Тулхыг түлхэв үү?
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэнгүй. Дэвшсэнгүй юу, дэвшүүлсэнгүй юу. Учир битүүлэг энэ шийдвэр гайхаш төрүүлнэ.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэнгүй. Дэвшсэнгүй юу, дэвшүүлсэнгүй юу. Учир битүүлэг энэ шийдвэр гайхаш төрүүлнэ. Эрх баригч Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа олны нүдийг орой дээр нь гаргасан олон хачирхалтай шийдвэр гаргажээ. Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нарын тулхтай гишүүдийг нэр дэвшүүлсэнгүйн учрыг олон түмэн ихэд гайхширч, дор бүрнээ эгдүүцэж байх юм.
2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам олонхи болж, “Шинэчлэлийн” Засгийн газрыг бүрдүүлэхэд Ц.Баярсайхан гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллахыг урьсан юм. Ачаандаа түүртэхээр, алба нь илт томдчих тохиолдлууд улс төрийн томилгоонууд дунд бишгүй гарч ирж, нийгмийн уур унтууг хөдөлгөж шуугиан дэгдээдэг. Гэвч түүн шиг улстөрч дээр хэн ч гайхахгүй нь сайхан.
Ц.Баярсайхан монголын улс төрд хорин жил чанагдсан хүн. Тэр хэрээрээ танигдсан, хүнийхээ ноён нуруу, улс төрд өөрийгөө авч явж ирсэн соёлоороо хэн болохоо харуулж чадсан тоотой хэдийн нэг юм л даа. Улсын их хурлын гишүүнээр говь нутгийнхнаа төлөөлөн орж ирсэн цагаас нь энэ улстөрчийн түүхийг нямбай ажиглаж ирсэн хүний нэг магадгүй би байж мэдэх юм. Ерээд оны сүүлээр тэр УИХ-д байнгын хорооны дарга хийж байв. Үг дуу цөөтэй, гэхдээ хуульт ёсны өмнө хөл алдаж байсан үеийн зарим нөхдийнхөө дэргэд өвөрмөц тулхаар үргэлж ялгардаг байсансан.
Ц.Баярсайхан Москвад боловсрол эзэмшсэн юм. Москвагийн Эдийн засгийн дээд сургууль манайд олон сэхээтэн бэлтгэж өгсний нэг нь Тэр. Түүний намтарт орон нутагт ч ажиллаж байсан гэгээн түүх бий. Өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймагтаа ажиллаж байгаад тэндээсээ 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон орж ирж байсныг бүгд мэднэ.
Ц.Баярсайхан парламентад дөрвөн удаа түмний итгэлээр сонгогдож, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн төрийн түшээ.
Улстөрчид нь өдөр бүр интертаймент үзүүлж, “Саарал ордон”-ыг театр болгон хувиргаж буй өнөө цагт нэр цэвэр, мөр цагаан үлдсэн ганц хоёрхон улстөрчийн нэг нь тэр байлаа. Энгийн үед ч хэвлэл мэдээллийнхэнд элдэв үг унагаад байдаггүй нөхөр болохоор нэр дэвшигч ч биш, нэр дэвшээгүй үлдсэнд нь түүний тухай гайхаж ядахдаа ийнхүү хэдэн үг тэрлэж сууна.
АН бол том нам. Гэхдээ сүүлийн үед том улстөрчдөө зольж, жижиг гарын золбин панз үсэргэхдээ үнэхээр гаршиж байна уу даа гэсэн харуусал төрнө.
Хөрөнгө мөнгөөр зоддог, хөл толгойгүй туйлдаг хүмүүсээс илүү түүн шиг төрийн хүн л Монголын парламентад хэрэгтэйсэн.
Үнэндээ АН-ын нэр нүүрийг өнгөлдөг хэдийн нэг ийнхүү улс төрөөс шахагдав. Шахалт гэж харахаас аргагүй нэг зүйл түүний араас элдвийн бичвэрүүд үйлдвэрлэн цацаж, хийсэн бүтээснийг нь үгүйсгэх хандлагатай явуулгыг бас явуулж байгаа нь юм. Хүнийг зүгээр үлдээж бас болно доо.
Ц.Баярсайхан цөөн дуугардаг, дугарахдаа мөнгө санхүүгийн бодлого хэлэлцэх үеэр, эдийн засгийн чухал шийдвэрүүд гаргахын өмнө нухацтай байр суурь илэрхийлдэг. Хийгүй, хийх ажлаа хийдэг л хүн болохоор түүнд дандаа зүтгүүр салбаруудыг оноож байсан. Тэр нөхөр ч зүтгүүрийн үүргээ биелүүлж ирсэн. Маш товчхондоо энэ юм.
УИХ-д дөрвөн удаа сонгогдож 16 жил төрд ажиллах хугацаандаа тэрбээр нэгээхэн ч удаа хэл аманд орооцолдож, эсвэл хийсэн ажлаа тайлагнаж, хэвлэлийнхнийг араасаа хуйлруулж байсангүй. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж, Засгийн газарт хоёронтой орж ажиллахдаа мөн л мөр цагаан бууж ирэв.
Сүүлийн жишээнээс иш татахад саяны бүрэн эрхийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар түүнд Барилга хот байгуулалтын сайдаар танхимдаа орж ажиллахыг урьсан. Үнэндээ гадаад болон дотоод олон нөхцөл шалтгаануудын улмаас их барилгад их зогсолт хийчихсэн хэцүү үе таарлаа. Гэвч тэр гар хумхин суусангүй. Монголбанктай хамтарч, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх санааг сэдэж ажил хэрэг болгож чадав. Барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх бодлогын ажлуудыг барьж авсан нь ч үр дүнгээ өгсөн. Монголчууд бид хэдхэн жилийн өмнө цемент урдаас зөөж байв. Харин одоо бол экспортлох хэмжээнд хүрч чадсан нь Ц.Баярсайханы барилгын салбарыг удирдсан хоёр жил гаруйн хугацаанд хийсэн ажлын нэгээхэн хэсэг нь билээ. Зөвхөн энэ ажил нь уг салбарт хүчтэй сэрүүлэг болж өгсөн гэдэгтэй маргах аргагүй. Мөн түүний үед эхлүүлсэн найман хувийн зээлийн бодлого маш амжилттай төсөл болсныг энд дурьдах ёстой. Үр дүнд нь өнөөдөр 80 гаруй мянган айл орон сууцанд орсон гэх тооцоо гарчээ. Энэ мэтээр түүний сэтгэл хүчээ зориулж босгосон олон төслүүдийг ярьж болно. Мэдээж хууль санаачлагчийн хувьд хийсэн ажлыг нь энд дурьдвал хэтэрхий урт яриа болох биз ээ.
Говь нутгийн халуун наран дор, эгэл боргил айлд хүн болсон тэрбээр нутгаасаа ч, ер юунаас ч салж давхисангүй, нэг л өнгөөр хорвоог туулж явна. Эрх мэдэлд омтгойрч, элдвийн хэрэг явдалд хутгалдаж, урваж шарваж, янз бүр болох явдал хэвийн үзэгдлүүд шахам болсон өнөөгийн улс төрд тэр ийнхүү ховор ДҮР бүтээжээ.
Энэ цаг угаасаа ховруудад тийм ч найртай цаг биш бололтой. Аргатай чаргатай, алагласан олон талтай, бялдууч, гулгаж тэшсэн нөхдүүдийн сэлдэг бас сүлдэг цаг ажээ.
Уг нь Монголын төрд ийм Тулх хэрэгтэй. Тулхнуудыг түлхэж явуулаад л байвал Төр тогтворжихгүй. Төр сиймгэр, нимгэн л байх болно. Сайн Төрийг сайн хүмүүсээр л бүрдүүлнэ гэдэг бол маш энгийн ойлголт шүү дээ.
.