“Ашиггүй” бас “сонирхолгүй” Сайд
МАН-ын засгийн газрын Ерөнхий сайд Эрдэнэ бат(Эрлийн биш) гуай засгийн газраа ашиг, сонирхлын зөрчилгүй хүмүүсээр бүрдүүлэх болсноо зарлаж байна. Ингэснээрээ МАН нь өөрийгээ монгол улстай ямарч ашиг сонирхлын зөрчилгүй нам гэдгээ харуулна гэнэ.
-фельетон-
МАН-ын засгийн газрын Ерөнхий сайд Эрдэнэ бат(Эрлийн биш) гуай засгийн газраа ашиг, сонирхлын зөрчилгүй хүмүүсээр бүрдүүлэх болсноо зарлаж байна. Ингэснээрээ МАН нь өөрийгээ монгол улстай ямарч ашиг сонирхлын зөрчилгүй нам гэдгээ харуулна гэнэ. Ашиг сонирхлын зөрчилгүй байна гэдэг бол ер нь “сайн байлаа ч яалаа, муу байлаа ч яалаа” буюу ямарч тохиолдолд “один чоорт” байхын нэр гэнэ.
Шинэ засаг маань зий гэх ашиггүй бас түй гэх сонирхолгүй сайдуудаар дүүрч байгаа гэнэ. Жишээлэхэд, Бат-Эрдэнэ гуай Батлан хамгаалахын Яамтай ямар ч ашиг сонирхлын асуудалгүй учраас тэндхийн сайд болсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, тэрээр улсаа батлан хамгаалах ямарч сонирхолгүй, монгол цэрэг сайн байлаа гээд түүнд ямарч ашиггүй гэсэн санаа бололтой.
Энэ утгаараа ерөнхий сайд нь өөрөө ашиг сонирхлын зөрчилгүй нь үнэн юм бол Монголын эдийн засгийг сайжруулах сонирхолгүй, ингэх нь түүнд ямарч ашиггүй болж таарч байна.
Тухайн салбарыг хөгжүүлбэл өөрт нь ашигтай болох нь илэрсэн дөрвөн ч хүнийг “ашиг сонирлын зөрчил” илэрсэн гэх үндэслэлээр эргүүлэн татсан явдал гарчээ.
Зарим нэг нөхөд ашиг сонирхлоо нууж сайд болсон нь түрүүчээсээ илэрч байх шиг. Тухайлбал, Гадаад хэргийн сайд гадаад хэлтэй байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн гэх хүн ч байна. Намын удирдлага нэгэнт гэнэдээд томилсон улсынхаа ашиг сонирхлыг явцын дунд арилгаж Сангийн сайдыг мөнгөгүй, Монгол банкны ерөнхийлөгчийг хадгаламжгүй болгохоо амлажээ.
Барилга хот байгуулалтын сайдаар энэ салбартай ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй, гэрт амьдардаг, хөдөөний хүн ажиллуулахаар хайж байгаа бололтой.
Түүнчлэн Эрчим хүчний сайд нь цахилгаан бараа хэрэглэдэггүй, гэртээ лаа барьдаг байх шалгууртай үлджээ.
Ер нь бол ашиг сонирхлын зөрчилгүй томилгооны оргил нь хотын даргаар малын эмч сонгосон явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Хөдөө аж ахуйн сайдад цагаан хоолтон нэр дэвших учиртай гэж үзэх ч хүн байна. Гэтэл цагаан хоолонд гурил багтдаг учраас газар тариалантай яах аргагүй зөрчилдөнө гэж хэлэх ч улс таарлаа.
Эрдэнэ бат(АН-ын экс генсек биш) ерөнхий сайд эх орныхоо хөдөө аж ахуйг толгойлох нарийнтсан хүн хайж яваад муу ёр удсан хэргээр загнуулсан ч гэх шиг. Хамгийн сүүлд Хүнс хөдөө аж ахуйн салбарын сайдыг үе үе бусдад нь хавсаргаж, хавсарсан сайд нь хугацааныхаа туршид мацаг барьж байх тохироонд хүрсэн гэх.
Энэ салбарын сайдын албанд орохдоо жинлүүлэх ба ажлаа өгөхдөө дахин пүүн дээр зогсоно. Хэрвээ таргалсан байвал “цусан холестринийхээ эх үүсвэр”-ийг АТГ-д тайлбарлах үүрэг хүлээнэ гэнэ.
Төрийн ажил алба ч хаа сайгүй л ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэж байна. Саяхан гэр бүлийн товчоо залуухан хосын гэрлэлтийг “ашиг сонирхлын зөрчилтэй” шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Яасан гэхээр, “нөхөр болох хүн нь эрэгтэй төдийгүй эсрэг хүйстнээ сонирхдог байсан нь секст хүргэж мэдэх ашиг сонирхлын зөрчил мөн” гэж үзсэн байна.
Урлагийн сургуулийн элсэлтийн комиссынхон аятайхан хоолойтой хүүг “Дуучин болох хүсэлтэй” гэдгийг сонсоод “ашиг сонирхлын зөрчил яах аргагүй мөн” хэмээн хөөж явуулсан дуулдав.
Ер нь бол Буддын хийдийн хамба нар бурханы шашинтан хүн байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн. Иймээс Гандан хийдийг лал юмуу, загалмайн шашинтан тэргүүлэх учиртай гэсэн яриа ч хэдийнэ гарчээ.
Энхтайвны өргөн чөлөөнд машин зогсоосон цагдаа, драйгер үлээлгэн алкоголь шалгаж, бүүвэйн дуу аялан нойрмогын тест хийж үзээд зөрчил олсонгүй. Гэвч эцэст нь “жолооны үнэмлэхтэй атлаа машин жолоодох нь ашиг сонирхлын зөрчил мөн” хэмээн торгож саллаа л гэнэ шүү...