Сайн байна уу, АН-ынхан минь. Одоо нэг ухаан сэхээ орох нь уу? Айхтар ялагдсандаа итгэж ядан суугааг тань мэдэж байна. Та нар өнгөрсөн дөрвөн жилийг Олимпийн бурхад шиг өнгөрөөсөн дөө, эрх мэдлийн оройд мансууран сууснаа бүүр түүрхэн санаж байгаа биз дээ? Сонгогчид та нарт энэ удаа “Батбаяр аа, чи архи уучихсан байна. Одоо харьж амар” гэдэг З.Энхболдын үгийг эвтэйхэн хэллээ. Хааяахан ард биднийгээ санахаараа жигтэйхэн их доромжилдогсон. “Өр”-ийг “өглөг” гээд нэрлэчихвэл 22 тэрбум ам.долларын асуудал хар аяндаа шийдэгдэх мэтээр тайлбарлаж л суусан. Энэ жишгээр бол танай нам “ялагдаагүй” харин “ялалт” авлаа. Та бүхэн баярлах хэрэгтэй, хүн чинь юм олж авахаараа баярладаг биз дээ.

Хууль

АН-ынханд бүх юм байлаа. Сайн сөрөг хүчин ч байлаа. Үндсэн хуулийн цэцтэй үгсчихэв үү гэж хардмаар 2012 оны сонгуулиар ялалт авчирсан хуулиа өөрчилсөн. Улам илүү ялах гэсэн шунал чинь харин ч ухаан суух боломж олголоо. Ялах бүх нөхцөлөө хуулиар бүрдүүлчихлээ гэж үзсэн чинь үнэн. Б.Гарамгайбаатар Эзэн Чингисийн нэрээр өөртөө гаргаж авсан тойрог дээрээ дэвэн дэвсээр гарч ирээд 36.3 хувиар уналаа. Увсын сумдыг дураараа хуваан нутаг алгасуулан тойрог үүсгэсэн ч С.Отгонбаяр бас л ялагдлаа. Сонгуулийн тойрог бол орон нутгийн төлөөлөл биш, иргэдийн төлөөлөл гэдэг сүрхий тайлбараар Багануурыг дөрөв тасдан салгаж тойрог болгосон ч бас л хоосон хоцорлоо. Ялалтандаа хэтэрхий эрдээд АН-ын сонгуулийн штаб ч гэж байгуулсангүй. Нийслэлийн Ардчилсан намын штаб, ер нь ганц Э.Бат-Үүлийн хийсэн ажлаар нүүр тахлах гэж үзлээ. Гээд барсангүй. Баатар дарга ч өөрөө одоо хэр шокоос гараагүй яваа.

Мөнгө

Засаг барьж буйгаа ашиглан баталгаажаагүй “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 хувьцааны 30 хувийг 300 000 төгрөгөөр худалдаж аваад ч бүтсэнүй. Сонгогчдын дийлэнх нь мөнгөө авч үрэн таран хийгээд сүүлийн хоёр секундэд танай Д.Ганбат шиг дүгнэлтээ хийлээ. Та нараасаа л сурсан юм шүү дээ, үүнийг бид. Хийсэн бүтээснээрээ та нар минь сонгуулиас өмнө гайхуулаад эхлэсэн. “Бид чадлаа” гээд л... Тийм ээ, сонгуулийн дүн гарахаас өмнө та нар үнэхээр юм юмыг чадахаар харагдаж байсан шүү. Гэвч өдрөөс өдөрт амьжиргаа нь дордсоор байгаа ард түмний хувьд “чадуулчихсан” мэт сэтгэгдэл төрөөд байжээ. Та нар минь биднийгээ үгүй мөн их доромжилсон доо. Өрсөлдөгчийнх нь зөөсөн хүнийг “царцаа”, өөрийнхөө аваачсаныг “сонгогч” гэж үзэхээр хэн та нарт саналаа өгөх юм бэ. Дөрвөн жил дараалан Монголын №1 улстөрчөөр тувт тодорч ирсэн “Босоо” С.Ганбаатар тойрог дээрээ хэвтээд өгч байхад та нар минь яах ч билээ. Ардчилсан нам бол ардчилал биш, харин ардчилсан нийгмийн нэгээхэн эд эс гэдгийг сонгогчид мэддэг болж.

Пиар

Сонгууль бүрээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг хар пиар ч та нарт тус болсонгүй. МАН-аас чамгүй л хар хорын юм гүйлгэх шиг болсон, гэвч тэр нэмэр болсон нь юу л бол. Ч.Сандуй гэгч нөхрийн төрийн албыг үнэлэн сонгуулийн мөнгөө босгох мэргэн аргыг бараг хүн бүхэн сонссон, жигшсэн. Гэвч сонгогчид түүнийг гаргаад л ирлээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголынх боллоо гэдэг Ч.Сайханбилэгийн эцсийн мэдэгдэл сайн, муу алинаар нь ч та бүхэнд туссангүй. “Эрдэнэт” үйлдвэр монголчуудын асуудал биш, Эрдэнэт хотынхны хоол гэдгийг О.Баасанхүү батлах шиг болов. Энэ удаа та нар хувь хүний нэр нүүр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж тооцсон ч намын ерөнхий фон маш чухал үүрэгтэй байсныг МАН-аас сонгогдсон олон хүн тодорхой харуулж байна. Чухам л Монголын төлөө үхэхэд бэлэн, гагцхүү биднийгээ л гэж явдаг популистууд хүртэл сөхөрчихөөд байхад та хэд энэ дайны суудалтай үлдсэн нь их юм. Үхэр тэрэгтэй С.Жавхлан үнэнийг гүйцсэн юм биш, хоёр сул өрсөлдөгчийн дундаас л торойлоо. Гэхдээ та нар минь сайхан суудал авсан. Нарны аймаг чинь есөн гаригтай байдаг биз дээ?! Монгол чинь есөн эрдэнийн орон юм байгаа биз дээ?! Энэ төр чинь есөн цагаан тугтай юм байгаа биз дээ?!