Путин ба Путинчууд номын хэсгээс


Кремлийн үзэл суртлын ажилтан Вячеслав Володин үндэсний шинэ санаа бодож олсон тухай хүргэх арвантавдугаар бүлэг

Вячеслав Володин өөрт нь таалагдаагүй асуулт тавьсан хэн бугайд ч “Та надад өөрийн үзэл бодлоо тулгаад байх хэрэггүй” хэмээн хариу барих нь олонтаа. Ийм ч учраас сүүлийн хэдэн жил түүнд энэ төрлийн асуулт тавих хүн нэгэнт үгүй болжээ. Володин бүхий л асуудлыг ард иргэдийн үзэл бодолд тулгуурлан авч үзэх сонирхолтой. Олон нийтийн санал асуулгад ойгүй дуртай тэрбээр санал асуулгын үр дүнгээр л ирээдүй хождыг тольдох санжээ. 

Түүний сацуу АНУ-ын улс төрийн тогтолцоог даамай сайн мэдэх хүний хувиар алив асуудлыг Америктэй холбож “Манайд харин ч гайгүй шүү. Та нар наад асуудал чинь Америкт яаж даамжирсныг мэдэж байна уу?” хэмээн тайлбарлахдаа гаргуун билээ. 

Тавьсан зорилго өөдөө махруу зүтгэдэг түүнийг улс төрийн үйл хэрэгт нь тотгор болох ухвар мөчид үйлдэл гаргадаггүй ч гэлцэнэ. Тэр сүүлийн жилүүдэд ярилцлага өгөхөө ер нь больсон бөгөөд хааяа нэг сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулж харагдвал “Та үзэл бодлоо надад бүү тулга” хэмээн хэлж үзэгдэнэ. 

Володиныг таньдаг хүмүүс түүнийг зуумтгай хэмээн тодорхойлдог. Энэ хүнд гүйцэтгэх ёстой ажил үүрэг болоод тооцоо бодох шаардлагатай хүмүүсийнхээ нэрсийг тэмдэглэдэг тусгай дэвтэр ч байдаг гэх юм.

Өөрийгөө тун ажил хэрэгч гэж бодож сэтгэдэг тэрээр ард иргэдийн санаа оноог андахгүй сайн мэднэ гэдэгтээ бат нот итгэжээ. Володины хувьд ардын дуу хоолойг түүн лугаа адил олж сонсдог хүн үгүй болой. Тэр өөрийгөө жинхэнэ ардчилагч гэдэгт огт эргэлздэггүй биз. Энэ эрхэм олон нийтэд төдийлөн зарлаад байдаггүй санал асуулгын үр дүнг таньж мэдсэнээр өөрийгөө эгэл жирийн иргэдийн чинхүү хүслийг гадарладаг хэмээн  сэтгэх болжээ. 

Үүнээс гадна хэрэгжүүлж буй дотоод бодлогынх нь чиг хандлага үнэн зөв эсэхэд эргэлзэж, өөрийн биеийг түмэнд тустай үгүйн талаар хааяахан тунгааж эргэцүүлэх дуртай ч энэ мэтэд тэгтлээ сэтгэлээ чилээдэггүй. Учир юу гэвээс ингэж бодох нь түүний үзэл баримтлалтай харшлах урагш муутайхан үйлдэл ажээ.

Цочирхон хариулт

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэгдүгээр орлогч Вячеслав Володин 2012 оны арванхоёрдугаар сард албан өрөөндөө Думийн дарга Сергей Нарышкин (тамгын газрын дарга асан) хийгээд парламент дахь дөрвөн фракцийн тэргүүлэгчдийг цуглуулжээ. Тэд АНУ-ын конгрессоор баталсан Магнитскийн акт хэмээх хориг бичгийн тухай хэлэлцсэн юм. Тус улсын Төрийн Департаментаас Оросын зарим нэгэн эрх баригчдыг хүний эрх зөрчсөн хэмээн сэжиглэж, хориг тавьжээ. Энэхүү хоригийг Америкийн конгрессоос батлалгүй ихэд удсан бөгөөд Барак Обамаг ахин сонгогдсоны дараахан буюу 2012 оны арванхоёр сарын эхээр л эцэслэн тогтоосон аж. Тиймээс Оросын парламент дээрх бичигт хариу өгөх шаардлагатай тулгарчээ. Уулзалтын эхэнд Вячеслав Володин америкчуудыг хоёр нүүртэй, ичгүүр сонжуургүй зан авиртай хэмээн элдвээр муучилж, өөрсдөө хааяагүй хүний эрх зөрчиж явдаг учир хэн нэгэнд хориг саад тавих эрхгүй гэж ухууллаа. 

Володины албан тасалгаанд цугларсан хүмүүс энэ тухай анх удаа сонсож байсангүй. Өөрсдөө ч америкчуудыг нэг биш удаа энэ мэтчилэн муу хэлж байсан удаатай юм. Тийм ч учраас Володин зөвхөн ийм үг хэлэх гэсэндээ тэднийг дуудуулав уу хэмээн гайхширч суув.

Дээрх хориг ямар ч нөхцөлд Орос, Америкийн харилцаанд таагүй нөлөөлөх нь ойлгомжтой ажээ. Иймийн тул Обамагийн тамгын газрынхан хоригтоо засвар оруулж, зарим хэсгийг нь хассан гэдэг. Тэгсэн хэдий ч Вашингтоныхон оросуудыг ийм цочир хариу үйлдэл үзүүлнэ гэж санасангүй. Америкийн Цагаан ордныхон оросууд Барак Обамагийн хийсэн тодорхой хэмжээний буултыг ойлгож хүлээж авна гэж сэтгэсэн ч Кремлийн шинэхэн нууц ноёнтноор тодорсон Вячеслав Володин тун ч цочмог хариу өгөв. 

Түүний үзсэнээр оросууд ямарч тохиолдолд барууныханд буулт хийх ёсгүй бөгөөд тэрээр Владимир Путинд жирийн ард иргэдийн дунд нэр нөлөөтэй хэвээр үлдэхийн тулд аймшиггүй, хүчтэй гэдгээ цаг үргэлж харуулах шаардлагатай хэмээн сэнхрүүлж байлаа. Учир иймээс Америкийн баталсан Магнитскийн хориг-т эрсхэн хариу барих шаардлагатай юм. 

Гэтэл Володин ерөнхийлөгч Владимир Путинтэй холбогдох боломжгүй байжээ. Ерөнхийлөгч тухайн үед сар гаруй Кремлиэр үзэгдсэнгүй. Энэ олон жилийн турш бүхий л асуудлыг толгой мэдэн шийдвэрлэж байсан ерөнхийлөгч маань өвдсөн учраас хэн ч түүний амар амгаланг алдагдуулахаар зүрхэлсэнгүй. 

Ийм нөхцөлд Володин дээр дурдсан хоригт ямаршуухан хариу өгөхөө боловсруулж цаасан дээр буулгаад, ямартаа ч бусадтайгаа хэлэлцэж, бултаараа хариуцлага үүрэх мэргэн санаа бодож олжээ. Агата Кристигийн Дорнын хурдан галт тэргэнд гарсан аллага хэмээх детектив романд л иймэрхүү үйл явдал өрнөдөг дөө. Мөнөөх романд жинхэнэ алуурчин хэн болохыг илчлэхгүйн тулд золиос болсон хүний нуруунд арванхоёр хүн тус бүр хутга зоодог тухай өгүүлдэг шүү дээ.

Думийн фракцийн тэргүүлэгчид Оросын парламентаас Магнитскийн хориг-т шулуухан хариу өгөх учиртай тухайд санал нэгдэж, өөрсдөө тэрхүү баримт бичигт гарын үсгээ зурцгаах төдийгүй бусад депутатуудаар ч гарын үсэг зуруулахаар тохиролцлоо. Урьд өмнө нь аливаа хуулийн төсөл болоод бичиг баримтыг Думд өдий олон эрх баригч өргөн барьж, гишүүд нь ч энэчлэн дуу нэгтэй дэмжиж байсан удаагүй билээ. 

Магнитскийн хориг-т хариу болгон баталсан хуулийн анхны хувилбарт америкчуудад визийн хориг тавьж, Орос улсын ашгийн бус байгууллагуудад ажиллах нөхцөл боломжийг нь хязгаарлах зүйл заалтуудыг тусгасан ч хоёр дахь удаагийн хувилбараар Володин америкчуудад орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон заалт нэмжээ. Орос хүүхдүүдийг гадныхан үрчлэн авч байгаад Путин сэтгэл дундуур явдгаа “Энэ чинь хүүхдээ наймаалж байгаагаас өөрцгүй шүү дээ” хэмээн нэг биш удаа илэрхийлж байсныг тэр эргэн санажээ.

НЭПКО хэвлэлийн газар