ХҮН-ын дарга хэн байх вэ гэдэг маргаан баасан гариг хүртэл хойшилчихоод байгаа. Энэ хооронд ХҮН-ын дарга гэж өөрийгөө үзээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын МҮҮН-ийнхний лекцэнд сууж байгаа зураг сошиал медиа хэрэгслүүдээр цацагдсанаас болж түүнийг болон тойрон хүрээлэгчдийг нь өөрөөр харах хүн цөөнгүй болжээ. Тухайлбал “хэн нэгэн Г. Ганбатыг 2009 оны долдугаар сарын 9-нд байгуулагдсан “Энх-Орчлон” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болохыг илчилсэн баримтууд МҮҮН ажиллагаа сурвалжлагад дурьдагдсан. Гэтэл тэр нь С.Ганбаатар гишүүний дотны найз, ХҮН-ын Төв хорооны гишүүн, Дархан-Уул аймгийн ИТХ-ын гишүүн Гочоосүрэнгийн Ганбат гэгч болж таарч гэнэ.

Мөн С.Ганбаатарын гол санхүүжүүлэгч нь “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд. Хэрэв ирэх баасан гаригт С.Ганбаатар ХҮН-ын дарга хэвээрээ үлдвэл Т.Ганболд төдийгүй С.Боргил, Т.Бат-Оргил, Н.Одонгуа нарт ашигтай. Ашиг гэдэг нь энд цэвэр утгаараа хэрэглэгдэх бөгөөд намын жагсаалтын бизнес нь амжилттай цэцэглэх нь дамжиггүй. “АДМ”-ын Т.Ганболдыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай “ганбөмбөлөгийн” гэх дотно холбоотой  байсныг хэн бүхэн мэднэ. Харин шүүх цагдаа дээр Т.Ганболд “дотооддоо” амжилттай ялаад байдгийн шалтгаан нь УЕП-ын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудайн ач тус гэдэг юм. Гэвч одоогоор Т.Ганболдын санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч түүнийгээ нууж, элдэв амлалтаар намын гишүүд дэмжигчдээ өөрсдийн талд татсаар байгаа нь энэ намыг сонирхож, дэмжиж хүлээж авсан хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх болжээ.

Тэгэхээр Т.Ганболд бол МАХН-ын дарга Н.Энхбаяртай Ерөнхийлөгч байхаас нь холбоотой, харин тэрбээр С.Ганбаатар гишүүнтэй ХҮН-ын санхүүжүүлэгчийн хэмжээнд холбоотой бололтой юм. Саяхнаас Н.Энхбаярын “МҮҮН”-чин буюу Сон Мён Мүүнийн хүүтэй хийсэн уулзалтын зураг гайхаш төрүүлэх болов. Дэлхийн энхийн наадмын санаачлагч, МҮҮН-ийг үндэслэгч Хён Жин яагаад Н.Энхбаяртай уулзсан юм бол. Арай Солонгост эмчлүүлж байгаад гэмт нүгэлтний ёсоор биш Холливудын одын хэмжээнд дуулиан тарьсаар ирэхдээ хүртэл Мүүнийн хүүтэй холбоотой байсан юм биш биз. Мэдээж Мүүн монголчуудыг “энхтайван” гэдэг үгийг “мартаж амжаагүй” байхад нь ирээд л тэр үгэн дороо нууж олон мунхруулга хийсэн талаар нь “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” хөндсөөр байна.

Гэтэл яагаад үе үеийн Төрийн тэргүүнүүд маань, тухайлбал П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Мүүн, эсвэл МҮҮН-ийг үндэслэгчийн хүүтэй холбогдох болов. Дашрамд сонирхуулахад 1990 онд өнөөх Сан Мён Мүүн нь тухайн үеийн ЗСБНХУ-д айлчлахдаа М.С.Горбачёвт хандан “Танай улс К,О,М гурвыгаа аваад хаячихвал МУНИЗМ үлдэнэ” хэмээн айлдсан талаарх нийтлэл харагдав. Тэгэхээр СССР-т хүртэл МҮҮН-ийн мунхруулга нэвтэрсэн аж.  

Тэгэхээр энэ их гүрний дэргэд монгол хүн “Эцэг Сан Мён Мүүн”, “Эх Хан Хаг Жа” гээд яриад явах энүүхэнд биз. Тэгээд ч нэгэн бичлэгт үзүүлж байсанчлан С.Баярцогт, Д.Идэвхтэн нар “энхтайван” дэмжиж алга ташин лекц сонсох хийгээд Солонгост сурч боловсроод эдүгээ “намд тэмүүлэх” ХҮН-ын гишүүн Н.Одонгуа нарын хооронд тодорхой хэмжээнд ялгаа бий. Намаа сүлжээний мунхруулгын хэлбэрээр санхүүжүүлэх, эсвэл тэрхүү сүлжээнд нэг иргэн ч атугай нэмж татан оруулах үүрэг хүлээсэн ТББ-ын ажилтан, улмаар нэг бус компани  байгуулах хөрөнгө гаргуулаад зогсохгүй сонгуульд нэр дэвших хүртлээ хөлжсөн, хөлсөнд нь хүнийг амьдаараа булуулж гэм нүглээ цагаатгаж болдог гэж итгэтэл нь мунхруулдаг ийм улс төр, ийм үнэ цэнэтэй “доллар” гэж байх уу.

Бас нэг жишээ дурдъя. 2013 оны дөрөвдүгээр сарын 8- нд “shuud.mn” сайтад Төрийн бус байгууллага бодож олохдоо гарамгай асан талийгаач Сан Мён Мүүн 2004 онд Хөх толботны холбоогоо тунхаглажээ. Шинжлэх ухаанд Mongolian blue spot нэрээр орсон ойлголт түүний удаах өгөөш аж. Тус холбоог одоо Мүүнтэй анхнаас нь хамт зүтгэсэн Пак Бу Хи толгойлдог. Өнгөрсөн жил “Дэлхийн энх тайвны төлөөх хөх толбот монгол угсаатны холбоо”-ны ерөнхийлөгч Чингис зочид буудалд “Хүсэл мөрөөдөл өнөөдрөөс эхэлнэ” нэртэй лекц уншсан нь Олхонууд Шаабарын сэтгэлийг их хөдөлгөсөн гэнэ. Тэрбээр эмч хүн атлаа “дэлхийн хүн амын 74 хувь нь төрөхдөө өгзгөн дээрээ хөх толботой байдаг. Хөх толбо зөвхөн монгол хүний генд байх удамшлын код болохыг судлаачид тогтоосон. Монголчууд хүн төрөлхтөний анхны өвөг дээдэс” гэсэн ухуулгад нь автжээ.

Хонгоны хөх толбоноос аваад Хүннү гүрэн ч Мүүнтэй холбогдоод явчихсан. Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж Монгол судлаач эрдэмтдийн X Их хурал дээр “Монгол, Солонгос үндэстэн Хүннүтэй угсаа гарвал нэг болохыг ДНК-ээр нотолсон”. Тэр үеэр Мүүний хүү Ерөнхийлөгчийн тамгийн газартай хамтран “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Төрийн ордонд сүрлэг нээж One family under god магтуугаа дуулсан нь эгээ л христийн цуглаан мэт харагдсан” хэмээн нийтэлжээ.
 
Ийнхүү Монгол Төрийн гурван тэргүүн дараалан МҮҮН-ийнхэнтэй нөхөрлөжээ. Гэхдээ МҮҮН бол шашин гэж хэн ч хэлж чадахгүй байгаа юм. Тэгсэн атлаа Үндсэн хуулиа дагавал “Шашин бол хүндэтгэхээс аргагүй”. Харин шашин биш байгаад орон нутгийн мянга мянган биш юмаа гэхэд зуу зуун залуусын сэтгэл зүрх, итгэл бишрэлийг хулгайлчихсан, царцааж хөлдөөчихсөн бол яах вэ. Түүнийг дагасан хүн доллартай болдог гэдэгт итгэж, доллартай хүнийг сайн хүнд тооцсон тэр ядуу сэтгэлгээг яах болж байна. Ямартай ч гэрэл зургаас харж байгаагаар ХҮН-ын дарга гэх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ лекцэнд сууж буй харагдлаа. Тэр мунхруулгын сүлжээнээс мөнгө авч компани байгуулсан гэдэг Г.Ганбат гэдэг хүнийг, Солонгост боловсрол эзэмшиж С.Баярцогт, Ч.Сайханбилэг нартай дотно холбоотой байдаг гэх Н.Одонгуа гэдэг бүсгүйг намынхаа Төв хороо, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулсан бололтой юм. Тэгэхээр энэ нам “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос санхүүжиж, МҮҮН агсны хүүгийн “найз” Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон орчин цагт төр барьж буй болон төрийн эрхэд тэмүүлж буй бүх МҮҮН-чидийг нэгтгэсэн нам болговол олон нийтийн хүсэн хүлээж байсан улс төрийн гуравдагч хүчин, залуучуудын “Намд элсдэг юм билүү” гээд ХҮН-ыг сонирхдог байсан тэр имиж хэдийнэ устгагдсан бололтой.