Э.Бат-Үүл: Орчин цагт Монгол Улсад нүүрээ нуусан лалруудад зориулсан шинэ ажлын байр бий болжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл лалар гэж хэн болох тухай саяхан телевизээр ярьсан нь шуугиан тариад байна. Энэ талаар түүнээс тодруулга авсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл лалар гэж хэн болох тухай саяхан телевизээр ярьсан нь шуугиан тариад байна. Энэ талаар түүнээс тодруулга авсан юм.
-Сошиал ертөнцөд нүүрээ нуусан лалрууд байдаг тухай та өмнө нь “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө хэлж байсан. Сая бас телевизээр үүнийгээ ярилаа. Лалар гэдэг үгэнд манайхны зарим нь эмзэглээд байна. Ер нь яагаад энэ тухай та ярих болов оо?
-Яг хэн болох нь мэдэгдэхгүй, нүүрээ нуусан хүмүүс өнөөдөр сошиал ертөнцөд дуртайгаа ярьж, бусдыг харааж зүхэж, хүмүүсийг хүчирхийлэлд турхирч, элдвээр аашилж байна. Тэд юуг ч харлуулан гутааж, гүтгэж, доромжилж байна. Ардчиллыг зүхэж, коммунизмыг мөрөөдөж, улс орон, ард түмнээ компьютер, гар утасны цаанаас өглөө, өдөр, үдэшгүй харааж суудаг боллоо. Тэд нүүрээ нуусан учраас яахаас ч буцахгүй зоригтойгоор бусдыг “алж” байна. Ичих, айх юм үнэхээр алга. Гэтэл өнөөдөр бараг хүн болгон ухаалаг утастай болчихсон. Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд хүртэл сошиал ертөнцөд “амьдарч” байна. Тэд нүүрээ нууж бусдыг зүхэгсдийн солиорлоос үлгэр авч, үг хэллэгээр нь хүмүүжиж байна. Томчууд нь зэвсэгт тэмцэлд хөөрцөглөж босоход бэлэн болтлоо талцан хэрэлдэж байна. Сошиал ертөнцөд нүүрээ нуугсдын хор хөнөөл ийм байгаа учраас тэднийг лалартай зүйрлэсэн юм.
-Лалар гэдгийг хүмүүс янз янзаар тайлбарлаад байна лээ. Та бол лалрыг террористуудтай адилтгаад байх шиг байгаа юм...
-Манай үеийнхэн лав нүүрээ нуусан террористуудыг лалар гэж нэрлэдэг байсан юм. Яагаад гэхээр тэр үед ойрхи дорнодын дайныг өдүүлж, дэвэргэж, гэм зэмгүй иргэдийг турхирч, алан хядаж, бусармаг бүхнийг хийж байгаа хүмүүс нь нүүрээ алчуураар хааж боосон террористууд байгааг харуулсан мэдээ их гардаг байлаа. Мэдээж тэр террористууд нь лалын суурь үзэлтнүүд байсан. Нүүрээ нуучихсан хүн шиг өвчтэй, солиотой, зоригтой хүн байдаггүй. Тийм учраас гивлүүртэй лалынхан айж, ичихгүйгээр хүн алж, хүчирхийлэл үйлддэг. Эндээс л тэр үеийн залуучууд бидний дунд лалар гэдэг үг түгсэн юм л даа. Өөрөөр хэлбэл, олны өмнө ил гарч ирэх зориггүй хэрнээ нүүрээ нуучихаараа муу бүхнийг хийдэг, гэмт хэрэг үйлддэг, элдэв буруу юм ярьдаг нөхдүүдийг бид нүүрээ нуусан лалрууд гэдэг байсан юм. Өнөөдөр сошиал ертөнцөд ийм лалар олон болчихоод байна. Би үүнийг нь л хэлсэн.
-Сошиал ертөнцөд нүүрээ нуучихаад элдэв юм бичээд байгаа нөхдүүд бол үнэн чанартаа хүнд байх бүх муу чанарыг шингээсэн лалрууд болж таарч байна уу?
-Бүхнийг хараар будахын дон тусчихсан. Юу ч байсан шүүмжилж, харааж, зүхэж байж таашаал авч амьдардаг. Энэ нь муу зуршил болоод тогтчихсон учраас хөөрхий ямар ч сайхан зүйлийг олж харах чадваргүй, гутранги үзлээр дүүрчихсэн хүмүүс. Тийм учраас нас барсан хүнийг харааж, зүхэж элдвээр хэлтлээ солиорчихсон байна шүү дээ. Энэ хорвоо дээр байхгүй болчихсон зүйлийг ч өршөөх чадваргүй болтлоо галзуурчихсан байна. Уучилж, энэрэх сэтгэл огтоос байхгүй. Хувиа хичээгч, атаач жөтөөч, өөдрөг байхын тухай, гэрэл гэгээтэй амьдралын тухай төсөөлөлгүй болчихсон. Давааны цаана гараад “хуц” гэлээ гэдэг шиг компьютерийн ард нүүрээ нууж байж бусдыг доромжлох зориг ордог нөхдүүд л дээ. Хүнд байдаг сайн чанаруудыг огтхон ч агуулаагүй хүмүүс л нүүрээ нууж байж зориг ордог юм. Яг үнэн чанартаа нүүрээ нуусан энэ лалрууд ямар өрөвдөлтэй, арчаагүй хүмүүс байдаг гэж санана. Алуурчин Жо гээчийг санаж байна уу.
-Алчуур зүүчихээд хүн алаад явдаг нөхөр үү?
-Ээ мөн. Нүүрээ нуучихаад хүний толгой тасдаад, цавчаад л бусармаг бүхнийг хийнэ. Гэтэл мөн чанартаа ямар арчаагүй, хөгийн амьтан байсан гээч. Алчуурыг нь аваад хаячихвал амиа ч аваад амьдрах чадалгүй, сул дорой, бүтэлгүй нэгэн. Хувийн амьдралын бүтэлгүйтэл, арчаагүй, залхуу, ядуу байсныхаа төлөө бусдыг буруутгаж, бухимдахдаа бузар бүхнийг хийж, сайн яваа хүмүүст атаархаж жөтөөрхөж, алж хядаж явдаг хүн шүү дээ. Өнөөдөр манай сошиал ертөнцөд ийм хүн олон байгаа.
-Таны хэлдгээр өөрийн мэдэлгүй бүхнийг хараар будах дон тусчихсан лалрууд байгаа байх. Дээрээс нь улстөрчид захиалгаар, хөлс мөнгө өгч ийм лалруудыг төрүүлээд байна уу, үгүй юу?
-Тийм. Орчин цагт Монгол Улсад нүүрээ нуусан лалруудад зориулсан шинэ ажлын байр сошиал сүлжээнд бий болжээ. Улстөрчид сонин, телевизэд биш нүүрээ нуусан лалруудад хөрөнгө оруулж байна. Лав 6000 лалар сошиал ертөнцөд бусдыг харааж зүхдэг ажлын байртай болчихсон байна. Тиймээс чөлөөт хэвлэлийн зах зээлийг булаацалдаж, чөлөөт хэвлэлийг устгах аюулд ч хүргэж болзошгүй байна. Уг нь эрүүл ухаанаар харвал чөлөөт хэвлэл шиг эрүүл зүйл байхгүй. Ядаж буух эзэн буцах хаягтай учраас чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд итгэл найдвартай. Гэтэл улстөрчид ямар ч барьцгүй, нүүрээ нуусан лалруудад хамаг мөнгөө өгч, захиалгаар ажиллуулдаг болсон байна. Энэ нь өнөөдөр Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд аюул учруулж байна. Нүүрээ нуусан лалрууд дотоодынхноос санхүүжилт аваад зогсдоггүй. Гадаад орныхон нүүрээ нуусан лалруудад захиалга өгч, коммент бичүүлж, жиргүүлдэг юм байна. Гадныхны хүсэл зорилгоор нүүрээ нуусан лалрууд Монголын нийгмийн санаа бодлыг самууруулах үйлсэд хүчин зүтгэж байна шүү дээ.
-Нээрээ тийм байх шүү. Хөлсний комментчидийн багуудыг улстөрчид асар их мөнгөөр санхүүжүүлдэг гэсэн яриа байдаг юм билээ?
-Нэг лалар өдөрт 100-1000 коммент бичдэг юм байна. Үүнийхээ төлөө мөнгө авдаг. Комментийнх нь утга агуулга ойлгомжтой. Сайныг харлуулж, ажил хийж байгаа хүнийг гутааж, үйл хэргийг нь бусдад буруугаар сурталчилж, түүний эсрэг иргэдийг турхирч, тархи угаалт хийх зорилготой бузар муу үгс бичдэг. Ийм учраас энэ лалруудаас болгоомжлоорой гэж сэрэмжлүүлмээр байна. Үр хүүхдээ хамгаалаарай гэж хэлмээр байна.
-Тэртэй тэргүй ийм муу үлгэр дуурайлалтай юм бол энэ лалруудад хуулиар хориг, хязгаар тавьж эсвэл сошиал сүлжээг хааж болохгүй юм уу?
-Тэгж болохгүй ээ. Тийм коммунист юм яривал би эсэргүүцнэ. Яагаад гэвэл наад лалрууд чинь санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байна. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах эрх хэнд ч байх ёсгүй. Би зүгээр л сошиал ертөнцөд нүүрээ нуусан лалруудын тухай үнэнийг нь хэллээ.
-Гэхдээ нүүрээ нуусан энэ комментчин, твиттерчид бусдыг зоргоороо доромжилж, элдэв муухайгаар хэлж, нас барсан хүнийг хүртэл харааж зүхэхийг нь хүлээн зөвшөөрөмгүй санагдаад байгаа юм л даа...
-Нүүрээ нуусан лалруудад доромжлуулсан гэж үзэж байгаа хүмүүс шүүхэд хандах эрхтэй. Нүүрээ нуусан лалруудын гайд өртөж байгаа бол эрхээ хамгаалуулах эрх нь нээлттэй. Би дахин хэлье. Хүн ард минь ээ ухаан санаа нь төлөвшөөгүй үр хүүхдээ сошиал ертөнц дэх нүүрээ нуусан лалруудаас хамгаалаарай. Үр хүүхэд чинь лалруудын онлайн ертөнцөд орох юм бол аймшгийн кино үзэж байгаагаас өөрцгүй юм болно шүү. Ирээдүйд сэтгэцийн эмгэгтэй хүн болж өсч хүмүүжнэ шүү гэдгийг л дахин дахин хэлье. Яагаад гэвэл би Монголынхоо өсвөр насны хүүхдүүд, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө санаа зовж байна.
М.УНДРАМ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН