/товчилсон хувилбар/

Жараад оны сүүлч. Сум-нэгдлийн конторт дарга нар гэнэт огил харайн сандрав. Нэр нь юм уу хоч нь юм уу тэдний сумыг “Бөглүү” гэх агаад Бөглүү суманд Цэдэнбал дарга очно гэж аймгаас утас цохижээ. Утастсан хүн нь Бөглүүг хариуцсан аймгийн том дарга. Хөгжлийн тоос ч хүрдэггүй уулсын мухарт хөсөр хаягдсан дарга нар хэрхэх учраа олохгүй хий самгардахдаа “Бал даргад юу бэлдэх вэ?” гэж дөнгөж лавлав. Аймгийн зааварлагч утсаар юу гэж шивэгнэсэн гээч:

-За та нар сонс. Мэдэгдэх ёсгүй нам улсын нууцыг би та нарыг бодоод задруулъя. Бал дарга Лоохууз Нямбуу нарын хөдөөх хөл гарыг танай сумаас өөрийн биеэр тантах болтой. Урьдчилж мэдэгдсэн тухай үг алдав аа. Бүгд баларна шүү. Лавлаад байхын оронд сайн бэлд. Та нараас болж би намын эсрэг бүлгийн гишүүн болмооргүй байна гээд утсаа тасалжээ. Зааварлагчид итгэв. Итгэх үндэс нь тэр бээр Бөглүү сумын унаган хүү юмсанж.

Бөглүү сумын борчууд Бал даргыг биеэр нь ойрхноос харах завшаан заяалаа гэж залбирсан бол харин дарга нар нь Лоохууз Нямбуутны сургаар бүлх залгичихав. Бүрээ татав. Бөмбөр нүдэв. Зарлага гүйлгэв. Хуралдлаа. Юун түрүү даргын морилон ирэх замыг дагууд нь нэгдлийн бүх гишүүдээр хуу шүүрдүүлж, гарсан хогийг социалист халз уралдаантай хажуу сумын нутагт сэм хаяулах янзтай яриа өрнөв. Дараа нь Бал даргыг зочид буудлын балиар жорлонд яаж бие засуулна гэх шивэгнээ сум-нэгдлийн дарга, намын үүрийн дарга хоёрын тархинд цус эгээ л харавчихсангүй. Ус гүйдэг вааран жорлон хөдөө суманд хэрхэн бүтээх вэ? Бүгд бодлоо. Монголчууд ажил гармагц хэрэлддэг. Үзэлцлээ. Ухаан бодлоо тулгарсан ажил-жорлондоо бус, дарга нарын нэгдлээс хумсалсан нууврыг ухаж эхэлмэгц паянгаа нийтэд задрахаас айж намын гишүүд, байгууллагын дарга нар хаалттай хуралдав. Хаалттай хурлыг тэд Төв хорооноос сурчээ.

Баргийн машин үл туулдаг тайга, намгийн чанагш дахь балар хөвчид оршдог тус сумын залуус дээлээ хөөргөдөг, том нударгаараа цуутай. Бөглүү суманд ноднин намар багш бүсгүй Төгсмаа томилогдож ирсэн юм. Гоолиг бэлхүүс, адтай томбойх хоёр хөх, тошгор өгцөг зэрэгт нь түүний дэгжин хувцас цочирдмоор зохьсон нь ёстой ванлий аялмаар. Багш бүсгүйн хачин хөөрхөн нүүрэнд Бөглүү сумынхан гараа хүргэмгүй.

Төгсмааг энд анх ирэхэд энэ сумын зэрлэг гэгдэх бүрэг залуус бүгд сүрдээд түүний хөөрхөн царай өөд харж зүрхлэхгүй далдирч, үүнийгээ дүүвэйлэх санаатай уулсын оргил өөд мал хайсан нэгэн болж худлаа ямар нэгэн цэг ширтэн арчаагүйтсэн юм. Харин оюуны хомсдолтой Дагвадай тэгж жижгэрсэнгүй. Тэр бээр хот газрын эмнэг хангал бүсгүй рүү чулуу нүүлгэж, олны өмнө барьж авч тэврээд, хоёр бондгор хөхийг хар сайрт том алгандаа энхрийлж, төвийхний соёлын довтолгооноор олж авсан “соёлч сум” алдрыг хөөдөв. Гэгээн цагаан өдрөөр Дагвадайн ингэж манаргах юу ч биш. Шөнөөр багш бүсгүйн хаалгыг маажсан ноцтой хэрэг манджээ.

Танхай залуусын эвлэлийн үүрийн дарга Ишгэн-Ухна хэл ам татаад буй овгоруудаа цуглуулаад, “За та нарын дунд Төгсмаа багшид дурлаагүй эрийг олоод, чирээд ирж чадах баатар байна уу? Байвал сарынхаа цалинг өгье” гэвэл бүгд дэрхийн өндийсөн авч царай нь гэнэт хувирч, “дурласан бус дурлаагүй эрийг авчрах хэрэг үү?” хэмээн бие биеэс асууж учрыг сая бүрэн ухаарч урам нь хугарав. Төгсмаа багшид санаархаагүй эрийг энэ сумаас олохгүйгээ тэд юу эс андахав. Оюуны хомсдолтой Дагвадайг чирээд ирэхэд тэр маань зайлуул Төгсмаад дурлахын цаагуур дурлачихсан шаналж явдаг. Худлаа гэвэл Дагвадайн хайр дурлалын зовлонг мэдэрсэн “хөөрхөн Гүнжид” цуутай явсан эмгэн хүртэл залуу зандан насныхаа дуулиудыг нэхэн сангалзаад уйлж суусныг Бөглүү сумынхан бүгд харсан юм чинь.

Дагвадайд өдөр чулуугаар шидүүлэх бүсгүйд юу ч биш. Шөнө тайван нойрсож чадахаа больжээ. Төгсмаа аав ээж рүүгээ хот буцахаар туйлав. Сум-нэгдлээс Төгсмаад нууц бие хамгаалагч гаргаж өглөө. Багш бүсгүйн үүдийг бие хамгаалагч шөнө алсаас харуулдах ёстой тул “нууц” гэжээ. Төгсмаагийн нууц бие хамгаалагч болох гэсэн арын хаалганы өрсөлдөөн эвлэлийн үүр хавиар өрнөсөн авч бүгд Дагвадайн гуйгаагүйг гуйж байж багш бүсгүйн алганы амтыг үзэв.

Төгсмаа энэ зовлонгоо учирлахад Сум-нэгдлийн дарга Аргуун,

-Нэгдэлд ажиллах хүч хүрэлцэхгүй байхад чамайг дандаа шинэ бие хамгаалагчаар хангаж чадахгүй. Монголд бие хамгаалагчтай хүн хоёрхон байдаг. Чи залуу хүн амьдрал үз. Хэн нэгэнтэй нь цохьц гэв.

Тэгтэл Гүнжид эмээ Төгсмаад Дагвадайг үргээх арга зааж өгчээ.

Төгсмааг ганцаараа явж буйг харсан Дагвадай түүний зүг хоёр том маахайгаараа шороо манарган гүйв. Төгсмаа Гүнжид эмгэний зааж өгсөнөөр түүнээс зугтсангүй харин “нааш ир” гэж далалжээ. Дарвайтлаа инээчихсэн Дагвадай яаж баярласан гээч. Төгсмааг тэврэхээр хоёр гараа байдгаар нь урагш сунгасаар тэмүүлж ирэхэд Төгсмаа түүнд,

-Дагвадай хоёулаа сууя гээд бариад автал Дагвадай муухай орилоод,

-Үгүй ээ би чамтай суухгүй ээ. Яршиг аа би чамаас сэжиглэж байна. Би хуварга чигээрээ дуусъя аа гээд ухаангүй зугтжээ.

Дагвадай Төгсмааг эргүүлэхээ болиод үхмэл шороо пургисан сумын төвийн хаа нэгтээ уйлж суудаг болов. Айлд ч орохоо больсон аж. Бөглүү сумынхан түүнийг өрөвдөөд гэртээ оруулж хоол унд өгөх гэхэд тэр уурлаад хавьтуулсангүй. Ихээхэн шаардвал том чулуу шүүрээд шидэх янзтай. Дагвадайн хувцас ноорхой ч лам хүнийх шиг цэвэрхэн. Төв дээр улаан шороо хийсч байхад тэр бээр аль нэг байшин хашааны нөмөрт хугжийж суудаг болов. Түүнд ойрын ах дүү байсангүй. Бөглүү сумынхан хөөрхийг зутраахгүй, бүгд ах дүү аав ээж нь аятай халамжилна.

Намын гишүүдийн хаалттай хурлаар Бал даргын ирэх замын яг хажуу дахь ганганд овоолсон нядалгааны хаягдал-малын толгой шийр, гэдэс гүзээ, мөн үхсэн мал амьтны сэг зэм аягүй үнэр орсон тул даргын хамрыг шүргэнэ. Тиймээс ямар байгууллага хэн хэн гэгч намын гишүүд манлайлан тэр их бохирыг цэвэрлэх тухай ширүүн маргасан авч заваан хаягдлыг зайлуулах коммунист олдсонгүй. Шилмүүст хангайн үнэр сэнгэнүүлэгч онгон зэрлэг бөглүүгийнхэн сэжигч гэж жигтэйхэн. Харин хувиа хичээсэн зан нь ил агаад ичихээ мэдэхгүй цагаахан. Хурмал бохирыг дотуур байрны пионеруудаар дэргэдэх нууранд асгуулж, шалавхан нүднээс далд оруулахаар шийдэв. “Нууранд үйсэн сэг сэвснээс илжирсэн үнэр гарахгүй” гэж гаргасан мэргэн шийдвэрээ магтаад хаалттай хурлаа хаав. Харин паалантай жорлон шаварт унасан шарын эзэн-хоёр даргын хоолойд тээглэсэн яс хэвээрээ үлджээ.

Бал даргын ирэх сургаар Бөглүү суманд жинхэнэ хөөрсөн хүн ганцхан Дагвадай л байв. Тэр бээр даргыг ирэхээс өмнө амжиж хог новшоо бүгдийг цэвэрлэж дуусгахаар хөлсөө асгартал багш багачуудад тусаллаа. Бохир ажлын голыг тэр л нугалав.

Тэгтэл зүв зүгээр налайж байсан газраас гэв гэнэт хуй салхи өөдөө амь голтой мэт цориглон хөөрч Дагвадайн солиог хөдөлгөчхөв. Тэнгэр муухайрахаар түүний өвчин хөдөлдөг агаад галзуурахаараа “түүний ч толгойг мэрье, үүний ч хамрыг хазъя” гэж амаараа хөөс захруулахаас өөр аюулгүй л дээ чааваас. Мэдэхгүй хүн бол айгаад байдаг юм. Дагвадай галзуурахаараа сайн хүнийхээ толгойг мэрье гэхээс, муу хүнийхээ толгойг мэрье гэдэггүй нь сонин. Энэ удаа Дагвадай “Би Цэдэнбалыг ирэхээр толгойг нь мэрнэ” гэж орилж галзуурав. Хүмүүс цочирдон айж, тэгж хэлж огт болохгүй шүү! гэж түүнд ойлгуулах гэж ятгаж цөхлөө.

Дагвадайн өвчин айсан улс харахаараа улам сэдэрч солиотой хүний араншингаар дэвхэрч цовхорч галзуу хүний аймшигт авиагаар хөхөрч,

-Яадгийм би Цэдэнбалыг ирэхээр тэр муугийн толгойг заавал мэрнэ гээд заналтайгаар уурсаж, багтарсан хэнхдэгээ урж, амнаасаа хөөс цахруулав.

Дагвадайн энэ аюултай улс төржилтөд Бөглүү сумын хоёр даргын үнхэлцэг хагарч, гавъяат нэгдэлчин, аварга малчид муу ёр хэмээн сэжиглэж, Бал даргыг ирэх үеэр Дагвадайг хөдөө айлд цөлөх гэтэл Дагвадай уяан дээр хантайрч орхисон хэн нэгний тарган морийг унаад, нөгөө аймаар үгээ зарласаар ийш тийш эргэж буцан хурдаллаа.

Аргадаж гуйгаад үг авсангүй. Мориноосоо ч буусангүй. Наанаас нь дөхөхөөр цааш зугтахаа бас мэдэж байв. “Цэдэнбалын толгойг мэрнэ” гэж орилоход л бүх сумаараа нам болж байлаа. Дагвадай тэдний хувь заяаг атгажээ. Бал дарга өөрийн биеэр Лоохууз Нямбуутны хамсааг хайхаар ирж буй эгзэгтэй үед Дагвадайн солиорол тоглоом биш. Галзуурах мөрөөрөө галзуурахад л гай тарьчих цаг юм чинь.

Цаазаар авахуулсан ардын дайсан Ажив гавжийнхнаас орь ганцаар үлдсэн айдас Равсалын эртний шарх хөндүүрлэж, энэ хэргээс муу нэр, луу данстай нүгэлт хар толгойгоо хэрхэн мултлахаа нууцхан банжиж банжиж Дагвадайн цулбуураас гэнэдүүлэн шүүрч зогсоов. Тэгээд,

-Чамд энэ үгийг лав л би зааж өгөөгүй. Хэн чамд энэ үгийг зааж өгсөн бэ? Нэрий нь одоохон заавал хэл! гэж сүрдүүлтэл Дагвадай,

-Надад Цэдэнбалын толгойг мэр гэж сумын дарга Аргуун, намын дарга Гүнрэг хоёр зааж өгсөн гэж олны дунд чангаар зарлав.

Энэ үгийг сонссон хоёр даргын царай цэлдэн хөхөрч, юун түрүү бие биеэс өрсөж,

-Энэ муу галзуугийн донгосч байгаад бүү итгэ.

-Энэ үг Бал даргад хүрвэл юу болох вэ гэж сандарлаа.

Балмагдаж элийрч балайрсан Аргуун конторынхоо өндөр довжоон дээр цементэн баримал гэж андуурмаар ямар ч хөдөлгөөнгүй баахан суугаад гэнэт “Боловсон жорлон” хэмээн огил харайхад түүнийг тойрон алхалж явсан Гүнрэг цочихдоо “Би намдаа үнэнч” гэж дуу алдав.

Бөглүү сумын субботник оройхон дуусав. Ажил хийе гэвэл хөдлөх л улс аж. Бал даргыг угтаж халуун усны газраа ажиллуулсныг сонссон хүмүүс олзуурхаж, халуун усанд орж, шороо тоосоо дундалж байж Бал даргатайгаа уулзана гэцгээв. Солио нь хөдөлсөн Дагвадай усанд орохоор тэнд бас очиж, хүмүүс усанд орж буй түгжээтэй өрөөнүүдийн хаалгыг балбаж, “Намайг усанд оруулаад өгөөч. Би биеэ угааж аваад Цэдэнбалын хамрыг тас хазмаар байна” гэж баахан орилов. Тэгснээ гэнэт хувирч “Төгсмаа багш шиг цав цагаан хүүхэнтэй суух сан. Яая даа байз” гэж багтраад мориндоо мордож нэг тийш хурдаллаа.

Дагвадай Төгсмаа багшийн гадаа очиж бүсгүйг морин дээрээсээ дуудаж гэрээс нь гаргаад,

-Багш хүүхээн, хот явбал намайг аваад яваарай. Би жаахан хүүхэд болоод танайд очно оо. Харин би танай тэр олон давхар өндөр байшинд яаж орно оо гээд зовнисноо ухаан нь гэнэт самуураад, -Халуун усанд орж байж Бал даргынхаа толгойг мэрнэ ээ хөө гээд унаж яваа тарган цавьдар мориороо гайхуулсан маягтай Төгсмааг хэд хэд тойрч эргэцүүлээд түнэр харанхуй руу уусав.

Дагвадай сайхан моринд их дуртай. Сумын төвд хоносон хүмүүсийн морьдыг хэд хэдээр нь хөтлөөд сахлаг өвс ногоотой газар идэшлүүлж хоноод маргааш өглөө эздэд нь тараана. Ингэх их дуртай тул залхуурахгүй. Олон сайхан морь хэлхээд хөтөлчихсөн жингэнэтэл исгэрээд төв дээгүүр хурдалж явах түүний жаргал. Эрүүл төрсөн бол тэгж л явах хүн.

Бөглүү сумын төв хог новш, буртаг бохироосоо салаад цэмцийжээ. Харин Дагвадай хэний ч нүдэнд өртсөнгүй. Түүнийг наана уу цаана уу гэх хүнгүй юм чинь үгүйлэх амьтан гарсангүй. Сумын төвөөс холгүй нэг халуун рашааны ором байдаг юм. Рашааныг гүнзгийлж банзаар доторлоод цүнхэл рүү нь орж гардаг шат хийжээ. Дээр нь барьсан жижиг дүнзэн байшинг зүүнтэн нугалаа гаргахдаа эвдээд, усан доторх хэсгийг живж үхэхээс айгаад хөндөж чадалгүй орхисон юмсаж. Рашааныг нэг хятад өвгөн ардын засгаас өмнө эзэрхэг засгийн үед тохижуулсан гэх домог бий.

Халуун рашаанаас чармай шалдан орос хүүхэн чарласаар гарч уул өөд гүйв. Харсан хүмүүс хирд хийж, амаа ангайхаас хэтэрсэнгүй. Жаахан уужраад янз бүрээр шаагилдлаа. “Нүцгэн шалдан орос хүүхэн хаанаас ирээд рашаан ус бузарлаж, лус савдаг доромжлов” гэх олны бухимдал үүсмэгц намын ахмад гишүүн халамжлан хүмүүжүүлэгч Цэвээн,

-Орос хүүхэн биш хятад шулам орос хүүхний дүрд хувираад биднийг хорлон сүйтгэх гэж яваа байлгүй. Ёс тэгж таарна. Орос ах нар биднийг яасан ч тэгж доромжлохгүй. Заяа нь хаясан бид Бал даргыгаа ийм шүү л угтана даа гэж гаслав.

Тэгтэл рашааны цаад нугад шөнөөр буудалласан орос геологичдын отог харагдаж нам жим болжээ. Бөглүүгийхэн догшин лус савдгаа бузартлаа гэж сэжиглэсэн ч орос ах нараа хүндлээд ам хамхив. Геологч орос бүсгүй хир хорноосоо салахаар халуун рашаанд шумбаж, тэнд живсэн Дагвадайн цогцсыг хөндөж орхижээ. Хөндөгдсөн цогцос сарваганан хөвсөөр бүсгүйгээс зуурсан юмсанж. Усан дотор үхсэн хүний цогцост нүцгэн шалдан биеэ тэврүүлж ухаангүй айсан орос хүүхэн гомдол нэхэж, гомдол нь дарга авгай хоёрт хүрвэл өршөөлгүй. Бас нэг аймаар ял нэмэгдлээ.

Дагвадайг хэн нэгэн алчихав уу? Хорхойд хоргүй амьтанд хонзогнох дайсан баймгүй. “Цэдэнбалын толгойг мэр гэж хоёр дарга зааж өгсөн” гэж олонд зарласнаас болж хоёр дарга хөнөөчихөв үү? Ингэж сэжиглэгдсэн хоёр дарга үхэтлээ сандарлаа. Сум-нэгдлийн эвэртэн тууртан болон намын үүрийн товчооны гишүүд гэх Аргуун Гүнрэг хоёрыг тойрон хүрээлэгчдийн бялдууч царай цаанаа ямар нэгэн сэжиг агуулаад эхлэв. Тэд хоёр гурваараа өрөөгөө түгжээд булагнах авч урьдынх шигээ архидахгүй болчихож. Өрөөгөө түгжээд юу шивэгнэдэг болов? “Бал дарга морилно”, “Лоохууз Нямбуу нарын хамсаатан”, “Дагвадайн тараасан зар”, “түүний учир битүүлэг үхэл”, “нүцгэн орос хүүхний айдас”, “боловсон жорлон” гэх толгой цустах хэргүүд шил шилээ даран овооров. Хоёр даргын хоногийн тоо ч гүйцэж байх шиг ээ.

Сум-нэгдлийн ажил Бал даргад гологдож бухимдуулбал Лоохууз Нямбуутны бүлэгт сэжиглэгдэх эрсдэл ихсэнэ. Тиймээс ямар нэгэн гоц гойд ажил амжиж заавал бүтээх хэрэгтэй. Даргыг баярлатал нэг ч гэсэн юм бүтээвэл аврагдах талтай гэж хоёр дарга дор дороо тооцно. Нийтийн ажил гэхээр гэрээсээ цухуйдаггүй төвийнхөн Бал дарга ирнэ гэсэн биш гайхалтай идэвхжиж, юу л бол юу хийхээр хөл нь хөнгөрчээ. Юутай ч тэдний өрнөсөн идэвхийг ашиглаж, уулын энгэрт “Найрамдал-дружба” гэсэн аварга том үсэг чулуугаар өрүүлээд шохой асгаж цайруулав. Ус гүйдэг вааран жорлон хийх боломж хөдөө даанч алга. Лоохуузын хамаас зайлах өөр бүтээн байгуулалт бөглүү толгойд ордоггүй. Муухай царайлсан хоёр дарга чаддаг нь өдөр болгон аймаг өөд утасдаж, зааварлагч нутгийн залуу Шижирээс дотночлон Бал дарга хэзээ ирэх нь вэ? гэж асуухад цаадахь нь маргааш маргааш гэсээр дахин хэд хонов. Шижир хэлэхдээ даргын ажил ямар барагдах биш. Та нар энэ боломжийг ашиглан даргыг ирэхэд баярлатал нь сайхан сайхан юм бүтээ. Их юм амжуулбал та нар ч нэг юм ёс дуулна аа гэж тохуурхаж буй ч юм шиг, ам асууж буй ч юм шиг учир нь үл олдоно. Бөглүүгийнхэн энэ завшааныг ашиглан ядаж боловсон жорлонгоо хийе гэж хамаг оюун ухаанаа шавхна. Эцэст нь зочид буудлын хажууд газар ухаж, дөнгөж харуулдсан цоо шинэ банзнуудаар бүтэн доторлож будаад хөдөөдөө гоёмсог модон жорлон хийж, даргыг ирээд буцтал хэн ч орж бие засаж болохгүй гэсэн тушаал буулган захиргааны галч мунадаг Паламаар хатуу цагдуулав.

Бөглүү сумын төв Номгон хайрхны завилсан хоёр өвдөгний дундахь наранд ээвэр дулаан хонхорт оршдог юм. Сумын төвөөс дээш Номгон хайрхны гал элгэнд халуун булаг өвөлжин уур манаруулдаг мөртлөө халиа нь доош урссан гол горхи гэх нүдэнд торох өчүүхэн ч улбаа байхгүй. Урсгал нь газар доогуур хаваад алга болчихдог тул хүн малын унд болохгүй. Халуун булгийг гүнзгийлэхэд даргилтал буцалж байдаг агаад хонины хөл мах дүрэхэд дорхноо шалзардаг гэх домог байдаг ч лусаас айгаад шалгаж үзэх зүрхтэй хүн гарсангүй. Халуун булгаа рашаан гэнэ. Номгон хайрхан голдоо асар их буцалсан далай агуулдаг гэсэн таамаг амны зугаа болон яригдсаар унтрахгүй үе дамжина.

Халуун рашааны газар доогуур шургасан судсыг дайруулан сумынхаа хэдэн байшингийн яг дагзанд усан сан хийхээр зориглов. Халуун рашааны ундаргаас газарт хавсан халиаг шуудуу болгон ашиглаж, ус хураах сандаа оруулж байшингууддаа ойртуулж болох аж. Усан сан дүүрмэгц бялхсан ус аяндаа гадагш гоожих тусгай хоолой зохих түвшинд нь углаад түүгээрээ рашааны халуун усыг доош ялимгүй зайд төмөр хоолойгоор гүйлгээд зочид буудалдаа оруулахаар төлөвлөв. Үүнд мэргэжилтэн хөлслөхийн ч хэрэг алга. Зөнгөөрөө бүтэх хялбархан ажлыг нэгдлийнхэн бие даагаад өөрсдөө хийчих нь гэсэн итгэл төрлөө. Нүдэнд ил ийм амархан бүтэх ажил хөл дороо байсныг анзааралгүй олон жил даргалсандаа Аргуун Гүнрэг хоёр харамсав. Бал даргад боловсон жорлон яаж хийх вэ гэсэн шаналгаа хоёр даргын үхэжсэн тархийг амилуулжээ.

Бүх нийтийн коммунист субботник зарлав. Бүртгэх бөгөөд ирээгүй хүмүүст улс төрийн хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Субботникоор газар ялимгүй ухаж, өөрсдийн цутгасан цементэн хавтанг угсараад бэсрэг пүнз босгов. Булгийн ундаргын халиаг газарт хавуулалгүй урсгах суваг шиг юм оромдлоо. Сувгаар арви муутайхан ус жирэлзэв. Бөөн хөөр. Бал даргын ирэх хугацаа жаахан хойшлоосой гэж залбирсан гээч. Сувгаар жирэлзэх ус санг дүүргэх хооронд урьд “панз Данигай” хоч зүүж явсан, эдүгээ нэгдлийн аж ахуй эрхэлсэн орлогч дарга өвгөнд авдар архи өгөөд орос цэргийн ангийн хотхон руу сантехникийн юухан хээхний наймаанд сэм илгээв. Панз Данигайн социализмд адлагдаж унтарсан наймааны авъяас сэрж, тэр бээр хэргээ гялалзтал бүтээжээ.

Бөглүү сум-нэгдлийн ажил тэрүүхэндээ өрнөв. Дуулиан дэгдэж сонин хэвлэл, радио телевиз мэдчихвэл Бал даргын нууцаар залрахыг задруулсан нутгийн залуу Шижир хэрэгт орно гээд сэмхэн ажиллаа. Хүн бүр юу хийж, ямар үр дүн гарахыг төсөөлж, урамшсандаа ажлаа түргэн дуусгаж, сумын төвдөө халааттай байшин, хананаасаа усаа авдаг цорго, боловсон жорлон, усанд ордог онгоц зэргийг мөрөөдөөд нойр нь хүрэхээ больжээ. Нэгдлийн ажил гэхээр үс нь өрвийдөг чулуун бөгстөнүүд зочид буудлын ажлыг түргэн дуусгаж, гэр гэр лүүгээ усан сангаас хоолой татах хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн субботникт дур оржээ. Дарга даамлын шаардлага ч хэрэггүй болов. Хоёр дарга Лоохууз Нямбуутны хоморгонд өртөх аюулаас аврагдана. Бал даргыг угтаж халуун рашаанд биеэ угаах гэсэн Дагвадайн үхэлд тэд хамаагүй нь нотлогдоно. Уг нь ямагт налайж байдаг амар амгалан нутаг сан.

Эхлээд нэгдлийн зочид буудлын Бал даргад бэлдсэн тусгай өрөөнд хоолойгоор ус оруулаад ирэхэд ч ирлээ. Панз Данигайн олж ирсэн паалантай суултуурыг суурилуулж, шалыг цоолоод гадагш гарсан бохирын хоолой тавьж, түүнийгээ газарт ухсан цооног руугаа шургуулаад булж амжив. Даргын нүүр гараа угаах цорго, шаазан тосгуурч ч бүтлээ. Юутай ч Бал даргыг ирэхэд буудал бэлэн болжээ. Энэ амжилтандаа урамшсан хүмүүс цааш нь сантехникийн сүлжээ хийнэ гэж манаргав. Нарийн ажлыг нэгдлийн барилгачид оройлж, хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэлээ.

Ажил ийм хэмжээнд хүрээд байтал зааварлагч залуу Шижир ирлээ. Түүнээс бүгд л дарга хэзээ морилох нь вэ гэж асуусан нь мэдээж. Бүх юм Шижир Төгсмаа хоёрын хамтран зохиосон жүжиг болохыг тайллаа. Бал дарга ирнэ гэдэг худал байжээ. Хоёр даргаас эхлээд бүгд Шижир Төгсмаа хоёрт даажигнуулснаа мэдээд амьсгаа нь түгжигдэн царай нь чинэрч чив чимээгүй хэдэн мөч суув. Тэгтэл Аргуун дарга бүгдийг тойруулан хараад түсхийтэл инээд алдлаа. Даргыгаа дагаад бүгдийн инээд зад тавьжээ. Хөхөрч хөхөрч цөмөөрөө “За хөхрөх яахав. Бидэнд гүйцээх ажил их бий. Намрын сэрүүн унахаас өмнө амжуулъя. Одоо амарч хоноод маргааш өглөө эрт ажилдаа гарна шүү” гэцгээн шуугилдав. Тэдний зарим нь “Ёо-оо ёо-оо, дотор онгойх чинь яасан сайхан юм бэ. Гэхдээ Бал дарга ирэхгүй нь ямар харамсалтай вэ. Даргадаа хийсэн ажлаа үзүүлнэ гээд нойр алдсан юмсан. Удирдагчаасаа урмын үг сонсох хувь дутлаа” гэж харамсчээ.

Шөнө оройтсон тул Шижир Төгсмааг гэрт нь дөхүүлж өгөхөөр гарлаа.

2014-02-11