Оркенди жол (Хөгжлийн зам)
Баян-Өлгий аймаг нь Монгол Улсын хамгийн олон хүн амтай (100 мянга) аймгуудын нэг. Хүн амын 93 хувь нь казахууд, бусад нь дөрвөд, урианхай, тува, халх. Нийслэл Улаанбаатараас 1686 км зайд орших аймгийн төв Өлгий хотод 32 мянган хүн оршин суудаг. Аймаг нийтдээ 1.4 сая малтай.
Баян-Өлгий аймаг нь Монгол Улсын хамгийн олон хүн амтай (100 мянга) аймгуудын нэг. Хүн амын 93 хувь нь казахууд, бусад нь дөрвөд, урианхай, тува, халх. Нийслэл Улаанбаатараас 1686 км зайд орших аймгийн төв Өлгий хотод 32 мянган хүн оршин суудаг. Аймаг нийтдээ 1.4 сая малтай.
Аймгийн иргэдийн өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээл бол ажилгүйдэл гэж Засаг даргаасаа эхлээд захын уулзсан хүн бүр л ярьж байна. Монгол Улс 15-аас дээш насны иргэдээ нийгмийн идэвхтэй хүн ам гэдэг бөгөөд 2015 оны эхний улирлын статистикаар нийт хүн амын 61.5 хувь нь буюу бараг хоёр сая хүн энэ хэсэгт хамрагджээ. Мөн идэвхтэй иргэдээс ажил хайж, бүртгүүлсэн хүний тоогоор ажилгүйдлийн түвшнийг тогтоодог бөгөөд энэ нь улсын хэмжээнд найман хувь байхад Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 22.5 хувьд хүрээд байна.
Гэтэл алдаг оног ажил таардаг, өдөр, цагийн ачигч зэрэг хөдөлмөр эрхэлдэг, жижиг наймаа хийдэг, эсвэл огт ажил хийдэггүй, хувиараа ажил хайгаад олохгүй байгаа иргэдийг энэ тоонд оруулах боломжгүй юм. Хэрэв тэднийг оруулбал ажилгүйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдэх аж.
Тогтмол, дээр нь хувийн хэвшлийнхнээс өндөр цалинтай учир ямар ч хамаагүй төрийн ажилд орохыг хүн бүр хичээх хэдий ч тэрхүү ажлын байрны тоо хязгаартай учир шийдвэр гаргагчид хамаатан саднаа л ажилд авдаг гэх хардлага газар авчээ.
Энэ их ажилгүйдлийг хэзээ, яаж арилгах тухай ард иргэд нь засаг захиргааны бүх түвшинд хэлэлцэн ярилцаж байна. Нэлээд олон хүнтэй уулзаж, хэд хэдэн сургуулийн багш, сурагчидтай ярилцсаны дараа хэдэн санаа төрснийг энд хуваалцахыг зорилоо.
БОЛОВСРОЛЫН СОРИЛТУУД
Баян-Өлгийн дунд сургуулиудын сурагчид, эцэг, эхчүүд ажилтай болж амьдралаа дээшлүүлэхийн тулд сайн боловсрол эзэмших шаардлагатайг бүрэн ухамсарлаж байна. Дунд сургуульдаа онцгой сайн сурсан, хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй хүүхдүүд нь гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд Улаанбаатарт, эсвэл Казахстанд өндөр цалинтай ажилд орчихоод байгааг бүгд л ярьж байлаа.
Одоогоор аймгийн төвд таван хувийн, зургаан улсын, сумуудад 12 дунд сургууль, аймаг даяарх 16 бага сургуульд нийт 22.626 хүүхэд сурч буйгаас 1771 хүүхэд энэ хавар 12 дугаар анги төгсөх ажээ. 2013-2014 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын дундаж оноо 498 байхад Баян-Өлгий аймаг 484 буюу 15 оноогоор доогуур гарчээ. Гэхдээ Өлгийн “Эмпати” хувийн сургууль 617, “Бастама” хувийн сургууль 593, “Дарын” хувийн сургууль 562, тавдугаар сургууль 550, хоёрдугаар сургууль 530, “Руханият” хувийн сургууль 513, “Билге-Тегин” хувийн сургууль 503 оноотой буюу улсын дунджаас тус тус дээгүүр байна. Үлдсэн 16 бүрэн дунд сургууль нь улсын дунджаас доогуур байгаа юм. Аймгийн хэмжээнд орос хэлээр улсын дунджаас 41 оноогоор, англи хэлээр 24 оноогоор дээгүүр байгаа ч монгол хэлээр 101 оноогоор доогуур байна.
Өнгөрсөн жилээс монгол хэлний шалгалтад унасан хүүхдийг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад оруулахгүй байх яамны шийдвэр гарсан бөгөөд монгол хэлний шалгалт өгсөн Баян-Өлгийн бүх хүүхдийн 70 хувь нь эхний, 30 хувь дахин шалгалтад унасан ажээ. Олон хүүхэд их, дээд сургуульд элсэх монгол хэлний босго оноо 400-г даваагүй учраас Казахстан, Оросын их, дээд сургуульд орсон гэнэ.
“Эмпати” сургууль монгол хэлээр улсын дундаж болох 494-өөс дээш 572 оноо, Өлгийн хоёрдугаар дунд сургууль 510 оноо авсан бол бусад бүх сургууль улсын дунджаас доогуур, ялангуяа Бугат сумын сургууль 312, Сагсай сум 314, Дэлүүн сум 316 оноо тус тус авчээ. Казах сумуудад монгол хэлийг зөвхөн дунд ангиас эхэлж заадаг, монголоор ярих боломж бага, мөн багшийн ур чадвар ч хамаатай гэж аймгийн Боловсролын газрынхан үзэж байна.
Улсынхаа албан хэлийг сурахгүйгээр амжилтад хүрэхгүй, өөрийн эх орондоо ялгаварлагдаж, төрийн ажил хийж чадахгүйд хүрнэ гэдгийг казах эцэг, эхчүүд сайн ойлгож, хүүхдэдээ монгол хэл сайн сургахыг хичээдэг аж. Жишээ нь, Өлгийн монгол сургууль (хоёрдугаар сургууль) энэ жил тав дахь нэгдүгээр ангиа авсан ба М.Жархангуль багшийн дөрвөн жилийн дараа удирдах нэгдүгээр ангид одоогоор 25 хүүхэд “бүртгүүлчихээд” байна. Энэ багшийн даасан ангийн хүүхдүүд монгол хэлийг хамгийн сайн сурч, их, дээд сургуульд элсдэг учраас тийм өндөр хэрэгцээ байгаа ажээ. Түүний ангиар ороход 44 бяцхан сурагчийн 41 нь хүүхэд байлаа.
Хувийн сургуулиуд бий болсноор өрсөлдөөн нэмэгдэж, улмаар бүх сургуулийн сургалтад эергээр нөлөөлөн, сүүлийн үед аймаг даяар сургалтын чанар сайжирч байгаа гэнэ. Жишээ нь, өнгөрсөн онд жилийн 1.4 сая төгрөгийн төлбөртэй “Эмпати” хувийн сургуульд 74 хүүхдийн орон тоон дээр 640 хүүхэд өрсөлджээ. Төгсөгчдийнх нь тал нь гадаадын, тал нь дотоодын их, дээд сургуулиудад элсэн ордог, сүүлийн 18 жилд 700 гаруй хүүхэд төгсгөсөн байна. Энэ сургууль нь өөрийн дотуур байртай, даалгавраа хийдэг тусгай цагтай, багш нь хүүхэд, эх, эцэг бүртэй цаг ямагт хамтран ажилладаг, хүүхдийн хувь хүний хөгжилд ихээхэн анхаарч ирсэн нь дээрх амжилтын нэг бүрэлдэхүүн хэсэг нь ажээ.
ХӨГЖЛИЙН БОЛОМЖУУД
Хойтон жилээс Хятад, Оросыг холбосон Монголын баруун бүсийн босоо тэнхлэгийн дутуу байгаа 180 км замыг барьж дуусгах бөгөөд Өлгий хот худалдааны тээврийн үйлчилгээний томоохон зангилаа болж, Цагаан нуурын бааз нь Монголын “Эрээн хот” шиг хөгжих боломж гарч буй.
Хятад, Орос улс харилцан визтэй учраас бүс нутгийн хэрэгцээг хангахуйц том хэмжэээнээс эхлээд өргөн хэрэглээний, яваандаа үйлдвэрлэлийн барааны худалдаа эрхлэх боломж бүрдэх аж. Өнгөрсөн жилээс Оростой визгүй зорчих болсноор өнөөдөр Өлгийн зах, дэлгүүрүүд Улаанбаатараас ч хямд бөгөөд чанартай, Оросын хүнс, чихэр жимсээр элбэг дэлбэг байх болжээ.
Байгалийн унаган төрх, мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий тал, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг нь олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж юм. Жуулчдаас гадна транзит авто замын жолооч, зорчигчид нэмэгдээд ирэхээр орчин үеийн, ая тухтай онгоцны буудал, зочид буудал, хоолны газар, худалдаа, үйлчилгээ, цэнгээний газруудын хэрэгцээ шаардлага өснө. Баян-Өлгий аймгийн төрөлжсөн бүтээгдэхүүн бол уулын аялал жуулчлал бөгөөд өнөөдөр ч гэсэн хоёр мянга гаруй гадаадын уулчин Алтай таван богд, Хүйтний оргил, Цамбагарав ууланд авирахаар ирж байна.
Тус аймгийн ойрын ирээдүйн үсрэнгүй хөгжлийн цөм болох дээрх салбаруудыг хэрэгцээтэй боловсон хүчнээр хангах бэлтгэлийг одооноос базааж авах үүрэг өлгийчүүдийг хүлээж байна. Цэвэрч, хөдөлмөрч, найрсаг, зочломтгой өлгийчүүд тун удалгүй баруун бүсийн хөгжлийн бас нэг төвийг бүтээн байгуулах сайхан цаг айсуй.
hutsbaa
Зочин
Зочин
Зочин
3 dagch hurshiin bodlogo
Зочин
bambaalai
mgl
Тодруулга
Bold
za