүнд:

“Би 1998 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан. Тэгэхэд би Ерөнхий сайдын хувиар нэг үг хэлсэн. Гол утга нь “Ц.Нямдорж Ардчилсан намынхантай үгсэн хуйвалдаж Засгийн газрыг унагах гэж байна” гэчихсэн юм.Гэтэл Ц.Нямдорж миний тэр үгийг гүтгэлэг гэж үзээд шүүхэд өгсөн. Тухайн үед нийгэм ч тэрхүү үйл явцад тэгтлээ анхаараагүй. Шүүх намайг “Ц.Нямдоржийг гүтгэсэн” гэж үзээд олон сая төгрөгийн торгуулийн ял оноосон. Тэр үед шүүхээс торгууль болгон оноосон мөнгөний хэмжээ надад ахадсан санагдаж байв. Гэвч Ерөнхий сайдын цалингаасаа суутгуулсаар байгаад төлж дуусгасан. Хамгийн инээдтэй нь төлж дууссанаас хойш хэдхэн сарын дараа үгсэн хуйвалдсан нь үнэн болж, эвслийн Засгийн газрыг унагаасан юм даа” гэсэн байдаг.

Одоо Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх хувийн тоглолтдоо ялалт байгуулахын тулд байгуулагдаад 100 хоноогүй байгаа өөрийнхөө намын эрх барьж буй Засгийн газрыг огцруулах эрхээр далайлгаж яваагаас харвал өөрөө  харин АН-ынхантай үгсэн хуйвалдаад Засгийн газраа унагаж бүрэн дүүрэн чадах хүн биш гэж үү.

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Ц.Нямдоржийн өмнө хийсэн гэм буруу байхгүй. Яг үнэнддээ “Нямдоржгүй Засгийн газар” гэхээс өөрөөр Ц.Нямдоржоор татан буулгуулчих шалтгаан даанч харагдахгүй байна.  Хэрэв Монголын талд Эрдэнэт үйлдвэр 100 хувь ирсэн нь буруу бол өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн буруу байж таарна. Бурууг засах гээд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буцаагаад Оросын талд шидэх үү. Эсвэл Ц.Нямдоржийг Засгийн газарт урих, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түүний мэдэлд өгөх ёстой юм болов уу.

Энэ тал дээр М.Энхсайханы хэлсэн нэгэн хатуу үгсийг сануулъя. Дээр дурьдсан линк болон сонины дугаарт байгаачлан “Ашигт малтмалын тухай хуулийн 30-аад заалтыг засахдаа гадныханд хэрэгтэй утгын засвар хийж үү гэдгийг шалгах хэрэгтэй”, “Бидний чихэнд олон юм сонсогдож байгаа. Үнэн, худлыг нь нотолж чадахгүй чихээрээ сонсоод л байгаа. Тухайлбал, “Оюутолгойн гэрээг хийх явцад Ц.Нямдорж гадны компанид зөвлөхөөр ажилласан” гэсэн мэдээлэл бий. Ц.Нямдорж “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанид хуулийн зөвлөхөөр ажилласан” гэдэг энэ үгийг би гадны хүмүүсийн ярианаас чихээрээ сонссон. Гэхдээ би үүнийг нотлохгүй. Харин Ц.Нямдоржийн хэлсэн үг, хийсэн үйлдлээр тэр үгийн үнэн нотлогдоод байгаа юм.Яаж нотлов гэхээр Оюутолгойн гэрээний зөв, бурууг Монгол талаасаа тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө гардан хариуцах ёстой. Гэтэл яагаад Монголын талын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэгт орохгүй, энэ үүргээс өөрөө сайн дураараа зугтаад байсан юм бэ. Нарийн ярих юм бол гадныхантай харилцаж байсан нь зарим хүний нүдэнд харагдсан байгаа шүү” гэж М.Энхсайхан хэлсэн.
 
Ц.Нямдорж, М.Энхсайхан нарын хэн хэнийг нь уншигчид амтархан уншдаг, үзэгчид сонирхон итгэдэг. Цаг хугацааны явцад хэн нь хэн болсон нь бидний нүднээ илт танигдсаар яваа. Таван жилийн өмнө М.Энхсайхан Ц.Нямдоржийг хэвлэлд ингэж ярьж байсан ч өнөөдөр түүний зөв гэж бодож яваа ч юм билүү, хэн мэдлээ. Ямар ч байсан тэднийг эрх ашиг, долларын  төлөөх тэмцэл нэгтгэн эвлэрүүлсэн нь харагддаг.

Тэдэнд ижил талууд бас бий. Тэд төмөр зам, банк, уул уурхай, ялангуяа стратегийн томоохон ордуудаас сонирхлоо нууж чаддаггүй. Хамгаалах гээд байгаа юмуу, халааслах гээд байгаа юм уу, эцсийн дүндээ бараг ижил. Тэднээс холуур шийдэгдэхийг л тэвчдэггүй юм. Хэрэв маргааш “Хятадын банкууд салбараа нээх нь” гэвэл манай хоёр хашгираад л ороод ирнэ, харж л байгаарай.

Хэн хэнийх нь ашиг сонирхлын ариун цэвэрт онц дүн тавих арга даанч алга. Хамгийн аймшигтай нь эхлээд хувийнхаа, дараа нь намынхаа эрх ашгийг эрхэмдэдгээрээ тэд С.Зориг агснаас ялгаатай. Харин улс орны эрх ашиг дээрх хоёр эрх ашгийн хаана яваа бол гэдгийг уншигчид дүгнэнэ биз ээ. Би баян хүнээс айдаг байлаа. Харин одоо “би зурагтгүй, би түрээсийн байранд амьдардаг, би сүүлийн цамцаа урагдтал зүтгэнэ” гэдэг тэр хүнээс айж байна.