(Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ
 энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно – Ц.Элбэгдорж)

Гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэлээр олон жил судалгаа хийсэн, олон ном зохиол бичсэн, мөн Арабын орнуудад Элчин сайдаар ажилласан, дипломат алба олон жил хашиж байгаагийнх нь хувьд Д.Баярхүүтэй “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч өнгөрсөн 4 жилд ажилласан Шинэчлэлийн ба Шийдлийн Засгийн газруудын гадаад бодлогыг дүгнэж ярилцав.


-2012-2016 онд ажиллсан хоёр Засгийн газрын гадаад бодлогыг дүнг Та хэрхэн үзэж байна вэ? Гадаад бодлогодоо ер нь хэр алдаж оносон хэмээн Та үзэж байна вэ?

-Таны асуултын хариуг гарчигт товчхон, тодорхой өгчихлөө. Мөн “Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно” хэмээн Ерөнхийлөгч онож хэлснийг гарчгаа тодотгоод авчихлаа. ГХЯ хэр ажиллав, ажиллаж байна, гадаад бодлого хэр явж байна гэдэгт энд нэг бүрчлэн задалж ярих бололцоо, зай талбай алга. Тиймээс тоо баримттайгаар товчлоё. Тэгэх үү?

-Тэгье. Та болж өгвөл баримт түшсэн хариулт өгөөрэй?


-Ардчилсан Монгол Улсад өнгөрөгч 26 жилд Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас эхлээд эдүгээгийн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хүртэл 14 Засгийн газар солигдож, Р.Гончигдоржоос эхлээд М.Энхболдын үеийг хүртэл УИХ 8 удаа сонгуулийг өнгөрөөжээ. УИХ-ын дарга ч олон солигджээ. Монгол Улс 4 дэх Ерөнхийлөгчийнхөө 2 дахь сонгуулийн төгсгөл рүү ойртож байна. Төр, засаг ингэж олон солигдоход түүний үйл ажиллагааны салбаруудаас ганцхан гадаад харилцааны салбар л ямагт прогрессоор урагшилж, ямагт нэмэх үзүүлэлттэй гарч ирсэн гэдгийг баттай хэлэх байна. Гадаад харилцаанаас гадна батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хууль цааз, байгаль орчин гэх мэт бүх салбарууд дээр би харьцуулж ярьж байна. Энэ үнэлгээ өнгөрсөн 4 жилд жилд ажилласан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлсэн хоёр Засгийн газар, Л.Болд, Л.Пүрэвсүрэн нарын толгойлсон ГХЯ-нд ч хамаатай. Одоогийн сайд Ц.Мөнх-Оргил 2004-2006 онд энэ салбарыг толгойлсон, одоо хоёр дахь удаагаа толгойлж байна. Тэр утгаар би үе үеийн бүх Засгийн газруудын гадаад бодлогыг амжилттай явж байгаа гэж тэмдэглэхийг хүсч байна. Алдсан гэж тоймтой биетэй юм олж харсангүй, оносон нь л дандаа нүднээ бууж байна.

-Та яагаад ийм их өөдрөг байна вэ? Тогоон дотор нь байдаг дипломатч хүний өнцгөөс хэлж байна уу?

-Манай хэвлэл мэдээллийнхэн нэг асуудал дээр байнга анхаарч байгаасай гэсэн утгаар үндэслэл хэлье. Энэ бол нэр бүхий дээрхи эрхмүүдэд хамаарахгүй, төр засгийн толгойд байсан, байгаа бүх нөхдөд хамаатуулах асуудал л даа. МАН, АН, хамтарсан үе үеийн Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулж ирсэн. Монгол Улсын гадаад бодлогыг үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалуудаар хуульчлан тунхагласан, 1996, 2000, 2004, 2008, 2012 оны Засгийн газрууд үйл ажиллагааныхаа хөтөлбөрүүдээрээ тухай бүрт нь тодотгон дэлгэрүүлж хэрэгжүүлсэн, одоо 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Ж.Эрдэнбатын Засгийн газар мөн тэгэх гэж байна. Эрх зүйт төртэй ардчилсан улсын гадаад бодлогод гэнэтийн хувиралт, огцом эргэлт гардаггүй, гарч болохгүйг дээрхи үзэл баримтлалуудыг мөрдөж ажилласан 20 гаруй жилийн туршлага нотлон харуулж байна. Манай аль ч Засгийн газрын үед Монголын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, харилцаа өргөжин тэлж ирсэн нь ийм учир шалтгаантай юм. Тэгэхдээ би прогресссоор гээд дээр хэлчихсэн. Тоо чанарын хувьд ямагт тэлж өргөжиж нэмэгдэж ирлээ гэдгийг хэлж байна.

Бас нэг үндэслэл байна. Аюулгүй байдал, хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэх талаар бид ч сайн ажилласан, олон улсын нөхцөл байдал ч бидэнд тус болсон. Дайн мөргөлдөөний голомт бидний эргэн тойронд алга, хоёр хөрш маань хоорондоо маш найрсаг харилцаатай байна, даяаршил хөгжлийг хурдасгахын сацуу улс үндэстнүүдийг харилцан нээлттэй болгож байна. Ийм нөхцөлд боломж бололцоо гараа л бол гадаад бодлогоо урагшлуулаад байх хэрэгтэй. Харин бид тэгж чадсан.


-Шинэ Ерөнхий сайд үүрэгт ажлаа хүлээн аваад УИХ-ын чуулганд үг хэлэхдээ гадаад бодлогын асуудлаар “Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урьд өмнө байгаагүй бодлогын алдаа гарсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хамтын ажиллагаанд цав гарлаа” гэж хэлснийг Та хэрхэн үзэх бол?

-Энэ бол гадаад бодлого, тэр дундаа гадаад харилцааны төв байгууллага, түүний хамт олон руу чиглүүлж хэлсэн шүүмжлэл байгаагүй юм. Тэрээр энэ үгийг хэнд хандуулж хэлсэн хэрэг вэ гэвэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өөрийн үзэмжээр залах гэсэн, эх орны томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг өөрийн ба бүлгийн эрх ашигт хөтлүүлэн захиран зарцуулах гэсэн, тэр хэрээрээ гадаад түншүүдээ өөрсдөөсөө холдуулсан, тэр тоолонд манай улсын олон улсын нэр хүнд унаж ирснийг хатуухан шүүмжилсэн хэрэг болов уу. Хатуу үг сонсох юуны буруу байх билээ. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэсэн онч үг байдаг шүү дээ. Тийм л шүүмжлэл гэж үзэх хэрэгтэй. Харин ч манай ГХЯ-ны ажилд тустай шүүмжлэл гэж үзэж байна. Улс төрчид, эрхэм түшээд бүгдэд хандуулж хэлсэн үг хэмээн үзүүштэй.

-Гадаад харилцаанд хэтэрхий мөнгө зарж байна. Айлчлалын тоо хэтэрлээ гэх шүүмжлэл их байх юм . Та юу гэж үздэг вэ?

-Гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг чинь хоёр өөр ойлголт, гэхдээ нэг цогц юм. Гадаад бодлогоосоо гадаад харилцаагаа нөхцөлдүүлж гаргаж ирдэг. Би дээр гадаад бодлого зөв төлөвшсөн, түүнийг МАН, АН ялгаагүй үе үеийн Засгийн газрууд зөв авч явсан гэж ярьсан. Харилцаа гээд практик тал руугаа орж ярьвал айлчлал хэрэгжүүлэхгүйгээр гадаад бодлого, гадаад харилцаа явдаггүй ээ л гэж хэлнэ. Айлчилж байж, биеэрээ очиж байж, адаглаад хүндэтгэлээ айлчлалаараа нотлож байж хэрэгждэг өч төчнөөн асуудал байдаг юм аа. Элчин сайдаар гурван жил ажиллахдаа гурван жил уйгагүй ярьж хөөцөлдөж ятган байж гуравхан хоногийн айлчлал хэрэгжүүлээд, ард түмэн гучин жил үр дүнг нь амсдаг хуультай юм. Энэ бол томилон явуулж байгаа Элчин сайддаа манай төрөөс өгдөг нэг гол үүрэг нь юм. Хэд хичнээн оронд айлчилсан, ямар үр дүнтэйв гэдэгт нэг бүрчлэн хариулахгүй. Надад судалгаа байна. Юу гэхлээр би олон улсын харилцааны түүхчийн хувиар 1939 оноос хойш нам, төр, засгийн өндөр дээд түвшинд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудын жагсаалт гарган хөтөлсөөр үлэмж баяжуулаад байна. 1990 оноос хойшхийг бүр нэг бүрчлэн хөтөлж байна. Айлчлалууд нэг урсгалтай, манай талаас хэт түлхүү байна гэсэн шүүмж сонсдог байсан бол өнгөрөгч 4 жилд тэнцвэрийг нь хангасан байна. Жижиг орон жижиг гээд өөрийгөө түгжээд сууж болдоггүй. Тэгвэл биднийг дэлхийд хэн ч тоохгүй. Жижиг байх тусмаа том гадаад бодлого явуулж байж, өөрөөр хэлбэл бид уриалгахан байж, бид санаачилга гаргаж, тэр шүүмжлээд байгаа шиг бид олон удаа айлчилж байж л гадны том сонирхлыг Монголдоо татна, өөр зам байхгүй. Үүнийг Төрийн тэргүүн дээр онож хэллээ шүү дээ.
 
-Жижиг байх тусмаа том гадаад бодлого явуулна гээд Та хэлээдэхлээ?

-Дэлхий дахинд, түүний дотор манай Монгол оронд өрнөсөн гүн гүнзгий өөрчлөлт бидэнд юу авчрав, Монгол Улс дэлхий дахинаа чухам ямар байр суурь эзэлж байна, Монгол төрийн гадаад бодлого залгамж чанараа хадгалахын хажуугаар хэрхэн шинэчлэгдэж, монголын ард түмний язгуур эрх ашигт хэрхэн үйлчилж ирэв зэрэг асуудал энд хамаатай юм. Олон тулгуурт гадаад бодлогын агуулга бол үндсэндээ нэг хоёр, эсвэл нэг хэсэг улсад бус; аль болох маш олон улс орон, олон улсын форум, эсвэл, байгууллагад түшиглэн нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйд тулгуурлан явуулах үйл ажиллагааг хэлж байгаа юм. Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчинд сүүлийн 20 гаруй жилд бий болсон харьцангүй таатай нөхцөл, бололцоог бид боломжийн хэрээр бүрэн ашигласан гэж дээр хэлээд байгаа чинь жижиг орны том гадаад бодлогоо бид хэрэгжүүлсэн гэж хэлж буй хэрэг л дээ. Хүн амын тоо, хөгжлийн түвшинтэйгээ харьцуулаад ярих юм бол бид үнэхээр том, бүр их гүрний явуулдаг шиг л бодлого хэрэгжүүлж байна. Саяхны ганц жишээ дурдая л даа. Ерөнхийлөгч өөрөө ингэж хэлсэн байна. “Монгол эх оронд маань бөмбөрцгийн нийт хүн амын 62 хувь нь амьдардаг Ази, Европ хоёр тивийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай боллоо. Олон улсад сайн харилцаатай, сайн нэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнээ. Хоёр хөрштэй Монгол нь 200 улстай нөхөр байх учиртай” гэжээ. Эх орны маань нийслэлээр нэрлэсэн “Улаанбаатарын тунхаглал” хэмээх олон улсын түүхэн баримт бичиг “Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг”, “Киотогийн протокол” гэдэг шиг үеийн үедээ мөрдөгдөж, түүнийг эшлэх дурдах тохиолдол бүрт Монголын маань нэр алдар дагалдаастай байх боллоо.

-Та сүүлийн 4 жил дээр тогтож үр дүн талаас нь ярихгүй юү?

-Гадаад бодлого, гадаад харилцаан дээр бэлэн үр дүн шаардах нь нэг талын туйлшрал. Гадаад олон улс оронтой найрсаг харилцааг нь цогцлуулаад, түншүүдийг нь нэмээд, хоёр талын олон гэрээ, хэлэлцээрийг нь байгуулаад өглөө. Энэ чинь л гадаад харилцааны үр дүн юм. Ганцхан тоо баримт дурдъя. Сүүлийн 4 жилд ГХЯ түүхэнд байгаагүй олон гэрээ хэлэлцээр, баримт бичиг байгуулсан дүнтэй байна. Төр, засгийн дээд түвшинд хэрэгжүүлсэн 120 орчим айлчлал, арга хэмжээний үеэр Засгийн газар хоорондын нийт 103 баримт бичиг байгуулсан судалгаа байна. Жишээ нь Монгол улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай тунхаглал, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол, БНХАУ, ОХУ-ын хэлэлцээр, БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гээд томхоныг нь нэрлэчихье.

-Айлчлалын тоо хэмжээ чухал нь чухал. Гэхдээ чанар бүр чухал. Энэ тал дээр Танаас тодруулга хүсье?

-Чанар гэдэгт хоёр хөршөө жишээлье. 2014 онд хоёрхон 7 хоногийн дотор сүүлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөршийн удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурсныг эргэж сануулъя. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татсан. Бараг залгуулаад Монгол, Орос, Хятадын гурван Ерөнхийлөгч Душанбед уулзсан. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшныг ойртуулсан уулзалтууд цаашаа Уфа, Ташкентад үргэлжилсэн. “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Дөнгөж сая АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө ба дараа дөрвийн дөрвөн гадаад улсын Ерөнхий сайд, нэг Ерөнхийлөгчийг нэг дор, бараг зэрэг шахуу хүлээн авч албан ёсоор айлчлуулсан нь гадаад харилцааны түүхнээ тохиож байгаагүй, мөд тохиохгүй үйл явдал шүү дээ. Гэх мэт баримтууд бол жагсааж болно.

-Олон тулгуурт гадаад бодлогынхоо тэнцвэрийг хангаж чадсан уу?


-Чадсан. Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан чиглэлүүдээ аваад үз л дээ. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх эн тэргүүний зорилт бүрэн хэрэгжсэн. Хэрэгжээд явж байна. Тэнцвэрийг бүрэн хангасан. Дээр нь гурвалсан харилцаа нэмэгдээд эрчээ авлаа. АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилт хэрэгжлээ. АНУ-ын ТНБД-ын, Японы Ерөнхий сайдын 3 удаагийн айлчлал, АСЕМ-ын уулзалтад ЕХ-ны хоёр дарга ирж оролцсон, Энэтэхгийн Ерөнхий сайдын анх удаагийн айлчлал, БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, Туркийн Ерөнхий сайдын айлчлал хэрэгжсэн байна. Айлчлалууд хоёр урсгалтай болсон. Монгол, Японы стратегийн түншлэл бэхжиж, Монгол улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр–Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо. Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох гэсэн заалт бүрэн хэрэгжсэн. Айлчлалуудаас гадна АПЕК-ийн дээд түвшний уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалт, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 5 удаагийн хуралдаанд Ерөнхийлөгч уригдан оролцсон, мөн АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болох зорилтыг хангах чиглэлд идэвхтэй ажилласныг жишээлэхэд л хангалттай. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г Ерөнхийлөгч санаачлаад, тэр хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний гурван ч бага хурал Улаанбаатартаа зохион байгууллаа. “Азийн форум” санаачилга дэвшүүллээ. Үзэл баримтлалд тусгагдсан дараагийн чиглэл болох НҮБ, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах, хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилт хэрэгжсээр байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр бүс нутгийн бүлгээсээ хамгийн их саналаар анх удаа сонгогдсон, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд харьцангуй сүүлд хамрагдсан улс боловч НҮБ-д цэнхэр дуулгатанаа хандивладаг НҮБ-ын гишүүн топ 20 улсын нэг болж чадсан, ардчилал, хүний эрхийг дээдлэх, сайн засаглал төлөвшүүлэх, авилгатай тэмцэх талаар Азидаа нэр хүндтэй улс болж, тэр утгаар өөрийн орны туршлагыг ардчиллыг шинээр болон сэргээн хөгжүүлэхээр зорьж байгаа улс орнуудтай хуваалцан хамтран ажиллах зорилгын үүднээс “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулж, Киргиз, Мьянмар, Афганистан, БНАСАУ, Лаос, Камбож, Балба, Бутан, Шри-Ланка, Зүүн Тимор зэрэг улстай сайн засаглал, ардчиллын туршлагаа хуваалцаж буй, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, “Онлайн эрх чөлөө” эвслийг тус тус амжилттай даргалсан гээд баримт дурдвал олныг хэлж болно.

-Гадаад харилцаа хөгжөөд байдаг, харин улс орны хөгжил жигдэрдэггүй, хүн амын амьжиргаа сайжирдаггүй, шалтгаан нь хаана байна?

-Тарчиг ядуу амьдралынхаа нүдээр гадаад харилцааг харж болохгүй. Амьдрал тарчиг, хүмүүс өөрсдөө аж төрөх аргаа олохгүй будилж байгаа бол түүнд ГХЯ, дипломат алба огтхон ч буруугүй. Бэлээхэн таатай гадаад орчныг нь бүрдүүлээд өглөө. Монголын иргэн хэн ч бай гадаад паспортоо шийтгүүлэн аваад дэвэн дэлхийгээр явж, бизнес ярих хөөцөлдөх нөхцлийг нь бүрдүүлээд өглөө. Түншүүдийг нь гадаадаас оруулаад ирлээ. Эрх зүйн зохицуулалтыг нь гэрээ хэлэлцээрээрээ баталгаажуулаад өглөө, иргэд харилцан зорчих, олон удаагийн визийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээрийг нь байгуулаад өглөө.

Засгийн газрыг өөлөх баалах байдлаар энэ тухай асууж байгаа бол би эсрэг хариултыг нь дээр өгчихсөн. Гадаад харилцаа урагшлан давшиж байнаа гэж. Гадаад таатай орчин бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр бол манай дипломатчид өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг давуулан биелүүлсэн. Ганцхан жишээ хэлье. Европын Холбоотой татварын хөнгөлөлттэй монголын барааг нэвтрүүлэхээр “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд үргэлжлүүлэн хамрагдах чиглэлээр ГХЯ, Брюссель дэх ЭСЯ хангалттай ажилласан. Энэхүү хэлэлцээрийг ЕХ-ны бусад гишүүн улсуудаар батлуулах чиглэлээр ажиллаж байна. “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд Монгол Улс тэр хөнгөлөлтөө эдэлж чадахгүй үр дүн нь тааруухан байгаа бол манай эдийн засаг, бизнес эрхэлдэг нөхөдтэй л ярих ёстой. Эдийн засаг хөгжүүлэх гадаад таатай нөхцлийг ГХЯ бүрдүүлж өглөө, чадлаа, тэгээд эдийн засгаа хөгжүүлэх эрх нь нээлттэй байна.

-Гадаад харилцааны эрх зүйн зохицуулалт дутуу дулимаг байгаагаас шинэ Ерөнхий сайд өмнөх шүүмжлэлийг хэлсэн байх. Тийм үү? Тэгэхлээр энэ талаар юу хэлэхсэн бол?

-Гадаад бодлого, гадаад харилцааг томъёолон зангидаж, зохицуулах, шуурхай хэрэгжүүлэх газар нь ГХЯ юм. Нэг амтай байя, нэг цонхоор харилцая гэдэг дээр ГХЯ олон жилийн тэмцэл хийж байна даа. Аль яам, аль аймаг тэгчихэж ингэчихэж гэдгийг одоо шүүхгүй.

Бүхэлдээ улс орны гадаад харилцаа эрчтэй хөгжиж олон салбарыг нэгэн зэрэг хамрах болсон энэ цаг үед ГХЯ үйл ажиллагаандаа хэд хэдэн хууль тогтоомж, хөтөлбөрийг мөрдөж ажилласан буюу ажиллаж байна. Үүнд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны Засгийн газрын № 169 тогтоол - “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, 2013 оны ҮАБЗ-ийн “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” 01/01 тоот зөвлөмж, ГХЯ-ны он оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр, Дэлхийн монголчууд хөтөлбөр, Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр, Төрийн бусад байгууллагыг гадаад бодлогын асуудлаархи мэдээллээр хангах тухай журам гэх мэт. “Монгол Улсын гадаад харилцааны тухай” хуулийн төсөл, “Дипломат албаны тухай” болон “Олон улсын гэрээний тухай” хуулиудын шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-д өргөн барьсан, шинэ УИХ-аар хэлэлцүүлнэ.

-Та ололт амжилтаа дүгнээд яг нэрлэ гэвэл юу хэлэх бол?

-АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэлийг хангаж, зохион байгуулахад онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Хоёр хөрш орон болох ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тэнцвэртэй хөгжүүлэх, гуравдагч хөрш орнуудтай харилцахдаа тэнцвэрийг чухалчлах, гадаадын олон улс оронтой найрсаг, түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх талаар сайн ажиллажээ хэмээн хэлнэ.

НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон орны тоо 186 хүрч, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 3 улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгааг хэлнэ. 2012 оны эхэнд дипломат харилцаа тогтоосон орны тоо 149 байсантай харьцуулахад том дэвшил гарчээ. Нээлттэй гадаад бодлогын хүрээнд дипломат харилцаатай улсын тоог нэмсэнээр манай улсын гадаад харилцаа улам өргөжин тэлж дэлхийн аль ч өнцөг буланд хүрэх нь мэдээж.

Дипломат төлөөллийг бэхжүүлэх талаар 4 жилд онцгой анхаарлаа. Беларусь, Австрали, Итали, АНЭУ Улаанбаатарт ЭСЯ-аа албан ёсоор нээж, Унгар, Польш улс ЭСЯ-аа сэргээн нээсэн буюу нээхээр шийдвэрлэлээ. БНХАУ-ын Ерөнхий консулын газар Замын-Үүдэд, Швейцарийн Ерөнхий консулын газар Улаанбаатарт нээгдээд ажиллаж байна. Манай талаас гадаад улс дахь консулын төлөөллийг үлэмж бэхжүүллээ. Японы Осака, Киргизийн нийслэл Бишкек, БНСУ-ын Пусанд Ерөнхий консулын газар, ОХУ-ын Халимаг улсын Элст хот, БНХАУ-ын Шанхай, Хайлаар хотод Консулын газар ажиллаж байна. АНЭУ-ын Дубай хотноо Консулын газар шинээр нээхээр болж байна. Энэ бүхнийг өнгөрсөн 4 жилд амжуулжээ.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

“Засгийн газрын мэдээ”, 2016.08.03 № 168 (446)