(Дахиад л энэ асуудал…)

Энэ өгүүллийг 2007 оны хавар буюу одоогоос гурван жил гаруйн өмнө бичиж хэвлүүлжээ. Тэр үед нийгмийн анхаарал энэ сэдэв рүү төдийлөн хандаагүй байсан юм. Тухайн цагт ресторан баар шөнийн клубуудыг 12 цаг гэхэд хаалгаа барих тухай хотын захиргааны шийдвэр гарсан байлаа. Хожим сонсохнээ Хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга авгайн хүүхэд нь шөнө ресторанд орж дальжиганаж яваад зодуулчихаад гэртээ харьжээ. Ээж нь дор нь арга хэмжээ аван Улаанбаатарыг төрийн хууль цаазаар шөнийн амьдралгүй болгож орхих нь тэр. Энэ цагаас хойш гэмт хэрэг архидан согтуурах явдал манай нийслэлд байхгүй болж мөнхийн жаргал цэнгэлд умбасан уу гэвэл худлаа. Харин ч архидан согтуурал далд хэлбэрт орж гэмгүй олон хүнийг хууль бус ажиллагаа руу өөрийн эрхгүй түлхсэн юм.
   
Ер нь манайд шинээр гарч буй хууль журам тогтоол цаанаа ийм хөгийн гэмээр шалтаг шалтгаантай байх нь ховор бус. 2002 онд гарсан хуулиар 12 цагаас хойш градустай шингэн зарахыг хориглосон. Дотоод яамны сайдын хүүхэд оройд тэнэж алга болчихоод халамцуу гэртээ хариад байдаг болсноос энэ хууль төрсөн гэлцэх юм билээ. Сайд өөрөө бол уувал ч уучдаг зодолдчихвол ч гөвөлцчихдөг дажгүй  эр л дээ. Гэхдээ хойч үеийнхээ хүмүүжил боловсролд санаа зовдог сайн эцэг. 1998 онд УИХ-д архидан согтуурах гэр бүл үймэхийн эсрэг гэлүү дээ нэг марзан хууль орж ирж батлагдангаа шахаж билээ. Согтсон хүнийг төрийн цагдаа гэрт нь очиж нойтон эсгийд ороож хүлж байх гэнэ. Эхнэрийнхээ араар гурван удаа тавих юм бол түүнийг мөн л нөгөө үйлтэй төрийн цагдаа гэрт нь ирж баривчлах төдийгүй цаад садар эмийг нь илчилж олны өмнө зарлаж байх гэнэ. Үнэхээр ийм хууль байнгын хороог даваад их хурлын ерөнхий хэлэлцүүлэгт давхиад ороод ирсэн юм шүү. Нарийн учрыг нь лавлаад байсан чинь хууль санаачлагч авгайгийн нөхөр нь араар нь тавьж өөр хүүхэнтэй явалдах болсон төдийгүй гэртээ бол зөвхөн согтуу ирж сална сарнина гэх болжээ.
   
1999 онд садар самууныг тас хориглож хуулиас гадуур тооцож байх тухай нэг бүдүүлэг хууль УИХ-аар орж батлагдсаныг санаж байна. Шариатын хууль! Бараг л ерөөс сэксийг хуулиас гадуур гэж зарлах шахсан юм. Одоо ч тэр хууль хүчинтэй. Нийгмийн моралийн доройтолтой ингэж тэмцэж болдоггүй юмаа, үүнээс чинь болоод үй олон хүнийг хууль бус ажиллагаа руу түлхэж, үгүйдээ л ДОХ болон арьс өнгөний өвчний тархалтыг гааруулж хяналтаа алддаг юм гээд хэлээд тавьчихсан чинь хууль санаачлагч хөгшин эр эм хоёрт алуулангаа алдаж билээ. Шүүмжилсэн биш өөрөө садар самуун эр болж таарав шүү. Эхийгээ эгчийгээ охиноо худалдаж мөнгө олох гээ юу гээд өнөө хоёр чинь тастаж идэхтэй шахав. Мань хоёр ямар бузар булай үйлдлийн дүнд хүний биеийг олоо вэ гэж бодохоор өрөвдөх шиг. Гэвч эм нь цэвэршиж, эр нь хүчгүйдсэн цаад үнэн шалтгаан нь нүднээс нь харагдаж байсан даа.
   
Одоо ингээд гурван жилийн өмнө бичсэнээ эргэж нэг сануулъя.

Жуулчны улирал эхэллээ. Социализмын үед гаднаас 300 жуулчин авч чаддаггүй байсан манай орон өдгөө 40 мянган жуулчин авч жилд хилээр орж гардаг гадаад паспорттой хүний тоо давхардсан тоогоор аль хэдийнээ 200 мянга гарчээ. Аялал жуулчны салбар эдийн засагт улам илүү жин дарах боллоо. Нэг жуулчнаас дундачаар 3 мянган доллар салгаж чадвал энэ төрлийн бизнес жишиг хэмжээнд хүрчээ гэж үздэг юм гэнэлээ. Швейцарь зэрэг оронд энэ тоо үүнээс ч хавьгүй илүү гардаг аж. Египт жилдээ 4 сая жуулчин авдаг боловч нэг хүнээс 800 орчмыг авч үлддэг гэнэ. Мөнгө салгах гэж байна гээд онгоцны тийзийн үнийг хэт өндөр тавьчихвал хэн ч ирэхээ больчихоно. Иймээс олон жуулчин авахын тулд унааны үнийг харин ч багасгадаг номтой. Ингэхээр жуулчнаас үзэх харах юм, зугаа цэнгэл, тохилог байдал, тоглоом наадам, бэлэг дурсгал зэрэг сонирхолыг нь татах юмаар элбэг байх ёстой.
  
Гадныхныг татах юутайсан билээ, бид? Цэвэр агаар онгон байгаль? Тийм л дээ, гэхдээ тэрийг чинь шууд худалдахгүй шүү дээ. Үзүүлэх юм ховор. Тээр жил Японоос ирсэн 80 гарсан өвгөнийг 69-нд суулгаж аваад Эрдэнэзуу руу аваад давхичиж. Үзэж дуусаад өнөө өвгөн уйлаад унасан гэнэ. “80 гарсан бие муутай өвгөн намайг иймхэн юм үзүүлэх гэж 500 км газар муу машинаар донсолгон энд чирж авч ирж байдаг та нар мөн ч хатуу сэтгэлтэй улс юмаа, ийн ийн”.
   
Жуулчин татах нэг зүйл бол казино. Гэтэл энэ талын бизнес эхлүүлэх гэж хууль өргөн барьсан хэдийгээ барьж аваад шоронд хийж орхисон.  Казинотой газар янханчлал, архидалт гэмт хэрэг ихэсдэг гэж тайлбарлалаа. Архидалт, садар самуун ч казиногүйгээр бие даагаад мөн ч хөгжиж байна даа. Харин казиног их л далд бизнес болгон тусгай лицензээр, гэхдээ зохицуулсан хуульгүйгээр гаарууллаа. Тусгай зөвшөөрөл, лиценз гэдэг бол авилга. Сонссоноор 50 сая орчмын хахуулиар нэг лиценз олгодог байжээ. Зохицуулалтын хууль санаачилсан хэдийг шоронд хийхэд голлох үүрэг гүйцэтгэж явсан нэгэн хүний адаг ойрноос өөрийн казиногийн хууль өргөн барьчихсан орилоод л явна. Багшийнхаа үзэг, өмдний тэлээ хахуульд авсныг илчилж ялын төлөвлөгөө биччихсэн сонингуудад далд нэрээр хэвлүүлж явсан тэрээр өдгөө Нисэхээс цаахна шинээр барих казинод хувьцаа эзэмшихээр болсон юм гэнэлээ. Манайд ажил хэрэг ингэж л урагшилдаг байхгүй юу.          
   
Баар, ресторан, цэнгээний газрын хаалгыг 12 цагт тас барьж байх хууль гарсан. Санаачлагч нь нас тогтсон нэгэн парламентч авгай. Хэрэгжүүлэгч нь хотын мээрмаа гэгдэх бас нэг авгай. Өөрснөө чадахаа болихоор бусдыг торгож байгаа ёр нь. Саяхан цагдаа нарын хурал дээр журам сахиулагчид маань хотын бүх онгойж болдог болгоныг оройн 9 юмуу цаашиллаа гэхэд 10 цагт тас хааж байя гэсэн сайхан санаачлагаа дээш дээш нь дэвшүүлжээ. Улаанбаатарын долоон мянган цагдаа жорлон дээр цугласан ялаа аятай хотын төвийн хэдэн баар ресторанаар амьдралаа залгуулдаг учир цалин орлогоо нэмэгдүүлэх гэж буй санаа нь. Нар далд ормогц  хотын захаар архидалт, аллага, хулгай дээрэм, хүчирхийлэл, садар самуун буцлана. Олз орлого үгүй тийм газар зүглэдэг тэнэг цагдаа олдохгүй. Баар ресторанд хүмүүс 10 цагаас л хойш очно, учир нь энэ бол хоол иддэг гуанзнаас ялгаатай. Энд хоол идэхээс хавьгүй их мөнгө зарцуулдаг. Энд хэт үнэтэй учраас архидан согтуурах их үйлс болдоггүй. Яг энэ үед л хяналт шалгалтынхан олзондоо мордож дарамталж гарна даа.

Баар ресторан байгаа учраас залуучууд хар тамхи хэрэглээд байгаа юм биш өөр учир шалтгаантай гэдгийг ойлгоход төдийлөн ухаан шаардахгүй. Хүмүүсийн энд ирдэг нь өлөн ходоодоо дүүргэхээс арай өөр зорилготой, тэд гэмт хэрэгтнүүд биш, уулзаж учирч зүгээр л цэнгэх гэсэн залуучууд, жуулчид, иргэд. Хүнтэй танилцах гэсэн, хөгжим сонсох гэсэн, танилтайгаа уулзах гэсэн, пиво ууж зугаацах гэсэн, ганц сайхан бүжиглэх гэсэн тэдний зорилго нь өлөн нүдэндээ хомхой шунал гялалзуулсан хууль тогтоогчид болон хэрэгжүүлэгч нарын өөрөө чадахаа болихоор өрөөлийг хорлох гэсэн, хуулиар бусдыг дарамтлах гэсэн, рекетээр амьдрах гэсэн, лицензээр баяжих гэсэн гэмт хэргийн сэдэл санаатай харьцуулахад хавьгүй гэмгүй ариун зүйл билээ л. Таарах нөхөр сүүдэр олдохгүй яваа боловсролтой, мөнгөтэй хэдэн мянган охид хүүхнүүдийг Лениний хөшөөний өмнө дэнгийн гэрэлд жарваганаад зогсож бай гээ юу?
   
Үнэндээ хууль тогтоогч болон хэрэгжүүлэгчдийн бамбай болгон ярих дуртай гэмт хэрэг нийгмийн ядуурлаас үүдэлтэй. Архидан согтуурал, хулгай дээрэм, садар самуун нь нийгмийн аль ядуу хэсэгт элбэг таарах үзэгдэл. Ийм гэмт хэрэг тав тухтай орчин, өндөр үнэ нэхдэггүй. Нийгмийн ийм үзэгдэлтэй нүдэндээ харагдсаныг хааж хорьж тэмцдэг ч үгүй. Энэ нь хэдийгээр хууль тогтоогчид болон хэрэгжүүлэгч нарт таатай орлого өгдөг боловч гэмт хэргийг улам далд байдалд оруулан цааш нь урхагшуулдаг.  Хутга мэсээр гэмт хэрэг их үйлддэг боловч түүгээр мөн талх мах хэрчдэг тул хориглодоггүйг бүгдээрээ бараг гадарлах л болов уу даа.
   
Баар, ресторан, цэнгээний газар нь үндэсний баялаг бүрдүүлдэг эдийн засгийн бас нэг бие даасан салбар юм. Энэ нь өндөр үнэ өртөгтэйнхээ хэрээр улсад илүү татвар төлнө. Хөгжимчин бүжигчингээс эхлээд оюутан сурагчид зориулсан зөөгч аяга угаагч гэх мэтчилэнгээр олон ажлын байр буй болгоно. Залуучууд, жуулчид, иргэдэд амралтын цагаа ая тухтай өнгөрүүлэх бололцоо. Ийм хэрэгцээ хаана ч тэр дундаа сая хүнтэй хотод зайлшгүй бий. Шөнөөр архи, дарс, пиво уух, хөгжим сонсох, бүжиглэх хэрэгцээ.  Бүх хүнийг мээрмаа авгай шиг 10 цагт орондоо орсон бай гэж албадах гэж үү? Тэгээд ч энэ нь нэг их зөв хүмүүжлийн жишээ болж чадах ч юм уу даа? Шөнийн цэнгээний газрыг орон сууцнаас хол байлгах, согтуу хүнд эс үйлчлэх,  зодоон цохион гаргахгүй байх, гэмт хэрэггүй орчин бүрдүүлэх гэх мэт нь шал тусдаа асуудал, тусдаа арга хэмжээ юм. Иймэрхүү цэнгээний газрыг зэрэглэж ангилдаг. Дээд зэрэглэлтэй нь илүү татвар төлдөг, илүү шаардлага хангасан байх үүрэгтэй. Хамгийн доод зэрэглэл буюу гэмт хэргийн үүр болох магадлалтайг нь эртхэн хааж авдаг. Хаана ч тэгдэг. Хойд Солонгост ч тэгдэг юм билээ. Хүн болгон гэмт хэрэгтэн биш. Харин ч тэрэн дээрээ тулбал нийгмийг хүмүүжүүлэх үүргийг сайн дураараа өөр дээрээ авсан хууль тогтоогчид болон хэрэгжүүлэгчдийн дотрох гэмт хэргийн эзлэх хувь жирийн иргэдийнхтэй харьцуулашгүй өндөр байгаа. Авилга, хээл хахууль, рекет, албан тушаал ашиглалаа арай гэмт хэрэг биш гэж боддог юм биш биз дээ?
   
Иргэншсэн орнуудад буй хориглох зарчим шал өөр шалгууртай юм билээ. Тэнд бусдын эрхэнд халдаж зөрчөөгүй л бол насанд хүрсэн хүнд юу ч хориглодоггүй. Юмыг зөвхөн хүүхдийн эрх гэдгээр хязгаарладаг. Манай телевизүүдээр орой 7 цагт үзүүлдэг гомо порног тэнд хүүхдийн орчинг бузартуулна гэдэг шалтгаанаар хориглодог. Садар самуун болон согтууруулах ундааны суртчилгааг зөвхөн хүүхдийн хүмүүжилд таарахгүй утгаар нь л хориглоно. Архи тамхи болон шөнийн үзвэрт хүүхдийг л нэвтрүүлдэггүй. Энэ төрлийн үйлчилгээ хийгчдийг хүүхдэд үйлчилсэн хэрэгт нь л шийтгэл ноогдуулдаг. Тэндэхийн парламентийн гишүүн, татварын байцаагч, цагдаа нар нь насанд хүрсэн хүнийг хүмүүжүүлэх, моралийг нь тогтоох үүрэг өөртөө авдаггүй. Хүүхэд болон хүүхдийн орчныг хамгаалах нь харин тэдний ариун үүрэг. Ийм сайн зохицуулалттай учраас тэнд тодорхой тооны янхан байдаг, манайд тас хориглодог учраас тэрбайтугай насанд хүрээгүй охид өчнөөнөөрөө биеэ үнэлээд явж байна.

Мэргэжлийн хяналтынхан, татварынхан, гаалийнхан, цагдаагийнхан, хот дүүргийн захиргааныхан шинэ жил, цагаан сар, маарт, цэргийн баяраар аль үнэтэй ресторануудад шөнө жин нийлэлддэг. Дээд зэрэглэлийн ресторануудад жоом байдаггүй. Тэд л жоомны үүрэг гүйцэтгэнэ. Үнэгүй хоол ундааг тэд бүх сүв рүүгээ чихэж гудрана, бөөлжинө, зодолдоно, муухай орлилдоно, агсам тавина. Хоолон дээгүүр гүйлдэх байгалийн жоомноос хавьгүй муухай, дотор давчдам, огиудас хүрэм.     

2007 оны 5 дугаар сар 6