Өрийн хавханд орсон Аргентин
Эдүгээ Аргентин улс Латин Америкийн эхний гурван том эдийн засагтай орны нэгд тооцогддог бөгөөд газар тариалан, бэлчээр зонхилсон 2.5 сая ам км нутагтай, хүн ам нь 43 сая (80 хувь нь Европ, дийлэнх нь Испани, Итали гаралтай), нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган долларт хүрсэн, шинээр хөгжиж буй (emerging) орон юм.
Эдүгээ Аргентин улс Латин Америкийн эхний гурван том эдийн засагтай орны нэгд тооцогддог бөгөөд газар тариалан, бэлчээр зонхилсон 2.5 сая ам км нутагтай, хүн ам нь 43 сая (80 хувь нь Европ, дийлэнх нь Испани, Итали гаралтай), нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган долларт хүрсэн, шинээр хөгжиж буй (emerging) орон юм. Гэхдээ тус улс нь гадаад зээлээ хугацаанд нь төлөөд, 90-ээд онд эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэлээ тууштай хэрэгжүүлж, авлигатайгаа тэмцэж чадсан бол одоогийнхоосоо хэд дахин илүү хөгжих байсан аж.
Аргентиний Засгийн газар 2001 онд 100 тэрбум ам.долларын бондын зээлээ төлж чадахгүй болсноо (default) зарлаж байлаа. 2003 он гэхэд эдийн засаг нь дөрвөн жил дараалан унаж 20 хувиар хумигдан, ажилгүйдэл 25 хувьд хүрч, үндэсний мөнгөн тэмдэгт (песо) нь доллартай харьцуулахад дөрөв дахин буурав.
Ажилгүй иргэдийн арми хот бүрт бий болж, тэд картон хайрцаг, төмөр цуглуулан борлуулахыг оролдох болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд картонерас гэж нэрлэсэн нь Аргентиний бэлгэ тэмдэг Карлос Гардел, Эвита болон Марадонагийн нэрийг нэг хэсэгтээ орлож байлаа.
Уг нь үүнээс арваад жилийн өмнө, 90-ээд онд хэт өндөр (hyper) инфляцаас гарахын тулд песогоо АНУ-ын доллартой уян, (нэг доллар, нэг песо), худалдаагаа чөлөөлж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасган, төрийн өмчөө хувьчилж эхэлсний үр дүнд 1995 он гэхэд эдийн засаг нь дөрвөн жилд 30 хувиар өсөж, инфляц нэг оронтой тоонд хүрчээ. Гэвч энэ эхлүүлсэн өөрчлөлтөө тухайн үеийн Ерөнхийлөгч Карлос Менем тууштай үргэлжлүүлсэнгүй, харин ч улс төрийн дотоод тэмцэлдээ илүү анхаарч байлаа. Сүүлд нь тэрбээр зэвсгийн нууц наймаатай холбогдож гэрийн хорионд оржээ. Энэ Ерөнхийлөгч Дээд шүүхийнхээ гишүүдийн тоог таваас ес болгож, өөрийн хүмүүсээ оруулчихсан байсан учир удалгүй түүнийг цагаатгасан гэдэг.
2003 онд Ерөнхийлөгч болсон Нестор Кирчнэр эдийн засгийн тэлэх бодлого явуулж, эрдэнэ шиш, үхрийн мах зэрэг экспортын гол бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнэ нэмэгдсэн тул эдийн засаг нь буцаад өсчээ. Үүнийг дагаад таван сая ажлын байр нэмэгдэж, дотоодын хэрэглээ болон үл хөдлөх хөрөнгөд их хэмжээний мөнгө оруулсан байна. Мөн хувьчлагдсан зарим компани, түүний дотор тэтгэврийн сан, шуудан, агаарын болон төмөр замын компаниудыг төрийн мэдэлд буцаан авчээ.
Гадаад өрөө хугацаанд нь төлж барагдуулж чадахгүй болсон орны зээлийн зэрэглэл нь хамгийн доод түвшинд хүрч, төлөгдөөгүй бонд нь “хаягдал” болон (Junk bonds), тухайн улс орон, мөн хувийн салбар нь гадаадаас зээл авах боломжгүй байдаг. Олон улсын хөрөнгийн зах зээлд гарах гарцгүйгээр, аль ч улс орны эдийн засгийн өсөлтийн хэвийн нөхцөл алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, түүний дотор шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж хумигддаг.
Дефолт зарласнаасаа хойш арван таван жилийн турш Аргентин улс гадаад өрөө барагдуулахын төлөө олон арга хэмжээ авч байсан ч амжилтад хүрсэнгүй. Аргентиний Засгийн газар 2005, 2010 онд өрийн бүтцээ өөрчлөх (bond restructuring) зорилгоор бонд бүрийг үнэ цэнийнх нь 30 хувиар эргүүлэн худалдаж авах санал тавьжээ. Энэ саналыг нийт бонд эзэмшигчийн 97 хувь нь зөвшөөрөв. Дефолт зарласнаас хойш бондын борлуулалтын үнэ нь гар дамжих бүрт буурсаар байсан тул тухайн үеийн эзэмшигч нь 30 хувиар нь солиход боломжтой гэж үзэж байсан юм. Гэвч нийт бондын долоон хувь нь “махчин” сангуудын гарт орсон байв.
Махчин буюу vulture (Тас шувуу) гэгдэх хөрөнгө оруулалтын сангууд нь аль нэг дефолт болсон, сэг бондыг хөрөнгийн зах зээлээс хямд үнээр худалдаж аваад, бонд гаргасан талаас анхны үнээр нь нэхэмжлэл хийж, асар өндөр ашиг унагаадаг юм. Нэхэмжлэлийн дүн нь худалдан авсан үнээс нь 10 дахин их байсан учир Ерөнхийлөгч Кристина Кирчнэр эдгээр санг “Сэгэн дээр суусан махчин шувууд” гэж анх нэрлэж байжээ. Махчин сангийнхан Аргентин улсын гадаад дахь хөрөнгө, түүний дотор онгоц, усан онгоц гэх мэт төрийн хөрөнгийг нь хурааж авахаар оролдож ирэв. Бондыг хямдруулсан үнээр зарахыг эсэргүүцсэн “NML Capital”, “Aurelius Capital Management” зэрэг сан бондын бүтэн төлбөрийг нэхэмжилж, Аргентиний Засгийн газрыг АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд өгсөн юм.
2015 онд сонгогдсон Аргентиний Ерөнхийлөгч М.Масри 15 жил үргэлжилсэн, жилд 14 тэрбум долларын зардалтай өр төлбөрийн маргаанаа зогсоохоор дээрх сангуудтай хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд энэ сард 4.65 тэрбум доллар төлөөд эцэслэн шийдвэрлэхээр тохиролцжээ. Харин ийм төлбөр төлөх, эсэхийг Аргентиний парламент ирэх дөрөвдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэх аж.
Өрийн дарамтад шаналсан Аргентин улсын зовлон удалгүй дуусаж, эдийн засаг нь хэвийн горимдоо эргэн орно гэдэгт оролцогч талууд найдан хүлээж байна. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагийн тогтоосон зээлжих зэрэглэлээр Аргентин улс хамгийн муу буюу Саа1 ангилалд буй бөгөөд үүнээс гарч чадвал тус улс олон улсын зах зээлд дахин бонд гаргах боломж бүрдэх юм.
Зочин
Иргэн
Зочин
Гана
orsoo_G
Зочин
Зочин
Сэрэмжлүүлэг
Зочин