Хотын дарга Э.Бат- Үүл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй “Саус Гоби Сэндс" компанийн гурван ажилтантай очиж уулзсан байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Монголд төлөх татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаад хоригдож буй хүмүүсийг та эргэж очсон байна. Тэднийг эргэж очсон шалтгааныг эхлээд тодруулъя?
“Саус Гоби Сэндс” компанийн хоригдож байгаа гурван ажилтныг эргэж очих хүсэлтийг “Монголын бизнесийн зөвлөл”, “Сио кпуб" ТББ-аас надад тавьсан юм. Сүүлийн нэг сард манай найрсаг Улаанбаатарын нэр хүндийг сэвтүүлсэн хэд хэдэн үйл явдал боллоо.

Гадаадын иргэний амь насанд болон эрхэнд нь халдсан хэргүүд ар араасаа гарлаа. Үүний хажуугаар хөрөнгө оруулагчдын ажилтнуудыг барьж хорьсон үйл явдал давхцлаа. Тэдэнд тохиолдсон явдлыг сонсоод миний санаа зовоод очиж уулзах нь зөв гэж бодсон юм.

-Тэдний биеийн байдал ямар байна. Хорих ангийн нөхцөл байдлын талаар юу гэж байх юм?
Тэр гурав нэлээд цочирдож, шоконд орсон байсан. Нэгнийх нь биеийн байдал сайнгүй, даралт нь ихсээд гүнзгий стресст орсон байна лээ. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтийг хорих ангийн удирдлагуудад тавьсан. Тэд миний саналыг хүлээж авсан байх аа.

-Бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн хүндрэл, дарамт үзүүлж байна гэнэ үү?
-Бие нь тааруу байсан нөхөр надад хэлэхдээ “Салхинд гарахаар ганц хоёр хоригдлуудын зүгээс дарамт учруулж байна" гэж хэлж байсан. Тухайлбал, “Чи яагаад татвараа төлөөгүй юм бэ. Монголын төрийг хохироосон байна” гэх зэргээр дарамтлуулсан тухайгаа ярьж байсан л даа.

-Тэд шүүхийг өөрсдөд нь шударга бус хандсан гээд гомдолтой байгаа. Шүүх хурлын талаар тантай санал бодлоо хуваалцсан уу?
-Шүүх бүрэлдэхүүн хүний эрхийг зөрчиж, хуулиа баримтлахгүйгээр шийдвэр гёргасан тухай хэлж байсан. Тэдний хэлж байгаагаар прокурор шүүх хуралдааны урьд орой “Татварын хэрэг учраас торгууль ногдуулна” гэж хэлж байсан юм байна. Ингэж ялын төлөвлөгөөг танилцуулчихаад гэнэтхэн шүүх хурал дээр өөр шийдвэр гаргаж.

Торгуулиас гадна чанга дэглэмтэй хорих ангид таван жил 10 сар хорих шийдвэр гарсан гэсэн. Прокурорын ялын дүгнэлт ингэж өөрчлөгдчихөөр шүүх хурал дээр өмгөөлөх бололцоо олдоогүй гэнэтийн байдал үүссэн гэж байна лээ. Мөн тэдний гайхаж байсан өөр нэг зүйл нь мэргэжлийн татварын байгууллагын зүгээс ямар нэгэн нэхэмжлэл гомдол гаргаагүй байхад татварын хэргээр ял өгсөнд ойлгохгүй байгаа юм байна лээ.

Гэх мэтчилэнгийн цөөнгүй зүйл хэлсэн л дээ. Хэрэв тэдний хэлж байгаа нь үнэн бол нээрээ л их хачирхалтай шүүх хурал болсон байж таарна.

-Гадны хөрөнгө оруулагчдад манай хууль хяналтын байгууллага ялгавартай хандлаа гэх мессэж нийгэмд түгсэн. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас АНУ-ын Мянганы сорилтын сангаас манай улсад үзүүлэх эдийн засгийн тусламжийг түдгэлзүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэж эдийн засаг хүнд байгаа өнөө үед гадны хөрөнгө оруулагчид үргэчих вий гэсэн болгоомж байна л даа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?
-Хэрэв шүүх хурал хүний эрхийг дээдэлж хуулийг баримтлалгүйгээр гэнэдүүлэн ял оноож хилсдүүлсэн бол үнэхээр Америкийн талын гаргаж байгаа эсэргүүцэл зүй ёсны байж таарна.

Тэд иргэдээ, хөрөнгө оруулагчдаа хамгаалах нь тэдний төрийн зүй ёсны үүрэг. Бүр ноцтой зүйл нь юу вэ гэхээр цаанаасаа бизнесийн зорилготойгоор хөрөнгө оруулагчдын эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэдэг ойлголт дэлхийд тархах юм бол бид өөрөө өөртөө эдийн засгийн хориг тавьж байна гэсэн үг.

Аюултай байдалд орно. Ийм мунхаглал бидэнд маш том гай болно. Наад зах нь манай эдийн засаг төлбөрийн чадваргүй болно. Одоо манай эдийн засаг төлбөрийн чадваргүй болоод ам.долларын ханш унаад л байгаа. Өөрөө өөртөө тавьсан хоригийн гайгаар эдийн засаг аюулд орж болзошгүй.

Монголчууд бол лалын улс биш. Ийм хууль ёсыг уландаа гишгэж, бизнесээ хүчирхийлүүлсэн шинжтэй үйл явдал гарсан бол бид гадаад ертөнцөд лалын улс шиг ойлгогдох нь шүү дээ. Миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол найрсаг Улаанбаатарын нэр хүнд унах аюултай болоод байна. Нийслэлийн Засаг даргын хувьд хамгийн гол нь үүнд маш их санаа зовж байна.

Бид Улаанбаатарынхаа олон асуудлыг шийдэж, гадны хөрөнгө оруулагчдыг татмаар байна. Хөрөнгө оруулагч байхгүйгээр бид хөрөнгийн хомсдолд орчихоод хүмүүсийнхээ орон сууцны асуудлыг шийдэж чадахгүй байна. Бидэнд хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулагчдад хайр зарлах ёстой. Тэгж байж эдийн засгийн хямралаас гарч чадна.

Гэтэл монголчууд лалын жихадууд шиг хүчирхийлэгч гэж харагдах юм бол ноцтой зүйл л дээ. Нэн ялангуяа хөрөнгө оруулагчдын ажилтнуудыг ингэж хүчээр шоронд хийж, бизнесийг булаалддаг хандлага байна гэж ойлгогдох юм бол ямар аюул болох вэ.

Тэр гурван хоригдсон хүн “Бид бол зүгээр л “Саус Гоби Сэндс”компанийн ажилтнууд. Яагаад биднийг таван жил 10 сарын хугацаатайгаар чанга дэглэмттэй хорьж байна вэ” гээд маш их гайхаж байсан. Тэдний хэлсэн зүйлийг хэлэхэд ийм л байна.

-Хорьж, цагдуулсан дээрх гадны хөрөнгө оруулагчдыг эргэж очсон таны зорилгыг ойлголоо. Гэтэл энэ үйл явдлыг эсрэгээр нь харах хүмүүс байна. Тухайлбал, зарим хэвлэлээр таныг шоронд эргэлтээр очсон нь шүүхийн шийдвэр буруу гарчээ гэдгийг олон нийтэд төрүүлэх, дараагийн шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого мэтээр мэдээлсэн байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Монголчууд бол бүдүүлэг, хүчирхийллийн үзэл санааг гаргадаг улс биш шүү. Бид ардчилсан нийгэмтэй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улс. Тухайн хууль ёсыг баримталж, аливаа шийдвэр гаргадаг. Хүнд ямар нэгэн хариуцлага ногдуулахдаа хуулийг л баримтлах учиртай. Буруутай бол хариуцлага ногдуулах нь зүйн хэрэг. Хариуцлага ногдуулна гэдэг бол өөрөө шударга ёс.

Гэхдээ тэр хариуцлагыг ногдуулахдаа хууль ёсоо чандлан баримталж ногдуулах ёстой. Хотын даргын хувьд Монгол Улсын нийслэл маань найрсаг Улаанбаатар хот гэдгийг алхам бүртээ нотлох болно. Сүүлийн сар гаранд Хятадын хоёр иргэний аминд халдпаа. Вьетнам иргэдийг дээрэмдэж, хүчирхийллээ.

Гэтэл одоо шүүхийн шийдвэрт эргэлзэж байгааг хөрөнгө оруулагчдын зүгээс илэрхийлж байгаа. Түүгээр барахгүй манай сайн хөршийн харилцаатай улс орны төлөөлөл илэрхийлж байна. Ийм үед хотын дарга зүгээр суухгүй гэдэг нь ойлгомжтой. Бид найрсаг Улаанбаатарынхаа нэр хүндийг алдахыг хүсэхгүй байна. Энэ нэр хүндээ алдвал бид эдийн засгийн гүн ангал руу унана.

Одоо хоригт орсон Оросын эдийн засаг шиг цөмөрч унах аюултай. Мунхаглалыг зогсоох хэрэгтэй. Энэ жил бид маш их хэмжээний гадны зочин, жуулчин авах  гээд бэлдэж байна. Ирэх гуравдугаар сард Берлин хотод очиж жуулчин ирүүлэх арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Гэтэл гадны иргэд 2 рүү дайрсан хүчирхийлэл,халдлага гараад байвал яаж  манайд жуулчин ирэх юм бэ. Дээд шүүхийг шийдвэрээ шударгаар гардаг байх ёстой гэж үзэж байна. Гадны ч бай ч дотны ч бай, хүнийг арьс өнгөөр нь ялгаварлалгүй шүүхийн шийдвэр шударга гардаг байх ёстой. Би дахин хэлье. Бид бол лалын улс биш шүү. Мэдээж Дээд шатны шүүх энэ асуудлыг авч үзээд  шүүх шударгаар хандана гэдэгт итгэж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

2015.02.10