Хэн нэгэн нь ийм үг хэлэх цаг болчихоод байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хоёр нэр дэвшигчийн сонгуулийн багийнхны хэн нь эхэлж нөгөө рүүгээ нулимсан нь сонин биш ч тэд харилцан оноо алдалгүй өөд өөдөөсөө нулимсаар өнөөдрийг хүрэв. Нэг нь ээлжит хар PR-иа хийлээ гэхэд нөгөөх нь хариу хар PR-иа цацна. Нэг нь тайлбар гаргавал нөгөөх нь мэдэгдэл гаргана. Яг ийм байдлаар оноо хоёр талд ээлжлэн нэмэгдсээр хожил хэний талд гарах нь эргэлзээтэй болж буй.
Өрсөлдөгчдөө муухайгаар хэлүүлж, гүтгүүлэхийнхээ хэрээр нөгөө тал улам өндөлзөж, онгод нь орох шиг болж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэг тал нь “хуц” гэж хэлбэл нөгөөх нь хариу болгож “хуц, хуц” гэж хэлэхтэй адилхан. Хоёр тал харилцан давж гарах, нэг шанаадуулсныхаа хариуд хоёрантаа шанаа өгөх гэсэн эрмэлзлээр хурцлагдаж, сүүлдээ биесээ барьж дийлэхээ болив уу гэлтэй. Хэрэлдэж буй хоёр хүн яадаг билээ, түүн шиг л...

Нэг шанаадуулсан бол хоёр шанаа өгөх хор шараар буцалсан нэр дэвшигчдийн штабынханд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын тухай хар, бараан мэдээллүүд сэтгэл зүрхнээс нь хол хийсвэр зүйл бол тухайн хоёр хүнд юутай эмзэг тусч буйг ер нь бодож үзсэн болов уу. Нөгөө талын цохилтоос илүү чангаар цохиж л байвал тэдний хувьд ажлаа сайн хийж буйн таашаал авах бол хөөрхий Энхбаяр, Элбэгдорж нар, тэдний гэр бүл, үр хүүхдэд тэр бүхэн сэтгэл зүрх, нэр төр, эрхэмсэг оршихуй... ер үнэ цэнэтэй бүхэн дээр нь шавартай гутлаар дэвсэлж байгаатай адил юм.

Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон гэдэг бүсгүй Шинь Эри шиг сувдаг, хүний үнэргүй эм бол Ц.Элбэгдоржийн эхнэр хүүхэд төрүүлэхээс өөр ид шидгүй, галын өрөөнд эргэлдсэн нунж дорой амьтан болж таарав. Монгол Улсын тэргүүн хатагтай байх шалгуурт нийцэхгүй л гэнэ. Дөч гарсан монгол эмэгтэйчүүдээс тэд юугаараа өөр юм бэ.

Улс төрд орсон эр нөхрүүдийнхээ өмнөөс эрсдэл хүлээж, дөрөв таван хүүхдийг нь төрүүлж өсгөсөн, өдгөө насны намба сууж, миссийн тэмцээнд бол шалгуур тэнцэхээргүй болсон жирийн бүсгүйчүүд. Хэн хэн нь тэр үеийнхний адил зөвлөлт улсад дээд боловсрол эзэмшсэн,  Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж яваа өөрсдийн нөхрүүддээ бол гологдоод байхааргүй эмэгтэйчүүд.

Энэ бүх дайралт, цохилтуудын эцэст Энхбаяр, Элбэгдорж нар ер нь хүн биш болж хувирав. Тэд бол хүн биш. Хүн мөн байлаа гэхэд монгол хүн мөн үү гэх дайралт  ч ширүүслээ.


“Хүн байлаа гэхэд монгол хүн мөн үү?”

Монголчуудад хамгийн эмзэг тусдаг зүйл нь удам судар, угсаа гарлаа гоочлуулах явдал байдаг болов уу.

Ардчиллын өлгий Америкт бүх иргэд нь цагаачин угсаа гаралтай. (Индианчуудыг эс тооцвол) Тэгээд дөрвөөс тав, таваас найман цус холилдсон хүн өөрийгөө жинхэнэ америк хүн гэж бахархдаг бол Монголд бүх үеэрээ зөвхөн халхын хавтгайд амьдарсаар ирсэн этгээд ч өөрийнхөө угсаа гаралд эргэлзэн айж, өөр төрлийн дусал цус байх вий гэхээс ясаа хавтайлгадаг. Яагаад гэвэл харийн хүнд дургүйдээ бус монгол хүн монголдоо дургүй учраас өс санасан нэгнийгээ эрлийз гэж “гүтгэдэг”. Эрлийз гээд дуудчихвал түүнийг хамгийн муугаар хэлж, доромжилсон хэрэг болж, таашаал авдаг. Адилхан хар үс, онигор нүд, хавтгай царайтай хэрнээ нэг нэгнээ “хужаа” гэж хардаг хачин үндэстэн. Хужаа гэдэг нь хамгийн дээд доромжлол гэж ойлгоцгоодог. Уг нь бидний ардчилсан Үндсэн хуулиар бусдыг угсаа гарвал, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлахыг хориглосон байдаг юм.

Энгийн амьдралд өдий төдийгөөр тохиолддог энэ муухай араншин Ерөнхийлөгч болж магадгүй эрхмээс ч цухалзаж байгаагаас харвал үнэхээр л энэ нь бидний ясны мөн чанар бололтой.

Н.Энхбаяр ээжийгээ Бээжинд эмнэлэгт үзүүлсэн. Яадаг юм бэ. Тэр ч бас хүн биз дээ. Үгүй, хүн биш гэж хэлээгүй шүү дээ. Сонгуулийн үеийн харилцан няцаалт ингэж эхэлсэн бол сүүлдээ Н.Энхбаяр улаан буриад, Элбэгдорж угийн хятад гэсэн яриа газар авлаа. Сонгууль болоогүй бол бид Ерөнхийлөгчөө буриад гэдгийг, буриад гэдгээ нуудгийг нь ч мэдэхгүй байх байлаа. Элбэгдоржийн эцгийн төрсөн бууц хаана байна гэж эрэн сурвалжлах ч үгүй байлаа.

Эрхэм сэтгүүлч гэж өөрийгөө нэрлэгч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ид хавыг үзүүлэхээр Ховд аймгийг зориод иржээ. Ингэхдээ АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн эцэг Цахиа бол Шинжаанаас Ховдод орж ирсэн цагаач мөн эсэхийг нотлохоор ажиллажээ. Уулзаж ярьсан хүн бүр нь Цахиа гуайг эцэг өвөгтэй нь таниад зогсохгүй Шинжаанаас нүүж ирсэн гэдгийг нь “нотлох” аж. Эдгээр “гэрчүүд” тэр үед хэдэн настай, хаана байсан хүмүүс вэ. Юунд үндэслэн энэ бүхнийг ярьж байна вэ. Сүүлд нь сэтгүүлч тэдгээр хүмүүсийг ярьсан хэлсэн нь үнэн үгүйг нотлох гэж Цахиа гуайн төрсөн бууц, хүй дарсан чулууг хайв. Харамсалтай нь олоогүй л дээ. Олох ч шаардлага байхгүй. Монголын Цахиа гэдэг хүн “хятад” гэж нотлохыг хүссэн учраас. Хэзээ байтлаа Монголын сэтгүүлчид  ингэж эрэн сурвалжлага хийж байлаа? Ард түмний эрх ашгийн төлөө ингэж эрэн сурвалжилдаг бол хэчнээн сайхан бэ.“Нийслэлийн мэр М.Энхболд нэг тогтоолоор 40 аж ахуйн нэгжид газар олгожээ”, “МАХН-ын баячууд 150 мянган ам.долларын үнэтэй байранд орцгоож байна”, “МАХН улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг авдаг”, “Сайдын будаа 18000 төгрөгийн үнэтэй”, “О.Чулуунбат 20 гаруй тэрбум төгрөгийн зээл тараажээ” зэрэг сүүлийн жилүүдэд сонинд гарсан нийтлэл, мэдээллийн мөрөөр хэн гэдэг сэтгүүлч эрэн сурвалжилж, эцсийн баримт олдтол мухарлаж явсан юм бэ?

Сонгууль олон хүн, олон үзэгдлийн мөн чанар, ааш араншинг тодотгож байгаа нь энэ.

“Тэд монгол хүмүүс байлаа гэхэд Ерөнхийлөгчид тохирох уу?”

Нэр дэвшигчдийн талаарх сонгуулийн үеийн бүх мэдээллүүд санамсаргүйгээр системчлэгдсээр эцэст нь дээрх дүгнэлтийг иргэдэд тулгалаа. Ер нь тэд хүн байлаа гэхэд, монгол хүн байлаа гэхэд Ерөнхийлөгчид тэнцэх хүмүүс мөн үү гэж иргэд олон нийт асуухад хүрч байна.

Сүүлийн хорин жил улс төрийн тогоонд чанагдаж, үндэсний хэмжээний намуудыг удирдаж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг журмын нөхөд нь Ерөнхийлөгч байж чадах хүмүүс гэж үзэн нэр дэвшүүлсэн. Чухам энэ чанарыг нь л тодотгон харуулах ёстой сонгуулийн PR бүр эсрэгээрээ эргэж, Ерөнхийлөгчид тохирох хүмүүс мөн үү гэж эргэлзүүлэхэд хүрлээ.

Н.Энхбаяр “Эх орон, ээж аав үнэгүй” гэж хэлдэг. Хүнд бахим бие хилэнц нүглийг нь хөлөг морь ч даахгүй. Ц.Элбэгдорж “Хүний нутагт мал маллаж амьдрах хувь заяатай байж” гэж халагладаг. Тэрбээр “Дааганаас болж үхэхгүй, даравгараасаа болж үхэх” хүн гэнэ.

Хоёр тал хэр хол нулимахаа үзэлцсээр байтал сонгогчид хамгийн гунигт дүгнэлтэд хүрэв. Тэр нь “Ерөнхийлөгч боллоо гэхэд юу ч хийж мэдэх хүмүүс юм байна” гэдэг дүгнэлт.

Уг нь Н.Энхбаяр их, дээд сургуулийг үнэгүй болгоно, эх орны хишгийг өгүүлнэ гэж бодлогоо тодорхойлсон. Харин Ц.Элбэгдорж их, дээд сургуульд суралцагсдыг цалинтай болгож, шударга ёсыг тогтооно гэж тунхагласан. Нэг нь ард түмний Ерөнхийлөгч, нөгөө нь ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна гэж андгайлсан.

Нэг нь “эвийн хүчийг бэхжүүлнэ” гэсэн бол нөгөө нь “төрөөс төрсөн тэрбумтнуудтай тэмцэнэ” гэсэн. Тэр бүх зарчим, бодлогынх нь талаар иргэдэд тунгаан бодох завдал өгөхгүйгээр бохир заваан хов руу анхаарлыг нь татаж буй буруутнууд хэн бэ? Бурхан биш л хойно тэдний хэн хэнд нь алдаа байж таарна. Яах гэж ингэж нэг нэгнээ нүцгэлнэ вэ?

Бүх гэм нүглийг нь уудалж, нүцгэлж байж бид нэр дэвшигчдийн мөн чанарыг таних ёстой юм бол хамаа алга. Магадгүй хуурамч багтай байснаас хувцасгүй нүцгэн байвал үнэнийг танихад хялбар ч байж болно.

“Ерөнхийлөгч биш гэхэд эр хүн байцгаа”

Ард түмэнд ямар мэдээлэл өгч, ямар дүгнэлт хийлгэснээ хоёр тал харцгааж буй болов уу. Ашигтай, хэрэгтэй мэдээллээр хомсдуулж, хар хорыг яаж найруулдгийг гайгүй сайн сурталчилсан сонгуулийн кампанит ажил ч өндөрлөх дөхлөө. Хүний сайныг хүлээн зөвшөөрөхдөө хойрго, харин мууд нь дурламтгай монголчууд хэсэгтээ ярих хов живтэй боллоо.

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр өрсөлдөгчдөө хандан “Эр хүн шиг байж, эхнэр хүүхдээр минь бүү оролд” гэж мэдэгдсэн ч өөрийнх нь хүмүүс юу хийснийг бас харж буй биз ээ. АН ч бас өнөөгийнх шиг хариу баалах, хараар мушгих тактикаар ялж байсан билүү гэдгээ эргэцүүлж буй биз.

Хөндлөнгөөс ажиж буй сонгогчдод харин бүх зүйл дэнсэн дээр байгаа юм шиг тод байна. Эрхэм нэр дэвшигчид ээ, та хоёр яг адилхан байна. Эр хүн шиг байхыг хэн нь ч хэндээ сургаад байхааргүй адилхан байна.

Бид энэ улс орны төрийн тэргүүнийг сонгох гэснээс биш хон хэрээ, хун галууны хар цагааныг шүүх гээгүй билээ. Эр хүн шиг байцгаа, эхнэр хүүхдээрээ бүү оролд. Сонгууль болдгоороо болоод л өнгөрнө. Харин та бүхэн өрх гэрийн тэргүүн, хүний хань, хүүгийн эцэг хэвээрээ үлдэнэ. Ардчиллын алтан хараацай гэдэг сайхан нэр, авлигын загалмайлсан эцэг гэдэг муухай нэрийн аль аль нь алаг үрсэд чинь хамаагүй болно.