Нэг.  

Ном унш.
Ном сур.
Номыг шүт.


Сайн байна уу? Миний хүү. Аавыгаа сонс.
Богд Зонхова ийн айлджээ.
“Гэмт үйлийг боосон ариун Шагшаабадад суралцах хэрэгтэй гэжээ. Ариун Шагшаабад бол гэмт үйлийн хирийг угаах ус. Атгагт Нисваанисын халуун энэлгээг таслах сарны гэрэл. Аливаа төрөлхтөн бүхний дунд Сүмбэр уул мэт агуу жавхлантай. Албадаж хүчээр бус амьтан бүхэн сөгдөн мөргөдөг. Анхаарч тэр мэт мэдээд үнэхээр авсан санваараа. Алаг нүдний цөцгийчлөн дээдэс хамгаалан зохиодог” хэмээн увьдислан хайрлажээ.

Энэ агуу их сургааль. Түүний гүн сэтгэлгээ, хурц хараа яруу сайхан илэрхийлэлийг яахан би тайлах билээ. Хэдий тийм ч өөрийн бодлыг би чамд хэлье.

Юу гэсэн үг вэ? гэвэл: Ном унш. Ном сур. Номыг шүт гэсэн үг. Тэрээр хорыг угаах ус. Шаналгааг арчих гэрэл. Сөгд! Тэрбээр сүмбэр уул мэт жавхлантай гэсэн үг. Нүглийг нүглээр угаадаггүй. Нүглийг тэвч. Нүглийг аминд тулавч бүү үйлд. Нүгэлтэнг өршөөж уучилж чаддаг бай гэсэн үг. Зовлонг чи өөрөөсөө эр. Злвлонг өөртөө хүлээж авч чад. Уурыг тэвч. Мунхагыг тэвч. Нойрыг тэвч. Залхууг тэвч. Буян номыг шүт. Омог дээрэнгүй бүү бай. Атгаг санаа бүү агуул. Сайхан юм бод. Сайн үйлд зүтгэ. Шаналал үгүй амьдарч, зовох юмгүй буцаад яв гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хоёр.

Хэн бусдаас илүү хүчтэй байна.
Тэр өөрийгөө дарж барьж чаддаг.


Би чамд бас нэг юм ярьж өгье.
Нэг эр алдаа гаргажээ.
Босс:
-    Ямар шийтгэл авмаар байна? Гэлээ
Тэр эр:
-    Намайг бүү шийтгэ. Би дахин алдаа гаргахгүй гэлээ.
Босс дуугарсангүй. Хэд хоногийн дараа Босс өөр нэгнээс асуулаа.
-    Чамд ямар шийтгэл тохирох вэ? гэлээ
Тэрээр зөрүүд нэгэн байлаа.
-    Тааллаараа бологтун гэв.
Босс инээмсэглээд:
-    Харж байна уу? Тээр. Тэр надад итгэж байна. Итгэлтэй байна шүү дээ. Итгэл байвал айдас үгүй. Шийтгэнэ гэж битгий ай. Миний итгэл агуу гэдэгт итгэ гэлээ.

Тэгэхээр ийм байна.
Хүү минь. Хүнтэй ажиллах хэцүү. Жижиг загас шарахтай адилхан. Хэт их хутгавал түүнийг гэмтээдэг. Дорнын нэг ийм үг байдаг юм. Юу гэсэн үг вэ? гэвэл: Хэн бусдаас илүү их хүчтэй. Тэр өөрийгөө дарж барьж чаддаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл. Эрх мэдэл. Эд хөрөнгө. Энэ хүч чадал биш. Хүч чадал хүмүүст байдаг. Тийм учраас тэдэнд итгэл өг. Тэгвэл тэднийг сэргээж чадна. Тэднээс ирэх хүч чадал бол жинхэнэ хүч чадал мөн.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Гурав.

Инээмсэглэл.

Инээмсэглэл. Энэ бол гайхамшиг. Энэ бол хайр энэрэл. Энэ бол мэргэн ухаан. Энэ бол тэсвэр тэнхээ. Энэ бол арга хэрэгсэл. Энэ бол амжилт бүтээл. Тийм учраас. Хүү минь чи инээж бай. Инээмсэглэж яв.

***

Инээмсэглэл. Тэр бол чиний хайр. Тэр бол чиний эцэг. Тэр бол чиний найз нөхөр. Тэр бол чиний итгэл найдвар. Тэр бол чиний хувь тавилан. Тийм учраас тэр чамайг орхихгүй. Тэр чамаас холдохгүй. Тэр чамаас урвахгүй. Тэр чамайг бас хаяхгүй. Тийм учраас. Хүү минь чи инээж бай. Инээмсэглэж яв.

***

Инээмсэглэл. Түүнийг үзэн ядах хэрэггүй. Түүнийг хэн ч дийлж чадахгүй. Тэр бол Бурхан. Түүнд итгэ. Бүү эргэлз. Тийм учраас Үр минь чи инээж бай. Инээмсэглэж яв. Ганцаараа байсан ч инээ. Гаслаж суухдаа инээмсэглэ. Бусад юмс бүгд худлаа. Худлаа шүү худлаа. Бүү гутар. Бүү сөгд. Үр минь чи инээ. Инээмсэглэ.

Дөрөв.

Өвгөн ингэж хэлэв.

Хүү минь. Хүнд юу ч тохиож болно. Хүлцэн тэсэх үе тохиож болно. Тэгвэл: Цорын ганц арга бий. Шүдээ зуугаад тэсэж өнгөрөө. Сэтгэл бодлоо номхруул. Төгс юмсын нэг хэсэг гэдэг юм. Сэтгэл бодолд хувирч гарах гайхамшигт чанар байгаа. Түүнийг ашиглаж хэрэглэж чаддаг бай. Бас нэг зүйл байна. Чимээгүй хүлц. Тэгээд тэсэж өнгөрөөх. Энэ хамгийн сайн шийдэл. Гэхдээ. Юуг ч алдаж болно. Юм алдах юу ч биш. Харин чи өөрийнхөө үнэт зүйлс үнэ цэнэ итгэл найдвар эрүүл мэндээ алдаж хаяж гээж болохгүй. Өөртөө итгэ. Өрөөл бусдаас итгэл эр. Чи өөрөө өөрийгөө өөрчил. Чи өөрөө өөрчлөгдөж гэмээнэ. Чиний амьдрал өөрчлөгдөнө.

Хүү минь. Юмыг ойлго. Юм бүхэн хэмжээтэй. Бусдыг чи ойлгох хэрэгтэй. Гэхдээ бүх амьдралаа бусдын төлөө бүх хүний төлөө золиослож болохгүй шүү дээ. Сайн хүмүүс олон бий. Гэхдээ сайн сайхныг хүссэн муу хүмүүс бүүр их олон байдаг юм. Бодолтой бай. Бодож ойлго. Би ингэж бодож байна.

Хүү минь. Чи хэн ч байж болно. Гэхдээ чи хүнээс онцгой төрсөн нэгэн биш. Юу үнэн. Энэ үнэн. Чиний төлөө. Чиний өмнөөс. Чамд зориулж хэн ч амьдрахгүй. Тийм боломж байхгүй. Цаг хугацаа өнгөрөхөд чамайг бүгд мартана. Юу үнэн. Энэ үнэн. Тийм учраас. Миний хүү. Чи хэн нэгэн хүнийг сэтгэл зүрхэндээ тээж амьдар. Энэ л чамд хэрэгтэй бас хангалттай. Юу үнэн. Энэ үнэн. Би ингэж бодож байна.

Хүү минь. Чи хэн байх нь чухал биш. Баян ядуу. Дарга цэрэг. Чи хэн ч байж болно. Гэхдээ чиний аз жаргал бол чи өөрөө. Хайгаад хэрэггүй. Хэн ч чамд өгөхгүй. Тийм учраас: Миний хүү. Чи өөрийгөө битгий дутуу үнэл. Би чадна гэж бодож бай. Би мэдэж байна. Чи хэнээс ч илүү ихийг чадна. Чи хэн байх чухал биш. Чи хүн байх л чухал юм. Би ингэж бодож байна.

Хүү минь. Бага юмыг ихэд бод. Цөөнийг олонд бод. Юу гэсэн үг вэ? гэвэл: Их бага. Олон цөөнийг март гэсэн үг. Олон цөөний ойлголт байхгүй. Юу их? Юу нь бага гэж? Их гэж бүү шуна. Бага гэж бүү гол гэсэн үг.

Том жижигийг орхи гэсэн үг. Хэн том? Хэн нь жижигхэн гэж? Бардам их амбицаа хая. Дээр байж чаддаг бай. Доор ч амьдарч чаддаг бай гэсэн үг. Тийм хүн хүн бүрт хүрч чаддаг. Тийм байж чад гэсэн үг.

Хүү минь. Хүслээ хүнд хамаагүй бүү ярь. Чиний хэн байх хэнд ч хамаагүй. Ам ихтийг ангайхад буян ихт нь булаана гэж үг байдаг юм. Тийм учраас: Чин хүсэл бол чиний нууц үг.  Харин чи хүнийг магтаж бай. Хүнд урам хайрла. Инээ баяс. Чин сэтгэлээсээ бай. Бусадтай хамт бай. Бусдаас суралц.
“Бусдыг доорд бүү үз. Энэ бол жинхэнэ тэнэглэл”.
“Бүхэл байя гэвэл. Өөрийгөө хэсэг болго. Шулуун болье гэвэл. Өөрийгөө муруй болго. Дүүрэн байя гэвэл. Өөрийгөө хоосон болго.” Эртний Хятадын Дао буюу Бумбын сургаальд ингэж номложээ.

Юу гэсэн үг вэ? гэвэл: Хэрвээ чи шулуун цэвэр сайхан замаар алхая гэвэл. Шавартай бохир харанхуй тийм замаар явж чаддаг бай гэсэн үг. Хэрвээ чи баян болохыг хүсч байгаа бол. Хоосон ядуу юу ч үгүй тийм амьдрал. Ойрхон хажууд чинь байгааг харж бай гэсэн үг.

Хүнийг анзаарч ажиглаж харж бай. Хүнтэй яаж харьцахыг нь хар. Хэрвээ хүнийг дээрээс нь харж ярьж байвал. Түүнээс хол бай. Зайгаа барь. Чамайг бас тэгнэ. Үл хүндэтгэл. Үл ойшоох байдал. Тийм юмыг хэзээ ч бүү тэвч. Эргэлзэх хэрэггүй. Тийм хүн чамд хэрэггүй.

Хүү минь. Юу болж байгааг харж бай. Юмыг бүгдэд ашигтай байлгах гэж хичээ. Энэ бол зарчим. Энэ зарчим өөрөө чамд бүгдийг хэлж өгдөг юм. Эрх чөлөө хэрэгтэй. Гэхдээ дураараа дурги хүссэнээ хий гэсэн үг биш. Эрх чөлөө. Энэ бол зарчим гэсэн үг. Хэм хэмжээ ёс зүй хууль цааз гэсэг үг.

Хүү минь. Эхлэл байгаа бол. Төгсгөл гэж байгаа. Гэхдээ эхлэл үнэгүй бол. Төгсгөл бас үнэгүй. Үүнийг санаж бай.

Хүү минь. Баян байх хэцүү шүү дээ. Бахархал, айдас түгшүүр, атаа хорсол гурав зэрэгцэн амьдардаг юм.

Хүү минь. Итгэл. Энэ бол зүрх сэтгэл. Найдвар. Энэ бол эхлэл. Үнэмшил. Энэ бол үр дагавар. Боломж. Энэ бол баялаг. Түүнтэй нөхөрлө. Тэр чамд ихийг өгнө.

Хүү минь. Өнгөнд хэт бүү мансуур. Мөнгөнд хэт бүү шуна. Эрх мэдэлд улайрч бүү яв. Хүрээд ирвэл ав. Хүсэж битгий гүй.

Хүү минь. Бүү гунь. Хэзээ ч бүү шанал. Хэнд ч битгий гомд. Юуг ч битгий тоо. Юу ч битгий тээ. Миний амьдралын нууц бол. Өөдрөг сэтгэл. Урагшаа хараад алх.
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?


Батжаргалын БАТБАЯР
“Хүүдээ бичсэн захидал”